Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бумбандоржийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201722000285 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Их мэргэд Бумбандоржийн Мөнх-Эрдэнэ, 1967 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барималчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 01-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЭ67032411 дугаартай,

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 2 дугаар багийн 01-06 тоотод байх гэртээ эхнэр Р.Даваанямтай гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн зодож, түүний бие махбодид баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 2 дугаар багийн 01-06 тоотод байх гэртээ эхнэр Р.Даваанямтай гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн зодож, түүний бие махбодид баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би хөдөө ажил хийж байгаад гэр лүүгээ утсаар яриад миний хань гэрээ, коридороо сайхан цэвэрлээд байж байгаарай гэж ярьсан юм. Тэгээд хэд хоноод гэртээ ирэхэд гэр орон маань бохир заваан миний хэлсэн ажлуудыг хийгээгүй байхаар нь би дотроо дургүй хүрсэн юм. Ер нь манай эхнэр гэртээ эмэгтэй хүний үүргийг муу биелүүлдэг гэж бодож явдаг. Гэрээ цэвэрлэ жаахан эмэгтэй хүн шиг бай гэхээр өөдөөс уурлаад тийм л юм бол чи тэр сайхан авгайгаа ав гээд уурлаад байдаг. Тэрийг нь эрүүлдээ бодож байгаад согтохоороо тэр талаар хэрүүл хийгээд тайван байлгадаггүй юм шиг байна. Энэ хавар би хөдөө Тосонцэнгэл суманд ажил хийж 2 сар гаруй байж байгаад ирсэн. Хөдөөнөөс ирээд мөнгөтэй байсан болохоор 2 хоног найзуудтайгаа архи уусан. Тэгээд эхнэрээ орой ирэхээр нь согтуудаа элдэв юм ярьж дургүйг нь хүргэсэн юм шиг байсан. Би өөрийнхөө гаргасан үйлдлийг сайн санахгүй байгаа болохоор нилээн согтуу байсан гэж бодож байна. Өглөө эрт босоод архи ч сайн гараагүй байсан дахин хэрүүл хийгээд цохичихсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хохирогч Р.Даваанямын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 05 сарын 21-ний орой нөхөр Мөнх-Эрдэнэ согтуу орж ирээд намайг элдэв муухай үгээр доромжлоод агсам тавиад миний гэрээс зайл, янхан, өмхий амтай авгай минь миний гэрээс зайл гэж хөөгөөд байхаар нь би гадаа гарч байж байгаад унтахаар нь орж ирж унтсан юм. Тэгтэл өглөө 04 цагийн үед хөөе янхан минь бос, ална шүү, янхан гэх мэтээр агсраад байхаар нь босоод цайгаа чанаж байтал хүрч ирээд миний нүд рүү гал манартал цохичихсон… гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 364 дугаартай:

  1. Р.Даваанямын биед баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.
  2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

Хохирогч Р.Давааням нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг 2 сар баривчлах ялын санал бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Р.Давааням нь шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэтэй сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000285 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Их мэргэд Бумбандоржийн Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн 201722000285 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд урьд авсан батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.ЭРДЭНЭ-ОЧИР