2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/464

 

                                 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн 2410 00000 1473 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамт, Сонгинохайрхан дүүргийн***** дугаар хороо, **** дугаар гудамж ****** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ********,************,***********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

 

Эрүүгийн 241000001473 дугаартай хэргээс:

 Улсын яллагч: Хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал), иргэний нэхэмжлэгч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13352 дугаартай “...шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал), Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 875 дугаартай “ Зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглан солигдсон сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар тогтоон 465,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх хохирлын үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 53 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-20 дахь тал),

хохирлын баримт (хавтаст хэргийн 63-64 дэх тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 21-24 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал), “...согтуу хүн агсам тавиад  дарамтлаад байна...”  гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 08 дахь тал), хохирогчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2410000001473 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 8-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан толгойн зогсоол дээр  “...найз охинтой уулзлаа...” гэх шалтгаанаар хохирогч ******* нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын баруун хажуу, баруун нүдний дотор булан, доод зовхи, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, түүний эзэмшлийн ******** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн талын хаалганы цонх руу гараараа 2-3 удаа хүчтэй цохиж, урд хамар дээр гарч тухайн тээврийн хэрэгслийн салхины шил рүү хөлөөрөө 2-3 удаа дэвсэлж хагалж, гэмтээсний улмаас 465,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ********* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

  Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ******** “...2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан толгойн зогсоол дээр би найз охин ******* болзож байсан. Тухайн газар манай найз охин бид хоёр миний ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн Toyota Prius 30 загварын тээврийн хэрэгсэл дотор сууж, Зайсан толгойн зогсоол дээр зогсож байсан. Би найз охинтойгоо юм яриад л сууж байтал гэнэт нэг эрэгтэй хүн миний сууж байсан талын буюу машины урд баруун талын цонх руу баруун гараараа цохиж нүдэж эхэлсэн. Миний сууж байсан талын цонхыг нүдэж байснаа миний сууж байсан талын хаалгыг гаднаас татаж онгойлгоод намайг баруун гараараа 3-4 удаа цохисон. Тэгсэн чинь манай найз охин ****** зүүн талын суудлаас намайг хамгаалж урдуур минь ороход тэр эрэгтэй хүн миний найз охин ****** үсдэж байгаад 2-3 удаа баруун гараараа толгойн хэсэг рүү цохисон. Тэгээд би өөрийнхөө сууж байсан талын онгорхой хаалгыг хүчээр татан хааж дотроос нь түгжсэн. Тэгсэн тухайн эрэгтэй хүн цонхыг маань дахиж нүдэж байгаад шууд миний найз охинтойгоо сууж байсан ******** улсын дугаартай сувдан цагаан өнгийн Toyota Prius 30 загварын тээврийн хэрэгслийн хамар дээр гарч ирээд тухайн тээврийн хэрэгслийн салхины шил рүү хөлөөрөө дэвсэж эхэлсэн. Тэр эрэгтэй хүн миний тээврийн хэрэгслийн салхины шилэн дээр 3-4 удаа хөлөөрөө дэвсэлсэн болно. Үүний улмаас миний найз охинтойгоо сууж байсан ****** улсын дугаартай сувдан цагаан өнгийн Toyota Prius 30 загварын тээврийн хэрэгслийн салхины шил тэр чигтээ хагарсан. Тэр үед тухайн эрэгтэй хүн бидэнд хандан "та хоёр ингээд байж байдаг юм байна, ална даа чамайг ал минь" гэж орилж байсан. Тэгж хэлэхэд нь би "тэр эрэгтэй хүнийг манай найз охин ****** найз залуу нь юм байна" гэж олж мэдсэн болно. Учир нь тэр эрэгтэй хүн над руу урд өмнө миний фейсбүүк хаяг руу чат бичиж, дарамталж байсан болно. Тэгээд тухайн үед би тээврийн хэрэгслээс шууд буугаад найз охин Мөнхзулыг тээврийн хэрэгсэлдээ үлдээгээд доошоо тухайн зогсоолын харуул байдаг газар pyy гүйсэн. Тэнд очоод би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн алба хаагчдыг хүлээсэн. Цагдаагийн алба хаагчид ирсний дараа ***** улсын дугаартай сувдан цагаан өнгийн Toyota маркийн Prius 30 загварын тээврийн хэрэгсэл дээр очтол манай найз охин ******** ганцаараа байсан. Тухайн эрэгтэй хүн байгаагүй, яваад өгсөн байсан. Тухайн эрэгтэй хүн тэр газар яаж ирсэн талаар би мэдэхгүй байна гэнэт гарч ирсэн бөгөөд намайг цагдаагийн алба хаагчдыг хүлээх хооронд яваад өгсөн байсан. ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн Toyota маркийн Prius 30 загварын тээврийн хэрэгсэл нь миний тээврийн хэрэгсэл. Би 2024 оны хавар Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан авч байсан, тухайн тээврийн хэрэгсэл нь ИЗИ ПЭЙ НОРБУЛА ББСБ ХХК-ийн нэр дээр байдаг, би тухайн ББСБ-д сард 919.000 төгрөгийг төлдөг. Тухайн тээврийн хэрэгслийг 3 жилийн хугацаатай зээлээр худалдаж авч байсан. Би тухайн хүнийг харвал танина. Хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн пүүзтэй байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч ******** “...Би Сувдан цагаан өнгийн ******* улсын дугаартай Тоёота маркийн Приус 30 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч, бутарсан, баруун урд хаалганы шил хагарч, тухайн тээврийн хэрэгсэлд 465,000 төгрөгийн хохирол учирсан талаар мэдээгүй байсан. Цагдаагийн байгууллагаас залгаж мэдэгдэх үед мэдсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай ИЗИ ПЭЙ НОРБУЛА ББСБ-ын нэр дээр байдаг. Учир нь тус тээврийн хэрэгсэл нь зээлийн харилцаанд орж зээлийн барьцаа хөрөнгө болсон юм. Тийм учраас манай байгууллагын нэр дээр байна. Тухайн тээврийн хэрэгслийг манай ББСБ-аар зээл гаргуулж авсан хүн ********* гэх хүн байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******** “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан толгойн зогсоол дээр 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнө биечлэн байсан. Намайг гэртээ байхад 2024 оны 10 дугаар сарын 07-ны орой 23:00 цагийн үед миний хуурай дүү болох ***** чатаар "эгчээ машинтайгаа гараад ирээч, ганц шар айраг уучихъя, сэтгэл санаа муу байна" гэж хэлсэн. Тэрний дагуу би машинтайгаа гараад *****г гэрээс нь очиж авсан. Бид хоёр миний машинтай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд уулын автомашины зогсоол руу явсан. Тэнд бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнө буюу 00:00 цаг өнгөрч байхад очсон болно. Тэнд ******** нэг шил шар айраг ууж, болсон зүйлийн талаар буюу түүний найз охин ******* нь өөр хүнтэй болсон талаар надад ярьж өгсөн. Мөн бид хоёр дуу сонсож 1 цаг орчим миний машинд суусан. Тэгээд ******* надаас "миний зургийг дараад өгөөч" гэж гуйсны дагуу зургийг нь өөрийнхөө утсан дээрээ дарж өгөх гэсэн боловч тэнд маш олон хүн байсан тул ******** бид хоёр Зайсангийн зогсоол руу гарахаар хөдөлсөн. ******* бид хоёр Зайсангийн зогсоол миний машинтай очиход 01:18 цаг болж байсан. Тэнд миний машинаас гадна 2-3 тооны машинууд зогсож байсан бөгөөд ****** нэг сувдан цагаан өнгийн ******* улсын дугаартай Toyota Prius 30 загварын машиныг хараад надад хандан "энэ нөгөө ******* уулзаж байгаа залуугийн машин мөн байна" гэж хэлээд шууд миний машинаас буугаад сувдан цагаан өнгийн ***** улсын дугаартай Toyota Prius 30 загварын машин руу дөхөж очсон. ***** тухайн машин дээр дөхөж оччихоод жолоочийн суудал дээр түүний найз охин ****** нь нэг залуутай тэврэлдээд хэвтэж байхыг олж харсан. Тэр үед ****** машины жолоочийн урд баруун талын цонхыг гараараа цохиж эхэлсэн. Дараа нь сувдан цагаан өнгийн ****** улсын дугаартай Toyota маркийн Prius 30 загварын машины салхины шилийг гараараа хагалах гэж цохиж үзсэн. Гэхдээ ******* тухайн үед хагалж чадаагүй. Тэгээд тухайн машины жолоочийн талын хаалга руу дөхөж очоод онгойлгосон. Тэр үед ******* яг юу хийсэн талаар би хараагүй болно. Сувдан цагаан өнгийн ****** улсын дугаартай Toyota маркийн Prius 30 загварын машинд сууж байсан эрэгтэй хүн машиныхаа ар талын суудлаар гараад гүйгээд зугтсан. Дараа нь ******* сувдан цагаан өнгийн ******* улсын дугаартай Toyota маркийн Prius 30 загварын машины хамар дээр нь гараад салхины шилийг хөлөөрөө дэвсэлсэн, тэр үед тухайн машины салхины шил хагарсан. Тэгээд би тухайн үед ****** дээр дөхөж очоод болиулсан ба ******* тайвшруулаад бид хоёр тэндээс явсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******** “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан толгойн зогсоол дээр 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнө биечлэн байсан. Би ******* хамт тухайн зогсоол дээр түүний болох сувдан цагаан өнгийн ***** улсын дугаартай Toyota маркийн Prius 30 загварын машинд ярилцаад сууж байсан. Тэгээд гэнэт гаднаас ******* сувдан цагаан ****** улсын дугаартай Toyota Prius 30 загварын машины жолоочийн талын хаалганы цонх руу гараараа 2-3 удаа хүчтэй цохисон. Үүний улмаас машины жолоочийн талын хаалганы цонх цуурсан байсан. Түүний дараа сувдан цагаан өнгийн ****** улсын дугаартай Toyota Prius 30 загварын машины урд хамар дээр гарч ирээд тухайн машины салхины шил рүү хөлөөрөө 2-3 удаа дэвсэлсэн. Үүний улмаас машины салхины шил хагарсан. Дараа нь ***** сувдан цагаан өнгийн *******улсын дугаартай Toyota маркийн Prius 30 загварын машины хамраас бууж ирээд сувдан цагаан өнгийн ***** улсын дугаартай Toyota Prius 30 загварын машины жолоочийн хаалганы цуурсан цонхыг цохиж байгаад бүүр хагалсан. Түүний дараа ****** нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би *******  "болиоч" гэж хэлэнгээ ***** хамгаалах зорилгоор урдуур нь ороход ***** намайг санаандгүй миний зүүн талын шанааны хэсэг рүү алгадчихсан. Тэгсэн ****** машинаас гараад зугтчихсан болно. Түүний дараа би Цагдаагийн байгууллагад утсаар дуудлага, мэдээлэл өгсөн. Би Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн талаар ********** хэлсэн бөгөөд ******* яв гэж хэлсэн. ***** тухайн үед явахгүй гэж байгаад яваад өгсөн. Ийм л зүйл тухайн өдөр тухайн газар болсон. Тухайн үед ******* хамт ирсэн гэх ********* нар байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13352 дугаартай “... ******* хамрын баруун хажуу, баруун нүдний дотор булан, доод зовхи, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 3. 7. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 875 дугаартай “ Зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглан солигдсон сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар тогтоон 465,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх хохирлын үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 53 дахь тал),

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-20 дахь тал),

хохирлын баримт (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 21-24 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал), “...согтуу хүн агсам тавиад  дарамтлаад байна...”  гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 08 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг бол субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ.

 

Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** нь хохирогчийн нүүр хэсэг рүү нь гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн, мөн шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөд халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг найз охинтой нь хамт тээврийн хэрэгсэл дотор сууж байхад нь хардаж, бусдын эд хөрөнгөд халдаж ****** сувдан цагаан өнгийн ******* улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн талын хаалганы цонх руу гараараа 2-3 удаа хүчтэй цохиж хагалан, урд хамар дээр гарч тухайн тээврийн хэрэгслийн салхины шил рүү хөлөөрөө 2-3 удаа дэвсэн хагалж, идэвхтэй үйлдлээрээ зориуд хохирол хор уршигт хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч ******* эд хөрөнгөд 465,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 53 дахь тал) тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсанд тооцох үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч ****** дээрх хууль бус үйлдлийг прокуророос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын төрөл, шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоон үнэлснээр хохирогчийн “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх” хангагдах учиртай.

Эрүүгийн 2410000001473 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 150,000 төгрөгийн баримт хэрэгт авагдаж (хавтаст хэргийн 63 дахь тал) шүүгдэгч ******* нөхөн төлсөн байна.  Хохирогч ********** гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй тухай хүсэлт гаргасан (хавтаст хэргийн 125 дахь тал), иргэний нэхэмжлэгч ****** “...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал) тус тус өгчээ.

 

Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хэмжээг тодорхойлохдоо түүний эд ангийн элэгдэл хорогдлыг хасаж, эвдэрч, гэмтсэнийг засаж сэргээхэд шаардагдах эд анги, бусад материалын үнийг оруулан тооцсон хохирлын үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 53 дахь тал) хийгдсэн бөгөөд энэхүү үнэлгээгээр 465,000 төгрөг гарсныг шүүгдэгч ****** мөн нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, торгох ялыг нэмж нэгтгүүлэх..”  санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг тус тус сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч ******** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр  торгох ял  тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 1600 (нэг мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 (нэг сая зургаан зуу мянга)  төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 511 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан  2,000,000 төгрөгийн торгох ял  бүрэн биелэгдэж  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон (хавтаст хэргийн 104-105 дахь тал) байх тул  энэ тогтоолоор нэмж нэгтгэх ялгүй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн 2410000001473 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

                                             ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *********,*********,********* Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”,

11.6 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********  800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял,        

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар                     800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) ял дээр, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг  нэмж нэгтгэн, 1600 (нэг мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 (нэг сая зургаан зуу мянга)  төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 1600 (нэг мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 (нэг сая зургаан зуу мянга)  төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэрээр баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХЦЭЦЭГ