| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01036/И |
| Дугаар | 142/ШШ2017/01081 |
| Огноо | 2017-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2017/01081
| 2017 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2017/01081 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-11-12 тоотод оршин суух, Шаравдэд овогт Цэен-Ойдовын Цэцэгмаагийн /регистрийн дугаар: ФА61070167/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 5-15-93 тоотод оршин суух, Идэрүүд овогт Дэмбээгийн Тунгалагт /ФМ61042366/ холбогдох
16,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны12 сарын 31-нд Д.Тунгалагт 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 10 %-ийн хүүтэй зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээн дээр Д.Тунгалаг гарын үсэг зурсан ч надаас авсан энэ мөнгийг гэр бүлийнхээ бизнест зориулж авсан гэдгээ Д.Тунгалаг түүний нөхөр Н.Ивгээл, хүү И.Саранхүү нар нь бүгд мэддэг, төлнө гэдэг боловч өдий хүртэл төлсөнгүй. Намайг хохироож байгаа гэдгээ тэд маш сайн мэддэг. Н.Ивгээл зээл аваад төлчихье гэхээр Д.Тунгалаг нь их хэмжээний зээл аваад Ц.Цэцэгмаагийн өрийг төлөөд үлдсэнийг нь би авна гэдэг. Тэгэхээр Н.Ивгээл нь чи бизнес хийж чадахгүй, чамд дахиж мөнгө өгөхгүй, чиний өчнөөн өрийг би төлсөн гээд хэрэлдээд байдаг. Хүү нь хүртэл зээл аваад Ц.Цэцэгмаа эгчийн мөнгийг өгье гэхээр эцэг, эх хоёр нь хоорондоо хэрэлдээд шийдэж чадахгүй өдий хүрсэн. Тэгээд сүүлдээ гэрээгээ сунгуулаад л яваад байсан. 2015 оны сүүлээр тэр хоёр мөнгөө өгч чадахгүй нь, чи 4-16-2 тоот цайны газрын зориулалтаар ашиглаж байсан байрыг түр эзэмшээд өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг явуулж бай. Ингэж л тус больё гэхээр нь надад тус болж байна даа гээд 3 сар л эзэмшсэн. Тэгээд намайг хохироож байгаагаа мэдсээр байж, мөнгийг минь өгөөгүй мөртлөө өөрсдөө сайн дураараа надад эзэмшүүлсэн байраа албадан чөлөөлүүлнэ гэж шүүхэд хандсан байсан бөгөөд шүүх тэдний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Үүнээс өмнө би Д.Тунгалагаас 34 560 000 төгрөг гаргуулахаар танайд хандаад бид хоёр 30 000 000 төгрөг дээр эвлэрсэн боловч Д.Тунгалаг үүнээсээ буцсан тул шүүгч бидний эвлэрэлийг баталгаажуулаагүй юм. Дараа нь дахиад эвлэрүүлэн зуучлалд хандаж 20 000 000 төгрөг нэхсэн боловч өөрөө ирэлгүй Ж.Нямаа гэгчид итгэмжлэл өгөөд тэр нь зөвшөөрөөгүй. Анх зээлийн гэрээ байгуулсанаас хойш Д.Тунгалагаас авсан мөнгө гэвэл нийтдээ 3 260 000 төгрөг л авсан.
Одоо би Д. Тунгалагаас үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 5 000 000 төгрөг алданги 5 000 000 төгрөг бүгд 20 000 000 төгрөг авах ёстойгоос түүний өгсөн 3 260 000 төгрөгийг хасаад 16 740 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг Д.Тунгалагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.
Үүнд:1. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-15-93 тоотод оршин суух Д.Тунгалаг намайг тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлалаас дуудахаар нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны үдээс хойш очиход иргэн Ц.Цэцэгмаагийн надаас 34.560.000 төгрөг гаргуулан авах тухай өргөдлийг танилцуулж эвлэрэлийн гэрээ байгуулсан боловч би буруу зүйл хийсэн болохоо ухаарч маргааш нь тус шүүхэд гомдол гаргаснаар гэрээг баталгаажуулаагүй юм.
2.Болсон асуудал гэвэл би нэхэмжпэгч Ц.Цэцэгмаагаас 2013 ны 12 дугаар сарын 31-ний өдөр 10.0 төгрөг зээлдэж аваад 5.0 сая гаруй төгрөгийг нь төлсөн бөгөөд энэ төлбөрөөс
150.000 төгрөгийг дансаар 2.0 сая гаруй төгрөгийг бэлнээр төлсөн. 10.0 сая төгрөг звахдаа бид хоёр ямар нэгэн гэрээ байгуулаагүй.
3.Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр миний нөхөр Н.Ивгээлийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-16-2 тоот 2 өрөө хоолны газрын үйл ажиллагаа явуулахаар тохижуулсан ажлын байрыг хоёр сарын хугацаатай ажиллуулаад суллаж өгнө гэж авчихаад өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй, түрээсийн төлбөр гэж нэг ч төгрөг төлөхгүй, цахилгааны мөнгөнөөс өөр ямар нэгэн төлбөр тооцоо хийхгүй байсан учир миний нөхөр Н.Ивгээл 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тус шүүхийн 142/ШШ2017/00529 дугаартай шийдвэрээр байраа чөлөөлүүлэх тухай шийдвэр гаргуулсан хэдий ч сайн дураараа өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй өөрөө ашигласаар л байна.
4.Нөхрийн маань өмч болох 2 өрөө хоолны газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байрыг маань 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл өөрөө ашиглах болон бусдад түрээслүүлэн ашиг олж байж 4.0 сая гаруй төгрөгөө 20.0 сая болгон нэхэж суухаасаа санаа нь зовохгүй байгаад нь би харамсаж сууна. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл бүтэн нэг жил 10 сарын хугацаанд сарын 500.000 төгрөгөөр бусдад түрээслээд /22 сар *500.000 төгрөг =11.000.000 сая төгрөг/ бүр багаар бодоход л 11.0 сая төгрөгийн орлого олох тооцоо гарч байгаа учир Ц.Цэцэгмаа 11.0 сая төгрөгийн ашиг олсон. Анх орохдоо надаас авах мөнгөнөөсөө төлбөрийг хасаж тооцохоор тохиролцсон байсан юм.Тийм учраас байрандаа оруулсан юм.
5.Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нэг жил 10 сарын хугацаанд дулаан, ус, СӨХ зэрэгийн төлбөрийг нэг ч удаа төлөөгүй атлаа усны тоолуурын заалтыг зогсоосноор 200.000 гаруй мянган төгрөгөөр торгуулж түүнийг нь мөн бид нар төлсөн. Энэ мэтээр бодит байдлаар нийт 2.215.420 төгрөгийн зардал гараад байна. Иймд:Ц.Цэцэгмаагаас би 10.0 сая төгрөг аваад 5.0 сая гаруйг буцааж төлсөн, ажлын байрыг маань 20 сарын турш ашиглаж ашиг орлого олсон учир түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй^Золгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь шүүхэд хандаж хариуцагч Д.Тунгалагаас 16 740 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 2013 оны 12 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, нэхэмжлэгчээс 10 сая төгрөг зээлж, 3.260.000 төгрөгийг дансаар, 2.0 сая гаруй төгрөгийг бэлнээр нийт 5 сая гаруй төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь 2013 оны 12 сарын 31-ийн өдөр Д.Тунгалагтай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээн дээр Д.Тунгалаг гарын үсэг зурсан. Гэвч Д.Тунгалаг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтрүүлсэн, гэрээгээ сунгуулаад явж байсан гэж тайлбарлаж байна.
Зохигчид 10 сая төгрөг зээлж авсан, үүнээс 3.260.000 төгрөгийг дансаар төлсөн гэдэг дээр маргахгүй байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү, алданги төлөхөөр тохиролцсон гэж байгаа боловч 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй гэдгийг няцаагаагүй, хариуцагчийн гарын үсэг мөн эсэх талаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй, дээрх гэрээний он, сар, өдөр, хүү, алдангийн тоо засвартай, гэрээний зээл авагч тал гэдэг дэр Өргөө трейд ХХК-ны тамга тэмдэг дарагдсан байх тул талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж дүгнэх боломжгүй, эргэлзээтэй баримт байна.
Харин талуудын хооронд зээлийн гэрээг амаар байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 10 сая төгрөг зээлж авсан, үүнээс хариуцагч 3.260.000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас 6.740.000 төгрөг гаргуулах үндэстэй байна. Хариуцагч нь 2 сая гаруй төгрөг бэлнээр төлсөн гэдгээ нотлож чадахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Тунгалагаас 6.740.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241,650 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 122,790 төгрөг гаргуулан нэхэмлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН