| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 185/2025/0016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/76 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/76
2025 01 06 2025/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чанцалням даргалж
Улсын яллагч Н.Дамбадаржаа /томилолтоор/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш
Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Т-т холбогдох эрүүгийн ..................дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Т.Т нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүүргийн .....дугаар хороо...........тоотод Д.Д-тэй маргалдан улмаар биед нь халдаж зодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ......дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Т нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүүргийн ...... дугаар хороо ........ тоотод Д.Д-тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, цээж нуруу хэсэгт хөлөөрөө дэвсэж зодон эрүүл мэндэд нь “дух , баруун, зүүн хөмсөгт шарх, баруун дээд, зүүн дээд, доод зовхи, баруун далны харалдаа цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Д.Д-ийн "... Би 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн ....дугаар хороо ...... тоотод найз Н-ийн гэрт дэлгүүрээс "монгол" нэртэй 0.5 граммын архи аваад хувааж уусан тэгээд би Н-ийн гэрээс гараад хажуу талынх нь байшингийн хаалга онгорхой байхаар нь орсон чинь нэг танихгүй залуу нэг хүүхэнтэй сууж байсан. Тэгээд би "чи юу юм бэ, энд юу хийж сууж байгаа юм бэ, гараач ээ" гэхэд тэр залуу босож ирээд "намайг энэ 17-д андахгүй, чи хэн юм бэ, чамайг ерөөсөө мэдэхгүй юм байна шүү" гэж хэлээд миний нүүр нүд рүү цохиод, унагаагаад цээжин гэдсэн дээр 4,5 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд манай найз Н гаднаас орж ирээд салгасан тэгээд удалгүй тэр залуу зугтаагаар би цагдаа дуудсан. Танихгүй, би түүнийг харвал танина, манай найз Н таньдаг гэсэн. Би дунд зэргийн л согтолттой байсан, болсон зүйлсийг бүгдийг санаж байна. Тэр залуутай байсан хүүхэн, бас намайг унагаагаад зодож байхад гаднаас орж ирсэн манай найз Н харсан..." гэх мэдүүлэг /хх 25-28/,
Гэрч Ү.Н-ийн "...Тухайн өдөр Т надаас хажуу талын байшинд чинь архи уучих уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Харин манай гэрт Д бид хоёр хамт архи ууж байгаад би амбаараас таяг олох санаатай гарсан хойгуур Д манай хажуугийн Т-ын архи ууж байсан байшинд орчихсон байсан. Би байшинд зодоон болоод байхаар нь ороход Д-тэй хамт явж байсан. Тэр эмэгтэйн хамт зугтаачихсан. Д-ийн толгойноос цус гараад байхаар нь би цусыг нь тогтоож өгсөн. Манай ширээний булан цус болчихсон байсан учир би толгойгоор нь ширээ мөргүүлсэн юм байхдаа л гэж тухайн үед бодсон" гэх мэдүүлэг /хх 30/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Д.Д-ийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ..... дугаартай “...Д.Д-ийн биед дух, баруун, зүүн хөмсөгт шарх, баруун дээд, зүүн дээд, доод зовхи, баруун далны харалдаа цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах туп гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /хх 35-36/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон баримт /хх 18/,
Эрүүл мэндийн датгалаас хөнгөлөлт, тусламж авсан лавлагаа /хх 20-21/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
3.Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр гар болон хөлөөрөө нүүр, цээж хэсэгт олон удаа цохисон үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Т нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д нь 246.300 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх тул дээрх төлбөрийг шүүгдэгч Т.Т-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан болно.
8. Шүүгдэгч Т.Т-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгч Т.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэггүй хувийн байдлыг харгалзан торгохоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн үйлдэлд дүгнэлт өгч байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Т /РД:...../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-аас 246.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
6. Хохирогч Д.Д нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ