Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 526

 

“А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0671 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0774 дүгээр магадлалтай, “А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0671 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэ талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “уг хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0774 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ““А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА/2017/0774 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.7-д “Энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 59.7-д заасан журмыг баримтална”, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газартаа болон ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа юм.

Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна. Тухайлбал:

Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа багтаж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.8 дахь хэсэгт заасан баримтын бүрдүүлбэрийг хангаж өргөдөл гаргах ёстой.

2013 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жилийн хугацаатай байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангаж өргөдөл гаргаагүй байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь хэсэг “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа хавсаргаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

Хоёр. Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд тус тус анхан шатны зураг зүйн шүүлт хийхэд “А м” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасны дагуу дээрх хуулийн хориглосон талбайтай давхцалтай байсан.

Төрийн захиргааны байгууллага болох Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид өргөдлийн талбайн давхцлыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр арилгуулах, өргөдлийг хуульд нийцүүлэх хэрэгтэйг тусгай зөвшөөрөл эзэмшигч “А м” ХХК-д мэдэгдэж, боломжоор хангасан.

“А м” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүрдлээ удаа дараа хуульд нийцүүлээгүй буцаагдаж байсан нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар болон бусад холбогдох нотлох баримтаар нотлогдож байна.

“А м” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө бүрдлийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл шаардлагад нийцүүлэн хуулийн хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөөгүй тул ашигт малтмалын хайгуулын XV-007941 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Кадастрын хэлтсийн УУКСС-д 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бүртгэлтэй байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоохтой холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан. Иймд захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “онцгой эрх”-ийнхээ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл дуусах 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан байх тул ““А м” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа багтаж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хуулийн нөхцөл шаардлагад нийцүүлэн гаргаж өгөөгүй” гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд тухайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй” тохиолдолд л ашиглалтын тусгай зөвшөөрөл шууд авах “онцгой эрх”-ээ алдаж, тухайн талбайд сонгон шалгаруулалт явагдахаар байна. Харин нэхэмжлэгчийн хувьд уг эрхээ алдаагүй байна.

Хуульд заасан энэхүү “онцгой эрх”-ийн агуулга нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагаа явуулсныхаа хувьд тухайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэн нэгэнтэй /тухайн талбайд ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй/ өрсөлдөхгүйгээр шууд авах тухай ойлголт юм. Энэ утгаараа Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгох” гэж заажээ.

Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4 дэх заалтууд нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээдэд илүү хамааралтай заалт гэж ойлгогдохоор байна. Учир нь, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт нь хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу /26.3.1/, эсхүл талбайн аль нэг хэсэгт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан, хориглосон /26.3.4/ гэсэн үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос бүхэлд нь татгалзах нь “онцгой эрх”-ийн агуулгад нийцэхээргүй байх тул холбогдох зөрчлийг арилгуулан олгох ёстой гэж тайлбарлахаар байна.

Энэ ч учир хариуцагч тухайн үед нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваад шууд татгалзаагүй, харин давхцлыг арилгах талаар мэдэгдэж өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн атлаа 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус юм.

Иймд, хариуцагч хүсэлтийг хүлээн авах үедээ заагаагүй үндэслэлээр буюу “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангаж өргөдөл гаргаагүй, тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өргөдөл гаргахдаа хавсаргаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш хийлгэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг” хэмээн гомдол гаргаж буйг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн, хариуцагч “Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид өргөдлийн талбайн давхцлыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр арилгуулах, өргөдлийг хуульд нийцүүлэх хэрэгтэйг тусгай зөвшөөрөл эзэмшигч “А м” ХХК-д мэдэгдэж, боломжоор хангасан” гэж гомдол гаргаж байгаа боловч уг зөрчлийг арилган удаа дараа гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ утгаараа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0671 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0774 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ