Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/01200

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/01200

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 24-24 тоотод оршин суух, РХ77112429 дугаар регистртэй, эмэгтэй, Харианд овогт Дашмягмарын Алтанзулын,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,

Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн мөнгөн хөрөнгийн кассын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2021/00996/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Очирхуягийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/48 дугаартай тушаалаар тус компанид мөнгөн хөрөнгийн кассын үүрэгт ажилд түр томилогдон ажиллаад, үүрэгт ажлыг гүйцэтгэх явцад ямар ч зөрчил гаргаагүй ажилласан. Байнгын ажлын байранд хугацаа заагаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ажил олгогчийн зүгээс мөнгөн хөрөнгийн кассын ажилтан намайг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/93 дугаартай тушаал гарган үүрэгт ажлаас чөлөөлөв. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дугаар заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.3, Хөдөлмөрийн гэрээний 7.1 дүгээр зүйлийг үндэслэсэн байна. Миний хувьд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүлээн авахад намайг...мэргэжлийн ур чадварт тэнцэхгүй болох нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдсон тул 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөнгөн хөрөнгийн кассын үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг үүгээр мэдэгдэж байна...гэсэн. Үүнийг би хуулийн үндэслэл гэж үзэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Би 2019 онд Монголын хүний нөөцийн Цогц чадамж академийг төгссөн, эдийн засгийн болон санхүүгийн зохих мэдлэг эзэмшсэн.

Иймд Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн мөнгөн хөрөнгийн кассын үүрэгт ажилд Д.Алтанзул намайг эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж шүүхэд гаргасан тайлбартаа: 2021 оны тодорхой бус сар өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж би гаргаж байна. Үүнд:

1. Захирлын зөвлөлийн гишүүд ажилчдын хувийн хэрэгт шалгалт явуулахад мөнгөн хөрөнгийн кассын ажилтан Д.Алтанзул эрх зүйч мэргэжилтэй болох нь тогтоогдсон. Мөнгөн хөрөнгийн кассын ажилтаны ажлын байрны тодорхойлолтод зааснаар эдийн засаг, санхүү, нягтлан бодогч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэнийг ажиллуулахаар заасан байдаг. Д.Алтанзулын хувьд Монголын хүний нөөцийн Цогц чадамж академи буюу төрийн бус байгууллагын няравын сургалтад суусан байдаг. Иймээс 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулж, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно.

Иймд Д.Алтанзулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 11-18 тоотод оршин суух, РЮ60062819 дугаар регистртэй, эрэгтэй, Барчууд овогт Баадайн Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Д.Алтанзулыг ажлаас чөлөөлөхдөө мөнгөн хөрөнгийн кассын ажилтны ажлын байрны тодорхойлолтод зааснаар эдийн засагч, санхүү, нягтлан бодогч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн этгээд ажиллах шаардлагатай байхад эрх зүйч мэргэжилтэй байна гэх шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримталжээ. Тус хуулийн дээрх заалтаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд ямар шаардлага хангасан байх талаар хуульд тодорхой зааж өгсөн. Ур чадварын байдлаар ажилдаа тэнцэхгүй байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж ажлаас чөлөөлдөг. Тухайн байгууллагын мэргэжлийн түвшин тогтоох комисс шийдээгүй байгаа. Дүгнэлт гаргуулахгүйгээр энэ хүний мэргэжил, ур чадвар тухайн ажлын байранд тэнцэхгүй гээд ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн ажлыг хийгээд 2 жил болж байгаа. Тухайн байгууллагын захирлын зөвлөлийн гишүүд бичиг баримтад шалгалт хийж, Д.Алтанзулыг эрх зүйч мэргэжилтэй тул мөнгөн хөрөнгийн кассын няравын албан тушаалд тохирохгүй гэж ажлаас чөлөөлөх ойлголт байхгүй. Энэ тохиолдолд нэг олгогдсон эрх нь байгууллагын эрх хэмжээнд мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байж болохыг хуульчилж заасан байдаг. Дээрх эрхийнхээ хэмжээнд буюу комиссын шийдвэрээр шийдээгүй. Д.Алтанзулын хувьд албан тушаалд тэнцэхгүй байгаа нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол маргах зүйл байхгүй. Гэтэл олгогдоогүй эрх хэмжээгээр ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус юм.

Иймд Д.Алтанзулыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 11-06 тоотод оршин суух, РЭ87060114 дугаар регистртэй, эрэгтэй, Гэгээнтэн овогт Далайжаргалын Содномдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн захирлын зөвлөл 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 1 дүгээр касс Д.Алтанзулыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр түүнд мэдэгдэх хуудсыг гардуулсан. Мэдэгдэх хуудсан дээр нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй гэж ойлгож байна. Тухайн байгууллагын өмнөх гүйцэтгэх захирал хууль бусаар мэргэжлийн бус хүнийг ажилд авсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт мэргэжлийн байгууллагын тогтоох байсан гэх асуудлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Тухайн байгууллагын инженер болон монтёруудад Эрчим хүчний зохицуулах хорооноос жилд нэг удаа шалгалт авдаг. Санхүүгийн ахлах нягтлан бодогч буюу байгууллагын ерөнхий нягтлан бодогч ажилтнуудынхаа мэдлэг ур чадвартай танилцаж, захирлын зөвлөлөөр саналаа оруулж шийдвэрлэдэг. Захирлын зөвлөл нь эрх хэмжээний хүрээнд тухайн хүмүүсийн мэргэжлийн ур чадвар, мэргэжилдээ хэр нийцэж байгаа талаар захиргаа аж ахуйн нэгжийн хүрээнд хяналт явуулах эрх нь нээлттэй байдаг. Касс, нягтлан бодогч, нярав, эдийн засагч нар нь тусдаа статустай байдаг. Санхүү болон мөнгөн хөрөнгийн касс зэргийг захирлын зөвлөлөөр шийдвэрлэдэг журамтай бөгөөд тэр журмынхаа хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэсэн. Учир нь кассын ажилтан Д.Алтанзулын хувьд дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хүний нөөц, кассын чиглэлээр 14-21 хоногийн сургалтад хамрагдаж сертификат авсан байсан. Тус ажлын байрны тодорхойлолтод мэргэжил нь дээд боловсролтой, санхүү, эдийн засаг, нягтлан бодогчийн чиглэлээр мэргэшсэн байна гэдгийг заасан. Нэхэмжлэгч нь дээд боловсролын хүрээнд тэнцэж байгаа ч мэргэшлийн хувьд тэнцэхгүй байна гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар 30 хоногийн өмнө Д.Алтанзулд мэдэгдэх хуудсыг гардуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр захирлын тушаалаар хууль ёсны хүрээнд ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу холбогдох заалтуудыг дурдсан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох 7.1 дүгээр зүйлийг баримтлан ажлаас чөлөөлсөн.

Иймд нэхэмжлэгч Д.Алтанзулын Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн мөнгөн хөрөнгийн кассын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтанзул нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн мөнгөн хөрөнгийн кассын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн мөнгөн хөрөнгийн кассын ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын шаардлагыг хангахгүй байсан тул Д.Алтанзулыг тухайн байгууллагын захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Д.Алтанзул Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид мөнгөн хөрөнгийн кассын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ...Тушаах нь: 1. Мөрөн сумын Шинэ Мөрөн худалдаа үйлчилгээний төвд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулж байгаатай холбогдуулан Засаг даргын албан бичгийн дагуу манай компани цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд үйлчилгээгээ түргэн шуурхай болгох зорилгоор 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс эхлэн Дашмягмар овогтой Алтанзулыг мөнгөн хөрөнгийн кассын үүрэгт ажилд түр хугацаагаар томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Д.Алтанзулыг ажилд томилох тухай Б/48 дугаар тушаал, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн мөнгөн хөрөнгийн кассын ажилтны ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Д.Алтанзулын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 39, 61-79 дүгээр хуудас)

Нэхэмжлэгч Д.Алтанзулыг байгууллагын ажлын байрны тодорхойлолтод зааснаар бизнесийн удирдлага, цахилгааны борлуулалт, эдийн засгийн зохих мэдлэгтэй, санхүүгийн дээд боловсролтой гэсэн шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дугаар заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.3, хөдөлмөрийн гэрээний 7.1 дүгээр зүйлийг баримтлан үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Д.Алтанзулыг ажлаас чөлөөлөх тухай №Б/93 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн мөнгөн хөрөнгийн касс ажилтай Д.Алтанзул нь мэргэжлийн ур чадварт тэнцэхгүй болох нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдсон тул 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөнгөн хөрөнгийн кассын үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг үүгээр мэдэгдэж байна гэх бичилттэй №03 дугаар мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай баримт, зохигчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдов. (хавтаст хэргийн 40, 62 дугаар хуудас)

Ажилтан Д.Алтанзулыг ажлаас халсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Д.Алтанзулыг ажлаас чөлөөлөх тухай №Б/93 дугаар тушаал эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримтласан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

1. Ажил олгогч нь нэхэмжлэгч Д.Алтанзулыг байгууллагын ажлын байрны тодорхойлолтод зааснаар бизнесийн удирдлага, цахилгааны борлуулалт, эдийн засгийн зохих мэдлэгтэй, санхүүгийн дээд боловсролтой гэсэн шаардлагыг хангахгүй гэж ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх заалттай нийцээгүй байна. Тодруулбал ажлын байрны тодорхойлолтод заасан санхүүгийн дээд боловсролтой байх гэсэн шаардлагыг хангаагүй гэх шалтгаанаар ажил олгогчоос ажилтныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байна гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хэрэв ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол энэ талаар салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын гаргасан албан ёсны дүгнэлт, шийдвэрийг үндэслэсэн байх шаардлагатай.

2. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан Ажлынхаа арга барил, ур чадвар, мэдлэг мэргэжлээ бие дааж болон сургалтанд хамрагдаж байнга дээшлүүлэх, өөрийн болон хамтран ажиллагчийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг чанд мөрдөж, үйлдвэрлэлийн осол, аваараас урьдчилан сэргийлэх гэсэн ажилтны хүлээх үүргийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа баримтласан нь ойлгомжгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг байгууллагын ажлын байрны тодорхойлолтод зааснаар бизнесийн удирдлага, цахилгааны борлуулалт, эдийн засгийн зохих мэдлэгтэй, санхүүгийн дээд боловсролтой гэсэн шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа түүнд тохирсон заалтыг баримтлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн захирлын зөвлөл 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 1 дүгээр касс Д.Алтанзулыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан...Тус ажлын байрны тодорхойлолтод мэргэжил нь дээд боловсролтой, санхүү, эдийн засаг, нягтлан бодогчийн чиглэлээр мэргэшсэн байна гэдгийг заасан. Нэхэмжлэгч нь дээд боловсролын хүрээнд тэнцэж байгаа ч мэргэшлийн хувьд тэнцэхгүй байна гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн... гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Д.Алтанзулыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн мөнгөн хөрөнгийн кассын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Д.Алтанзулыг ажилд томилох тухай Б/48 дугаар тушаал, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Д.Алтанзулыг ажлаас чөлөөлөх тухай №Б/93 дугаар тушаал, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн мөнгөн хөрөнгийн кассын ажилтны ажлын байрны тодорхойлолт, Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмыг батлах тухай №52 дугаар тогтоол, Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ зэрэг баримтын хуулбарууд,

2. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн Эрчим хүч ХХК захирлын зөвлөлийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн протоколын хуулбар зэрэг баримтуудад тухайн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа хуулийн этгээд өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргаж өгөхгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Дээрх баримтуудын эх хувь эсхүл хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Харианд овогт Дашмягмарын Алтанзулыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн мөнгөн хөрөнгийн кассын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА