Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2017/02332

 

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2017/02332

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Е” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгох,

бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146,062,950 төгрөг төлөгдсөн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тогтоолгох,

шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан хуучин нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт -ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, Д.Я, хариуцагчийн төлөөлөгч Н.У, Б.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Т

 

нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Е” ХХК нь НШШГА-д холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийг албадан нураах гэж байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын хууль бус шийдвэр болон түүнийг хэрэгжүүлж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгаа ба энэ нь Тухайн нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан дараахь асуудлаас үүсэлтэй болно. “Е” ХХК Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Хүнсний 1-р дэлгүүрийн ард НИТХ-ийн 2006 оны шийдвэрээр зохих газрын болон барилгын эрхтэйгээр 2007 оны 10 сараас орон сууцны барилга барьж, 6 давхар карказ бариад манай барилгын ажил зогсон, 2008 оноос хойш шүүхийн байгууллагын хаалга сахидаг ажилтай боллоо. Тус барилгад 2007-2008 оны хугацаанд 1,500,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч М.Н нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөг хүртэл ямар нэгэн ажил хийлгүй, энэ их хэмжээний хөрөнгө оруулалт бүрэн зогсолтын байдалтай байна. Цаг хугацааны хувьд одоо 8 жилийн дараа чанараа алдах, үнэгүйдэх аюулд хүрээд байна. Барилгыг барихад хуулийн дагуу тавигдах ямар шаардлага байна, түүнийг нь бүрэн хангаж, барилга барих зөвшөөрөл авч ажлаа эхэлсэн.

Гэтэл иргэн М.Н 2008 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан, “Е” ХХК барилга барьснаас болж, түүний гаражид нөлөөлөн, зүүн талын хана нэлэнхүйдээ суултанд орж цууран, бетонон шал нь хагарсан тул гараж өмчлөх эрхэд саад учруулж байгаа үйлдэл гэж үзсэн барилгын ажлыг зогсоож, урьд байсан хэвийн байдалд оруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх 2008 оны 1090 тоот шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гарсан. Тэгэхээр, Иргэний хуулийн 106.2-ын үндэслэл бол Насанбатын гараж өмчлөх эрхэд баригдаж байгаа барилга тодорхой хэсгээрээ ойртож баригдсан үйл ажиллагаа нөлөөлсөн бол гаражийг хэвийн байдалд оруулах л үйлдэл хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, тус шийдвэрийн дагуу хийх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бол барилгын ажлыг зогсоож, Насанбатын гараж анх ямар байсан тэр байдалд нь оруулах л болж байна. Ийм ойлгомжтой шийдвэрт тайлбар хийх ямар ч шаардлага байхгүй. Гэтэл дээрх шийдвэрийг тайлбарласан гэх Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн тайлбар нэгд/гүйцэтгэл явуулахад баримтлах шийдвэр биш, хоёрт/ шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа Иргэний хуулийн зохицуулалтын агуулгатай зөрчилдсөн, хэрэгжүүлэх үнлэслэлгүй тайлбар болж, маргааныг улам гааруулан, гадаадын хөрөнгө оруулалтыг бүрэн зогсоосон ажиллагаа болж хувираад байна. Уг маргаан шийдвэрлэгдсэний дараа “Е” ХХК-ийн зүгээс гаражийг засварлах талаар удаа дараа санал гаргаж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс хүлээж аваагүй, харин ч “Е” ХХК-ийн газрын эрхийг хүчингүй болгох талаар захиргааны шүүхээр маргаан 2009-2011 онд шийдвэрлүүлж явсан. Энэ байдал, гаражийн өмчлөх эрхийн асуудал хөндөгдсөн үү, эсвэл ерөөсөө л энэ барилга барих ажиллагааг бүрэн зогсоож, өөрийн эрхшээлд үнэгүйдүүлж байгаад оруулах санаа байна уу гэдэг нь эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлж байна.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1090 тоот шийдвэрт барилгын ажлыг зогсоож, гаражийг анхны байдалд оруулах гэсэн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн байсан буюу 2008 оноос барилгын ажил бүрэн зогссон байсан, одоо ч зогссон хэвээр байгаа. Шийдвэр дэх Гаражийг анхны байдалд оруулах тухай хэсгийг биелүүлэхээр тулаас бэхлэлт хийх, норм дүрмийн дагуу бусад ажиллагаа хийгдээд эхлэхэд гараж өмчлөгч нь өөрөө 2011 онд дахин нэхэмжлэл гаргаж, хуучин гаражийг нурааж, шинийг барихад гарах зардал гэж 217 сая төгрөг нэхэмжилснийг нь Чингэлтэй дүүргийн шүүхээс 145 сая төгрөг гаргуулахаар 2011 оны 520 тоот шийдвэр гаргасан болно. Өмнөх, гаражийг буцаагаад анхны байдалд оруулж өгөх шаардлагыг бид, “Е” ХХК биелүүлэх байсан, биелүүлэхээр ч олон янзын санал гаргаж байсан, харин энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд М.Н өөрөө гомдол гаргах зэргээр саад хийсээр ирсэн. Гэхдээ “Е” ХХК 2017 оны 8 сарын 17-нд 146,062,950 төгрөг төлсөн болно.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эхний шийдвэрийг дараагийн шийдвэртэй холбож ойлгохоос өөр арга үндэс байхгүй. Нэг л хөрөнгөнд бий болсон асуудлыг удаа дараа өөр өөрөөр шийдвэрлэх боломжгүй. Тэгэхээр, 5.3 метрээс дотогш оруулж барьснаас учирсан хохирлыг бүрэн гаргахаар шийдсэн буюу хуучнаа нурааж, шинэ гараж барих, бүрэн зардлыг бид төлөхийг хичээж ирсэн боловч, гүйцэтгэх хуудсаа өгөхгүй, мөнгө хүлээж авах дансаа өгөхгүй байсаар ч өдийг хүргэсэн болно. Харин сүүлийн үед мөнгө ч төлөгдөх ёстой, барилгыг ч бүхэлд нь нураах ёстой гэдэг шийдвэрүүд гарснаар мөнгийг түрүүлж нэхэмжлэх болсон. Үүний дагуу бид 146 сая төгрөгийг төлсөн, гэвч шүүхийн шийдвэрт хийсэн тайлбар барин барилгыг нураа буюу шийдвэр биелүүл гэсэн албан бичгийг удаа дapaa ирүүлдэг юм.

Бид үзэхдээ, эхний буюу гаражийн барилгын ажлыг 5.3 метрт зогсоох ёстой гэдэг шийдвэрийг биелүүлэх боломжгүй, учир нь 520 тоот шийдвэрийн дагуу гаражийн өмчлөх эрхийг зөрчсөн гэм хорын хохиролд 145 сая төгрөг гаргуулахаар болсон байхад, хэнд ч ойлгомжтой энэ хэргийг хоорондоо ямар ч холбоогүй, хоёр тэс өөр хэрэг мэтээр шүүхэд хандаж, шаардлагагүй тайлбар гаргуулан, улмаар тухайн тайлбараа шүүхийн шийдвэр мэт үзэж, ажиллагаа хийж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

НШШГА-ийн хийж байгааг ажиллагааг авч үзвэл: НШШГА-ы 2015 оны 3 сарын 25-ны өдрийн 1/8033 тоот албан бичиг, ШШГЕГ-ийн ШГГ-ын 2015 оны 4 сарын 7-ны өдрийн 5/560 тоот албан бичиг, мөн ШШГЕГ-ийн ШГГ-ын 2015 оны 4 сарын 13-ны өдрийн 1/10998 тоот албан бичиг, НШШГА-ны 2015 оны 6 сарын 15-ны өдрийн 1/22013 тоот бичгээр “Е” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан дутуу баригдсан 7 давхар барилгыг гаражнаас 5,3 м зайд буулгахад холбогдон гарах зардлыг гаргуулах, үүний хамт 145 сая төгрөгийг НШШГА-ны дансанд байршуулахыг удаа дараа мэдэгдсэн. Эдгээр байдал нь барилгыг зүүн ханыг буулгахыг НШШГА болон түүний дээд шатны удирдлага ч нэг адилаар үзэж байгаа болох нь харагдана. Шүүхийн 1090 тоот шийдвэрт буулгах талаар заагаагүй тул НШШГА-ны барилгыг буулгуулахаар шаардаж байгаа нь хууль бус үйлдэл болохыг харуулж байна.

Мөн үүнтэйгээ нэг зэргээр, ШШГЕГ-ийн ШГГ-ын 2015 оны 4 сарын 13-ны өдрийн 1/10998 тоот албан бичиг, НШШГА-ны 2015 оны 6 сарын 15-ны өдрийн 1/22013 тоот бичгээр 145 сая төгрөгийг НШШГА-ны дансанд шилжүүлэхийг шаардсан байдаг.

Нэг нь нөгөөтэйгээ уялдаатай хоёр шийдвэрийг тус тусдаа мэт авч үзэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах гэж байгаа нь хууль бус байна. Тэгсэн мөртөө НШШГА нь нэг акт, нэг албан бичгээр төлбөр төлөгчид нэгэн зэрэг нураах, мөн төлбөр төлөх тухай мэдэгдэл өгч ирсэн байдаг. Уг нь огт хоёр өөр ажиллагаа юм бол хоёр өөр актаар л мэдэгдэл өгч баймаар. НШШГА дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа, шийдвэрт хамааралгүй олон үйлдэл хийн, бусдын эрхийг зөрчиж байна. Үүнд:

1. Дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэрт зөвхөн барилга барих ажиллагааг зогсоох талаар заасан \зогсоогоод 8 жил болчихлоо шүү дээ\ байтал НШШГА “Е” ХХК-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон.

 

 

2012 оны 1 сарын 23-ны өдрийн 2/1038 тоот албан бичгээр ГХОГ-т, 2012 оны 1 сарын 23-ны өдрийн 2/1027 тоот албан бичгээр УБЕГ-т “Е” ХХК-ийн бүртгэлд хөдөлгөөн хийхийг хязгаарласан болно. Гэтэл үүнээс болж, Монголд хөрөнгө оруулалт хийхдээ, чанаргүй, найдваргүй хөрөнгө оруулалт хийсэн “Е” ХХК-ийн захирал Ма Юунг Чол-ийг үүсгэн байгуулагч, тухайн компанийн хувьцааг эзэмшигч Ескорт имэйж корпорешн ХХК-ийн тогтоолоор өөрчлөн, 2015 онд шийдвэрлэсэн байтал захирлын өөрчлөлтийг бүртгүүлэх боломжийг хязгаарласан нь компанийн засаглалд, гадаадын компанийн эрх бүхий этгээдийн шийдвэр гаргалт, өмчлөлд халдсан төдийгүй компанийг удирдлагагүй болох нөхцлийг бүрдүүлээд байна. Дээрх шийдвэрээр, Ма Юунг Чол нь гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2 жилийн өмнө чөлөөлөгдсөн байтал улсын бүртгэлд өөрчлөлт хийгдэхгүй байгаагаас болж, “Е” ХХК-ийг хэн төлөөлөх вэ гэдэг асуудал хөндөгдөн гарч байгаа юм. Энэ нь барилгыг үнэгүйдүүлж, эзэнгүйдүүлж авах санаа зорилго бүхий М.Нын талд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага бүхэлдээ үйлчилж байна уу гэх хардлагыг гадны хөрөнгө оруулагчид өөрийн эрхгүй төрүүлэх үндэслэл болж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэгч, төлбөр авагч болж байгаа Насанбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Е” ХХК-ийн захирлыг өөрчилсөнтэй холбоотойгоор, Ескорт имиж корпорешн ХХК-аас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй байх байдал байнга илэрхийлэгддэг юм. Энэ нь компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоож чадлаа.

2. Компанийн захирал байсан Ма Юунг Чол бие муутай, тахир дутуу, сахарын өвчний улмаас эмчилгээнд яаралтай орохыг зайлшгүй шаардаж байгаа хүн. “Е” ХХК-ийн захирал байсан гэдгээр өнөөг хүртэл хилийн хорио тавьснаас болж, энэ хүний зорчин явах эрх бас хязгаарлагдан, эрх нь зөрчигдөөд байгаа болно.

3. Мөн Татварын Ерөнхий Газар, банкуудад албан бичиг явуулан тус компанийн төгрөг болон валютын дансыг битүүмжлэн, гүйлгээ хийгдсэн тохиолдолд шууд шийдвэр гүйцэтгэлийн дансанд мөнгө орж байх зохицуулалтыг хийсэн нь энэ компани оршин тогтнох, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болгосон. Шинэ томилогдсон захирал солонгос хүн бөгөөд оршин суух эрхийг олж авахад тухайн компани нь хэвийн байдлаар үйл ажиллагаа явуулж байх шаардлагыг хуулийн хүрээнд тавьдаг. Гэтэл “Е” ХХК-ийн эрхийг ийм байдлаар хязгаарласнаас болж, компани үйл ажиллагаа явуулаагүй 4 жил болсон тул шинэ захирал томилогдох ч боломжгүй болсон зэрэг олон сөрөг үр дагаврыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бий болгоод байна.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 ба 1090 ба 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох,

2. Шүүхийн шийдвэрийн дагуу 146,062,950 төгрөг төлөгдсөнөөр хоёр холбоотой хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан 2012 оны 1-р сарын 23-ны 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагаа, 2012 оны 1-р сарын 23-ны 2/1038 тоот мэдэгдлээр хориглосон ажиллагаа, мөн өдрийн 2/1037 тоот мэдэгдлээр хориглосон ажиллагаа, төлбөр төлөгч компанийн захирал Ма Ён Чолыг хилээр гарахыг хориглосон ажиллагааг тус тус хүчингүй болгуулах, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг улсын бүртгэлд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С. Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.   Чингэлтэй дүүргийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон 2013 оны 520 тоот шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус болохыг тогтоох гэжээ. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 520 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 523 тоот магадлалаар “Е” ХХКас 145,882,950 төгрөгийг гаргуулж М.Над олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Е” ХХК 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 124/13 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол гарсан.

2.   Нэхэмжпэгч нэхэмжпэлдээ бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирлын нөхөн төлбөр 145 сая төгрөгийг төлснөөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр зарын 25-ны өдрийн 1090 тоот шийдвэртэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг тогтоох гэжээ. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрээр “Е” ХХК-ийг иргэн М.Нын гаражийн зүүн хананаас 5.3 м зайд барилгын үйл ажиллагааг зогсоож, хэвийн байдалд оруулахыг даалгаж шиийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаар тогтоолоор тус тус хянаж хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүд тусдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд тус албанаас 2008 оны 1090 тоот шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгч “Е” ХХК-ийн захирал Ма Ёнг Чолд удаа дараа хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар барилгын үйл ажиллагааг зогсоосон боловч, иргэн М.Нын гаражийн зүүн хананаас 5.3 м зайд хэвийн байдалд оруулахыг даалгасан шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

3.   Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.3-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2012 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 2/1027 тоот албан бичгээр “Е” ХХКомпанийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан.

4.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 133 дугаар зүйлийн 133.4.4-т заасныг үндэслэн төлбөр төлөгч Естан компанийн захирал Ма Ёнг Чолыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хүмүүсийн нэрсийн жагсаалтанд оруулж, хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх тухай 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/3506 дугаар албан бичгийг Улсын ерөнхий гүйцэтгэгчид хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг. М.Н миний бие нь Чингэлтэй дүүргийн Шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэрээр ...иргэн М.Нын гаражийн зүүн хананаас 5.3 м зайд барилгын үйл ажиллагаагаа зогсоож, хэвийн байдаяд оруулахыг хариуцагч “Е” ХХК-д даалгаж... шийдвэрлэснийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 72 тоот магадлал, Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 153 тоот тогтоолоор анхан шатны шүүхиин шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн, мөн Чингэлтэй дүүргийн Шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 520 тоот шийдвэрээр гэм хор учруулсан бодит хохиролд...хариуцагч “Е” ХХК-иас 145.000.000 сая төгрөг гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн.

“Е” ХХК-ийн захирал Ма Ёнг Чол нь Монгол Улсын шүүхийн дээрх шйидвэрүүдийг биелүүлэхгүй байсан тул "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3046 тоот шүүгчийн захирамж, 251 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдэж, 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 273 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн боловч Төлбөр төлөгч Ма Ёнг Чол шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж хугацаа хожиж байгаа. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч, БНСУ-ын иргэн, “Е” ХХК- ийн захирал Ма Ёнг Чол /KN0877451, 1042011, MNG1168025, АА01091191 Ма Young Chul/- оос төлбөр гаргуулах хоёр тусдаа шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа бөгеөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар “Е” ХХК-ийн захирал Ма Ёнг Чол-д удаа дараа мэдэгдэл хүргүүлж ажилласан боловч шүүхийн шийдвэрийг өнөөдрийг журтэл биелүүлээгүй байгаа болно.

 

Хоёр. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр БНСУ-ын ”Э И К” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь тус дүүргийн шүүхэд:

1 .Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоох

2.   Бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 145 сая төгрөг төлснеөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохыг тогтоох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан Улсын Бүртгэлийн Еронхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/, “Е” ХХК-ийн 5039649 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 1-р сарын 23-ны 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагаа, төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БНСУ-ын иргэн Ма Ёнг Чолыг хилээр гаргахыг хориглосон зэрэг хууль бус ажиллагааг тус тус хүчингүй болгуулах, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, оюуны өмчийн газарт даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрчилж гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай яг адидхан агуулга бүхий нэхэмжлэлийг гаргажээЭнэ нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/11132017/09472 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Гурав. Энэхүү үйл баримтад дурдагдаж буй “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгт иргэн М.Н миний хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байгаа учир иргэн намайг гуравдагч этгээдээр татан оролцуулж байсан. Тухайн үед “Е” ХХК-ийн үүсгэн байгүүлагч, хөрөнгө оруулагч БНСУ-ын “Э И К” ХК-ийн асуудал яригддаг хөндөгддөг байсан. Гэтэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/Ш32017/09472 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосонтой яг адилхан агуулга бүхий нэхэмжлэлийг Эскорт Имэйж Корпорэшн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх С.Б дахин гаргасан байна. Энэ тохиолдолд өмнө нь хууль бусаар нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгүүлж, гуравдагч этгээдээр миний оролцож байсан маргаан бүхий тохиолдол ямарч өөрчлөлтгүйгээр дахин бий болсон гэдэг нь тодорхой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Е” ХХК хариуцагч НШШГГт холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгох, бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146,062,950 төгрөг төлөгдсөн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан хуучин нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Е” ХХК-ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулах гэсэн гурван төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “Е” ХХК-ийн захирал Ма Ён Чолыг хилээр гарахыг хориглосон ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр, 2013 оны 520 тоот шийдвэрүүд үндсэндээ нэг асуудлаар гарсан. Эдгээр шийдвэрүүд өөр хоорондоо холбоотой учир хэрхэн хэрэгжүүлэх талаар шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад эргэлзээ байсны улмаас холбогдох шүүхээс бичгээр тайлбар авсан. Уг тайлбарт суурилан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тусдаа явуулж буй нь хууль бус юм. Нэгэнт өөр хоорондоо холбоотой шийдвэр тул нэг шийдвэрийг буюу 2013 оны 520 тоот шийдвэрийг хэрэгжүүлж иргэн М.Нын гаражийг нурааж дахин шинээр барихад шаардлагатай зардлыг бүрэн төлж, зөрчигдсөн эрхийг нь сэргээх зорилгоор 146,062,950 төгрөгийг түүнд шилжүүлсэн тул энэ үйлдлийг хийснээр дээрх хоёр шийдвэрийг аль алиныг биелсэн гэх үндэстэй. Түүнчлэн “Е” ХХК-ийн гэрчилгээнд шилжилт, хөдөлгөөн хийхгүй байгаагийн улмаас компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, удирдах боломж хязгаарлагдаж зогсонги байдалд орсон. гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Нэхэмжлэгчийн дурдаж буй шийдвэрүүд нь бие даасан, тусдаа шүүхийн шийдвэр тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ч тусдаа явагдана. Энэ талаар тухайн үед тодруулга л авсан бөгөөд шүүхийн шийдвэрийг тайлбарласан тайлбарыг бидэнд хандаж гаргаагүй, төлбөр авагч иргэн М.Нын хүсэлтээр түүнд хандаж шүүхээс гаргасан байдаг. Бид дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажиллагаа учлдаатай эсэх талаар тодруулга хүссэн бөгөөд тодруулгад эдгээр шийдвэрүүд өөр хоорондоо хамааралгүй тусдаа шийдвэрүүд гэсэн хариу ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу гагцхүү шүүхийн шийдвэрт үндэслэж явуулж байгаа, тайлбарыг үндэслэсэн зүйл байхгүй. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэрийн дагуу барилгын үйл ажиллагааг зогсоосон боловч шийдвэрийн гаражийн зүүн хананаас 5.3 метр зайд хэвийн байдалд оруулахыг даалгасан хэсэг нь биелээгүй. Нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул “Е” ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан нь хуульд нийцнэ. гэж тайлбарлаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргахдаа Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудал бөгөөд энэ асуудлыг анхан шатны шүүх дахин хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрүүдийг тусдаа хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч “Е” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээгээ сунгуулах үйлдлийг хийчихсэн байдаг. гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.    Нэхэмжлэгч “Е” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгох, бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146,062,950 төгрөг төлөгдсөн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн байгууллага өөрөө эцэслэн шийдвэрлэхээр харъяалуулсан маргаан, эсхүл мөн хуулийн 122 дугаар зүйлд заасан шүүх шийдвэрлэхээр шууд заасан маргааны төрлийн аль алинд хамаарахааргүй байна. Гэвч аливаа асуудлаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд эрхээ сэргээлгэхээр гомдол, нэхэмжлэл гаргах, энэ талаарх маргаанаа эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Иймд маргаж буй асуудлыг шийдвэрлэх байгууллагын харъяаллыг хуульд тухайлан зохицуулаагүй, шүүхээр шийдвэрлүүлэхээр шууд заагаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь буруу гэж үзлээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан тус шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.    Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 тоот шийдвэрээр нэхэмжлэгч М.Нын гараж өмчлөх эрхэд саад учруулж, зургаасаа хэтрүүлэн барьж буй барилгын ажлыг зогсоож, урьд байсан хэвийн байдалд оруулуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай “Е” ХХК-нд холбогдох, өөрийн газар дээрээс гаражийг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг баримтлан М.Нын гаражийн барилгын зүүн хананаас 5.3 метрийн зайд барилгын үйл ажиллагаагаа зогсоож, хэвийн байдалд оруулахыг хариуцагч “Е” ХХК-нд даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 520 тоот шийдвэрээр мөн М.Нын нэхэмжлэлтэй “Е” ХХК-нд холбогдох гаражид эвдрэл гэмтэл учруулсан хохирол болон гаражийг буулгах зардалд 217,045,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд шаардлагатай төлбөрт “Е” ХХК-аас 145,000,000 төгрөгийг гаргуулж М.Над олгон шийдвэрлэжээ. /хх-ийн 10-14 дүгээр тал/

Эдгээр шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болж, М.Н Чингэлтэй дүүргийн шүүхийн 1090 тоот шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргаж /хх-ийн 154 дүгээр тал/, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн үйл баримтын талаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 520 тоот шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүсэж /хх-ийн 63 дугаар тал/, “Е” ХХК-аас төлбөр авагч М.Нын дансанд 146,062,950 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хийснээр мөн өдрийн 124/13 тоот шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болсон үйл баримтыг зохигч, гуравдагч этгээд тус тус маргахгүй байна /хх-ийн 64, 65 дугаар тал/.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс ирүүлсэн тайлбарыг үндэслэн тус тусад нь явуулж байгааг хууль бус гэж үзэж байна. Хариуцагч, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасан зарчимд нийцсэн, мөн хуулийн 5.1-д заасны дагуу гагцхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хэрэгжиж байгаа. Шүүхээс ирүүлсэн тайлбарыг үндэслэж тус тусдаа явагдаагүй гэж тайлбарлаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2789 тоот албан бичиг илгээсэн байх ба тус албан бичигт 1090 тоот шийдвэр болон 520 тоот шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тусдаа явагдах үндэстэй гэж тодруулга өгчээ. Харин тус албан бичигт хавсаргасан 1090 тоот шийдвэрийг тайлбарласан гэх баримтыг шийдвэр гүйцэтгэлийн албаны хүсэлтээр хавсарган илгээгээгүйн зэрэгцээ уг тайлбарыг анх 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.Насанбатад хандан шүүхээс гаргаж байсан нь хавтаст хэргийн 216, 217 дугаар талд авагдсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 166 тоот албан бичиг, Насанбатад хандан гаргасан шүүхийн шийдвэрийг тайлбарлах тухай гэсэн бичгээр тус тус тогтоогдож байна. Тодруулбал, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага 1090, 520 тоот шийдвэрүүдийн агуулгын талаар тайлбар хүсэж холбогдох шүүхэд хандаагүй, түүнчлэн өмнө нь хэн нэгэн өөр этгээдэд гаргасан аливаа тайлбарыг хавсаргаж ирүүлэхийг тухайлан хүсээгүй байхад дан ганц Дүүргийн иргэний хэргийн шүүх өөрийн санаачилгаар албан бичигтээ тайлбар хавсарган илгээсэн үйл баримтад суурилан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрыг тайлбарт үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тусад нь гүйцэтгэж байна гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь эдгээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу бие даасан эрх зүйн үр дагавар үүсгэх, тус тусдаа шүүхийн шийдвэрүүд бөгөөд шийдвэр тус бүрт бие даасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах хууль зүйн зохицуулалттай.

Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тайлбарт үндэслэн тусад нь явуулж байгаа гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.

3.    Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн шүүхийн 1090 тоот шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь мөн шүүхийн 520 тоот шийдвэрийг хэрэгжүүлснээр дуусгавар болох үндэстэй гэж маргаж байгаа. Гэвч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1090 тоот шийдвэр болон тухайн үеийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч М.Н түүний гаражид суулт өгөх, хана цуурах зэргээр эд хөрөнгөд эвдрэл гэмтэл учирч хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах өмчлөгчийн эрх зөрчигдсөн, түүнчлэн газрыг хууль ёсоор эзэмших эрхэд нь халдаж хөршийн эрх зөрчигдсөн гэж шүүхэд хандсан гэж дүгнэхээр байна. /хх-ийн 145-148 дугаар талШүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг баримтлан М.Нын гаражийн барилгын зүүн хананаас 5.3 метрийн зайд барилгын үйл ажиллагаагаа зогсоож, хэвийн байдалд оруулахыг хариуцагч “Е” ХХК-нд даалгаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх үндэслэлүүдийг дурдаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар өмчийн эрхийн нэхэмжлэл (rei vindicatioгаргасан боловч эд хөрөнгөд учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр тооцон нэхэмжлээгүй (үүргийн эрх зүйн нэхэмжлэлучир шүүх өмчийн эрхийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэж гагцхүү эрх зөрчсөн үйлдлийг зогсоосон, улмаар эрх зөрчсөн хөршийн үйлдлээс эзэмшил газрын хувьд хөршийн эрхэд учирсан хохирлыг арилгаж зөрчигдсөн газрын эрхийг хэвийн байдалд оруулахаар шийдвэртээ дурджээ. Тодруулбал тус шийдвэрээр гаражийг эвдэж гэмтээсэн үйлдлийг зогсоож эд хөрөнгөө ашиглахад саад болж буй үйлдлийг таслан зогсоох замаар нэг эрхийг сэргээсэн, мөн хөршийн хууль бус үйлдлээс зөрчигдсөн эзэмшил газарт холбогдох эрхийг сэргээсэн хоёр үндсэн асуудал шийдвэрлэгдсэн байна.

Харин Чингэлтэй дүүргийн шүүхийн 520 тоот шийдвэрт нэхэмжлэгч М.Н гараж буюу эд хөрөнгөдөө учирсан бодит хохирлоо мөнгөөр үнэлэн нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч, түүний эд хөрөнгөд 145,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж тооцон энэ хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч энэ удаад зөрчлийн үүргийн дагуу нэхэмжлэл гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хэрэгжилтийн асуудлаар маргаан үүсгэж буй дээрх шийдвэрүүдийн нэгийг хэрэгжүүлснээр нөгөө шийдвэр биелсэнд тооцох боломжгүй байна. Тодруулбал, нэг шийдвэрээр иргэн М.Нын гаражид хохирол учруулсан үйлдлийг зогсоож, хөршийн үйлдлийн улмаас хөндөгдсөн газрын эрхийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэвийн байдалд оруулах, нөгөө шийдвэрээр нь хөрөнгөд учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр үнэлэн шаардсаныг буруутай талаас гаргуулан шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрүүд нь өмчийн эрх зүйн болон үүргийн эрх зүйн аль аль хэм хэмжээгээр зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбоотой харилцаа байх бөгөөд онолын хувьд эдгээр нэхэмжлэлийг нэг нэгээр нь, эсхүл цугт нь ч гаргах боломжтой.

Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан 520 тоот шийдвэрийг хэрэгжүүлж 146,062,950 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлснээр иргэн М.Нын зөрчигдсөн газрын эрх сэргэх боломжгүй буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн 1090 тоот шийдвэр хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ төрлийн эрхийг сэргээх зарим арга замыг Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 2 дахь хэсгүүдээр зохицуулсан байдаг. Учир нь 1090 тоот шийдвэрт ямар нэг эд хөрөнгийг нураах, буулгахыг хэн нэгэнд тусгайлан даалгаагүй байгааг дурдах нь зүйтэй.

4.    Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан хуучин нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Е” ХХК-ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11, 44.2.14-т заасны дагуу хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн талаар лавлагаа авах, улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авах эрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хадгалагдаж байх ба дээрх асуудлаар гарсан маргааныг харъяаллын дагуу мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-44.5-д заасан журмаар шийдвэрлэхээр байна. Иймд энэ асуудлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хэдийгээр хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2012 онд авагдсан талаар зохигчид маргахгүй байх боловч энэхүү арга хэмжээ хууль бус болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан. Ингэснээр тус маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагын харъяаллын асуудалд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэх үндэстэй юм.

Эдгээр үйл баримтад тулгуурлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болох, бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146,062,950 төгрөг төлөгдсөн тул 1090 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу 2012 оны 01 дүгээр сарын 23-ны 1027 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Е” ХХК-ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тус иргэний хэргийг Эскорт Имэйж Корпорэшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эскорт Имэйж Корпорэшн ХХК нь нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаа 146,062,950 төгрөг төлснөөр 1090 болон 520 тоот шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох гэж өөрчилсөн боловч тус шаардлагыг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Эскорт Имэйж Корпорэшн ХХК-ийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу шаардлага гаргах эрх Эскорт Имэйж Корпорэшн ХХК-нд бус төлбөр төлөгч “Е” ХХК-нд хадгалагдах учиртай гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг “Е” ХХК-аар солих хүсэлтийг холбогдох этгээдүүд гаргасныг шүүх үндэслэл бүхий гэж үзэн “Е” ХХК-ийг нэхэмжлэгчээр сольсон. “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлж, түүний гүйцэтгэх захирал Ма Ёнг Чолоос олгосон итгэмжлэл /хх-ийн 132 дугаар тал/-ээр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б оролцжээ.

Ийнхүү шинэ нэхэмжлэгчээр солигдон орсноос хойш “Е” ХХК 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эскорт имэйж корпорэшн ХХК-ийн гаргасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзагдсан нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг дэмжиж, улсын тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлөн шүүх хуралдаанд оролцож эхэлсэн. Улмаар хавтаст хэргийн 82 дугаар талд авагдсан нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох талуудад гардуулах ажиллагаа хийгдсэн болно /хх-ийн 115, 116 дугаар тал/. Харин 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай шаардлага /хх-ийн 134-139/-аасаа нэхэмжлэгч тал татгалзсан учир эл асуудлыг тусгайлан шийдвэрлэх, гардуулах арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Е” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эскорт Имэйж Корпорэшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болох, бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146,062,950 төгрөг төлөгдсөн тул 1090 тоот шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хуучин нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Е” ХХК-ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Е” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эскорт Имэйж Корпорэшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА