Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/00961

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр           Дугаар 182/ШШ2017/00961         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ч банк” ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, “Н” ХХК

 

Хариуцагч: Ц.О нарт холбогдох,

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 775,482,126 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 175,664,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 45,564,821 төгрөг, нийт 996,711,594 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Л.Ш, хариуцагч “Нида” ХХК болон Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-ийн төлөөлөгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч “Нида” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2320/01сс-2014 тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 250,000,000 төгрөг зээлсэн.

Мөн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2320/02СС-2014 тоот гэрээг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр, 450,000,000 төгрөг зээлсэн.

2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2320/03cc10 тоот зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй барилгын ажил санхүүжүүлэх зорилготой 250,000,000 төгрөг, нийт 950,000,000 төгрөгийг 3 зээлийн гэрээ байгуулж, олгосон.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, “Долоон бар” ХХК-ийн хойно байрлалтай 2882 м.кв талбай бүхий 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын дуусаагүй барилга, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж, 24/3 байрны 3 тоот хаягт байрлах 87,37 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-22206011793 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, /133370/ ХД-75б байрны 9 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22204041003 дугаарт бүртгэлтэй, 51,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 294 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22205018305 дугаарт бүртгэгдсэн 35 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, 59 дүгээр байр, 27 тоот                            Ү-22206023051 дугаарт бүртгэгдсэн 137,68 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалан хуульд заасан үндэслэл журмын дагуу Улсын бүртгэлийн албан бүртгүүлсэн болно.

Зээлдэгч нь 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авсан зээлээсээ үндсэн зээлд 70,517,874.27 төгрөг, хүүнд 96,530,882.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,259,798.34 төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр авсан зээлээсээ үндсэн зээлд 104,000,000 төгрөг, хүүнд 194,699,939.73 нэмэгдүүлсэн хүүнд 11,673,712.34 төгрөг,

2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан зээлээсээ хүүнд 44,876,712.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,004,382.56 төгрөгийг тус тус төлсөн.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2014 оны 05 дугаар сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь 179,482,125.73 төгрөг, хүүгийн үлдэгдэл 43,901,819.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8,780,363.94 төгрөг, нийт 232,164,309.35 төгрөг болж байна.

2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн үлдэгдэл 346,000,000, хүүгийн үлдэгдэл 56,146,389.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 21,661,169.83 төгрөг, нийт 423,807,588.87 төгрөг,

2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн үлдэгдэл 250,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 75,616,438.35, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 15,123,287.66 төгрөг, нийт 340,739,726.02 төгрөг, энэ 3 зээлийн нийлбэр үнийн дүн нь 996,711,594 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд “Нида” ХХК болон Ц.О нараас нэхэмжлэл гаргах үеийн үндсэн зээлийн үлдэгдэл 775,482,126 төгрөг, хүүд 175,664,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 45,564,821 төгрөг, нийт 996,711,594 төгрөг нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилснийг тодруулахдаа: “Чингис хаан” банкнаас “Нида” ХХК болон Ц.Од холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээ”-ний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт банкны зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2 дугаар хэсэгт Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулахыг хүссэн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар Beiben маркийн 67-26 УНУ улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл нь орхигдсон байх тул энэхүү тээврийн хэрэгслийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах хэсэгт нэмж оруулан шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдсан 3 зээл нь бодитой бөгөөд хугацаа хэтэрсэн нь үнэн бөгөөд орон сууц ашиглалтад орсон цагаас ипотекийн зээл удааширч зогсонги байдалтай байсан нь зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрсэн нэгдүгээрт нөлөөлсөн.

Хоёрдугаарт 2015 оны 11 сард компанийг Н.Энхбат нь Л.Амарсайхан, Ц.О нарт “Чингис хаан” банктай холбоотой зээлийн баримтуудыг хүлээлгэж өгөөгүй, бас ямар дарааллаар зээл төлөгдөж байсан нь тодорхойгүй байгаа.

Миний бодож байснаар шүүхэд нэхэмжилсэн зээлийн 1 дүгээр буюу 250,000,000 төгрөгийн эхний зээл төлөгдөж дууссан байх ёстой. Бид нийт 537,493,300 төгрөг төлсөн боловч ямарч зээл нь хаагдаагүй байгаа зэргийг бодит санхүүгийн тооцоонуудыг шалгаж үзэх шаардлагатай байгаа тул тайлбар өгөх хугацааг сунгаж өгнө үү.

2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 250,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 450,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 250,000,000 зээлүүдийг авахад “Нида” ХХК-ийн захирал Н.Энхбат байсан ба 2015 оны 11 дүгээр сард тус компанийг хүлээн авахад бидэнд банкны орлого зарлагын хуулбаруудыг хүлээлгэж өгөөгүй учир бид санхүүгийн баримтуудыг нягтлан шалгах шаардлагатай байна” гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Чингис хаан” банк нь “Нида” ХХК-ийн захирал Н.Энхбаттай 3 удаагийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр  2320/01сс-2014 тоот зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай 24 хувийн хүүтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 2880 м.кв 35 айлын орон сууц барих хүсэлтээр гэрээ байгуулж, мөнгө зээлж авсан. Зээлийг хэрэгжүүлж яваад 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингис хаан банктай “Нида” ХХК-ийн тухайн үеийн захирал Н.Энхбат нь зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай, 24 хувийн хүүтэй барилгыг барьж дуусгах нөхцөлтэйгөөр 450,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 450,000,000 төгрөгийн зээл авч, ажиллаад энэ 2 зээлийн 700,000,000 төгрөгөөр барилгын ажил дуусч, 2014 оны 12 дугаар сард барилгын ажил зогссон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тус банкны зээлийн хорооны 232003сс/2015 тоот шийдвэрээр 250,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай жилийн 20 хувийн хүүтэйгээр Нида ХХК-д олгоно гэж заасан боловч Чингис хаан банк” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр СД15009 тоот шийдвэрээр “Чингис хаан” банкан дахь “Нида” ХХК-ийн дансанд зээл олгохгүй банк хоорондын дансанд захирал Н.Энхбатын хувийн дансанд шилжүүлсэн. Барилгын ажил үндсэндээ дууссан байсан. Тухайн үеийн захирал нь барилгын ажилд нэг ч төгрөг зарцуулаагүй. Зарцуулсан гэх баримт байхгүй. Тухайн зээлийн нэмэгдүүлсэн хүү нь нэхэмжлэлийн шаардлагын 340,739,726.02 төгрөгөөр нэмэгдсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк болон Иргэний хуулийг Чингис хаан банк зөрчин тухайн зээл олгосон компанийн дансанд хийгээгүй, үгсэн хуйвалдаж, тухайн үеийн гүйцэтгэх захирал Н.Энхбатын дансанд шилжүүлсэн.                  35 айлын орон сууцанд ямар нэгэн байдлаар зарцуулагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2015 оны 02 дугаар сараас эхлэн Нида ХХК-ийн данснаас байрны урьдчилгаа төлбөрөөс сүүлд олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хувийн дансанд зээл олгосон мөртлөө тус компанийн өөрийн харилцах данснаас хүүнд 44,876,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,004,383,56 төгрөг, 48,981,098.56 төгрөгийг сүүлд олгосон зээлийн хүү болгон манай харилцахаас авсан. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэнд олгосон зээлээ Нида ХХК-ийн харилцах данснаас төлүүлсэн. Бусад арилжааны банк барилгын зээл олгосон барилын компанийн орлогыг бодолцон, өөрийн санаачилгаар зээл, зээлийн хүүг төлүүлэхийн тулд 8 хувийн зээлийг өөрсдөө олгож зээлээ төлүүлж, дэмжин ажилладаг. “Чингис хаан” банк нь дэмжин ажиллаагүй. Орон нутагт байгаа гэх үндэслэлээр тэгсэн байж болно. Сүүлийн гүйцэтгэх захирлын луйврын ажлаас болж 8 хувиар олгосон зээлүүдийн хүү дансанд ороогүй. Одоо 8 байр зарагдаагүй. Нийт 480,000,000 төгрөгийн байр, гарааш зарагдаагүй, “Чингис хаан” банкны барьцаа хэлбэртэй байна. Нида ХХК-ийн нэртэй иргэн Н.Энхбат, Ц.Ариунаа нарт олгосон 340,739,726.02 төгрөгийг эдгээр хүмүүсээс нэхэмжлэх ёстой. Бусад зээлийг Нида ХХК-иас нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн. “Нида” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Энхбат, түүний эхнэр Ц.Ариунаа нар нь “Чингис хаан” банк, “Нида” ХХК-ийн захирал Л.Амарсайхан, нэр бүхий иргэдийг хуурч удаа дараа зээл авсан. “Чингис хаан” банктай нийлж 250,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн оронд “Нида” ХХК-ийг оруулж, өмнөх зээлийн гэрээний үүргийг хангахгүй эрсдэлд оруулсан. “Чингис хаан” банк нь хүүгээ авахын тулд хүү болон нэмэгдүүлсэн хүүнд зээл олгосон тул нэхэмжлэлийн дүнг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 606,990,769.42 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Эхний 2 зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа. 340,739,726.02 төгрөгийг төлөхгүй. Зээлийн харилцахаас авсан 48,981,383.56 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК нь хариуцагч “Нида” ХХК, Ц.О нарт холбогдуулан “Үндсэн зээлийн үлдэгдэл 775,482,126 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 175,664,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 45,564,821 төгрөг, нийт 996,711,594 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК, хариуцагч “Нида” ХХК болон Ц.О нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь 250,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдсан,

Мөн нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК нь хариуцагч “Нида” ХХК нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь 450,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдсан,  

            Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК хариуцагч “Нида” ХХК нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь 250,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талуудын хооронд тус тус зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2320/01/СС-2014 тоот зээл гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2320/02/СС-2014 тоот зээлийн гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2320/03/СС-2015 тоот зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 2320/01/СС-2014 тоот зээлийн гэрээ болон 2320/01/РА/01-2014 тоот барьцааны гэрээ, 2014 оны 2320/02/СС-2014 тоот зээлийн гэрээ болон 2320/02/РА/01-2014 тоот барьцааны гэрээ байгуулагдсан болон уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс 606,990,769 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

            2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2320/01/СС-2014, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2320/02/СС-2014, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2320/03/СС-2015 тоот зээлийн гэрээнүүдээр ”Чингис хаан банк” ХХК нь заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, “Нида” ХХК болон Ц.О нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.  Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

“Чингис хаан банк” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул 2320/01/СС-2014, 2320/02/СС-2014, 2320/03/СС-2015 тоот зээлийн гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлжээ.

 

Дээрх гэрээнүүдэд заасан үүргээ “Чингис хаан банк” ХХК биелүүлсэн учир зээлдэгч “Нида” ХХК болон Ц.О нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч болох хариуцагч “Нида” ХХК болон Ц.О нар нь зээлийн гэрээнүүдийн дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 537,493,300 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч “Нида” ХХК болон Ц.О нар нь дээрх зээл төлөлтөөс хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөөгүй болох нь хэрэгт зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба зохигчид нь зээлийн төлөлтийн талаар маргаагүй байна.

 

Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн нь нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...тус банкны зээлийн хорооны 232003сс/2015 тоот шийдвэрээр 250,000,000 төгрөгийг “Нида” ХХК-д олгоно гэж заасан боловч “Чингис хаан банк” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр СД15009 тоот шийдвэрээр “Чингис хаан” банкин дахь “Нида” ХХК-ийн дансанд зээл олгохгүй банк хоорондын дансанд захирал Н.Энхбатын хувийн дансанд шилжүүлсэн. Тухайн зээлийн нэмэгдүүлсэн хүү нь нэхэмжлэлийн шаардлагын 340,739,726.02 төгрөгөөр нэмэгдсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк болон Иргэний хуулийг “Чингис хаан” банк зөрчин тухайн зээл олгосон компанийн дансанд хийгээгүй, үгсэн хуйвалдаж, тухайн үеийн гүйцэтгэх захирал Н.Энхбатын дансанд шилжүүлсэн.

Мөн 2015 оны 02 дугаар сараас эхлэн “Нида” ХХК-ийн данснаас байрны урьдчилгаа төлбөрөөс сүүлд олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хувийн дансанд зээл олгосон мөртлөө тус компанийн өөрийн харилцах данснаас хүүнд 44,876,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,004,383,56 төгрөг, 48,981,098.56 төгрөгийг сүүлд олгосон зээлийн хүү болгон манай харилцахаас авсан. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэнд олгосон зээлээ “Нида” ХХК-ийн харилцах данснаас төлүүлсэн...” гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзсан үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй гэж үзнэ.

 

Хариуцагч “Нида” ХХК болон Ц.О нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээлээ шаардаж байсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3-т банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.  

 

Зохигчид “Зээлийн гэрээ”-ний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” тул хариуцагч гэрээний хугацаа дууссан үеэс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

           

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

           

            2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Нида” ХХК-ийн Чингис хаан банкинд зээл хүсэх тухай албан бичгээр барилгын ажил дуусгахад 250,000,000 төгрөгийн санхүүжилтийн зээл хүссэн байх бөгөөд тухайн хүсэлтийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Чингис хаан” банкны зээлийн хорооны шийдвэр гарч талуудын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээний дагуу хариуцагч “Нида” ХХК-д 250,000,000 төгрөг шилжүүлж, хариуцагч “Нида” ХХК захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан “Нида” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг, Чингис хаан банкны 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн хорооны шийдвэр, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, 3104000264 тоот зээлийн дансны хуулга, “Нида” ХХК-ийн 221301.0.00175, 241421.0.00152, 221301.0.90090 тоот дансны хуулгуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч “Нида” ХХК, Ц.О нар нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2320/01/СС-2014 дугаар зээлийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй тул тэдгээрийн үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч “Нида” ХХК болон Ц.О нараас 2014 оны 2320/01/СС-2014 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 179,482,125.73 төгрөг, хүүгийн төлбөрт 43,901,819.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,780,363.94  төгрөг, нийт 232,164,309.35 төгрөг гаргуулж, хариуцагч “Нида” ХХК-иас 2014 оны 2320/02/СС-2014 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 346,000,000, төгрөг, хүүгийн төлбөрт 56,146,389.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,661,169.83 төгрөг, нийт 423,807,588.87 төгрөг гаргуулж, 2015 оны 2320/03/СС-2015 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 250,000,000, хүүгийн төлбөрт 75,616,438.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 15,123,287.66 төгрөг, нийт 340,739,726.02 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК болон хариуцагч “Нида” ХХК, Ц.О нарын хооронд байгуулсан 2320/01/CC-2014 тоот “Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2320/01/РА/01-2014 тоот барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байр, 3 тоот, 87.37 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, /133370/, ХД-75б байр, 9 тоот, 3 өрөө, 51.4 м.кв орон сууц,

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК болон хариуцагч “Нида” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2320/02/СС-2014 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 2320/02/РА/01-2014 тоот барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 294 тоот, 35 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоот, 147.68 м.кв талбай бүхий орон сууц, Beiben маркийн 67-26 УНУ дугаартай автомашин,

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК болон хариуцагч “Нида” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2320/03/СС-2015 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2320/03/РА/01-2015 тоот барьцааны гэрээ байгуулж, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, “Долоон бар” ХХК-ийн хойд талд Орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын дуусаагүй барилга барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээнүүд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.  

 

Дээрх зээлийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т  зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.   

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Нида” ХХК болон Ц.О нараас 232,164,309 төгрөгийг, хариуцагч “Нида” ХХК-иас 764,547,285 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д олгосугай.

 

            2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Нида” ХХК болон Ц.О нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байр, 3 тоот, 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, /133370/, ХД-75б байр, 9 тоот, 3 өрөө, 51.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204041003 дугаартай орон сууц, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 294 тоот, 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018305 дугаартай орон сууц, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоот, 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22060223051 дугаартай орон сууц, Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, “Долоон бар” ХХК-ийн хойд талд байрлалтай Орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2882 м.кв талбайтай, улсын бүртгэлийн V-0405002540 дугаартай орон сууцны барилга зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,141,508 /таван сая нэг зуун дөчин мянга таван зуун найман/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 659,385 /зургаан зуун тавин есөн мянга гурван зуун наян таван/ төгрөгийг, хариуцагч “Нида” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,482,123 /дөрвөн сая дөрвөн зуун наян хоёр мянга нэг зуун хорин гурван/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС