| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2020/00447/и |
| Дугаар | 133/ШШ2020/00583 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 133/ШШ2020/00583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Б.А нэхэмжлэлтэй,
хариуцагч- Б.Б-д холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд Б.Б-тэй гэр бүл болж, том охин Б.Н-г 2020 оны 04 дүгээр сарын 02-нд төрүүлж, хүү Б.Б-г 2014 оны 10 дугаар сарын 10-нд төрүүлсэн. Бид нийт 7 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд байнгын гэр бүлийн хүчирхийлэл дарамтад амьдарсаар ирсэн. Архи дарс уусан болон эрүүл үедээ ч хүчирхийлэл үзүүлж зодож дарамталж улмаар эрүүл мэндэд хохирол учруулдаг. Мөн гэр бүлээс гадуур харилцаанд олон удаа холбогдож байсан. Энэ бүгд ёс зүйгүй үйлдлийг нь би хүүхдийнхээ ирээдүйг бодож тэсэж тэвчсээр ирсэн. Одоо энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй нөхцөлд хүрсэн тул 2 хүүхэд болон миний аюулгүй байдлыг хангаж бидний гэр бүлийг хуулийн дагуу цуцалж, охин Б.Н /8 настай/, хүү Б.Б /6 настай/ нарыг 18 нас хүртэл миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ /хх-1/.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эхнэр А 3 сарын 07-ноос хойш аавындаа амьдарч байгаа. Энэ хугацаанд буюу 05 сарын 25-нд хүртэл байнгын утсаар ярьж хүрээд ирээ эвлэрье гэж зөндөө ярьсан уулзая гэхээр чамтай уулзахгүй гээд уулздаггүй учир битүүлэг байгаа. Б миний хувьд салах бодолгүй байна. Тийм учраас энэ хүн салъя гээд би салахгүй гээд ийм байдалтай байна. Миний хувьд хоёр хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Эхнэр А залуу хүн надаас салаад хүнтэй суух байлгүй хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулахвий гэхээс айж байна. Яагаар гэхээр би өөрөө хойд эцгийн гар дээр өссөн учраас энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгааг шүүх байгууллага хянан хэлэлцэж өгнө үү. Эхнэр Амартүвшин бол би яаж ч байсан чамаас сална гэж зүтгээд байгаа учраас нэг хүүхдээ өөрийн гар дээр авъя гэж бодож байна гэжээ /хх-19/.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Б-т холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баталгаажуулсан гэрлэлтээ цуцлуулах, охин Н, хүү Б нарыг өөрийн асрамжид авахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Б.Б, Б.А нар 2013-09-16-ны өдөр гэр бүл болсныг 2014-04-18-ны өдөр бүртгүүлсэн /хх-5/ байх бөгөөд тэдний дундаас охин Н, хүү Б нар төрсөн болох нь эдгээр хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-7, 6/, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчдийн хамтын амьдрал 2013 оноос эхэлсэн талаар зохигчид тайлбарлаж, нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, архи дарс уудаг, гэр бүлээс гадуур бусадтай харилцаа холбоо тогтоодог талаар тайлбарлаж,
хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Б.А-г түүний утсанд танихгүй дугаараас мессеж ирсэн, Хөхморьт сумын нэг залуутай холбоотой, тэр залуу бидний амьдралд орсон талаар тус тус тайлбарлаж хариуцагчийн нэхэмжлэгчтэй ханддаг харилцаа, хандлага зэрэг байдлаас шалтгаалан гэрлэгчид таарч тохирохгүй, зан харьцааны хувьд ойлголцохгүй болж, бие биеэ хүндлэхгүй болсноор 2020 оны 3-р сараас тусдаа амьдарсан байна.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамтын амьдрал үргэлжилсэн хугацаанд гэрлэгчдийн харилцаа хандлага ийм байгаагүй, сайхан гэр бүл байсан болохыг гэрлэгчид өөрсдөө тайлбарлаж, тодорхой хугацаанд үүссэн үл ойлголцолыг хэн аль нь ойлгохгүй, бие биенийгээ өөр бусадтай хардаж, нүдээр хараагүй бусдаас сонссон зүйлийг үнэн мэтээр ойлгож гэрлэгчид өөрсдийн үйлдэл, харилцаа, хандлагын улмаас гэр бүлийн харилцаанд маргаан үүссэн байна.
Гэрлэгчид бие биедээ үнэнч байх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, бие биенийхээ нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, зохигчийн тайлбар зэргээс гэрлэгчдэд гэрлэлт цуцлахад хүргэсэн ноцтой шалтгаан тогтоогдохгүй байх боловч гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүх гэрлэлтийг цуцлахаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д тус тус заасан тул Б.А, Б.Б нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэгчид сайн дурын үндсэн дээр гэр бүл болж гэрлэлтээ батлуулдаг бөгөөд гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэхдээ гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох хүүхдүүдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах үүрэгтэй. Тиймээс хүн болохынхоо хувьд хүүхэд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүхий л эрхийг эдлэх эрхтэй бөгөөд хүүхдэд онцгой халамж, хамгаалал хэрэгтэй.
Түүнчлэн гэр бүл бол хүүхэд амьдрах, хөгжих, төлөвших анхдагч орчин бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийг эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.
Тиймээс Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхтэй тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгаан нөхцлийг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах үүрэгтэй.
Ингэж гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авч 2020-07-07-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байх бөгөөд шүүхээс тогтоосон дээрх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хойш хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэх, ярилцах, ойлголцох боломжийг эрэлхийлээгүй болох нь гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож, хариуцагч маргаагүй.
Ийнхүү зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Н, Б нар эхийн асрамжид байж, хариуцагч Б.Б уулзаж тодорхой хугацаанд хамт байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэр бүлийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Н, Б.Б нарыг эх Б.А-н асрамжид үлдээж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах болохыг дурдах нь зүйтэй.
Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.Б нарт үүрэг болгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох болон зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Б.А, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох Б.Н, Б.Б нарыг эх Б.А-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.Б нарт үүрэг болгосугай.
4. Зохигчид гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох охин Н, хүү Б нарын асрамж, тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох, нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Б.А, Б.Б нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ