Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.О*******ад холбогдох эрүүгийн 2415002800014 дугаартай, 304/2025/0035/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Б******* О*******, ******* аймгийн ******* суманд 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 2 дугаар  баг “Бөхөсийн гол” гэх газар оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.О*******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* сумын “*******” 2 дугаар багт майханд хүмүүсийг унтаж амарч байх үед бусдын тайван байдлыг алдагдуулж зохисгүй байдал гаргасан түүний үйлдлийг хориглосон, хохирогч Б.С*******тай хэрүүл маргаан хийж, хохирогч Б.С*******ыг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.О******* нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг- Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж зохисгүй үйлдэл гарган түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн Б.С*******ыг зодож “зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний цөгцний ¼ хэсэг хугарал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Хохирогч Б.С*******ын: “...Би 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумаас Булган аймгийн ******* сум руу найзуудын хамт Г гэх үеэл ахындаа очсон юм. Тэгээд бид нар пиво уучхаад сууж байтал О******* гэх согтуу нутгийн залуу ирэхээр нь бид нар пиво өгсөн чинь улам согтоод майханд хүүхдүүд унтаж амарч байхад дуулаад хашхираад согтуу машинаа бариад майхантай хүмүүсийг дайрчих гээд байсан. Тэгээд би харьж унт гэж 2-3 цаг гуйсан чинь миний үгэнд орохгүй явахгүй байсан. Тэгээд манай эхнэр Хишигбаярыг майханд унтаж байтал майхан руу мөлхөөд явж байсан. Тэгэхээр нь би чи болиоч гэсэн чинь намайг заамдаж аваад бид хоёр дээр доороо ороод ноцолдоод босоод ирсэн чинь миний дээд үүдэн шүд 2 хугарчихсан байсан, бас машиныхаа түлхүүрээр миний хүзүүний ар хэсгийг урсан. Миний эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 21-22 дахь тал/,

-Гэрч Э.Г: “...Тэгээд С*******ын эхнэр Х хажууд нь суугаад тайван байлгахгүй байсан. Тэгээд бид нарын эхнэр хүүхдүүд тус тусынхаа майхан руу ороод унтчихсан хойгуур тэр залуу орилж хашхираад хүмүүс унтуулахгүй байсан. С******* тэр залууг аргадаад 2-3 цаг орчим болоод С******* тэр залуугаас хэсэг холдоод эргээд харсан чинь С*******ын эхнэр Х унтаж байсан майхан руу дөрвөн хөллөөд мөлхөж байсан. Тэгтэл С******* уурлаад чи муу яах гээд байгаа пизда вэ? хүн амьтан унтуулахгүй орилж хашхираад гэж хэлсэн чинь О******* С*******ыг шууд заамдаад авсан. Тэгээд тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод босоод ирсэн чинь С*******ын 1 шүд нь хугарчихсан амнаас нь цус гарч байсан. Тэгээд тэр залуу гэр рүүгээ явчихсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

-Гэрч Ш.Т: “...Тэгээд манай найз С*******ын эхнэрийг өдөөд хажууд нь очоод суучихсан. Тэгтэл С******* тэр залууг чи одоо харьж унт яагаад байгаа аятайхан байгаач гэж хэлсэн чинь үгэнд нь орохгүй ширээ нураачихсан бид нар харь гээд асраас гаргасан чинь буцаж ирээд С*******ын эхнэрийн унтаж байсан майхныг 4-н хөллөөд тойрчихсон яваад байсан. Тэгтэл С******* асар дотроос гарч очоод чи яах гээд байгаа юм гээд хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд С*******тай тэр залуу зууралдаад газар унаад дээр доороо ороод С*******ын дээр гарчихсан сууж байсан. Тэгэхээр нь Гэрэлт-од ах бид хоёр салгахад С*******ын хүзүү нь улаан болчихсон, амнаас цус гарч байсан. Тэгээд С*******аас зүгээ рүү гэж асуусан чинь намайг мөргөчих шиг боллоо наадах чинь гэсэн....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

-Булган аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч Б.Энхбатын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 372 дугаартай:

          1.Магадлуулагч Б.С*******ын биед зүүн дээд үүдэн 1-р шүд цөгцний 4/1 хэсэг хүртэл хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.

          3.Уг гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4.Зүүн, дээд үүдэн 1-р шүд цөгцний 4/1 хэсэг хүртэл хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.О******* нь тусгай дунд боловсролтой байх бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ бичгээр илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.О*******ыг бусдын эрүүл мэндэл хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэв.

Шүүгдэгч: “...байхгүй...” гэв.

Шүүгдэгч Б.О*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 372 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.О*******ын хохирогч Б.С*******ыг зодож шүдийг нь хугалсан үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “зүүн дээд үүдэн 1-р шүд цөгцний 4/1 хэсэг хүртэл хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Энхбатын “...Б.С*******ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч Б.О*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.С*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.О*******ыг хохирогч Б.С*******д төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.О*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Би хохирогчдоо хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Одоо хохирогч маань ямар ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон. Би хөдөө мал малладаг хүн бөгөөд заавал намайг торгох ялаар шийтгэх алба байна уу...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 63 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/, иргэний мэдээлэл, лавлагаа /хавтаст хэргийн 65-69 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.О*******ын хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.О*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О*******ад тусгайлан сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Б******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О*******ад сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ