Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Н.Отгончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч В.Цэнджав

Шүүгдэгч Э.Отгончулуун, Ц.Энхтуул нарыг оролцуулан

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Энхтүвшингийн Отгончулуун, Чулуут овгийн Цэнджавын Энхтуул нарт холбогдох 201714000160 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол овгийн Энхтүвшингийн Отгончулуун, Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсний операторч мэргэжилтэй, “Ачит холдинг” ХХК-нд худалдагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч дүү ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 22-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. / РД:ГК95052404/

 

2.Чулуут овгийн Цэнджавын Энхтуул, 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Барилгын 1 дүгээр ангид суралцдаг, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 10-09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. /РД:ФБ99072205/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1.Шүүгдэгч Э.Отгончулуун, Ц.Энхтуул нар нь 2017 оны 03 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” бааранд Отгончимэгтэй “ариун цэврийн өрөөнд удаан суулаа” гэж хэрэлдэж маргалдан Н.Отгончимэгийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Н.Отгончимэгийн “Би 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймагт ирсэн юм. Тэгээд 2017 оны 03 сарын 01-ний өдөр найз Чукатай утсаар яриад орой уулзахаар болсон юм. Тэгээд орой 20 цагийн үед гэрээсээ гараад найз Чукатай Төгөл худалдааны төвийн орчим уулзаад шууд 6 дугаар микрийн “Аялгуу” нэртэй бааранд ороод хүний хоёр хоёр пиво авч уугаад ойр зуурын юм яриад суусан юм. Тэгээд 00-ын өрөө орж бие засах гээд нэг давхар руу шатаар буусан юм. Тэгээд 00-ын өрөөнд хөнгөнөөр бие засаж байхад 00-ын өрөөний хаалгыг нэг эмэгтэй хүн тогшоод “хөөе ямар удаан ордог юм бэ, хөөе янхан минь хурдал” гэхээр нь арай болоогүй байна гэж хэлээд гараад шатаар өгсөөд явж байтал миний араас хүрч ирээд шар царайтай эмэгтэй хүн зулгаагаад ямар аймар удаан ордог гичий вэ? гээд миний үснээс зулгааж доош нь дараад байж байтал миний бөөр рүү нөгөө эмэгтэй нь хөлөөрөө өшиглөсөн. Миний үснээс зулгаагаад тавихгүй байсан учир би зөрүүлээд тэр эмэгтэйгийн үснээс зулгаасан юм. Тэгээд бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаалцаад зогсож байх үед араас хэн нэг нь хөлөөрөө нуруу орчим өшиглөсөн. Хэн өшиглөсний хараагүй, бодвол хамт явсан эмэгтэйчүүдийнх нь нэг байх” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-18-р хуудас/

 

2. Гэрч Х.Оюунтуяагийн “2017 оны 03 сарын 01-ний орой 19 цагийн үед манай охин Отгончимэг нь найзуудтайгаа уулзаад ирье гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд би охиныг гараад явсны дараа 21 цагийн орчим охиныхоо гар утас руу залгаад юу хийж байна гэсэн чинь арай болоогүй байна гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд орой 22 цагийн үед миний охин гар утас руу залгаад ээжээ намайг бааранд сууж байхад үл таних хоёр гурван охин зодоод үс гэзэгнээс зулгаачихлаа гэхээр нь баарыг нь хаана байдгийг нь асуугаад би одоо очлоо гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд “Аялгуу” баарыг хайж байгаад яваад очсон чинь миний охины үс гэзэг нь сэгсийсэн, уйлсан, хувцас хунар нь урагдсан байдалтай, зогсож байсан. Баар руу охиноо дагуулж ороод заагаад өг гэсэн чинь миний охин нөгөө охидуудыг зааж өгөхөөр нь явж очоод та нар яагаад миний охиныг зодсон юм бэ? юунаас болсон юм бэ гэсэн чинь “танай охин чинь өөрөө миний үснээс зулгаасан ш дээ” гэхээр нь та нар өөрсдөө миний охиныг зодсон байна ш дээ, ирээдүйд ээж болох хүнийг ингэж болохгүй, одоо миний охины байгаа дүр төрхийг харчихдаа гэсэн чинь “чамд хамаагүй” балай авгай минь” гэсэн юм. Би уг нь үнэн зөвийг олох гээд ярилцах гэсэн чинь намайг тоож авч хэлэлцэхгүй, миний үнэгэн малгайны үсийг авч чулуудаад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэр охидууд бол маш хүмүүжилгүй хүүхдүүд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р  хуудас/

 

3. Гэрч Б.Дэлгэрмаагийн “Намайг цагаан сарын үеэр ажлаа хийгээд байж байхад 20 цагийн үед Отгончулуун, Пүрэвжаргал нар нь Энхтуул гэх хүний хамт орж ирээд манайхаас 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи нэг шилийг аваад 9 дүгээр ширээн дээр сууж үйлчлүүлсэн юм. Тэгээд би ажил дээрээ байж байгаад 00  өрөө орох гээд 00 өрөөний түлхүүрийг текнээс аваад 1 давхар руу явж байхад Отгончулаан надтай тааралдаад 00-д хамт орох уу гэсэн юм. Тэгээд бид хоёрыг 00 өрөө рүү явж байхад манай баарны 10 дугаар ширээн дээр сууж байсан эмэгтэй хүрч ирээд би эхлээд 00 өрөө рүү чинь орчих уу гэхээр нь тэг тэг гэж хэлээд оруулсан юм. Тэгээд нөгөө эмэгтэй чинь 00 өрөөнд ороод удаад байхаар нь “эгчээ болж байна уу” гэсэн чинь байж байгаач гээд аймар чанга орилсон юм. Тэнд байсан хүмүүс 00 өрөө рүү орох гээд оочирлоод наад хүнээ гаргаач гэж хэлсэн. Тухайн үед Отгончулуун 00 өрөөний хаалгыг тогшоод болж байна уу ардаас чинь зөндөө олон хүмүүс 00-д орох гэж байна гэсэн чинь нөгөө эмэгтэй чинь 00-ын өрөөнөөс үйлчлүүлэгч хаан биз дээ та нар ямар сонин юм бэ, ийм хөгийн газар ажилладаг байж та нар өөрсдийгөө юж гэж бодоод байгаа юм, хачин эргүү гичий нар минь гээд орилж байснаа гараа сарвайлгаад Отгончулууны эрүүний доод хэсэгт маажсан чинь Отгончулуун эгч чи яаж байгаа юм бэ? гээд нөгөө эмэгтэй рүү дайрсан чинь нөгөө эмэгтэй урдаас нь уурлаад үснээс нь зулгаасан. Отгончулаан бас тэр эмэгтэйгийн үснээс зулгаасан юм. Тэгээд байж байтал Пүрэвжаргал хүрч ирээд хөөе яагаад байгаа юм бэ? болиоч гэсэн. Тэгээд байж байтал баарнаас нэг залуу хүрч ирээд тэр хоёрыг салгасан чинь нөгөө эмэгтэй чинь Отгончулуун руу хандаж та нар яадаг муу гичийнүүд вэ гэсэн чинь хажуу талаас Энхтуул гэдэг нэртэй эгч хөл рүү өшиглөөд чи манай найзыг юу гээд байгаа юм бэ гэсэн чинь Пүрэвжаргал эгч Энхтуулыг болиулсан юм. Тэгээд би Отгончулуунтай үсдэлцээд байсан эмэгтэйг аваад “та согтсон байна, таныг машинд суулгаад өгъе гэсэн чинь намайг зодох гээд байна гээд над руу хашгираад намайг түлхээд байж байтал баарнаас нэг залуу гарч ирээд тэр эмэгтэйг явах уу гэсэн чинь тэгье гэж хэлээд дагаад явсан юм. Тэгээд баар хаах үеэр нөгөө эмэгтэй чинь ээжтэйгээ хүрч ирээд Отгончулуун, Пүрэвжаргал бид гурав руу дайрч давшилж орилж чарлаж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/

 

4. Гэрч Ш.Отгончулууны “Отгончулуун Пүрэвжаргал нартай маргалдсан гэх эмэгтэй нь хоёулаа орж ирсэн. Орж ирээд гурав, гурван пиво авч уугаад 10 дугаар ширээн дээр суусан юм. Намайг баарны тэке дээр зогсож байхад Отгончулуун, Пүрэвжаргал хоёр хүрч ирээд 00 өрөөнд нэг эмэгтэй ороод гарахгүй удаад байхаар нь хурдан гараач гэсэн чинь гарч ирээд Отгончулууныг үсдээд үснээс нь зулгаачихсан юм байна лээ. Тэгээд байж байтал нөгөө хохирогч гэх эмэгтэй ширээн дээр ирж суухаар нь миний дүү одоо болно гэртээ харь гэсэн чинь намайг дагаад гарсан юм. Тэгээд шат руу явж байтал эгчээ миний гар утас байхгүй болчихож нэг яриулчих гэхээр нь би яриулаагүй юм. Тэгээд манай зөөгч таксинд суулгаж өгсөн. Тэгээд баар хаах үеэр нөгөө охин чинь ээжийгээ дагуулж орж ирээд Отгончулуун Пүрэвжаргал нарыг есөн шидээр нь хэлээд утсаа нэхээд байсан. Тэр эмэгтэй нилээн согтолттой байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-27-р хуудас/

 

5. Эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /х/х-н 42-43-р хуудас/

 

6. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 251 дугаарай дүгнэлтэд: “Хохирогч Н.Отгончимэгийн биед тархи доргилт, нүүр, толгой, баруун өвдөгт зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, 1 тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Шалбарай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 4 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт /х/х-н 31-р хуудас/ болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Энхтуул мэдүүлэхдээ “Хохирогч эмэгтэй манай найзыг болон биднийг хэл амаар доромжлоод байсан. Би хохирогчийг хөл рүү нэг удаа л өшиглөсөн. Өөр зодож цохисон зүйл байхгүй” гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Энхтуулын хууль ёсны төлөөлөгч В.Цэнджав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт” мэдүүлэх, хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Отгончулуун мэдүүлэхдээ “Отгончимэг өөрөө биднийг элдэв үгээр доромжилж намайг эхэлж үсдэж авсан” гэв.

 

Хохирогч Н.Отгончимэг мэдүүлэхдээ “Эдгээр хүмүүс намайг доромжилж шар царайтай  эмэгтэй нь араас үсдэж авсан. Тэгээд бусад нь өшиглөсөн гомдолтой байна. Хохирол эмчилгээний зардал 150 000 төгрөг, нааш цааш явсан унааны зардал 130 000 төгрөг, гар утасны үнэ 380 000 төгрөг хувцасны үнэ 65 000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ялын шүүмжлэлдээ “шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэх үндэстэй байна” гэв.

 

Шүүгдэгч Ц.Энхтуулын өмгөөлөгч Ю.Ганбат мэтгэлцэхдээ “насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Энхтуул нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл байхгүй. Хохирогчийн хөл рүү нэг удаа өшиглөсөн болох нь тогтоогдсон. Гэтэл хохирогчид тархины доргилт гэсэн гэмтэл учирсан. Иймд Ц.Энхтуулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.Отгончулуун нь 2017 оны 03 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” бааранд Н.Отгончимэгтэй маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Отгончимэгийн “миний араас шар царайтай эмэгтэй нь зулгаагаад ямар аймар удаан ордог гичий вэ? гээд миний үснээс зулгааж доош нь дарсан. Миний үснээс зулгаагаад тавихгүй байсан учир би зөрүүлээд тэр эмэгтэйгийн үснээс зулгаасан” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Отгончимэгийн биед тархины доргилт бүхий гэмтэл үүссэн болохыг тогтоосон шүүх шинжилгээний дүгнэлт, гэрч Б.Дэлгэрмаагийн “Отгончулууны эрүүний доод хэсэгт маажсан чинь Отгончулуун эгч чи яаж байгаа юм бэ? гээд нөгөө эмэгтэй рүү дайрсан. Нөгөө эмэгтэй урдаас нь уурлаад үснээс нь зулгаасан. Отгончулуун бас тэр эмэгтэйгийн үснээс зулгаасан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Энхтуулын “Отгончулуун тэр эмэгтэйтэй үснээсээ зулгаалцсан. Би тэр эмэгтэйг хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөр зодож цохисон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Отгончимэгийн “Миний үснээс зулгаагаад тавихгүй байсан учир би зөрүүлээд тэр эмэгтэйгийн үснээс зулгаасан юм. Тэгээд бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаалцаад зогсож байх үед араас хэн нэг нь хөлөөрөө нуруу орчим өшиглөсөн. Хэн өшиглөсний хараагүй, бодвол хамт явсан эмэгтэйчүүдийнх нь нэг байх” гэсэн мэдүүлэг, Б.Дэлгэрмаагийн “баарнаас нэг залуу хүрч ирээд тэр хоёрыг салгасан чинь нөгөө эмэгтэй чинь Отгончулуун руу хандаж та нар яадаг муу гичийнүүд вэ гэсэн чинь хажуу талаас Энхтуул гэдэг нэртэй эгч хөл рүү өшиглөөд чи манай найзыг юу гээд байгаа юм бэ гэсэн чинь Пүрэвжаргал эгч Энхтуулыг болиулсан юм” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Энхтуул нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй, хохирогчид учирсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдэлд шалтгаант холбоо байхгүй байна.

 

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч У.Энхтуулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Отгончулуунд ял сонгож ирүүлсэн хуулийн зүйл хэсгийг өөрчлөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Отгончулуунд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Хохирогч Н.Отгончимэг нь нийт 725 000 төгрөг нэхэмжилснээс гар утасны үнэ, хувцасны үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээний дагуу шүүгдэгчээс гаргуулах үндэстэй байна. Эмчилгээний зардал, унааны зардлын талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн цамц 1 ширхэг, юубка 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Энхтуулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2.Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Отгончулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. болгон өөрчилсүгэй.

 

3.Шүүгдэгч Монгол овгийн Энхтүвшингийн Отгончулууныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.-д зааснаар шүүгдэгч Э.Отгончулууныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар шүүгдэгч Э.Отгончулуунаас 338 000 /гурван зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Отгончимэгт олгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн цамц 1 ширхэг, юубка 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Отгончимэг нь эмчилгээний зардал, замын зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Отгончулуунд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ц.Энхтуулд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ц.АЛТАНГАДАС