2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар    2025/ШЦТ/114

 

 

 

 

 

 

 

 

 2025          01          08                                         2025/ШЦТ/114

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ы А-д холбогдох эрүүгийн ...............дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Б танхимд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.А нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэлмэн төвийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй цэвэр жин нь 1.0541 грамм  хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйл баримт тогтоогджээ. Энэ нь:

Гэмт хэргийн талаарх мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 21 цаг 35 минутад хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх 9/,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 412 тоот өрөөнд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэжигтэн Б.А-ийн биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн "... Сэжигтэн Б.А-ийн биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлан өгөхөд надад шавар байгаа гэв...Хувцас эд зүйлд хийсэн үзлэг: Сэжигтэн Б.А-ийн өмсөж явсан хар өнгийн биеийн тамирын өмдний зүүн халааснаас тунгалаг өнгийн гялгар ууттай шавар мэт зүйл, ногоон өнгийн хажуу талдаа шавар мэт зүйл наалдсан асаагуур зэрэг эд зүйлс гарч ирснийг "1", "2" гэж дугаарлан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар эл мөрийн баримт гэсэн гялгар уутанд хийж эд мөрийн баримтаар тус тус хураан авлаа. "1" гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай шавар мэт зүйлийн жин нь 1,1 грамм, "2" гэж дугаарласан ногоон өнгийн хажуу талдаа шавар мэт зүйл наалдсан асаагуурын жин нь 14,8 грамм болж байв..." гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/,

Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн "... Ажиллагааны явцад ТНС хэсгийн Т.С түвшинд 1 улаан зураастай илэрч байсныг тэмдэглэлд тусгаж "Б.А, 2024.10.24, РД: ................." гэж "биологийн дээж шээс"-ийг хаяглаж, битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж хүргүүлэхээр тогтов..." гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн "... "1" гэж дугаарласан хүрэн өнгийн шавар мэт зүйл цэвэр жин нь 0,7887 грамм, "2" гэж дугаарласан хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн асаагуур хүрэн өнгийн мэт зүйлийн цэвэр жин 0,2654 грамм, мөрдөн шалгах ажиллагааны явц байдлыг бэхжүүлэн дүрс бичлэг бүхий DVD..." гэх .....дугаартай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20-22/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Р. Н-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн "...1.2.4. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "1" гэж дугаарласан Г-339 шавар а/х Б.Ж 2024.10.24 гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. "2" гэж дугаарласан ногоон өнгийн асаагуур, гол хэсэгт бохирлогдсон бор өнгийн шавар мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3."1" гэж дугаарласан Г-339 шавар а/х Б.Ж 2024.10.24 гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 1,0049 г, цэвэр жин 0,7887 г, "2" гэж дугаарласан ногоон өнгийн асаагуур, гол хэсэгт бохирлогдсон бор өнгийн шавар мэт зүйлийн асаагууртай үеийн жин 14,8593 г, цэвэр жин 0,2654 г байна...." гэх 6090 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 36-38/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.З-ын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн "... 1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн "Б А... ............" гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно..." гэх 6089 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 43-45/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "...5. Б.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..." гэх 1041 дугаартай дүгнэлт /хх 49-50/,

 Сэжигтэн Б.А-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн Би 2024 оны 09 сарын эхээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гүнт орчмоос мансууруулах үйлчилгээтэй өвс гэх нэршилтэй ургамлыг ганцаараа очиж түүсэн. Түүгээд би тухайн ургамлаасаа Шавар гэх нэршилтэй бодисыг гаргаж авсан. Эхлээд би түүсэн өвснийхөө талаар шавар гэх нэршилтэй бодисыг 2024 оны 09 сарын эхээр гаргаж авсан. Тухайн гаргаж авсан шавар гэх бодисоо би өөрөө хэрэглээд дууссан. Харин өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 24-ний өдөр үлдсэн байсан тал өвсөөрөө мен шавар гэх бодисыг гаргаж авсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар намайг саатуулсан..." гэх мэдүүлэг /хх 55/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

 

3. Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан байна.  

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж үздэг.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад буюу худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсныг “хууль бусаар олж авсан” гэж ойлгож, дээр дурдсан үйлдэл нь хор уршиг учруулаагүй байсан ч гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.А нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн нь гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.   

 

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг, хохирол учирсан байхыг шаардахгүй.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь бусдад хохирол, хор уршиг учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхээс шүүгдэгч Б.А-ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”  санал дүгнэлтийг гаргасан бол,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...Гэм буруугийн хувьд болон зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Дөнгөж ажил амьдралд хөл тавьж байгаа залуу хүүхэд учир харж үзэж өгнө үү. Өөрөө дахин ийм үйлдэл хийхгүй гэдгээ надад хэлж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч хэлсэн. Сэжигтнээр мэдүүлэг өгөхөөс эхлүүлээд үнэн зөвөөр мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн мансууруулах бодисыг худалдаалах зорилго байгаагүй. Нэг удаа өвс түүж, шавар гэдэг зүйлийг гаргаж аваад хэрэглэсэн. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Ялын санкцын хувьд хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялтай. Засан хүмүүжих төлөвших боломжийг шүүхээс олгож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Сүхбаатар дүүрэгт аав, ээжийн хамт амьдардаг. Дүүргээсээ гарахгүйгээр сурч боловсрох ажил хийх боломжтой. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааны хувьд хэлэх санал байхгүй...Түүнчлэн хуульд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой...Мөн шүүгдэгч нь 18 настай учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү... гэх тайлбарыг гаргажээ.

 

9. Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

10. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Б.А-д зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

11. Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан нийт 1.0541 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ы А /РД:......./-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

 

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д шүүхээс оногдуулсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5.Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6.Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан нийт 1.0541 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЧАНЦАЛНЯМ