| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 105/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/122 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/122
2025 01 09 2025/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Г.Манилцэцэг,
Хохирогч М.А
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-н Г-д холбогдох эрүүгийн .............дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ж гэх нэртэй зочид буудлын .....тоот өрөөнд М.А-тай маргалдаж улмаар гар, шуу, хэвлий хэсэгт нь архины шилээр зүсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн .....дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ж нэртэй зочид буудлын .... тоот өрөөнд хохирогч М.А-тай маргалдаж улмаар гар, шуу, хэвлий хэсэгт нь архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь хүзүү, зүүн тохой, шуу, хэвлий шарх бүхий хөнгөл хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч М.А-ийн дахин өгсөн "...2023 оны 07 дугаар сарын 30-ны орой өөрийн найз залуугийндаа байж байтал миний нэг танил 2-3 жилийн өмнөөс таних эмэгтэй болох Б овогтой Г нь над руу өөрийнхөө дугаараас над руу залгаад би хөдөө аж ахуй яамны “.Н....” нэртэй буудалд байна чи хүрээд ирээч гэхээр нь би найз залуугийнхаасаа гараад тэр буудлынх нь гадаа иртэл танихгүй хоёр залуу намайг буудлын үүднээс тосоод дээшээ ....... тоот өрөөнд орсон тэр ороход нийт Г нь өөрийн найз залуу болох Ж.М тэрний найзууд болох танихгүй намайг буудлын үүднээс тоссон хоёр залуу би буудалд ороод нийт 5 уулаа болсон тэр өрөөнд ороход тэр хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан ба уух юм нь дуусаад дахиж дэлгүүр гараад нэг том 1 литртэй Соёрхол нэртэй архи аваад ууж байсан тэр М-ийн найзууд болох 2 залуу нь яг хажуугийн 405 өрөө рүү орчихсон тэр хоёр нь угаасаа тусдаа өрөө авчихсан байсан болохоор тэр өрөө рүүгээ орчихсон би М, Г бид гурав үлдсэн архиа хуваагаад ууж байгаад Г өрөөнөөс гарч яваад эргээд ороод ирсэн чинь М нь өрөөнөөс зөрөөд гарсан юм тэгтэл Г нь цонхны 202 тавцан дээр байсан хоосон архины шилийг аваад хагалаад хагархай шилээрээ чи миний найз залуутай юм ярилаа нүүр рүү цохих гээд далайгаад ирэхээр нь би нүүрээ хамгаалаад хоёр гараараа нүүрээс дасан чинь миний зүүн гарын шуу болон тохой хэсэг мөн шилэн хүзүү хэсэг рүү цохиод байсан тэр үед маш их хэмжээгээр цус гарсан тэгтэл гаднаас М орж ирсэн тэр буудлын ресейпшн нь цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх 14/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 9921 дугаартай шинжээчийн "...М.А-ийн биед хүзүү, зүүн тохой, шуу, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /хх 29-30/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.
3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр гар, шуу, хэвлий хэсэгт нь архины шилээр зүссэн үйлдлүүдийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Г нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.А-гийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй учир торгох ял оногдуулах боломжгүй. Мөн оршин суугаа хаяг нь тодорхойгүй учир зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй тул шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 56 хоногийн хорих ялаар солих, түүнд эдлүүлэх ялыг тус тусад нь эдлүүлэх саналыг гаргасан болно гэжээ.
8. Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн хэрэгт холбогдож байсан хувийн байдал зэргийг харгалзан хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн түүнд нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 /хоёр зуун дал/ цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 764 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийх ялаас 450 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг эдлээгүй үлдсэн болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тоотоор тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Г-гийн нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоов.
Бусад асуудлын талаар:
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Б-ийн Г /РД:.........../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 270 /хоёр зуун дал/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 450 /дөрвөн зуун тавь / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийгэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Хохирогч М.А нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ