Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/88

 

 

 

 

 

 

 

   2025         02          18                                     2025/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч Д.А, Ч.Т, тэдгээрийн өмгөөлөгч Л.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2408034210098 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тавилгын үйлдвэрт мужаанаар ажилладаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

...... овогт Д.А /РД:*******/,

2. Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

..... овогт Ч.Т /РД:*******/.

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Д.А, Ч.Т нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Д.А, Ч.Т нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” цайны газарт байсан хохирогч Д.Ц-ийн iphone XR загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Ц-д 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 дахь хуудас/,

- Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим эхнэр хоёр хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймаг явах замдаа Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Б цайны газарт хоол идэхээр зогссон. Тухайн үед хоол захиалах үедээ гар утсаа барьж яваад ширээн дээр тавьсан ба захиалга өгч байх үед гар утас алдагдсан. Тэгээд ойр орчмын хяналтын камерыг үзэхэд миний гар утсыг үл таних эмэгтэй хүн барьж байгаад нааш тавьж байсан. Удалгүй тэр эмэгтэй миний гар утсыг аваад үл таних эрэгтэй хүнд өгч дамжуулан цайны газраас гарсан. ...би 2022 онд M дэлгүүрээс Iphone XR маркийн гар утсыг 800,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон туул сум руу явах замдаа Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд байх “..........” цайны газар хоол идэхээр болсон. Тухайн үед хоол захиалах үедээ эхнэртээ өөрийн эзэмшлийн IPhone XR маркийн хар өнгийн гар утсыг өгөөд тек захиалга өгөх ширээ дээр хоолны захиалгаа өгч байгаад ширээн дээрээ суухад манай эхнэр чиний гар утас алга болчихлоо гэхээр нь ойр орчим хайсан боловч олдоогүй. Тэгээд захиалга өгөх гэж байгаа хүмүүсээс гар утас харсан эсэх талаар асуухад хараагүй гэж хариулсан. Түүний дараагаар тус цайны газрын хяналтын камерыг шалгахад 50-55 насны орчим цэнхэр өнгийн цамцтай эмэгтэй миний гар утсыг авч хамт явсан эрэгтэйд дамжуулж байгаа нь бичигдсэн байсан. Намайг захиалга өгч байгаа хүмүүсээс гар утас харсан эсэх талаар асуухад миний гар утсыг авсан эмэгтэй тэдгээр хүмүүсийн дунд зогсож байгаад шууд гараад явчихсан байсан. Тэгээд би өөрийн гар утас руугаа цайны газраас гараад залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. ...миний санаж байгаагаар 70-80 хувийн цэнэгтэй байсан, ашиглах боломжгүй дэлгэц дээрээ 6 оронтой ..гэх кодтой байсан... дэлгэцийн кодыг олон удаа буруу хийж блоклосон байхаас гадна сим картны кодыг олон удаа буруу хийж блоклосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 30-31 дэх хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-20 дахь хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54 дэх хуудас/,

- “.......” ХХК-ийн шинжээч М.Насанбатын 2024 оны 8 дугаар сарын 27-ны        өдөр гаргасан *** дугаартай Iphone XR маркийн rap утас 256GB... нийт үнэлгээ 500,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 47-49 дэх хуудас/,

- Ч.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дахь хуудас/,

- Д.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дэх хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 121-122 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 129-130 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Лхагвадорж гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Д.А, Ч.Т нар нь хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Хохирогчид гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.А, Ч.Т нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн хорих ял  оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Лхагвадорж эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна...” гэв.

Иймд шүүгдэгч Д.А, Ч.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Д.А, Ч.Т нарыг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Д.А, Ч.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Д.А, ..... овогт Ч.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанБусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Ч.Т нарыг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Шүүгдэгч Д.А, Ч.Т нарыг шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Ч.Т нар нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.А, Ч.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛДАР