| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/0046/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Д |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
2025 01 13 2025/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч П.Даваасүрэн /томилолтоор/,
Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-ийн Д-д холбогдох эрүүгийн ................дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар товч утга:
Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч А.А, Б.А, Х.Н, Ц.М, У.М нарын эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 5.382.960 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 909 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Б-с шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх 44/, /иргэний үнэмлэхний лавлагаа хх 46/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 49/, хохирогчийн мэдүүлэг /хх 71/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 76-78/, /2хх 25/, /2хх 50/ авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пантом”-ын орчимд насанд хүрээгүй хохирогч А.А-ын “IPHONE 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн урд явган хүний гарц орчимд хохирогч Х.Н-ын “IPHONE 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 975.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах... дугаар сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч Ц.М-ийн SAMSUNG А54 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 807.960 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын автобусны буудлаас 23 дугаар сургууль орчимд насанд хүрээгүй хохирогч У.М-ын IPHONE 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орой 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр сургуулийн урд талын GS-25 дэлгүүрийн гадна насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн эзэмшлийн “IPHONE 12 Pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Насанд хүрээгүй хохирогч А.А-ын “...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр найз Х-ийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пантомын хажуу талын “Мукшигдан” хоолны газар хоол идээд ширээн дээр байсан утсаа куртикний халаасандаа хийгээд уг газраас гараад Оросын элчингийн зүүн талын үзүүр дээр ирээд ирээд гар утсаа үзтэл маний гар утас байхгүй байсан. 2022 оны 04 дүгээр сард “Монтел” худалдааны төвөөс 1,350,000 төгрөгөөр худалдан авч байсан Айфоне -11 загварын ягаан өнгийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх 7/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн СБ1-23-371 дугаартай “...Айфоне-11 загварын гар утсыг 1,225,000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх 13-14/,
Насанд хүрээгүй хохирогч О.А-ийн “...Би Ерөнхий боловсролын ...... сургуулийн 12а ангид сурдаг. Би хэд хоног сургуульдаа яваагүй эмнэлэгт байсан бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой 16 цагийн Үед Н-н номын санд орж байж байгаад 18 цагийн үед гараад Хүүхдийн 100-ийн ойр байдаг “.........” дэлгүүр орж юм авчхаад гэр рүүгээ явж байгаад замдаа буюу Пантомын хажууд байдаг Бэйкери дэлгүүр орчхоод гараад өөрийнхөө эзэмшлийн Айфоне 12 про маркийн гар утсаа куртикнийхээ баруун талын халаасанд хийгээд чихэвчээр дуу сонсоод явж байх үед араас 2 эрэгтэй хүн намайг дагаад яваад байгаа байдалтай байсан. Тэгсэн миний хөлийн ард гишгэх шиг болохоор нь би холдоод замын хажуугаар явсан. Төд удалгүй миний зүүж байсан чихэвч дуу явахгүй болохоор нь утсаа халаасандаа үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь дагаж яваа хүний араас дуудаад орилоод барьж аваад утас өгөөч гэхэд би утас аваагүй гээд байсан, тэгсэн хажууд байсан эмэгтэй цагдаа дуудаад өгье гэхэд нөгөө миний барьж байсан залуу зугтаад яваад өгсөн. 18-23 насны орчим 170-175 орчим өндөртэй туранхай, цайвар царайтай залуу байсан. Би зургийг нь харвал танина. Айфоне 12 про маркийн 128 гв, хөх өнгөтэй, Хүрээ нь хар өнгөтэй, ар хэсэг толин, сүнснүүдийн зурагтай кэйстэй байгаа. Би Айфоне 12 про маркийн гар утсаа 2022 оны 07 дугаар сард Солонгос улсаас 1,600,000 төгрөгөөр худалдан авч байсан. Өнөөдрийн зах зээлийн ханшаар бол 1,200,000 төгрөгөөр үнэлж байна. Таны үзүүлж байгаа Айфоне 12 про маркийн гар утас миний утас мөн байна. Арын кейс нь шилэн, олон сүнснүүдийн зурагтай, код нь 2022710 гэсэн би кодыг нь нээж үзүүлэв...” гэсэн мэдүүлэг /хх 71/,
Эд зүйл хүлээн авсан “...иргэн Д овогтой Д нь өөрийн сайн дураар гаргаж өгсөн. ...Айфоне 12 про загварын гар утсыг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 25 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 76/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Хөх өнгийн, хар хүрээтэй толин тусгалтай сүнснүүдийн зурагтай кейстэй утсыг Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 101 тоот албан өрөөнд хохирогч Б.А-д хүлээлгэн өгсөн...” гэсэн тэмдэглэл /хх 78/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...хар куртик, цэнхэр өмд, цагаан гуталтай эмэгтэй хүн алхаж байх бөгөөд түүний ардаас зүүн цээжин талдаа цагаан бичиглэлтэй хар куртик, хар өмд, хар цагаан өнгийн гуталтай эрэгтэй хүн дагаж буйг харуулав. ...бичлэгийн 5 дахь секундэд хар куртик, цэнхэр өмд, цагаан гуталтай эмэгтэй хүн GS25 гэсэн бичиглэлийн доор ирж халааснаасаа ямар нэгэн эд зүйл хайх бөгөөд, зүүн цээжин талдаа цагаан бичиглэлтэй хар куртик, хар өмд, хар цагаан өнгийн гуталтай эрэгтэй хүн цааш гарц руу алхаж буйг харуулав...” гэсэн тэмдэглэл /хх 80-82/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх 83-85/,
“Дамно ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 11-ийн өдрийн .............дугаартай “...Айфоне 12 загварын гар утсыг 1,025,000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх 91-95/,
Хохирогч Х.Н-ын “...2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт алхаж байгаад Улсын их дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар найз Э, Т, Х нарын хамтаар гарч байсан. Тухайн үед гарцаар гарч байхад миний хүрмийн халаасны хэсэгт хүн хүрэх шиг болсон ба эргээд харахад миний үеийн эрэгтэй хүн явж байсан. Тэгээд гар утсаа халааснаасаа шалгахад миний гар утас байгаагүй. Тэгээд шууд тэр залууг барьж аваад зууралдаж байхад манай найз нар гар утас нь бол өгчих гэж хэлэхэд тухайн залуу би гар утас аваагүй гаж чанга, ууртай хэлсэн. Тухайн үед бид нар балмагдаад яахаа мэдэхгүй байтал, тэр залуу гараа угзарч аваад зугтаагаад ертөнцийн зүгээр урагшаа зам гараад гүйгээд явсан. Бид нар араас нь гүйсэн боловч олоогүй. Тэгээд Улсын Их дэлгүүр орж хяналтын камер шүүлгэхэд бид нарын гарцаар гарч байхад тэр эрэгтэй хүүхэд бид нарын араас дагаж яваад, миний халааснаас гар утсыг маань авч байсан бичлэг байхаар нь цагдаагийн тусгай дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 156-157/,
“Дамно ХХК”-ийн ...... дугаартай Айфоне 11 загварын гар утсыг 975,000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх 164-165/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2023 оны 01 дүгээр сарын 17-ны 14 цаг 08 минут 05 секундэд сугадалцан алхаж байгаа 2 эмэгтэйн араас гарцаар гарч байсан цагаан өнгийн гуталтай, бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн ард нь хагас суусан байдалтай алхаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв. ...Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны 14 цаг 08 минут 10 секунд гэж харагдах бөгөөд тухайн цагаан өнгийн гуталтай, бараан өнгийн куртиктэй эрэгтэй сугадалцан алхаж байгаа 2 эмэгтэйн дундаас ямар нэгэн зүйл авч халаасандаа хийгээд баруун зүгт эргэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл /хх 26-30/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч Х.Н нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 309 тоот өрөөнд оруулж тус тоот өрөөний ханан дээр байрлуулсан нийт 5 ширхэг гэрэл зургийг харуулан “...2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр таны гар утсыг халааснаас чинь хулгайлсан гэх” эрэгтэй хүний гэрэл зургийг заана уу гэхэд, хохирогч Х.Н нь “2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын их дэлгүүрийн гадна талд миний гар утсыг халааснаас авсан эрэгтэй хүн тухайн гэрэл зургуудын 4 гэж дугаарласан гэрэл зураг дээрх хүн мөн байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 180-182/,
Насанд хүрээгүй хохирогч Ц.М-ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороонд байрлах сургуулиас гараад формынхоо баруун талын халаасанд гар утсаа хийгээд 5 дугаар сургуулийн орчимд явж байхдаа өөрийн гар утсаа шалгасан чинь миний гар утас байхгүй байсан. Хар өнгийн Самсунг Галакси А-54 загварын гар утас байсан. Стар бакс гэсэн ягаан гэртээ, дэлгэц дээрээ короми хүүхэлдэйн зурагтай ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Смарт худалдааны төвөөс 1,200,000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 228-230/,
Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “...Дүрс бичлэгийг тоглуулахад бичлэгийн 5 дахь секундэд саарал өнгийн биеийн тамирын хослолтой, хар өнгийн гуталтай 20-25 насны 180 см орчим өндөртэй сэжигтэй этгээд Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар сургуулийн урд талд хохирогчийг дагаад явж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэхэд 22 дахь секунтэд хохирогч Ц.М-ийн халаас руу баруун гараа хийж гар утсыг нь хулгайлж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл /хх 240-241/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн...........дугаартай “...Самсунг Галакси А-54 маркийн гар утсыг 807,960 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх 248-251/,
Хохирогч У.М-ын “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн сургууль болох .... дугаар сургууль дээр хичээлдээ суучхаад өдөр 13 цаг 50 минутад тараад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу “Ард кино” театрын СЮ салбар орсон. Би өөрийн найз М-ын хамт явж байсан бөгөөд бид 2 буцаж гараад сургуулийн хашаанаас М-ын унадаг дугуйг авахаар явж байгаад СЮ-с хойш сургуул руугаа чиглэлд яваад яг сургууль руу ордог явган хүний гарцын ойролцоо иртэл араас нэг үл таних эрэгтэй хүн агад байгаад миний куртикний халаасанд хийсэн байсан гар утсыг авсан, би мэдэрсэн. ...арагшаа хараад утсаа авъя гэтэл гаргаж өгсөн. ...миний гар утас Айфоне 13 загварын цагаан өнгөтэй гар утас бөгөөд ....би гар утсаа хүлээн авсан бүрэн бүтэн байна...” гэсэн мэдүүлэг,
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “...гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг “School Police” хийж байсан иргэн барьж тухайн хүүхдийн гар утас болон Виза картыг тухайн этгээдээс гаргуулж өгсөн гэх бөгөөд тухайн этгээд нь өөрийгөө Д гэж хохирогчид хэлсэн байв. Хохирогч нь гар утсаараа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн зургийг дарж авсан байх бөгөөд тухайн гэрэл зургаар эрэн сурвалжлан ажиллахад тухайн этгээд нь Д овогтой Д болох нь тогтоогдсон...” гэсэн тэмдэглэл,
“Дамно ХХК”-ийн................ дугаартай “...Айфоне 13 загварын гар утсыг 1,350,000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.
3. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл байдаг бөгөөд эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч тус бүрт хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь тусгай зөвшөөрөл бүхий “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн......... 2024 оны 05 дугаар сарын 11-ийн өдрийн ............., ., ............... 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ................. дугаартай үнэлгээнүүдээр тогтоогдож байх тул улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцжээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Д нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлах чадамжтай этгээд байх бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Гэмт хэргийн улмаас хохирогч У.М-д 1.350.000 төгрөг, Б.А-д 1.025.000 төгрөг, Ц.М-д 807.960 төгрөг, Х.Н-д 975.000 төгрөг, А.А-д 1.225.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч У.М-ын эзэмшлийн “Айфоне 13” загварын гар утас, Б.А-ийн эзэмшлийн “Айфоне 12” загварын гар утсыг биет байдлаар шүүгдэгчээс хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч У.М, Б.А нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Ц.М, Х.Н, А.А нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул Д.Д-өөс 3.007.960 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр олгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас үнэлсэн үнэлгээний дагуу хохирогч Ц.М-д 807.960 төгрөг, хохирогч Х.Н-д 975.000 төгрөг, хохирогч А.А-д 1.225.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Б-аас “...Миний үйлчлүүлэгч 16 настай байхдаа буюу насанд хүрээгүй байхдаа хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Өөрөө хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Гэмт хэрэгт холбогдох болсон шалтгааны тухайд аав нь нас барж, ээж дүүгийн хамт амьдардаг бөгөөд таарамж муутай байсан. 2 гар утасны тухайд А-ийн гар утсыг сайн дураараа хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Дөнгөж насанд хүрмэгц хийсэн анхны үйлдэл байгаа. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулах нь энэрэнгүй зарчимд нийцэхгүй байна. Миний үйлчлүүлэгч 2 сар гаруй хугацаанд цагдан хоригдож нилээдгүй зүйлийг ойлгож ухаарсан талаар илэрхийлдэг. Энэ гэмт хэргийн тухайд хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцтай. Нийтэд тустай ажил хийлгэх ял тохирно гэж үзэж байна. Цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд дүйцүүлэн миний үйлчлүүлэгчийг цагдан хорих ангиас суллаж өгнө үү...” гэжээ.
8. Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хорихоос өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Д-ийн Д /РД:.............../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийн энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 68 /жаран найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай
5. Шүүгдэгч Д.Д-өөс 3.007.960 /гурван сая долоон мянга есөн жар/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.М-д 807.960 /найман зуун долоон мянга есөн зуун жар/ төгрөг, Х.Н-д 975.000 /есөн зуун далан таван мянга/ төгрөг, А.А-д 1.225.000 /нэг сая хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ