| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/01229/И |
| Дугаар | 155/ШШ2017/01300 |
| Огноо | 2017-12-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2017/01300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1996 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 9, ээж, эгч, дүү, хүүгийн хамт тус сумын 2 дугаар баг төвд оршин суух Гашвай овогт Зын -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1992 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, малчин, ам бүл 4, ээж, ахын хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Эмгэт гэх газарт оршин суух Мянгад овогт Дгийн Л -т холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч З.Э, хариуцагч Д.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Лтой 2013 онд танилцан, үерхэж байгаад хүү Э.Тыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрүүлсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд бие биенийхээ гэрээр ирэн очин амьдардаг байсан. Өмнө шүүхэд өгсөн байтал нэхэмжлэлээ авчих, хамт амьдрах уу гэхээр шүүхээс нэхэмжлэлээ авсан боловч хамт амьдраагүй тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд хүү Э.Тын эцгээр Д.Л мөн болохыг тогтоож, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Лхагв-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүү Э.Т нь миний хүү мөн бөгөөд хүүхдийн асуудал дээр ямар нэгэн маргаангүй болно. Бид хоёр хурим найр хийж нэг гэрт орж хамт амьдраагүй нь үнэн юм.
Иймд хүү Э.Лын эцгээр намайг тогтоож, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч Д.Лыг хүү Э.Төгсочирын эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч Д.Лтой үерхэж байх хугацаанд тэдний дундаас хүү Э.Т төрсөн болох нь Тухайлбал:
2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Гашвай овогт Эгийн Т -т олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймаг, Арбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн ....2 дугаар багийн иргэн Э овогтой Т 2 нас 10 сартай эрэгтэй. Хэвийн бойжиж байгаа нь үнэн болно.... гэх тодорхойлолт,
Нэхэмжлэгч З.Э шүүх хуралдаанд: ....миний бие Д.Лтой 2013 онд танилцан, үерхэж байгаад хүү Э.Тыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрүүлсэн.... гэх тайлбар мэдүүлэг,
Хариуцагч Д.Лхагв-Очир шүүх хуралдаанд: ....хүү Э.Т нь миний хүү мөн бөгөөд хүүхдийн асуудал дээр ямар нэгэн маргаангүй болно. Иймд хүү Э.Лын эцгээр намайг тогтоож, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.... гэх тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч З.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Гашвай овогт Э Т /РБ-15212911/-ийн эцгээр Д.Л мөн болохыг тогтоож, эцэг Д.Лоос хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Э.Төгсочирыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх хэмжээ 70.200 төгрөг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн буюу 2 настай хүү Э.Тт 11 хүртэлх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 1.041.000 төгрөг болох ба 1 жилийн тэтгэлэг ногдох улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.534 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лоос 99.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Эд буцаан олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Гашвай овогт Эгийн Т-ын эцэг Мянгад овогт Дгийн Лыг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч Д.Лоос 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Э.Тт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лоос улсын тэмдэгтийн хураамжид 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Эд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ