2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/466

 

                                   

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн 2405 00000 2083 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ****** оны ***** дугаар сарын ******-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ***** дугаар хороо ******* тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой  ажилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг гэх,

урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЦШТ/357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн бөгөөд нийт 05 сар 06 хоногийн ял эдэлж, 24 хоногийн үлдэгдэл ялтай, ******,************,*************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн хэрэг гарсан өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гудамжинд харих гээд явж байхдаа гэрийн түлхүүрээ машины доогуур унагаад авч чадахгүй байсан, машин дээрх утас руу залгасан хэдий ч авахгүй байсан учраас тийм үйлдэл гаргасан...” гэв.

 

Эрүүгийн 2405000002083 дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч ****** мэдүүлэг ( хавтаст хэргийн 6-8 дахь тал), гэрч ******* мэдүүлэг ( хавтаст хэргийн 15-17 дахь тал), “Дамно” ХХК-ий 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн БГ2-24-1645 дугаартай шинжээчийн дүгнэлт “баруун хойд крилон их эвдрэлтэй 480,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 18-22 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 23-27 дахь тал),Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 28-31 дэх тал), яллагдагч ******* мэдүүлэг ( хавтаст хэргийн 50 дахь тал), гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 02 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа дуусгавар  болгох тухай тогтоол ( хавтаст хэргийн 77,79 дэх тал) зэрэгт  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нэмэлтээр “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2405000002083 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн тухайд

            Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ********нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Баянгол дүүргийн ***** дугаар хороо **** дугаар байрны урд талын зам дагуу байрлуулсан хохирогч ***** эзэмшлийн ****** улсын дугаартай тоёото кроун 210 загварын тээврийн хэрэгслийг ямар ч шалтгаангүйгээр хойд талын керлан хэсгийг өшиглөж, гэмтээсний улмаас уг тээврийн хэрэгсэлд бага хэмжээнээс дээш хохирол буюу 480,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ********* “... 2024 оны 10 дугаар сарын 17-ны 00 цаг өнгөрч байхад өөрийнхөө тоёото кровн маркийн ******** улсын дугаартай машинаа байрныхаа урд талын зам дагуу байрлуулаад Баянгол дүүргийн **** дугаар хороо **** дугаар байрны *** тоотод гэр рүүгээ орсон. Өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны 11 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад машин дээрээ очоод баруун талын хойд хаалга онгойлгоод цүнхээ тавих гэтэл миний хойд талын керлан хэсэг цааш хонхойж ороод будаг нь халцарсан байсан. Хонхойсон газрыг нь сайн нягтлаад харсан чинь ямар нэгэн гутлын мөр үлдчихсэн байсан. Би бодохдоо машиныг хүн өшиглөчихсөн байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Миний машинд хойд талын керлан хонхойсон, өөр гэмтэл байхгүй. Би хонхойж орсон керланы үнэлгээг үнэлгээний газраас асуухад 500,000-800,000 төгрөг болно гэж байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 6-8 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ****** “... Би хяналтын камерын бичлэгийг үзэж танилцлаа. Тухайн бичлэг дээрх хүн нь манай гэр бүлийн хүн болох ***** байна. Би өмсөж яваа шаргал цагаан өнгийн малгайтай цамц, гадна талын хар өнгийн куртик, зогсож байгаа зогстол зэргээр нь таньж байна. Би ****** 7 дугаар ангид танилцаж, нэг нэгнийгээ мэддэг байсан. Харин 2020 оноос тусдаа гарч гэр бүлийн хүмүүс болсон. Манай нөхөр даруухан, ажил төрөл гээд гэр бүлээ авч явдаг. Гэр бүлийн маргаан, харилцааны асуудалтай үедээ би ээж аавынхаа гэр рүү явчихдаг. Тэгээд гар утсаараа ярьдаггүй, холбоо барихгүй байх тохиолдол байдаг. Манай нөхөр согтууруулах ундааны төрлийн зүйл хааяа хэрэглэчхээд байдаг, түргэн ууртай, бодлогогүй шийдвэр гаргадаг юм” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 15-17 дахь тал),

 “Дамно” ХХК-ий 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн БГ2-24-1645 дугаартай шинжээчийн дүгнэлт “баруун хойд крилон их эвдрэлтэй 480,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 18-22 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “... ****** дугаартай автомашин байрлуулж тавьсан байв..., уг тээврийн хэрэгслийн жолоочийн талын хэсэг буюу баруун талын хойд керлан хэсэг нь цааш хонхойж орсон байв. Хонхойж орсон хэсэг нь 20смх25см хэмжээтэй хонхойсон хэсэгт гутлын мөр шороогоор бохирлогдсон харагдаж байв..., тус гутлын мөр нь өлмий хэсгийн дээш харсан байсныг криминалистикийн шинжээч шугам ашиглан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 23-27 дахь тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “... Цагаан өнгийн DVD-г дэлл маркийн компьютерт хийхэд 2024.10.17 гэх бичиглэлтэй дүрс бичлэг байв. Бичлэгийг нээж үзэхэд баруун дээд буланд 2024-10-27,04:44:46 гэх бичиглэлтэй 04 минут 46 секундын хугацаатай 1 бичлэг байна. Уг бичлэг бичлэгийг тоглуулахад 04 секундэд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй автомашины замаар саравчтай малгайг хойш нь харуулж өмссөн, хар өнгийн куртиктэй, малгайтай цамцтай эрэгтэй хүн зам хөндлөн гарч байна... 48 дах секундэд тухайн үл таних эрэгтэй Стелла баарны баруун талд байрлуулсан байсан 5 тооны тээврийн хэрэгслийн эхний саарал өнгийн тээврийн хэрэгсэл дээр очиж гэрэл тусган зогсож байх бөгөөд тухайн саарал өнгийн тээврийн хэрэгслийн ойр орчмоор тойрон алхаж байгаад бичлэгийн 02 минут 41 секундэд тээврийн хэрэгслийн зүүн талын толийг өшиглөж байна. Тус бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд 03 минут 12 секундэд саарал өнгийн тээврийн хэрэгслийн баруун талын толийг баруун хөлөөрөө өшиглөж байгаа дүрс бичлэг байна. Үргэлжлүүлэн бичлэгийг тоглуулахад 04 минут 15 секундэд саарал саравчтай малгай, хар куртик, малгайтай цамц өмссөн үл таних эрэгтэй саарал өнгийн тээврийн хэрэгслийн зүүн талын (хонго) хэсгийг 3 удаагийн үйлдлээр өшиглөж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна” гэх түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 28-31 дэх тал),

 мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар ******* “ Би 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө “GS-25- сүлжээ дэлгүүрээс идэх юм авчхаад гараад гэр рүүгээ явах замдаа үл таних хүнтэй маргалдах явцдаа зам дагуу зогсож байсан тээврийн хэрэгслийн доогуур түлхүүрээ унагасан. Түлхүүрээ авах гэсэн боловч авч чадахгүй байсан би уурандаа саарал өнгийн тоёота кроун загварын тээврийн хэрэгслийг өшиглөсөн. Тэгээд шууд гэр рүүгээ орж унтсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 50 дахь тал), гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 02 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг бол субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ.

 

Шүүгдэгч нь хохирогч ****** эзэмшлийн ***** улсын дугаартай тоёото кроун 210 загварын тээврийн хэрэгслийн хойд талын керлан руу өшиглөсөн идэвхтэй үйлдлээр бусдын эд хөрөнгөд халдаж, зориуд хохирол хор уршигт хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч ****** тээврийн хэрэгсэлд  480,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 18-22 дахь тал) тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсанд тооцох үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч ****** дээрх хууль бус үйлдлийг прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2405000002083 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон *****  тээврийн хэрэгсэлд 480,0000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч ***** хохирогч ******** тоот  дансанд 530,000 төгрөгийг 2025  оны 01 дүгээр сарын  28-ны  өдөр шилжүүлсэн (хавтаст хэргийн 78  дахь тал) баримтыг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасан үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авхуулах ...”, шүүгдэгчээс “..хөнгөн ял оногдуулж  өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ******** гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, прокурорын эрүүгийн хариуцлагын дүгнэлт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...эхнэртэйгээ маргалдаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн...” гэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын төрөл болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах,  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус 6 сарын хугацаагаар авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид тус тус мэдэгдэж хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Харин үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүхээс хэрхэн оногдуулах талаарх харилцааг Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ... хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж тодорхойлсон байх бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагын хүрээн дэх албадлагын арга хэмжээг заавал оногдуулахыг шүүхэд үүрэг болгосон буюу императив шинжтэй хэм хэмжээ биш, гагцхүү шүүгч өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан оногдуулж болох, шүүхийн эрх хэмжээнд хамаарч буй зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан  06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял  бүрэн биелэгдэж  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон (хавтаст хэргийн 77,79 дэх тал) байх тул  энэ тогтоолоор нэмж нэгтгэх ялгүй болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн 2405000002083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **********,*********,******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********  1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус 6/ зургаа/ сарын хугацаагаар авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********  оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХЦЭЦЭГ