| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 185/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
2025 01 27 2025/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Ундрам,
улсын яллагч: Д.Пүрэврагчаа,
шүүгдэгч: **********, түүний өмгөөлөгч С.Чинзориг /ҮД:2707/ нарыг оролцуулан тус шүүхийн “4” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
**********************,
Монгол Улсын иргэн, **********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************ ХХК-д механикийн туслах ажилтай, Улаанбаатар хот ************************** тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, ээж, ахын хамт амьдардаг, урьд
-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********** нь согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 10-р хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** зочид буудалд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч ********** “архи голлоо сөн түшсэнгүй” гэх шалтгаанаар гараараа нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ********** нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр согтуурсан үедээ *******-р хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тухайн үед хамт байсан хохирогч ********** архи уусангүй, архи голлоо, сөн түшсэнгүй гэх шалтгаанаар гараараа нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, мөн архины шилээр зүсэж түүний эрүүл мэндэд дагзанд “шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр өдөр хуурай ******** /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ бид гурав ********** буудал руу ороод 1 шил архи хувааж уугаад нэмж 2 шил архи аваад 20 цагийн үед ****** гэдэг ах ирээд орой 23 цагт намайг зоддог ******** гэж дууддаг ********** ах ирээд бид тав 2 шил архи хувааж уусан тэгээд шөнө 01 цагийн үед унтацгаасан тэгэхэд ******* ах гарья шоудъя гээд байсан тэгэхэд бүгд өглөө ажилтай гээд гараагүй тэгсэн чинь ******* ах ганцаараа гарсан өглөө 06 цагийн үед ******** ах гаднаас ганцаараа нэлээн согтуу 1 шил ***** нэртэй архитай орж ирээд 200,000 төгрөгийн архи авчирлаа лалруудаа уу гэхээр нь бүгд архи уухгүй унтлаа гээд хэвтсэн чинь над руу дайраад энэ бацаан чинь архи голлоо сүн түшсэнгүй гээд намайг унтаж байхад шууд зодоод эхэлсэн тэгээд би урдаас нь зөрүүлж цохилцсон тэгээд ах нар босч ирээд салгасан чинь ********** ах гарч яваад 5-10 минутын дараа орж ирээд гартаа архины шил барьж орж ирээд ална гээд толгой руу цохиод зүсээд дайраад байсан тэгээд бүгдээрээ салгасан чинь гараад явсан тэгээд 103 дуудаж үзүүлэхэд бүтэн наркозтой оёдол хийнэ гээд явсны дараа ********** ах залгаад цагдаа ирсэнгүй түргэн ирлээ одоо чамайг орж ах нартай чинь ална гэсэн тэгээд цагдаа нар ирсний дараа чамайг алнаа зэвүүн гөлөг гээд алга болчихсон одоо би айдастай байна. ********** ах гурав байсан. Шөнө 01 цагаас хойш архи уугаагүй унтацгааж байсан болохоор эрүүл байсан өглөө хэн нь ч архи уугаагүй. Бүгдээрээ бага байхаасаа мэддэг нэг гудамжинд өссөн, сургуулийн дээд ангийн хуурай ах нар байгаа юм. Эдгээр ах нар хоорондоо бол найзууд. Архи голлоо, сүн түшиж архи уусангүй гэх шалтгаанаар эхлээд унтаж байхад дээр сууж байхад гараараа нүүр, бие рүү цохиод байсан тэгээд гарчихаад орж ирэхдээ шилний хагархай барьчихсан толгой, хүзүү рүү олон удаа зүссэн. Толгой их өвдөж байна ГССҮТөв орж боолт, оёдол хийлгэ гэж 103 эмч хэлсэн. Толгой олон удаа зүсэгдсэн, хүзүү зүсэгдсэн, уруул язарсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч эмч ******* Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13024 дугаартай:
“...1. ********** биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч ********** яллагдагчаар өгсөн: “...Би яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Миний санаж байгаагаар 10 дугаар сарын эхэн үед байсан, төр өдрийн 21 билүү 22 цагийн үед намайг офицеруудын ордны орчимд байх үед танил дүү ******** нь утсаар залгаад “...Хаана байгаа юм ахаа, ажлаасаа буусан юм уу, 100 айл дээр хүрээд ирээч, ************** ах бид 4 байна...” гэж хэлсэн. Тэгээд 100 айлын орчимд очоод *****заасан буудалд 22 билүү 23 цагийн үед очсон бөгөөд тухайн үед ******* дөрөв байсан бөгөөд ******** хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд бид 3 ууж байсан архийг хувааж уугаад 00 цагийн үед Дарь-Эхийн орчимд байдаг хүнсний дэлгүүрээс 1 шил архи , 1 пиво худалдан аваад буцаад тэр зочид буудал руу орсон, сүүлд авсан архи пивоо ууж дуусгаад ***** бид 2 баар орсон санагдаж байна. Тэр буудалд ********** 3 үлдсэн. Тэгээд би тэр бааранд ороод виски уугаад л тасарчихсан бөгөөд түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа, намайг нэг сэрэхэд би буудал дээр очсон байсан ба нэг нь намайг “... цагдаа ирж байна, яв...” гэж хэлээд түлхээд гаргасан. Тэгээд би тэр буудлын гаднаас таксинд суугаад яваад өгсөн. Би ********г зодсоноо маргааш нь мэдээд ******** руу утсаар яриад уучлалт гуйсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирлыг барагдуулж өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/ мэдүүлж байсан.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс шинжлэн судлах баримтгүй гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн шинжээч эмч ******** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13024 дугаартай дүгнэлтээр хохирогч ********** эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Шүүгдэгч ********** нь хохирогч ********** эрүүл мэндэд халдаж “архи голлоо сөн түшсэнгүй” гэх шалтгаанаар гараараа нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд **********ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул шүүгдэгчийг уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч ********** нь ******** 500,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан ба хохирогчоос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч **********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...********** нь согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 10-р хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** зочид буудалд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч ********** “архи голлоо сөн түшсэнгүй” гэх шалтгаанаар гараараа нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн ял оногдуулах санал гаргаж байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлттэй шүүгдэгч ********** нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хохирогч ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байгаа тул 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна....” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч **********ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэлтэй.
Шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн ” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд хувиараа ажил эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар **********д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА