| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2023/0326/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/366 |
| Огноо | 2023-05-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/366
2023 05 25 2023/ШЦТ/366 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Г.Булаг-Ундрал,
Нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Шүүгдэгч: Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн 2311000000269 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Боржигон овгийн Энхжаргалын Э.Э (РД:***), Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт *** тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 819 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан,
/Холбогдсон хэргийн талаар/ Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Tedy” худалдааны төвийн 2 дугаар давхрын 11/2 тоот лангууг ажиллуулдаг Э.Эгээс утсаа түр өгөөд явуулчих орой буцаагаад өгнө гэж хэлээд “I phone 11 pro max” загварын 1.525.000 төгрөгийн үнэ бүхий гар утас авч бусдад зарж борлуулан залилах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2311000000269 дугаартай хэргээс: Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Хохирогч ***ын “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний таньдаг Ч.Мөнхтулгын найз гэх Төгөлдөр, Э.Э нар Tedy худалдааны төвийн 2 давхар байрлах 11/2 дугаар лангуун дээр намайг сууж байхад ирээд лангуун дээр зарж байсан Iphone 11 pro max загварын 256 дь-тай rap утсыг үзээд байж байгаад энэ утсаа түр өгөөд явуулчих нэг юм суулгачхаад орой буцаагаад авч ирээд өгье гээд Э.Э гэдэг залуу надаас гуйгаад авч явсан. Тухайн үедээ би тэр хүнд орой авч ирээд өгөх байх Ч.Мөнхтулгын найз юм чинь гээд итгээд өгөөд явуулсан.Ч.Мөнхтулга над руу чат бичээд яриад нэг жил болж байгаа залуу байгаа юм. Түүнээс биш би тэр Э.Э гэдэг хүнийг сайн танихгүй, мэдэхгүй. Ч.Мөнхтулгатай утсаар ярих видео коол хийгээд утсаар ярьж байхад хажууд нь байнга байж байдаг залуу байгаа юм. Тэр Төгөлдөр гэдэг залуу надаас юу ч аваагүй юм яриагүй.Тэгээд би орой авч ирээд өгөх юм болгоод итгээд тэр Э.Э гэдэг залууд итгээд өгсөн чинь миний зарж байсан гар утсыг аваад өөр хүнд зарсан байсан. Миний утасны мөнгийг надад өгнө гэж 2022 оны 12 дугаар сарын 31-нийг өдрөөс авхуулж хэлээд одоог болтол өгөөгүй байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 6-8) Гэрч Ч.Мөнхтулгын “...Би ***ыг жил гарангын өмнөөс таньдаг болсон бөгөөд найзууд байгаа юм. *** нь Теди төвийн 2 давхарт гар утасны лангуу ажиллуулдаг. Э.Энхтүшин тэр хоёр надаар дамжуулж танилцаж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр санагдаж байна. *** надад Төвшөө ирээд нэг утас аваад явсан гэхээр нь би яагаад өгч байгаа юм. Надаас энэ хүнд утас өгөх үү гэж асуухгүй яасан юм гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ Э.Э утас өгөхгүй байна чиний найз болохоор чинь би итгээд утас өгсөн гээд над руу *** уурлаад байсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 12) 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Дамно” хөрөнгө үнэлгээний газрын дүгнэлт зэрэг болно. (хх-ийн 16-17) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Tedy” худалдааны төвийн 2 дугаар давхрын 11/2 тоот лангууг ажиллуулдаг Э.Эгээс утсаа түр өгөөд явуулчих орой буцаагаад өгнө гэж хэлээд “I phone 11 pro max” загварын 1.525.000 төгрөгийн үнэ бүхий гар утас авч бусдад зарж борлуулан залилсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч ***ын мэдүүлэг, (хх-ийн 6-8), Гэрч Ч.Мөнхтулгын мэдүүлэг, (хх-ийн 12), 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Дамно” хөрөнгө үнэлгээний газрын дүгнэлт зэрэг болно. (хх-ийн 16-17) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг. Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан нь уг хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд хамаарч байна. “Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг, "хуурч... баримт бичиг ашиглах” гэж хуурамч бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус эсхүл хуурамч чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх, “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж өөрийгөө амжилттай яваа бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэх, “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдөлд оруулахыг тус тус ойлгоно. Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг. Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Tedy” худалдааны төвийн 2 дугаар давхрын 11/2 тоот лангууг ажиллуулдаг Э.Эгээс утсаа түр өгөөд явуулчих орой буцаагаад өгнө гэж хэлээд “I phone 11 pro max” загварын 1.525.000 төгрөгийн үнэ бүхий гар утас авч бусдад зарж борлуулан залилах шинжийг хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба шүүгдэгчийн шунахайн сэдэлттэй гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь тус бүрдээ шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Э.Э нь зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Эгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. Хохирол төлбөрийн талаар: Хохирогч ***д учирсан 1.525.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна. /хх-ийн 76-77/ Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх шүүгдэгч Э.Э нь зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой. Шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Э.Эг Эрүүгийн хуулийтусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА