| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
2025 01 30 2025/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Иргэний нэхэмжлэгч Д.Л,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сгийн Од холбогдох эрүүгийн 2438003240465 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Сгийн О, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ****, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **************, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ********* аймгийн *********** сумын ** дугаар багийн ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн ************* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хт байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хохирогч Д.Бы эзэмшлийн ухаад сийлсэн сийлбэртэй улбар шар өнгийн авдар 2 ширхэг, LG брэндийн хөлдөөгч 2 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хувцасны шкаф зэргийг авч 1,410,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч С.О нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хт байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хохирогч Д.Бы эзэмшлийн ухаад сийлсэн сийлбэртэй улбар шар өнгийн авдар 2 ширхэг, LG брэндийн хөлдөөгч 2 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хувцасны шкаф зэргийг авч 1,410,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-14-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-19-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-924/10557 дугаартай: “Үнэлэгдэж буй алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын байдлаар 1,410,000 төгрөгөөр үнэлэв” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 30-33-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 61-р хуудас),
Шүүгдэгч С.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна. Яг он сарыг нь нарийн сайн санахгүй байна. Тухайн үед би хот явах шаардлагатай болоод зардлын мөнгө олдохгүй байхаар нь ээжийн хөлдөөгчийг нь зарна гэж бодоод М тоотод өдрийн 12 цагийн үед ганцаараа очсон. Тухайн үед манай ээж гэртээ байгаагүй хотод байсан. Тэгээд би гэрийнх нь хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод гэр дотор нь орсон чинь хөлдөөгч нь байхаар нь буцаж гудамж руу гараад хөлдөөгч авах хүн хайгаад явж байсан чинь зүс таних залуу таарахаар нь хөлдөөгч авах уу гэсэн чинь авахаар болоод тэр залууг дагуулаад би ээжийн гэр рүү орсон. Тэгээд гэрт ороод хөлдөөгчөө заагаад энийг зарах юм гэсэн чинь гэрийн таамбарт байсан хоёр авдарыг хараад энийгээ зараач гээд байхаар нь хоёр авдар хөлдөөгч хоёрыг зарахаар болсон. Тэр залуу гарч яваад удалгүй портертой хүрээд ирэхээр нь би хоёр ширхэг хөлдөөгч, авдар хоёрыг нь ачуулаад байж байхад угаалгын машин, шүүгээ хоёроо зараач гэхээр нь за энэ хоёрыг зүгээр аваа гээд өгсөн. Ингээд тэр залуу манай ээжийн гэрээс хөлдөөгч, хоёр ширхэг авдар, цагаан өнгийн шүүгээ, нэг ширхэг угаалгын машин зэргийг ачиж авсан. Тухайн үед тэр залуугаас төлбөр болгож нэг ширхэг гар утас, нэг ширхэг бакаль, нэг паарчик тамхи, бэлэн 150,000 төгрөг авсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Энэ миний эхний болоод сүүлийн гэмт хэрэг байх болно. Ахиж ийм зүйл хийхгүй....” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Лийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрийн үед өглөө Мөрөн сумын 12 дугаар багийн 13-11 тоот гэрээсээ гараад өглөөний гүйлт хийгээд эргэж ирээд үзүүрийн дэлгүүр ******* орж тамхи авах гээд явж байхад нэг танихгүй залуу таараад би эхнэрээсээ салсан юм. Тэгээд хямдхан зарах юм байна гэхээр нь юу байгаа юм гэхэд 2 авдар, 1 угаалгын машин, 1 цагаан өнгийн шүүгээ, 1 хөлдөөгч байна гэхээр нь хаана байгаа юм бэ гэхэд манай гудамжны үзүүрээсээ 2 дахь хаалга руу дагуулж ороод тэр зарах эд зүйлийг нь үзээд авахаар тохирч би өөрөө барьж байсан Самсунг А12 маркийн гар утас, бэлнээр 150,000 төгрөг, шинээр авсан бакал гутал, 2 блок тамхи зэрэг зүйлээр худалдаж авахаар болоод 5 дугаар хороонд байдаг захаас хөлсний портер машин хөлслөөд тэдний гэрээс авсан эд зүйлээ ачаад манай гэрт очиж буулгасан. Би нөгөө авсан зүйлээсээ зарсан зүйл байхгүй. Цагдаад хүлээлгэж өгсөн...Би хаалга үүдийг нь анзаараагүй, бид нарыг орох үед хаалга нь онгорхой байсан...Би 630,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу явсан юм. Манай дүү болох Б манай хашаа байшинг эргэж тойрч надад хэлдэг байсан. 7 дугаар сард бол хэд эргээд надтай ярьж байсан. Танай гэр зүгээр байна гэж хэлдэг байсан. Тэгээд манай дүү Б жимсэнд яваад 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд явж ирээд манай хашаа байшинг очиж шалгахад байшингийн цоожийг хөшиж хулгай орсон байсан. Тухайн үед бид нар хол байсан учир ямар эд зүйл алдагдсан талаар сайн мэдэгдэхгүй байж байгаад Б дүүгээр эд зүйлээ бүртгүүлсэн. Тэгэхэд гэрт хураалттай байсан эд зүйлсээс алга болсон учир цагдаад хандсан...Хувцас хийдэг шкаб, хөлдөөгч 2 ширхэг, авдар 2 ширхэг, угаалгын машин 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...Манай байшинд Оын гэх нэг ширхэг ч эд зүйл байхгүй. Тухайн хулгайд алдагдсан эд зүйл нь миний эзэмшлийн эд зүйл байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Гэрч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний төрсөн ээж Б нь М тоотод амьдардаг. Ээж маань 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Явахдаа байшингаа цоожлоод намайг эргэж тойрч байгаарай гээд түлхүүрээ үлдээгээд явсан. Би ээжийн хашаа байшинг 7 хоногтоо 1 удаа эргэж тойрдог байсан. Би хамгийн сүүлд 07 дугаар сарын 14-ний өдөр очиж шалгахад байшин зүгээр байсан. Харин өнөөдөр 12 цагийн үед дахин очиход байшингийн үүдийг эвдээд жижиг цонхыг хагалсан байхаар нь ороод хартал ээжийн байшин дотроос хувцасны шүүгээ 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, жижиг хөлдөөгч 2 ширхэг, ухмал хээтэй модон авдар 2 ширхэг зэрэг алга болсон байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2438003240465 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.О нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна...” гэв.
Шүүгдэгч С.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.О нь хохирогч Д.Бы эзэмшлийн ухаад сийлсэн сийлбэртэй улбар шар өнгийн авдар 2 ширхэг, LG брэндийн хөлдөөгч 2 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хувцасны шкаф зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.
“Орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан үздэг ба шүүгдэгч С.О нь хүн байнга амьдрахад зориулагдсан Д.Бы эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрсэн байна.
Хүн амьдрах орон байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж байшингийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж орсон үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд тооцох үндэслэл болж байна.
Тодруулбал шүүгдэгч С.О нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хтод хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Д.Бы эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж улмаар Д.Бы эзэмшлийн ухаад сийлсэн сийлбэртэй улбар шар өнгийн авдар 2 ширхэг, LG брэндийн хөлдөөгч 2 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хувцасны шкаф зэргийг авсан үйлдэл нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй буюу хууль бус нэвтрэлт болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршиг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч С.О нь хохирогч Д.Бы эд зүйлийг хулгайлж 1,410,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.Б нь эд зүйлээ буцааж авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 61-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Оыг хохирогч Д.Бд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О нь хохирогч Д.Баас хулгайлан авсан эд зүйлээ иргэний нэхэмжлэгч Д.Лид зарсан байна. Энэ нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас иргэний нэхэмжлэгч Д.Лид хор уршиг учирсан гэж үзэхээр байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Л нь шүүгдэгч С.Оас 630,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч С.О нь 630,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийсэн тул шүүгдэгч С.Оас 630,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Лид олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45-48-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч С.О нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2438003240465 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Оын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдарх зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Сгийн Оыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оын цагдан хоригдсон 3 (гурав) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Оас 630,000 (зургаан зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Лид олгосугай.
6. Эрүүгийн 2438003240465 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР