Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/02414

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/02414

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж,

Нэхэмжлэгч: Д.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Ө нарт холбогдох,

Ө ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/02 тоот хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгож, Булнайн Ар ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорыг нэг сарын дундаж цалин 2 480 000 төгрөгөөр тооцож 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 14 429 130 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С, түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагч Э.Т, Н.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Ц.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Д.С нь ЗСБНХУ-ын Баку хотын Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн техникумыг 1994 онд хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2002 онд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй. Ө ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүний охин компани болох Булнайн Ар ХХК нь Ө ХХК-ийн барилгын ашиглалтын үйлчилгээг хариуцан ажилладаг компани юм. Булнайн Ар ХХК-ийн үүсгэн байгуулагч нь 100 хувийн хувьцааг эзэмшигч нь Ө ХХК юм.

Би Ө ХХК-д 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нягтлан бодогчоор ажилд орж, улмаар 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булнайн Ар ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ө ХХК-ний хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Ө нарын тогтоолоор ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажилласан. Ө ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №18/02 тоот тогтоолоор намайг ажлаас чөлөөлснийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр надад мэдэгдсэн боловч ямар үндэслэл, шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь одоог хүртэл тодорхойгүй байна. Ө ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд ажлаас чөлөөлж буй үндэслэл, шалтгааныг тодруулахаар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр миний бие бичгээр хүсэлт гаргасан боловч надад албан ёсны хариуг компанийн удирдлагын зүгээс өгөөгүй байна. Мөн өдөр ажил олгогч Ажил хүлээлцэх акт-аар миний хариуцаж байсан албан тушаалын ажлыг хүлээн авсан. Би 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл тус компанид ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаж байсан удаагүй, компаний өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, улмаар компаний үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн бөгөөд тус компанид 13 жил үр бүтээлтэй ажилласан.

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө дараах үндэслэлээр зохих хууль журмыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалт, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг ажлаас чөлөөлж байгаа тогтоолд заавал заах учиртай. Ажлаас чөлөөлөх үндэслэл, шалтгааныг зааж өгөөгүй тул энэ шийдвэр хууль бус болсон гэж үзэж байна. Ө ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 18/02 тоот тогтоолд Ө ХХК-ийн дүрэмд заасныг үндэслэсэн гэх боловч дүрмийн ямар заалтыг үндэслэл болгосон нь тодорхойгүй байна. Түүнчлэн тогтоолын 1 дэх заалтаар 18/02 тоот протоколыг үндэслэж Д.Сыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж заасан боловч ямар протокол, түүний үндэслэл мөн тодорхой биш байгаа тул тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Ө ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 18/02 тоот тогтоолоор ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ажилтныг ажлаа хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, энэ талаар шийдвэрт тодорхой зааж өгөх үүрэгтэй. Энэ хуулийн шаардлагыг хариуцагч байгууллага зөрчсөн байна.

3. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлага байдаг боловч ажил олгогч намайг ажлаас чөлөөлөх тухайгаа урьдчилан мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 18/02 тоот тогтоол нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гэх боловч надад энэ талаар мэдэгдээгүй. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр надад ажлаас чөлөөлөгдсөнийг мэдэгдэж, ажил хүлээж авах хүртэл би үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байсан юм.

Дээрх тодорхойгүй үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.С намайг Булнайн Ар ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Ө ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгож, Д.Сыг Булнайн Ар ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөх олговорыг нэг сарын дундаж цалин 2 480 000 төгрөгөөр тооцож 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны 4 509 090 төгрөг гаргуулах, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалга нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 6 дугаар сарын 15-наас хойш 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин олговорт 9 920 040 төгрөг гаргуулахаар тооцон нэмэгдүүлж, нийтдээ цалин олговорт 14 429 130 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас Ө ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлөн шийдвэр гаргасан мэт тайлбарласан. Хэрэв энэ үнэн бол төлөөлөх эрхгүй этгээд яагаад ажлаас халах тогтоол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа тасарсан боловч захирамжаар үргэлжлээд явдаг учраас бид шүүхэд хандаад явж байна гэв.

Хариуцагч Ц.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.А нь Ө ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолд санаандгүй гарын үсэг зурсан байдаг. Учир нь Ө ХХК-ийн хуулийн зөвлөх нь төлөөлөн удирдах зөвлөлөөс Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолыг Ц.Ад тусгайлан танилцуулаагүй, олон бичиг баримт дунд оруулж ирүүлэн гарын үсэг зуруулсан байдаг. Ц.Аын хувьд Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Учир нь Д.С нь үүрэгт ажил, албан тушаалаа хууль буюу гэрээнд заасны дагуу зохих ёсоор гүйцэтгэж байсан гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цалин олговорт нэхэмжилсэн 14 429 130 төгрөгийг олгох үндэстэй гэж үзэж зөвшөөрч байна. Энэ хэргийн хариуцагч Н.Ө, Э.Т нараас Булнайн Ар ХХК-ийн гаргаж өгсөн аудитын тайланг энэ хэргийг хэлэлцэхэд нотлох баримтаар авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Д.Сыг ажлаас халах хувьцаа эзэмшигчдийн хурал 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр огт болоогүй. Ц.А нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүд боомтоор гарсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр тус боомтоор орж ирсэн штамптай гадаад паспортын хуулбарыг шүүхэд баримтаар хавсаргасан. Өндөр буянт ходинг ХХК-ийн хуулийн зөвлөх нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолыг Ц.Ад тухайлан танилцуулаагүй, олон бичиг баримт дунд оруулж ирүүлэн гарын үсэг зуруулсан тухайгаа өмнөх тайлбартаа дурьдсан гэв.

 

Хариуцагч Э.Т, Н.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, Д.Сыг БА ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд энэ тухай Компанийн эрх зүйн байдлын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан байна. Мөн Компанийн эрх зүйн байдлын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгохоор зааснаар гүйцэтгэх удирдлага болон түүний эрхийг дуусгавар болгох эсэх нь гагцхүү хувьцаа эзэмшигчдэд хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд Д.Сыг цаашид компанийн үйл ажиллагааг удирдан явуулах боломжгүй гэж үзсэн тул түүнийг гүйцэтгэх удирдлагаас чөлөөлсөн.

Д.С нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа олон удаа ажлын алдаа дутагдал гаргаж байсан энэ талаар нотлох баримтууд байгаа. Нэхэмжлэгч нь нэр бүхий 3 иргэнд холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан тул тус хэргийн хариуцагч болж чадахгүй. Би төлөөлөх эрх яриагүй. Төлөөлөн удирдах зөвлөл нь Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасныг баримтлан Д.Сыг халсан нь зөв гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийг заавал баримтлах ёсгүй. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь хуулийн этгээд болохоос гурван хувь хүн хариуцагч болж чадахгүй. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэсэн талаар баримт хэрэгт байхгүй байдаг тул эдгээр үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь ӨХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Ө нарт холбогдуулан Ө ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгож, Булнайн Ар ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэг сарын дундаж цалин 2 480 000 төгрөгөөр тооцож 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны 14 429 130 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э.Т, Н.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хэргийн хариуцагч хуулийн этгээд болохоос биш 3 хувь хүн буюу иргэн нь хариуцагч болж чадахгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэж тус тус маргадаг бол хариуцагч Ц.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Сыг үндэслэлгүй ажлаас халсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг.

Хэргийг хянан хэлэлцэхэд дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Д.С нь БА ХХК-ийн захирлын 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10/03 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Ө ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 дугаартай Компанийн захирлыг томилох тухай тогтоолоор БА ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 6-12, 43-45 дугаар тал/

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан болох нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн 181/ШЗ2018/06282 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж дүгнэн уг гомдлыг нь хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв.

Дээрх үйл баримтын талаар, БА ХХК-ийн захирлын 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10/03 дугаар тушаал, Ө ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 дугаар тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр БА ХХК нь Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээ тус тус хэрэгт авагджээ.

Шүүх шийдвэрээ дараах үндэслэлээр тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Үүнд:

Нэхэмжлэгч Д.С нь БА ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан тасралтгүй ажиллаж байсан бөгөөд Ө ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 дугаар тогтоолоор, Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн талаархи гомдлоо тус шүүхэд гаргахдаа хариуцагч Ө ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Ө нарт холбогдуулан гаргасан.

Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.

Компаний тухай хуулийн 3.3-т хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрхийг эдэлнэ, 9.1.-т Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус зохицуулжээ.

Дээрхээс дүгнэхэд, Компаний тухай хуульд зааснаар Ө ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Төрболд, Ц.А, Н.Ө нар дангаараа эрх зүйн харилцааны субьект болж хариуцлага хүлээх боломжгүй. Хуулийн этгээд нь хуулиар бий болгосон үүсмэл этгээд учраас түүнийг ашгийн төлөө эсэхийг эрх зүйгээр тодорхойлж, мөн эрх зүйгээр шинжийг нь хуульчилсан.

Иймээс, нэхэмжлэгч Д.С нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаархи гомдлын шаардлагаа хариуцагч Өндөрбуян холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Ө нарт холбогдуулан гаргасан болохоос биш хуулийн этгээд болох Ө ХХК-д холбогдуулан гаргаагүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан гомдол гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Т, Ц.А, Н.Ө нарт холбогдуулан гаргасан, нэхэмжлэгч Д.Сыг БА ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14 429 130 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ