| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 197/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/07 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 25.5.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/07
2025 01 13 2025/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Н,
шүүгдэгч Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Г.Гүнчин-Иш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411007841729 дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ойн техникч мэргэжилтэй, ***** ХХК-д ************* ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ************************************ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
************** аймгийн сум дундын шүүхийн **** оны дугаар сарын *-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар,
***************** аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дүгээр сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.1, 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Б овогт Б-ийн Нэргүй /РД:*****************/.
2. Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ны өдөр *************** төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******************* оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын *-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлсэн,
Ч овогт Б-ийн Б /РД:**************/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр *************** дүүргийн ** дугаар хороо, ***************** хаягт байхдаа фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “...Хүннүгийн үе /НТӨ II-НТ I зуун/-д хамаарах Дуут зэв, Дундад зууны үе буюу Монголын үед /XI-XIV зуун/-д хамаарах Навчит зэв, дэгээ хэлбэрийн төмөр эдлэл, бүсний чимэглэл зэрэг археологийн олдвор болох “Соёлын биет өв”-ийн хууль бус худалдааг явуулахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ахлах мэргэжилтэн Ш.Энхтуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дахь тал/, 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр мөрдөгчийн “**********” гэсэн фейсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-23 дахь тал/, гэрч Д.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, гэрч Д.Эийн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрч С.Т-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04/374 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн боловч бодит хохирол, хор уршиг учраагүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Н, Б.Б нарын хүлээн зөвшөөрсөн 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Н, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Н, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг тус тус 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын дотор 5,400,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сумны зэв 2 ширхэг, төмөр эдлэл, хэлбэр дүрс тодорхойгүй 10 ширхгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38,1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Н, Ч овогт Б-ийн Б нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулахаар завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Б нарт 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Н, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа сумны зэв 2 ширхэг төмөр эдлэл, хэлбэр дүрс тодорхойгүй 10 ширхэг төмөр эдлэл зэргийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД