Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/01058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.О,

Хариуцагч: М.Бд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2021/00616/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Г.О нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б бид хоёр 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2010 оноос нэг гэртээ орж хамт амьдарсан. Бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү Т, 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр охин О нар төрсөн. Хамт амьдарсан хугацаанд архины хэрүүл, дарамт ихтэй, үзэл бодол, зан ааш таарамжгүй болж маргалдаж хэрэлдэх болсон. М.Б архи их хэрэглэх болж, гэр орондоо агсан согтуу тавих, гэртээ хүн дагуулж ирж архидан согтуурдаг болсон. Гэр оронд тав тухгүй байдал үүсгэж, байнгын хэрүүлтэй болж, хүүхдийн хүмүүжилд ч муугаар нөлөөлөх болсон. Улмаар ажлын байранд дээрээ архидан согтуурсан гээд ажлаасаа хүртэл халагдсан. Бид 2017 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Одоо би хүүхдүүдийн хамт ээжийндээ амьдардаг. Тусдаа амьдарсан 4 жилийн хугацаанд М.Б засраагүй. Бидэнд шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн ба 2 удаа ирж уулзсан, гэвч бид эвлэрээгүй.

Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү Т, охин О нарыг өөрийн асрамжид авч, эцэг М.Боос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Эхнэр Г.О өргөдөлтэй танилцан доорх тайлбарыг гаргаж байна. М.Б миний бие аймгийн хэмжээнд коронавирусын улмаас хөл хорио тогтоосон тул өөрийн биеэр аймагт очиж чадахгүй, энэхүү тайлбарыг бичиж явуулсанд хүлцэл өчиж байна. Миний бие Г.Отэй 2008 онд гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн ба энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болж хэвийн амьдарч байсан болно. Гэтэл манай гэр бүлийн хүн Г.О нь архины хамааралтай болсон гэж ажлаас халагдсаны дараа гэр бүлээ цуцлуулахаар сум дундын анхан шатны шүүхэд өргөдөл гаргасантай танилцан энэхүү тайлбарыг гаргаж байна. Миний хувьд өөрийн дутагдалдаа дүгнэлт хийж, үүнийг гүнээ ухамсарлан гэр бүл цуцлуулах сонирхол хүсэл огт байхгүй байгааг минь ойлгохыг хүсэж байна. Миний бие сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогч ажилтай байсан, тэр бүр архи ууж байх бололцоо байхгүй байсан. Миний хувьд эхнэрээсээ салж, үр хүүхдүүдээ өнчрүүлэх хүсэл алга байна. Цаашид үр хүүхдийнхээ амьдралд хар толбо суулгах, хүмүүжилд нь гай болох хүсэл огт алга байна. Үр хүүхэд маань биднийхээ хамт тайван амгалан амьдрах боломжоор хангаж гүнээ туслана уу. Би эхнэр хүүхэддээ хязгааргүй хайртай бөгөөд амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийг хүсэж байна. Алдаа дутагдлаа гүнээ ухамсарлаж ойлгож байгааг минь харгалзан гэр бүл цуцлуулахыг болиулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Отэй 2010 онд гэр бүл болоод 7 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болсон. Ажил хийдэг байхад бүхий л зүйлээ болгоод, бүтээгээд явдаг байсан. Би архи уугаад ажлаас халагдаж байсан нь үнэн. Гэхдээ тэгж байнга уудаггүй. Намайг ажлаас халагдангуут Г.О хаяж явсан. Миний тухайд Заамар, Цагаан хад гэх газруудад ажиллаж байсан. Амьдралын төлөө аль болж бүтэхээрээ зүтгэдэг ч Г.О хүлээн зөвшөөрдөггүй. Хоёр хүүхэдтэйгээ байнга уулздаг, хамт байдаг. Өвөл болгон идшийг нь өгч, хэдэн төгрөг олдвол хүүхдүүддээ л зарцуулдаг. Ажилд орчихоод Г.Отэй эвлэрэхээр уучлал гуйгаад очиход хүлээж авдаггүй. Бидний харилцаанд хадам ээж их нөлөөлдөг. Гэрлэлтээ цуцлуулвал хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, ээжийнх нь асрамжид үлдээвэл хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлж байна гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч М.Бид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Г.О, М.Б нар 2017 оны 12 дугаар сараас хойш хугацаанд тусдаа амьдарч байгаа, шүүхээс тогтоосон 2 (хоёрсарын хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Г.О, М.Б нар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын Нөхөр: регистрийн дугаар 0, ургийн овог: М.Б, эхнэр: регистрийн дугаар 0, ургийн овог: Г.О нарын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг Ц суманд 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

тэдний дундаас хүү Б.Т 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн нь Ц сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: Б.Т, эрэгтэй, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Мөрөн төрөх газар төрснийг ИГБББ-ний төрсний бүртгэлд 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0000692201/05 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, охин Б.О 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн нь Ц сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн Б.О, эмэгтэй, 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Цэцэрлэг төрөх газар төрснийг ИГБББ-ний төрсний бүртгэлд 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0000863527-28 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Ц сумын Сум дундын эмнэлгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Ц сумын 3 дугаар багийн иргэн Б.Т, Б.О  нар нь эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй №39 тоот тодорхойлолт, Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Ц сумын 3 дугаар багийн иргэн Бямбадоржийн Т нь тус сургуулийн 4б ангид, Бийн О нь 2г ангид тус тус суралцдаг нь үнэн гэх бичилттэй 31 тоот тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 5, 6, 7, 41 дүгээр хуудас)

Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч М.Б 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Гэрлэлтээ цуцлуулвал хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, ээжийнх нь асрамжид үлдээвэл хүүхдийн тэтгэлэг төлөхгүй... гэх тайлбар гарган маргаж байгаа хэдий ч хүүхдүүдийн нас, амьдарч дассан орчин, нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, тэдний санал зэргийг харгалзан 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.О нарыг төрүүлсэн эх Г.Оийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг М.Боос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хүү Б.Т, охин Б.О нар төрүүлсэн эх Г.Оийн асрамжид үлдэж байгаа нь эцэг М.Бийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Б.Т, охин Б.О нартай эцэг М.Б хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж байна.

Иймд Г.О, М.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Т, охин Б.О нарыг төрсөн эх Г.Оийн асрамжид үлдээж, хариуцагч М.Боос хүү Б.Т, охин Б.О нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Т 09 нас 10 сар, 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.О 08 нас 08 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг хүү Б.Т, охин Б.О нарт тус бүр сар болгон эцэг М.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Т, Б.О нарт сар бүр төлөх нийт 213.800 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.565.600 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Г.Оийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.674 төгрөг, бүгд 140.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Боос улсын тэмдэгтийн хураамж бүгд 140.874 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Хариуцагч М.Бид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Г.О, М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.О нарыг эх Г.Оийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Тг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Оийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг М.Боос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Боос улсын тэмдэгтийн хураамж 140.874 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Од тус тус олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг М.Бид, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.О нарт тус тус даалгасугай.

 

6. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА