| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2018/03200/И |
| Дугаар | 181/ШШ2019/00606 |
| Огноо | 2019-03-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2019/00606
| 2019 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 181/ШШ2019/00606 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ТЭДСан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Г-д холбогдох,
Гэрээний үүрэгт 3 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагч М.Гг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТЭДСан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунсанаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТЭДСаннь Молодовын Гэрэлчимэгтэй 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 134 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ-г байгуулж, FT-200 маркын хадлангийн иж бүрдэл 1 ширхэгийг 5 жил буюу 60 сарын хугацаатай 5 000 000 төгрөгөөр худалдсан. М.Г нь урдчилгаа төлбөр болох 2 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 2 500 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай 5 хувааж төлөх, уг төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05%-ийн алданги тооцохоор тохиролцсон. Худалдан авагч М.Г нь зээлээр бага оврын трактор худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймээс М.Гээс үндсэн зээлийн үлдэгдэл 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г миний бие нь 2012 оны 07 сарын 18-ны өдрийн 134 дугаартай бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний дагуу РТ-200 маркын хадлангын иж бүрдэл 1 ширхэгийг 5 жил буюу 60 сарын хугацаатай 5 000 000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа төлбөр болох 2 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 5 жилийн хугацаатай 5 хувааж төлөхөөр гэрээ хийж авсан. Миний бие 2010 оноос 2012 оны 10-р сар хүртэлх хугацаанд Цагаан Ноён ХХК-д менежер албан тушаалд ажиллаж байсан бөгөөд тус компани нь газар тариалан эрхэлдэг Ингэт-Толгой ХК, Интоссэ ХХК-иудаар бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаа явуулдаг толгой компани нь юм. Захирлууд нь Ц.Батаа, эхнэр Б.Сэлэнгээ нар юм. 2012 оны 7-р сард ТЭДС-тай Цагаан ноён ХХК-ны захирал Ц.Батаагийн хамт очиж бага оврын тракторыг худалдан авах, түрээсийн гэрээг хийж, Ингэт-Толгой ХК-ийн тариа тариалдаг үтрэмд аваачсан. Тухайн үед Ц.Батаа захирал надад /М.Г-т/ гэрээний хувь дээр гарын үсэг зурж тоног төхөөрөмжөө хүлээн авч компанид хүргэх талаар үүрэг өгсөний дагуу гэрээ хийгдсэн болно. Гэрээний 1 хувийг Ц.Батаа захирал өөрөө авсан. Миний бие 2012 оны 10-р сард Цагаан Ноён ХХК-д менежерийн ажлаа хүлээлгэн өгсөн. 2018 оны 12-р сард Сүхбаатар дүүргийн шүүхээс ирсэн нэхэжлэлийн дагуу очиж танилцаад, Ц.Батаа захиралтай холбогдох гэсэн боловч ХБНГУ-д байгаа гэсэн мэдээллийг тухайн үеийн Цагаан ноён ХХК, одоогийн Ингэт толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сэлэнгээтэй фэйсбүүк чатаар холбогдож мэдсэн. Энэ нэхэмжлэлийн талаар би Б.Сэлэнгээ захиралд танилцуулсан. /Ц.Батаа захирал, Б.Сэлэнгээ захирал нар ХБНГУ-д хамт байсан/ Анх танилцуулж байхад Б.Сэлэнгээ захирал намайг ТЭДС болон Ингэт-Толгой ХК хоорондын тооцоог ТЭДС-д ажиллаж байсан Болорчулуун гэж хүнээр дамжуулж нийлээдэх тэгээд хэрвээ тооцоо байгаа бол манай Ингэт-Толгой ХК ТЭДС-аас авлагатай гэрээ хийж хасуулж болох байх гэж бичсэний дагуу ТЭДС-тай очиж тооцоо нийлэх гэсэн боловч ТЭДС-ийн санхүү Ингэт-Толгой ХК-ны ажилтан албан хаагч биш бол тооцоо нийлэх боломжгүй харин Ингэт-Толгой ХК-аас М.Гийн 3 900 000 төгрөгийн төлбөр тооцоог хасаж тооцох тухай албан бичиг авч ирвэл гэрээ хийж хасаж болно гэсэн. Үүнээс хойш Б.Сэлэнгээ захиралтай удаа дараа холбогдож албан бичиг явуулах талаар мэдэгдсэн боловч тодорхой хариу өгөөгүй байна. Завгүй байна, хөдөө явж байна, шүүх хурлаа тодорхой хугацаагаар хойшлуулах талаар ярилцаадах гэх мэт шалтаг тоочсоор өнөөдрийг хүрлээ. Миний бие М.Г нь тухайн үед Ц.Батаа захирлын үүрэг өгсний дагуу гэрээ хийж, ТЭДС-аас бага оврын трактор худалдан авах, түрээсээр ашиглах гэрээ хийснийхээ төлөө шүүхээс мэдэгдэл ирж, 3 удаа Сүхбаатар дүүргийн шүүхэд очиж, ТЭДС-ийн хуулийн зөвлөх, санхүү нартаа очиж уулзах гэх мэт их чирэгдэл учирч байна. Мөн тухайн үеийн ТЭДС-ийн гэрээ хийсэн албан тушаалтнууд яагаад Ц.Батаа захиралтай ярьж тохирсон боловч компаниар биш, газар тариалан огт эрхэлдэггүй иргэнээр гэрээ хийсэн нь өөрөө хууль зөрчиж байна. Тухайн үед шүүхээс ирсэн албан бичгийг Б.Сэлэнгээ захиралд фэйсбүүк чатаар танилцуулж холбогдсон баримтаа хавсаргав. Мөн шүүхээс гарсан нэхэмжлэлийн төлбөрийг би Ц.Батаа захирал, Ингэт-Толгой ХК-иар төлүүлэх хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТЭДСан нь хариуцагч М.Гт холбогдуулан гэрээний үүрэгт 3 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
ТЭДСан нь БНХАУ-аас зээлийн хэлэлцээрийн шугамаар орж ирсэн FТ-200 маркийн хадлангийн иж бүрдэл тракторыг 5 000 000 төгрөгөөр худалдах, М.Г нь тракторын үнээс урьдчилгаа 2 500 000 төгрөгийг төлж, үлдэх 2 500 000 төгрөгийг жилд 500 000 төгрөгөөр 5 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцож 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 134 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-5-8х/
ТЭДСан FТ-200 маркийн хадлангийн иж бүрдэл тракторыг 2012.07.18-ны өдөр М.Гт хүлээлгэж өгсөн /хх-11х/ байх бөгөөд М.Г нь үлдэгдэл 2 500 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч М.Г нь Цагаан ноён ХХК-ийн захирал Ц.Батааг төлөөлж гэрээ байгуулсан, FТ-200 маркийн хадлангийн иж бүрдэл тракторыг Ингэт-Толгой ХК авсан гэж тайлбарлаж, шүүхэд өөрийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлж, өөрийн и-мэйлд үзлэг хийлгэсэн. М.Гийн Нийгмийн даатгалын дэвтэрт Цагаан ноён ХХК санхүүгийн менежер, 2009.03.19-ны өдөр гэж тэмдэглэгдсэн байгаа боловч ажилд орсон, гарсан өдрийн аль нь болох нь тодорхойгүй байна. Мөн Badarch Selenge гэх хүнтэй фэйсбүүк мессенжерээр харилцсан өгүүлбэрүүдийн агуулгаас гэрээний үүргийг Ингэт-Толгой ХК хариуцах үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд М.Гийн FТ-200 маркийн хадлангийн иж бүрдэл тракторын үнийг Ц.Батаа захирал, Ингэт-Толгой ХК нар төлөх ёстой гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т түрээслэгч нь заасан хугацаанд үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж талууд тохиролцсон байх бөгөөд гэрээнд заасны дагуу алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу хариуцагч М.Гээс 1 250 000 төгрөгийн алдангийг гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд М.Гээс 3 750 000 төгрөгийг гаргуулж, ТЭДСан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар М.Гээс 3 750 000 /гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, ХТЭДСан олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.3 дахь хэсэт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Гээс 74 950 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА