| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0026/э/205//2020/0014 |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн өмгөөлөгч Д.Б,
Шүүгдэгч С.Уын өмгөөлөгч М.Гомборагчаа, Л.Мөнхсайхан,
Шүүгдэгч Х.Б, Я.У нарын өмгөөлөгч Б.Лхагважав,
Гэрч Г.Эрдэнэбаяр, Н.Жанлав,
Шүүгдэгч С.У, Х.Б, Я.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч С.У, Х.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангий 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Я.У нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1924000380093 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч-1: Монгол Улсын иргэн, Т овогт С У,
Шүүгдэгч-2: Монгол Улсын иргэн, Б овогт Х Б,
Шүүгдэгч-3: Монгол Улсын иргэн, Б овогт Я.У,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.У нь ......................дугаартай ................. мод ачсан тээврийн хэрэгслийг жолоодож яваад ................................... ам гэх газарт асфальтан зам дээр буруу зогсолт хийж анхааруулах дохио, таних тэмдэг байрлуулахгүйгээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр бүлгийн 24.5, 24.6, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3 дугаар зүйлийн в, ж, 9.4, 9.5, 9.1, 9.2, 18 дугаар бүлгийн 18.4 дэх заалт, 3 дугаар бүлгийн 3.4-а дэх заалт, 3 дугаар хавсралтын 1, 4 дэх хэсэг, 3.1-б дахь заалтуудыг,
Шүүгдэгч Х.Б нь “.........................” ХХК-ний ........................ улсын дугаартай автобус жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас С.Уын Завхан аймгийн Их-Уул сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд явах замдаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргин багийн нутаг Бумбатын ам гэх газарт асфальтан зам дээр зогсолт хийсэн байсан Зил-131 маркийн автомашины чиргүүл дээр илүү гаргаж ачсан модыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө уг автобусанд зорчиж явсан насанд хүрээгүй Б.О, жолооч Ж.Б нарын амь нас хохирсон, насанд хүрээгүй хохирогч А.Өын эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Н.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Э.Энхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Я.У нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байсан “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ний зам тээврийн осолд холбогдсон Гранд брид маркийн 29-20 УВХ улсын дугаартай автобуснаас автобусны хар хайрцагт байсан зам тээврийн ослын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох мемори картыг авч нуусан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.У нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд 01-91 ЗАА улсын дугаартай Зил-131 маркийн мод ачсан тээврийн хэрэгслийг жолоодож яваад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Бумбатын ам гэх газарт асфальтан зам дээр зогсолт хийхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр бүлгийн 24.5-д “Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 метрээс, өргөн нь 2.5 метрээс, урт нь 20 метрээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална” гэж, 24.6-д “Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь
мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3 дугаар зүйлийн в “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд ослын дохионы гэрлийг хэрэглэнэ” гэж,
мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3 дугаар зүйлийн ж “Тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд ослын дохионы гэрлийг хэрэглэнэ” гэж,
мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.4 дүгээр зүйлд “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна ослын зогсолтын тэмдэг хэрэглэнэ” гэж,
мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5 дугаар зүйлд “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс, суурин газрын гаднах замд 30 метрээс, тууш замд 50 метрээс багагүй зайд байрлуулна” гэж,
мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дүгээр зүйлд “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ” гэж,
мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дүгээр зүйлд “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй” гэж,
мөн дүрмийн 18 дугаар зүйлийн 18.4-д “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэж,
3 дугаар бүлгийн 3.4. а “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ” гэж,
3 дугаар хавсралтын 1-д “...Таних тэмдгийг аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн урд болон ард байрлуулна;
«Овор ихтэй ачаа»-улаан, цагаан ташуу зураас хосолсон (зураасын өргөн нь 50 мм) 400 мм х 400 мм хэмжээтэй дөрвөлжин тэмдгийг ачаа нь тээврийн хэрэгслийн овроос тогтоосон хэмжээнээс илүү гарсан хэсэгт байрлуулна” гэж,
3 дугаар хавсралтын 4-д “Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино” гэж заасан заалтуудыг зөрчсөний улмаас,
шүүгдэгч Х.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө ........................ дугаартай автобус жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас ................................ зам дээр зогсолт хийсэн байсан ЗИЛ-131 маркийн 01-91 улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүл дээр илүү гаргаж ачсан модыг мөргөсний улмаас уг автобусанд зорчиж явсан насанд хүрээгүй Б.О, жолооч Ж.Б нарын амь нас хохирч, насанд хүрээгүй хохирогч А.Өын эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Н.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Э.Энхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр У, Жанлав бид гурав модыг автомашины болон чиргүүлийн тэвш нь дээр хөндлөн байрлалаар ачсан. 4 метр орчмоор тайрсан моднууд байсан яг хэдэн метр урттай байсныг мэдэхгүй байна. Тэвшнээс хоёр талдаа 80 см орчим илүү гарчихсан байсан байх. Автомашиныг У жолоодож явсан. Модонд явах үедээ машинд банкийг нь дүүргээд явсан. Машины бензин наашаа ирж яваад Тосонгийн даваа орчимд бензин дуусаж дахин 40 литр орчим бензин авсан. Их-Уул сумын төв орж ирээд машины бензинийг шалгаж банк руу хуруугаа хийж үзэхэд 4 хуруу орчим бензин байсан. Тэгэхээр нь бензин хүрнэ гээд явсан. Их-Уул сумаас хөдлөхдөө С.У надад нэг ослын тэмдэг өгөхөөр нь би модны үзүүрт ослын тэмдэг уясан. С.У ах өөр нэг ослын тэмдгийг модны үзүүрт уясан. Бид нар явсаар байгаад 00 цагийн үед Бумбатын ам гэх газарт явж байтал бензин тасалдаад У ах машинаа замын хажуу руу хангалттай шахаж зогсоосон. У ах бид хоёр бууж үзэхэд бензин дууссан байсан учраас хойноос машины гэрэл ирж байх шиг байхаар нь зогсоох, мөн би утасны сүлжээ хайхаар явах замдаа ослын тэмдгийг тээврийн хэрэгслээс хэд алхаж байгаад тавьчхаад хойноос ирж байгаа гэрэл руу явсан. Урдаас автобус ирж байсан. Тэгээд би гараа өргөтөл автобус хажуугаар давхиад өнгөрсөн бөгөөд машиныг мөргөсөн. Замын нөгөө талд муруй зам гэсэн тэмдэг байсан. Би тэр тэмдгийн хажууд зогсож байсан. Автобус хурдтай явж байсан бөгөөд зогсоож тоормослох ямар ч арга хэмжээ авахгүйгээр модтой машиныг мөргөөд 50-60 метр орчим яваад зогссон. Намайг очтол автобусны жолооч нь би хүн алчихлаа гэж хэлсэн. Би автобусыг зогсоох арга хэмжээ авахгүй яагаад явж байгаа юм бэ гэж хэлсэн. Автобус их хурдтай явж байсан учраас мөргөх үед моднууд бут үсэрсэн байсан. Модыг хоёр давхар тороосоор урдаас нь хойш нь дарсан. Чиргүүлийн урд чулак тасарсан, татлага тасарч, мод газраар нэг тарсан байсан. Би очоод жолоочоос ослын тэмдэг болон намайг харсан уу гэж асуухад харсан гэж байсан. Тэгээд зогсоох арга хэмжээ авахгүй яасан юм бэ гэхэд юу ч хэлээгүй. Сүүлд нь ослын тэмдгийг автобуснаас буусан хүн барьчихсан явж байсан. Энэ зам тээврийн ослоос болж хоёр хүний амь нас хохирсонд харамсаж байна. Би тухайн үед С.У ахыг модонд гуйж авч явсан юм. Автобус машиныг мөргөж байхыг харсан ганц гэрч бол би байгаа юм. Автобусны жолооч зогсоох арга хэмжээ ерөөсөө аваагүй...” гэсэн мэдүүлэг /1хх 134-138/
2. Гэрч Н.Жанлавын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Шөнө осол гарах үед У машиныг барьж явсан. Автомашины бензин дуусаад зогсоход У, Эрдэнэбаяр хоёр машинаас буусан. У ослын тэмдэг гээд юм ухаад тавиад байх шиг байсан. Тухайн үед би утасны сүлжээ орох болов уу гээд утсаа ухаад сууж байсан. У удалгүй машины кабин руу орж ирж суусан. Эрдэнэбаяр машинаас буугаад гар утасныхаа гэрлийг асаачихсан машин зогсооно гэж байсан. Эрдэнэбаяр машины ар талд байсан байх У бид хоёр кабин дотор сууж байхад автобус мод мөргөөд нилээд явж байгаад зогссон. Манай машин замын хажуу руу нилээд шахаж зогссон байсан учраас би машинаас буухдаа замын хажуу тал руу унаад босож ирсэн. Чиргүүлд ачсан мод замаар нэг тарсан байсан. У нь Их-Уул сум руу орж ирээд хар зам дээр гарахын өмнө зогсоод одоо төв зам руу орох гэж байна гэж хэлээд машин дээр ачсан модны урд хойно нь юм уяна гэж хэлээд кабины суудлын араас юм аваад байсан. Яг хаана ямар тэмдэг тавьсныг би анзаарч хараагүй. У, Эрдэнэбаяр хоёр машинаас буусан. Бумбатын аманд машин бензин дуусаад зогсоход У, Эрдэнэбаяр хоёр ослын тэмдгийг яг хаана суурилуулж тавьсныг мэдэхгүй байна. Гэхдээ Эрдэнэбаяр ард нь юм тавьсан гэж байсан ямар ч байсан гар утасны гэрлээрэй дохиж машин зогсооно гэж байсан. Осол болоод очиход автобус дотор хоёр хүн нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-145-148/
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Манай аав Ж.Б нь Улаанбаатар хот болон Увс аймгийн чиглэлд том оврын автобусаар хүн тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-д жолоочоор ажилладаг байсан. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагаас Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд хүн тээврийн ажлаар гарсан. Тэгээд шөнө 02 цаг болж байхад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Их-Уул сумын дунд байх асфальтан зам дээр зогсож байсан гэх ачааны автомашины ачсан модыг манай аавын зорчиж явсан автобус нь баруун талаар шүргээд автобусны хамгийн урд талын суудалд сууж явсан хүмүүсийн амь насыг хохироосон хэрэг гарсан гэсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 06 цаг өнгөрч байхад миний гар утас дугараад манай хамаатны хүн болох Батболд гэдэг хүн утсаар яриад аав чинь зам тээврийн осолд орсон, бие нь муу байна гэж ярьсан. Тухайн үед миний ээж манай гэрт байсан бөгөөд би ээжийг аваад аавын гэрт очсон. Тэр үед манай хамаатны хүмүүс аавын гэрт ирэхэд аавыг нас барсан талаар мэдсэн. Тухайн үед аав жолоо барьж яваагүй, амарч явсан гэсэн автомашиныг нь туслах жолооч болох Б гэх хүн жолоодож явсан гэж сонссон. Манай аав Увс аймаг Улаанбаатар хотын чиглэлд олон жил жолоо барьж байгаа. Мод ачсан автомашины жолооч У гэх жолоочид маш их гомдолтой байна. Миний аав нас бараад буяны ажил болон унааны зардалд 17 сая төгрөгийн зардал гарсан ба энэ мөнгийг Уаас нэхэмжилнэ. Мөн 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг ээжийн минь цаашдын баталгаа болгож нэхэмжилж байна. Ээжийн маань биеийн байдал одоо тун муу байна. ТНХ ХХК-ий зүгээс бид нарт 15,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 82-86/,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Манай бага хүү Очирбат нь 15 настай бөгөөд Улаангом сумын 10д ангид суралцдаг бөгөөд хөл бөмбөгийн аймгийн шигшээд байдаг байсан. Б.О нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаангом сумаас Улаанбаатар хот руу хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор баг тамирчдынхаа хамтаар явсан. Тэгээд Очирбат нь тэмцээндээ оролцоод Улаанбаатар хотоос Улаангом сум руу баг тамирчдынхаа хамтаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн автобусаар гарсан. Тухайн үед Очирбат нь Улаанбаатар хотоос “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ний 29-20 УВХ улсын дугаартай автобусаар гарсан бөгөөд тухайн орой 19 цагийн үед ээжтэйгээ утсаар ярьж “Сансар дээр хоол идээд одоо хөдөлж байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш Очирбат бид нартай холбогдоогүй. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 01-ний шөнө 04 цагийн үед Завхан аймгийн цагдаагийн газрын ажилтан 99465000 дугаараас миний 99458612 дугаар луу залгаж “танай хүү Очирбат чинь нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар тухайн өдөр 18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэлд очиход манай хүү Очирбатын цогцсыг ноорогт аваачиж шинжилгээнд оруулж байсан. Тэгээд бид нар болсон асуудлыг цагдаагийн ажилтнаас тодруулахад 2019 оны 5 дугаар сарын 01-ний 02:00-03:00 цагийн хооронд Улаанбаатар хотоос Увс аймаг руу явж байсан миний хүүгийн зорчиж явсан 29-20 УВХ улсын дугаартай автомашин нь зам тээврийн осол гаргаж манай хүү Очирбат нь газар дээрээ нас барсан талаар хэлсэн. Надад “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-иас хохиролд 50 сая төгрөг өгсөн. Одоо сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг нэхэмжилж байна. У хохиролд 5 сая төгрөг өгсөн. Б 200,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 87-91/,
5. Насанд хүрээгүй хохирогч А.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед юу болсныг мэдээгүй, ухаан алдсан байсан. Цагдаа дээр очиж бидний сууж явсан автобус осолд орсон талаар мэдсэн. Миний хувьд осол гарсан талаар мэдээгүй, би автобусны баруун талын хойноосоо урагшаа 3 дахь суудлын цонхон талын суудал дээр сууж явсан. Осол гарсан талын цонхны талд сууж явсан. Миний баруун хөмсөгний дээд талын хэсэгт гэмтэл авч хоёр оёдол тавиулсан. Тухайн үед миний толгой маш их өвдөж байсан. Тосонцэнгэлээс бид нар Улаангомд автобусаар ирсэн. Тэгээд толгой өвдөөд болохгүй байсан тул эмчид үзүүлэхэд толгойн гавлын яс тархи руу цөмөрч цус хуралттай байна. Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын эхээр тархины хагалгаанд орсон. Хааяа толгой өвдөж байна, бүрэн эдгэрсэн гэж хэлж чадахгүй. Гэмт хэргийн улмаас миний толгойд гэмтэл учирсан одоо эдгэрсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 92-95/,
6. Насанд хүрээгүй хохирогч А.Өын хууль ёсны төлөөлөгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагт ирсэн автобусанд зорчиж явсан бүх зорчигч нарыг нэгдсэн журмаар нэгдсэн эмнэлэгт буулгаж үзүүлсэн. Ө эмнэлэгт үзүүлэхэд түүний толгойн боолтыг цэвэрлээд өглөө ирж томографт орох шаардлагатай гэсэн. Маргааш нь томографт оруулж мэс заслын эмчид үзүүлэхэд Ө ингэж хөдөлж болохгүй толгойны яс нь дотогшоо цөмөрч тархиндаа цус хуралттай байна, яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй одоо шууд эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гэсэн. Би хүүгээ аваад Улаанбаатар руу онгоцоор явж гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орж эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 96-98/,
7. Насанд хүрээгүй хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би автобусны суудлын зүүн талаасаа хоёр дахь сууж явсан ослын улмаас миний зүүн хөлийн чигчий хурууны 3 дугаар яс хугарч гэмтсэн, өөр ямар нэгэн гэмтэл учраагүй осол болсны дараа Тосонцэнгэл сумын эмнэлэг дээр очиж хугарсан чигчий хурууны ясыг эмчилж, гипс тавих эмчилгээ хийлгэсэн. Модонд цохиулж гэмтэх байх автобусны зүүн талын арын суудал дээр би сууж явахдаа хөлөө баруун талын цонх буюу мод цохидог тал руу жийгээд унтаж байсан баруун талын арын цонхоор том модын үзүүр орж ирсэн байсан. Би хөлийн эмчилгээндээ 200,000 төгрөг эм тариа авч хэрэглэсэн, эмчилгээний зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 хх 99-101/,
8. Насанд хүрээгүй хохирогч Н.А хууль ёсны төлөөлөгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү А Улаанбаатар хотод өсвөрийн хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор Улаангомоос явж оролцоод буцаад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн автобусаар гарсан. Ирж явсан автобус нь осолд орсон талаар мэдээд “Түмэнд Нээлттэй Хязгаарынхан” ХХК-иас асуухад осол болсон талаар хэлээд зорчиг нарыг Улаангом руу явуулсан гэсэн. Хүүгээ тосож авахад А маань зүүн хөлөө гипсдүүлсэн ирсэн. Хүүгээсээ юу болсон талаас асуухад автобус явж байгаад модтой машин мөргөсөн гэж хэлсэн. Гэхдээ осол болох үед унтаж байсан болохоор яг юу болсныг мэдэхгүй гэж хэлсэн. Ослын улмаас миний хүүгийн зүүн хөлийн чигчий хурууны яс хугарсан байсан. Бид нар хүүгээ эмнэлэгт үзүүлж гэрээр эмчилгээ хийсэн зардалд 200,000 төгрөг гарсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 102-104/
9. Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11.00 цагийн “................... автобусаар Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд зорчсон юм. Би тухайн автобусны 2 дугаартай сандал дээр сууж явсан юм. Тэгээд би тухайн автобусанд 2019 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө унтаж явтал гэнэт хүчтэй юм мөргөх шиг болсон бөгөөд би гэнэт урагшаа сандлаасаа шидэгдээд сэрэхэд миний сууж явсан автобусны зорчигч сууж буудаг хаалга урагшаа машин мөргөсөн юм шиг чихэгдсэн, хаалга буюу автобусны бүх цонхнууд босоо болон нуруу төмрүүд нь чихэгдэж, цонхнууд нь хагарсан байсан юм. Тэгээд би автобуснаас гараад ирэхэд миний зорчиж явсан автобус нь хар замын баруун талд мод ачсан ЗИЛ-131 маркийн машины модыг ар талаас нь мөргөөд зөрөөд урдхан талд нь автобус зогссон байсан бөгөөд тухайн ЗИЛ-131 маркийн автомашин нь чиргүүлтэй байсан ба чиргүүл машины тэвш нь аль аль нь урт модыг хөндлөн ачсан байсан бөгөөд тэвшнээсээ 2 талруугаа нэлээд урт хэмжээтэй гаргаж ачсан байсан. Тэгээд би осол болсны дараа цагаа харахад 01.54 цаг болж байсан. Би осол болох үед унтаж явсан бөгөөд ослын дараа автобуснаас буугаад хэрэгт дурлаад сонирхоод мод ачсан машины ар талд очиход ЗИЛ-131 маркийн чиргүүлтэй мод ачсан машин нь замын зорчих хэсгийн баруун талд хар зам дагуу зогсож байсан бөгөөд автобуснаас буухад ЗИЛ-131 маркийн автомашины ар талд ямар нэгэн ослын тэмдэг байрлуулж тавиагүй байсан. Тэгтэл тухайн машины жолооч гэх танихгүй эрэгтэй хүн ослын дараа машинаасаа ослын улаан хүрээтэй голдоо анхаарлын тэмдэгтэй, гурвалжин тэмдгийг гаргаж ирээд чиргүүлийнхээ ар талд тавьж байсан. Би тухайн ослын улмаас толгойдоо гэмтэл авсан бөгөөд тархи хавагнасан байсан. Би Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд 6 хоног нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 105-109/
10. Иргэний хариуцагч ................................. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “........................... дугаартай автобус бол “........................эзэмшлийнх байсан. Тухайн автобус 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарахдаа хэдэн хүнтэй гарсан талаар сайн мэдэхгүй байна. 45 хүнтэй гарах байснаас 1 хүн ирээгүй гэж байсан шиг санагдаж байна. Жолооч Ж.Б сууж явсан суудал нь уг автобусыг авахад суурилагдаж ирсэн байсан. Б тухайн үед манай компанид жолоочоор ажиллаж байсан. Манай компанийн зүгээс О ар гэрт замын зардал оршуулгын болон сэтгэл санааны зардалд 50 сая гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн. Ж.Б гэр бүлд 40 сая гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн, Өсөхбаяр гэх хүүхдийн Улаанбаатар хот руу явахад унааны зардалд 1,567,000 төгрөг өгсөн. Хохирсон хүмүүсийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 110-115/
11. Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 01-ний 00 цаг өнгөрөөгөөд Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу суудлын Динго маркийн автомашин жолоодож явсан чинь урд нэг гэрэл гараад нэг юмны цаагуур орчих шиг болсон. Тэгсэн гэрлийн үзүүрт эсрэг урсгалд замын хажууд ЗИЛ-131 маркийн чиргүүлтэй машин зогсчихсон байсан. Тэгээд л явж байтал нөгөө гэрэлтэй машин миний хажуугаар өнгөрсөн ба би тухайн үед замынхаа урд шахаад зогссон. Тэгсэн автобуснаас хүн гарч ирэхгүй хэсэг байснаа нэг эрэгтэй гарч ирээд би хүн алчихлаа гээд орилсон. Тэгсэн тэнд Э, У байсан. Утасны сүлжээ байхгүй байсан учраас би буцаж Тосонцэнгэл сум орж цагдаад мэдэгдсэн. Чиргүүлийн мод тарж унаж газарт замаар тарсан байсан. Модыг машины толгой чиргүүл дээр хөндлөн ачсан байсан. Тухайн автобус ЗИЛ-131 маркийн машины ард орсон байх, гэрэл урдаас гарч ирж байснаа алга болоод гэнэт л гарж ирээд л тулж хараад хажуу тийш дараад явсан. Тухайн үед би ойрхон явсан бол мөргөх байсан..” гэсэн мэдүүлэг /1 хх 149/
12. Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “01-91 ЗАН улсын дугаартай ЗИЛ 131 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Уг тээврийн хэрэгслийн бүртгэл миний нэр дээр байгаа. Миний хүү У “хүн мод ачаад өгөөч” гэсэн гээд Их-Уул сум руу модонд унаад явсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 150/
13. Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сая осол болохын урд өдөр Эрдэнэбаяр чиргүүлээ өгөөч мод татчихаад өгье гэж хэлээд миний чиргүүлийг авч явсан юм. Тэгсэн ирж яваад осолд орсныг мэдсэн. Чиргүүлийн урд тэнхлэг хугарчихсан гэсэн үүнийг Эрдэнэбаяр өөрөө янзлаад эргүүлээд өгчихнө гэсэн надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 151/,
14. Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаангомоос Улаанбаатарын чиглэлд ТНХ ХХК-ны 12-30 улсын дугаартай автобусыг жолоодож зорчигч тээвэрлэж явсан. Тэгээд шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сум Их-Уул сумын дунд явж байхад манай ................... автобус зам дээр байхаар нь зогссон. Би эргэн тойрныг харахад автобусны ард чиргүүлтэй автомашин модоо хөндлөн ачсан байдалтай чиргүүлийн модны хагас нь нурсан байсан автобусны баруун талын хойд хэсэгт нэг ширхэг мод цонх руу хагас нь орчихсон автобусны баруун талын цонх ихэнх нь хагарсан байсан. Би мод ачсан ЗИЛ-131 автомашины тэнд очоод эргэж тойроход чиргүүл дээрх модны хагас нь нурж унасан, чиргүүлийн ард зам дээр ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг болон чиргүүлийн ард гэрлэн дохио цацруулагч байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 182/
15. Гэрч Б.Мн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2019 оны 04 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос ...................... улсын дугаартай автобусанд сууж явсан ...Тухайн үед унтаж явсан болохоор тээврийн автобусыг хэн барьж явсан талаар мэдээгүй. Ослоор хоёр хүн нас барж 4-5 хүн биедээ гэмтэл авсан. Гэмтэл авсан зорчигч нар Тосонцэнгэл суманд орж ирээд эмнэлгийн анхны тусламжийг авсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 186-187/,
16. Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос ...................... улсын дугаартай автобусанд сууж явсан. ...Гэнэт хүмүүс шуугилдах чимээгээр сэрээд хартал автобусны жолоочийн эсрэг талын цонх хагараад шороо манарсан. ...Засмал зам дагуу Тосонцэнгэл сум руу харсан байдалтай зогсож байсан. Модтой машины ачаа зам дээр унасан байсан. Мөн нэг мод автобусны хойд талын цонхоор орсон байсан. Мод ачсан ачааны машины чиргүүлийн ард ямар нэгэн анхааруулах дохио тэмдэг байгаагүй. Ослоор хоёр хүн нас барж 6-7 хүн биедээ гэмтэл авсан. Гэмтэл авсан зорчигч нар Тосонцэнгэл суманд орж ирээд эмнэлгийн анхны тусламжийг авсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 188-189/,
17. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос ................... улсын дугаартай автобусанд сууж явсан. ...Гэнэт хүмүүс шуугилдах чимээгээр сэртэл миний нүүр нь дээр шилний хагархай ирээд нүүр нь тус газар цохисон. Хаалга талын цонх хагарсан байсан. Хаалгаар гарах гэхэд боломжгүй гэхээр нь цонхоор гарсан. Автобусны арын суудал дээр нэг хүүхэд үлдсэн байна эмч байвал үзээд өгөөч гэтэл нэг хүүхэн орж үзээд амьсгал хураасан байна гэсэн. ...Засмал зам дагуу Тосонцэнгэл сум руу харсан байдалтай зогсож байсан. Модтой машины ачаа зам дээр унасан байсан. Мөн нэг мод автобусны хойд талын цонхоор орсон байсан. Ослоор хоёр хүн нас барж 6-7 хүн биедээ гэмтэл авсан. Гэмтэл авсан зорчигч нар Тосонцэнгэл суманд орж ирээд эмнэлгийн анхны тусламжийг авсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 190-191/,
18.Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос ....................... улсын дугаартай автобусанд сууж явсан. ...Гэнэт хүмүүс шуугилдах чимээгээр сэрээд хартал хүмүүс автобусны цонхоор бууж байсан. Би 05 насны хүүхэдтэй явж байсан болохоор хүүхдээ цонхоор эхэлж гаргаад гараас нь гартал. Бүх хүн гарсан автобусыг нэг мод түшсэн байсан. Цонхнууд хагарсан байсан. Ослоор хоёр хүн нас барж 6-7 хүн биедээ гэмтэл авсан. Гэмтэл авсан зорчигч нар Тосонцэнгэл суманд орж ирээд эмнэлгийн анхны тусламжийг авсан. Засмал зам дагуу Тосонцэнгэл сум руу харсан байдалтай зогсож байсан. Модтой машины ачаа зам дээр унасан байсан. Мөн нэг мод автобусны хойд талын цонхоор орсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 192-193, 195-196/
19. Гэрч Д.Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос ...................... улсын дугаартай автобусанд сууж явсан. ...Гэнэт хүмүүс шуугилдах чимээгээр сэртэл машины цонхны шил хагарахаар сэрээд урд талын хаалгаар гарах гэтэл гарах боломжгүй байна гэхээр нь цонхоор гарсан. Автобус засмал зам дээр мод ачсан чиргүүлтэй ЗИЛ 131 маркийн машины чиргүүлийн ачааг мөргөөд зогссон байсан. Мөн нэг мод автобусны хойд талын цонхоор орсон байсан. Ослоор хоёр хүн нас барж 6-7 хүн биедээ гэмтэл авсан. Гэмтэл авсан зорчигч нар Тосонцэнгэл суманд орж ирээд эмнэлгийн анхны тусламжийг авсан. Мод ачсан машины жолоочоос ослын тэмдэг тавьсан байсан эсэхийг асуухад тавьсан байсан гээд замын хажуу талаас аваад ирсэн. Биед гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 197-198/,
20. Гэрч Ц.Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос .......................... улсын дугаартай автобусанд сууж явсан. ...Гэнэт хүмүүс шуугилдах чимээгээр сэртэл машины цонхны шил хагарахаар цонхоор гарсан. Автобус засмал зам дээр мод ачсан чиргүүлтэй ЗИЛ 131 маркийн машины чиргүүлийн ачааг мөргөсөн байдалтай зогсож байсан. Ослоор хоёр хүн нас барж 4-5 хүн биедээ гэмтэл авсан. Биед гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 199-200/,
21. Гэрч Я.Л..........мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын дундуур Улаанбаатар хотод болсон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Увс аймгийн Баруун од клубийн тамирчин 17 хүүхэд нэг туслах багшийн хамтаар явсан. Улаангомоос Улаанбаатар хот руу автобусаар явсан ..тэмцээнээ дуусгаад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн ................. улсын дугаартай автобусанд тэмцээд оролцсон 13 хүүхэд хоёр багшийн хамтаар явахаар болсон. Автобусны билетийг ивээн тэтгэгч ТНХ ХХК-ны ажилтан болох Мө.. гэх залуу руу гар утсаар залгаж 15 хүний суудал болох 1.035.000 төгрөг данс руу нь шилжүүлж суудлаа чеклүүлж авсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагаас автобусанд сууж явсан, билет бичүүлсэн 15 хүнээс нэг хүүхэд автобуснаас хоцорч үлдсэн. ...Нэг сэрэхэд хүмүүс шуугилдаж, орилолдохоор нь цонхоор гараад хартал автобус мод ачсан машинтай мөргөлдсөнийг мэдсэн. Мөн нэг мод автобусны хойд талын цонхоор орсон байсан.Биед гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-203-205/
22. Гэрч О.О., М.Цэ., Ч.Н., А.Б., А.С., Б.М., У.П., А.Ц., Б.П., Б.М., О.Т., Б.У., Ц.М., Д.Ня., Б.Ня., М.О., С.Б. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу 29-20 УВХ улсын дугаартай автобусанд сууж явсан. ...Гэнэт хүмүүс шуугилдах чимээгээр сэртэл машины цонхны шил хагарахаар сэрээд урд талын хаалгаар гарах гэтэл гарах боломжгүй байна гэхээр нь цонхоор гарсан. Автобус засмал зам дээр мод ачсан машинтай мөргөлдөөд зогссон байсан. Биед гэмтэл учраагүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 207-233/,
23. Гэрч Л.Д. “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос ............................ дугаартай автобусанд сууж явсан. Намайг сэрэхэд автобусан дотор харанхуй байсан хүүхдүүд гэрэл асаахаар нь хартал автобусны цонхоор бөөрөнхий гуалин мод лавхан автобус руу ороод ирсэн байсан. Гэтэл тухайн автобусанд байгаа хүмүүс сандралдаад бужигнаад эхэлсэн. Тэгтэл миний арын эгнээнд сууж байсан хүний толгойноос цус гарч байсан. Миний хажууд байсан хүүхэд байхгүй болохоор тэмтрээд үзтэл автобусны цонх хагарсан тэмтрэгдэж байсан. Цүнхтэй юм дээр уначихсан хүүхэд байхаар нь миний хажууд сууж явсан хүүхэд талийгаач Очирбат байсан. Би лавшруулаад харахад талийгаач Оч..нүүр ам нь цус болчихсон эвгүй байдалтай байсан. Нэг танихгүй эмэгтэй ирээд наад хүүхэд чинь нас барсан байна гэж хэлсэн. Биед гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 234-235/
24. Гэрч Л.Б........... “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу 29-20 УВХ улсын дугаартай автобусанд сууж явсан. Би осол болох үед унтаж явсан бөгөөд ослын дараа автобуснаас буургаад харахад ЗИЛ-131 маркийн чиргүүлтэй мод ачсан машин нь замын зорчих хэсгийн баруун талд хар зам дагуу зогсож байсан бөгөөд мод ачсан байсан ЗИЛ-131 автомашины ард очиж үзэхэд Зил-131 маркийн машины ар талд ямар ч ослын тэмдэг байрлуулж тавиагүй, чиргүүл дээр ямар нэгэн цацруулагч байхгүй, томросын гэрэл ч байгаагүй тэгээд хүмүүс Зил-131 маркийн автомашины ард талд очиж үзсэний дараа жижигхэн ослын гурвалжин тэмдгийг ЗИЛ-131 маркийн жолооч гаргаж ирж тавьсан. тухайн үед гадна харагдах орчин тас харанхуй байсан юм...” гэсэн мэдүүлэг /2 хх 1-2/
25. Насанд хүрээгүй гэрч Ц.Чингэсийн “...Би осол болох үед унтаж явж байсан бөгөөд ослын дараа автобуснаас буугаад харахад Зил-131 маркийн чиргүүлтэй мод ачсан машин нь замын зорчих хэсгийн баруун талд хар зам дагуу зогсож байх бөгөөд Энхбаяр бид хоёр тухайн автобусанд зорчиж явсан хэсэг хүмүүсийн хамт очиж зогссон байсан Зил-131 маркийн автомашины ар талд очиж үзэхэд ЗИЛ-131 маркийн машины ар талд ямар ослын тэмдэг байрлуулж тавиагүй байсан тэгтэл тухайн машин жолооч гэх танихгүй эрэгтэй хүн ослын дараа машинаасаа ослын улаан хүрээтэй голдоо анхаарлын тэмдэгтэй гурвалжин тэмдгийг хэзээ хойно нь сүүлд гаргаж ирээд чиргүүлийнхээ ар талд тавьж байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 3-4/
26. Гэрч Ч.Б “...Би осол үед унтаж явсан бөгөөд ослын дараа автобуснаас буугаад харахад Зил-131 маркийн чиргүүлтэй мод ачсан машин нь замын зорчих хэсгийн баруун талд хар зам дагуу зогсож байсан бөгөөд мод ачсан байсан. ЗИЛ-131 маркийн автомашиныг ар талыг хүмүүс харж ирчхээд ослын тэмдэг тавиагүй байсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-12-13/
27. Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 005 дугаар сарын 22-ны өдрийн 811943015 дугаартай “...Амь хохирогч Б.Оын биед Гавал тархины битүү, гавал болон суурь ясны няцарсан хугарал, хатуу хальсны урагдал, их бага тархины эдийн няцрал. Дух, хоншоор, хамар, эрүү, дагз, баруун зүүн чамархай ясны хугарал, их бага тархи хэлбэрээ алдан няцарч цус хурсан байдал. Дотор эрхтний цусны эргэлтийн хямрал, дээд доод уруулын хэсэгт, зүүн хөмсөгний дээр язарсан шархнуудтай, баруун хацрын хэсэгт, эрүүнд, зүүн хацрын төвгөрт, баруун хөх махны хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт, баруун цавины хэсэгт, ууцны хэсэгт өнгөц зулгаралттай гэсэн оношид тусгагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд дурдсан 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой, амь хохирогч Б.Оын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, амь хохирогч нь гавал болон суурь ясны няцарсан хугарал, хатуу хальсны урагдал, бага их тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Үзлэг шинжилгээ хийх явцад шинээр тогтоогдсон нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн дүгнэлт, /2 хх 53-56/
28. Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 811943016 дугаартай “...амь хохирогч Ж.Б биед Нүүр яс, гавал яс, суурь ясны няцарсан хугарал, хатуу хальсны урагдал, их бага тархины эдийн няцрал. Толгойн хэсэгт баруун завины хэсгээс баруун хацар, хамар, нүд хоншоор, дух, гавал, дагз хүртэл голоороо хуваагдсан, суурь ясны няцарсан хугарал. Дотор эрхтний цусны эргэлтийн хямрал гэсэн оношид тусгагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд дурдсан 2019 оны 04 сарын 30-наас 2019 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой, амь хохирогч Ж.Б биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Ж.Б нь нүүр яс, гавал яс, суурь ясны няцарсан хугарал,хатуу хальсны урагдал, их бага, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Үзлэг шинжилгээ хийх явцад шинээр тогтоогдсон нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн дүгнэлт, /2 хх 64-67/
29. Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 811942092 дугаартай “...иргэн Н.А биед зүүн хөлийн чигчий хурууны 3-р шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2 хх 118-119/
30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 381 дугаартай “...иргэн Э.Э биед тухайн цаг үед гэмтэл учирсан байна. Тархины доргилтын улмаас гавал тархины дотоод даралт ихсэлт үүссэн байна. Дээрх гэмтэл нь гаднын мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнхөн хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Э.Э биед урьд нь бэртэл гэмтэл, архаг хууч өвчин байхгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тодорхой хугацаанд сарниулна...” гэсэн дүгнэлт / 2хх 142/
31. Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “...иргэн А.Өын духны баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2 хх 127/
32. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134 дугаартай шинжээчийн “.. иргэн А.Өын биед тухайн үед ГССҮТ-д хэвтэн эмчлэгдсэн өвчний түүхтэй танилцахад дараах гэмтэл учирсан байна. Гавал тархины гэмтэл /духны ясны ил хугарал/ тархины хатуу хальсны дээрх цус хуралт, тархи дарагдал, тархины эдийн дунд зэргийн няцрал зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. А.Ө нь дээрх гэмтэл авсны дараа ямар нэгэн үйлдэл хийх боломжтой. Дээрх гэмтэл нь /духны ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны дээрх цус хуралт/ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт / 3хх 63/,
33. Завхан аймгийн техник хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “........................ тээврийн хэрэгслийн урд их гэрэл болон ойрын гэрэл хэвийн ажиллагаатай, зүүн урд дохионы гэрэл асдаг, баруун урд дохионы гэрэл асахгүй, баруун хойд дохионы гэрэл алга болсон ухрах арааны гэрэл асахгүй, оврын гэрэлнүүд бүгд асаж байна. Осол болох үед хол болон ойрын гэрлийн аль дээр нь явсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Гэрлийн тусгал шалгах зөөврийн багаж байхгүй учир гэрлийн хүч болон тусгалын тохиргоог шалгах боломжгүй. Жолооны хүрдний сул явалтын стандарт 19 градус байгаа нь хэвийн байна. Тормосны удаашралын идэвхжилтийг brakecheck /тоормос шалгагч/-аар шалгахад автобусны хурд 54км/ц, хамгийн их удаашралт 0.36, дундаж удаашралт 0.32, хурдатгал /их 0.04, тоормосны идэвхжилийн хувь 32% байгаа нь тоормосны системийн үйл ажиллагаа хэвийн байна. Хурдны хайрцаг тухайн үед хэддүгээр араагаар явж байсныг тогтоох боломжгүй, хурдны хайрцаг болох авцуулах холбоо хэвийн ажиллагаатай байна. Тус тээврийн хэрэгслийн бүх суудал аюулгүйн бүстэй байна. Нэмэлт суудлын аюулгүйн ажиллагаагүй байсан. Автобусны суудлуудын түшлэг 6ш хугарсан нь ослын дараах үүссэн гэмтэл гэж үзлээ. Зүүн талын 2 суудлуудын суурийн боолтууд байхгүй дутуу байсан. Нэмэлт суудлын хамгаалах бүс хэвийн ажиллагаагүй түшлэгээ ороосон байдалтай байна. Тус автобусны дугуйнууд нь нэг маркийн ижил хээтэй, дугуй хээний гүн 4мм байгаа нь стандарт шаардлагад нийцэж байна. Тус автобусны дугуйн хийн даралт жигд, хэвийн байна....” гэсэн дүгнэлт /3хх 21-25/
34. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 490 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...1.............................. улсын дугаартай хүн тээврийн автобусыг жолоодож явсан гэх Х.Б, .............................. улсын дугаартай автомашиныг жолоодож явсан гэх С.У нар доор дурдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна 2. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэг болон нөхөн /дахин/ үзлэг, тэдгээрийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам болон орчин, шороон хөвөөний өргөн, замын байгууламжийн хэвгий, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, хэмжилтүүд, тэдгээрийн эвдрэл, гэрчийн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ..................., 05 дугаар сарын 17-ны өдрийн ............................6 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Завхан аймгийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгслүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд үндэслэхэд ............................ улсын дугаартай чиргүүлтэй /улсын дугааргүй/ автомашиныг жолоодож явсан гэх С.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Үүнд: Нэгдүгээрт, тус дүрмийн 24 дүгээр бүлгийн 24.5 дахь заалт “Ачаатай ба ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2,5 м-ээс, урт нь 20 м- ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална. 24.6 дахь заалт “Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг байрлуулахаас гадна, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Тухайн автомашины тэвшинд хөндлөнгөөр нь хурааж байрлуулсан, 4,4 метр дундаж урт /үзлэгийн тэмдэглэлээс/-тай модон бэлдэц, бүтээгдэхүүн нь “Овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт, Ангилал, Ерөнхий шаардлага” ММЗ 5345:2011 стандарт, “Тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм” бусад эрх зүйн бичиг баримтаар овор ихтэй ачаанд хамаардаг, түүнийг хэрхэн тээвэрлэх, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл хүсэх үйл ажиллагаа, тээврийн хэрэгсэл, жолоочид тавигдах шаардлага, хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний журмаар тогтоосон хэм хэмжээг хэрхэн биелүүлэх зэрэг бусад нөхцөлийг зохицуулсан ба нийтийн хэрэгцээний зам /ойгоос мод бэлтгэх, цагаалах гэх мэт технологийн тээвэрлэлтээс бусад/-д, хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх байдлаар хөдөлгөөнд оролцсон нь уг зам тээврийн осол хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлтэй гэж шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, 7,0 метр өргөнтэй, хоёр талдаа 2,2 метр шороон зурвастай зорчих хэсэг нь ийм өргөнтэй ачаа ачсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоогүй зогсолт хийсэн үү, хөдөлгөөнд оролцож явсан уу гэдгээс үл хамаарч бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндрэл, аюул, осолтой байдал үүсгэнэ. Хоёрдугаарт, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3 дахь заалт “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй /эсхүл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүй улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд, ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд,”, 9.4 дэх заалт “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсоох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ.”, 9.5 дахь заалт “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.”гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн материалын гэрчүүдийн мэдүүлэгт “...чиргүүлийн ард ослын зогсолтын тэмдэг тавьсан юм уу газарт уначихсан харагдсан.”, “...Өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн байгалийн зүгээр зүүн талд 10 метр орчим зайтай газар замын зорчих хэсгийн баруун талд замын ирмэг, шороон хөвөө орчмын залгаа хэсэгт тавьж байрлуулсан.” гэх боловч хэргийн газарт хийсэн үзлэгийн фото зургийн үзүүлэлт №11, 13-д “Монгол даатгал” бичээстэй ослын зогсолтын тэмдэг нь ослын дараах автомашины чиргүүлээс хойно босгож байрлуулсан, ямар нэг эвдрэлгүй, бүрэн бүтэн байгаа, хэргийн газрын үзлэгийн “...Уг чиргүүлийн баруун талын хийд дугуйнаас зүүн зүгт 5,70 метр, замын зорчих хэсгийн хойд ирмэгээс хойд зүгт 1,25 метр зайд замын хөвөө /шороон/ хэсэгт улаан өнгийн ойлгогч бүхий гадаргуутай, гурвалжин хэлбэртэй зогсолтын тэмдгийг газрын шороон хөрсөн дээр байрлуулсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав.” гэх тэмдэглэлээс үзэхэд ослын зогсолтын тэмдгийг тавьсан байсан уу, шаардлагын дагуу тавьсан байсан уу гэх эсэхэд эргэлзээтэй байна. Уг тэмдгийг зорчих хэсгийн ирмэгээс гүн рүү тодорхой зайд, зогссон тээврийн хэрэгслийн зах, ирмэг, ачсан ачааг мөргөж, шүргэхгүй байхаар байрлуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор хэрэглэдэг. Мөн энэ дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ, 9.2 дахь хэсэгт “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.” гэж заасан байх тул зорчих хэсэг дээр ямарваа байдлаар зогсолт хийсэн жолооч /Энэ тохиолдлын хувьд тээврийн хэрэгслийн шатахуун дуусаж зогссон нь зайлшгүй зогсолтод хамаарахгүй бөгөөд жолооч шатахууны түвшинг байнга хянаж хөдөлгөөнд оролцох ёстой, бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах байдлаар ямарваа анхааруулах дохио, таних тэмдэг хэрэглэсэн ч тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс нэн даруй холдуулж, чөлөөлөх бүхий л боломжийг хангах нь болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох тул гуравдугаарт, мөн дүрмийн 18 дүгээр бүлгийн 18.4 дэх заалт “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Дөрөвдүгээрт Зил-131 маркийн 01-91 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн чирж явсан гэх чиргүүл нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт № 5, 6, 7-д ямар нэг гэрэл дохио, гэрэл ойлгогч шинж чанар бүхий туузан наалт байхгүй байх тул дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлыг тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөний үргэлжлүүлэхийг хориглоно”, 3 дугаар хавсралтын 1 дэх хэсэг “Овор ихтэй ачаа /улаан, цагаан ташуу зураас хосолсон /зураасны өргөн нь 50 мм/ 400мм*400мм хэмжээтэй дөрвөлжин тэмдгийг ачаа нь тээврийн хэрэгслийн овроос тогтоосон хэмжээнээс илүү гарсан хэсэгт байрлуулна.”, 4 дэх хэсэг “Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ.” гэснийг зөрчсөн чиргүүлтэй хөдөлгөөнд оролцсон байна.
................................... улсын дугаартай автобусыг жолоодож явсан гэх X.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломж бүхий хурдыг сонгож явна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн .......................................... улсын дугаартай автобусанд хийсэн үзлэгийн фото зураг №1, 2, 3, 8-т дүрслэгдэх талийгаачийн сууж явсан гэх суудал нь техникийн тодорхойлолтоор тогтоосон зорчигч тээвэрлэх суудлын тоонд орох уу, үйлдвэрээс суурилагдаж, тоноглогдсон уу гэдгийг тогтоогоогүй, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Завхан аймгийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд уг нэмэлт гэх суудлын хамгаалалтын бүсний талаар асуулт тавигдаж, хариулагдсан нь энэ талаар дүгнэлт өгөхөд хангалтгүй байна. Зам тээврийн осол гарахад замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй ба ........................................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн дээр дурдагдсан техникийн бүрэн бус байдал нь нөлөөлсөн байх үндэслэлтэй. Зам тээврийн осол хэрэгт холбогдол бүхий жолооч нарын дээр дурдагдсан өөрт хамаарах Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас уг осол хэрэг гарсан байх үндэслэлтэй гэж шинжээчид үзэж байна...” гэсэн дүгнэлт / 3хх 38-41/,
35. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 хх 3-20/, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх26-43/, 01-91 улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 51-52/, .................. маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 44-50, 55-57/,
36. Камерын бичлэгтэй сиди-д үзлэг хийсэн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл. /1 хх 54/
37. Мемори картанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хх 04-09/
38. Шүүгдэгч С.Уын “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г.Э.намайг машинаар модод яваад өгөөч гэхээр нь би аавынхаа машиныг аваад Завхан аймгийн Их-Уул сумын Сангийн далай гэх газраас мод хийж ачаад Их-Уул сумын төв орж ирсэн. Г.Э найз нь Тосонцэнгэл суманд хөрөө рам байгаа, модоо зүсээд ав гэж байна гээд бид нар Тосонцэнгэл сум руу хөдөлсөн. Тэгээд би машины суудлын хойно байсан хоёр ширхэг ослын тэмдгийг гаргаж ирээд нэг тэмдгийг нь би, нөгөө тэмдгийг нь Г.Э. машин болон ачаанд байрлуулсан. Наашаа 16 километр газар явж байтал бензин дуусаад машин тасалдаад зогссон. Би машины урд байрлуулсан тэмдгээ аваад хойноо байрлуулчих гэж Г.Э.хэлсэн бөгөөд тухайн тэмдгийг Г.Э. машины хойно байрлуулсан. Би машинаас буучхаад буцаад машинд орох гэж байтал араас машины гэрэл гарсан. Тэгээд намайг машинд ороод суутал тас няс хийх чимээ гарч хажуугаар автобус давхиад өнгөрсөн. Гэтэл автобусны жолооч нь яана, би хүн алчихлаа гээд байсан. Тухайн үед жолооч нь автобусыг зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй. Би хүнд тус болж, мод ачиж яваад машины бензин дуусаад зам дээр зогсож байсан нь миний буруу. Би машиныг аль боломжтой хэмжээгээр замаас чөлөөлж зогссон. Үүнээс илүү замаас чөлөөлөх юм бол машин замын хажуу руу унахаар байсан. Хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Би өөрийн буруутай зүйлийг хүлээн зөвшөөрнө...” гэсэн мэдүүлэг,
39. Шүүгдэгч Х.Бийн “...Замд явж байгаад Завхан аймгийн Их-Уул сумын орчимд манай жолооч надаас цаг асуухад 01 цаг 30 минут болж байсан. Тэгээд цаашаа явж байхад урдаас нэг машины гэрэл гялбаад мөн цаана нэг машины гэрэл харагдаж байсан. Зам дээр тэмдэг, тэмдэглэгээ гэх зүйл огт байхгүй байсан тул би энэ урсгал чөлөөтэй юм байна гэж бодсон. Тухайн үед автобус 70 километр цагийн хурдтай явж байсан. Гэнэт зам дээр тээврийн хэрэгсэл харагдахаар зогсоох боломжгүй байсан тул түүнийг тойрч гарахаас өөр арга байгаагүй. Нэгэнт тухайн машинд тулаад ирсэн байсан тул тойрч гарах арга хэмжээ авсан боловч автобус машинд ачсан мод болон чиргүүлийг мөргөсөн. Тухайн үед машинд илүү гарсан ачаа байгаагүй бол хүний амь нас эрсдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.
Шүүгдэгч Я.Угийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байсан “.............................. зам тээврийн осолд холбогдсон ................................... улсын дугаартай автобуснаас автобусны хар хайрцагт байсан мемори картыг нууцаар авч бусдад дамжуулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт нь
1. Гэрч Л.С........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн компанид хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Мягмар нь энэ компанийн жолооч ажилтай У өгч явуулсан чамд өгөөрэй гэсэн Тосонцэнгэлд болсон авто ослын автобусны камерын бичлэг байгаа гэсэн гээд мемори карт өгсөн. Тэгээд би CD картыг компьютерт хийж программ уншуулж тухайн автобусны бичлэгийг үзсэн юм. Тухайн осол болсон 3-4 секунтын бичлэгийг өөрийн galaxy s-7 гар утсанд хуулбарлан Б гэх жолоочтой холбогдож тухайн хэргийн мөрдөн байцаагч хэн гэдгийг асуухад Б. гэх хүний дугаарыг өгсөн. Тэр дугаар луу ярихад яагаад хэний зөвшөөрлөөр авч явсан. Бичлэгийг энд шалгах шаардлагатай гэхээр нь би 05 сарын 04-ний өдрийн 11 цагийн Увс аймаг руу явах автобусаар Бт өгөөрэй гээд явуулсан чинь Б Увс аймаг руу явчихсан байсан. Тэр картыг жолооч нь Ханхөхий гуанз дээр үлдээлээ шүү гэсэн. Би мемори картыг цаасаар боож явуулсан. Харин дараа нь компани захирал Сэ.тухай автобусны бичлэгийг үзүүлсэн. Тэгсэн наадахыг чинь сиди-д буулгаж Завханы цагдаагийн газарт хүргүүл гэхээр нь би Завхан аймгийн Улиастай суманд амьдардаг Ө. гэдэг хүн лүү хүргүүлэхдээ замын цагдаагийн тасгийн даргад өгчихөөрөө гэж хэлээд явуулсан чинь Тосонцэнгэлийн цагдаагийн даргад өгчихсөн байсан. Тухайн сиди-д байгаа бичлэгт өөрчлөлт завсар ороогүй. Яг тэр осол болсон бичлэгийг би гар утсан дээрээ бичиж сидийнд буулгаж хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 161-162/
Гэрч Ц.Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тосонцэнгэл орох замд Улаанбаатараас гарсан автобустай таарч зогсож уулзахад уг автобусны жолооч У надтай уулзаад цагаан цаасанд боосон жижигхэн зүйлийг өгөөд үүнийг Мягмар ахад өгөөрэй гэж хэлсэн. Би Угийн өгсөн зүйлийг харж үзээгүй, юу байсныг ч мэдэхгүй. Угийн өгсөн зүйлийг аваад Мягмарт өгсөн...” гэсэн мэдүүлэг, /1хх 171/
Гэрч Х.М. “...Эхнэр бид хоёр автобусанд суугаад 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу орж явахад манай эхнэр Н.надад “У өчигдөр зам таараад чамд өгөөрэй. Тэгээд наадахаа Сэ., С. хоёрын аль нэгэнд нь өгчих” гэж хэлээрээ гээд надад цаасанд боосон зүйл өгсөн гэж хэлээд надад цаасанд ороосон жижиг зүйл өгсөн юм. Тэр зүйлийг би задалж үзээгүй. Улаанбаатар хотод манай компани менежер Сэргэлэнд У өгч явуулсан гээд цаастай зүйлийг өгсөн. Сүүлд У нь надад 29-20 УВХ улсын дугаартай автобусны мемори картыг өгч явуулсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг, /1 хх 169-170/
Гэрч Т.М. “...Журмын хашаанд ороод осол болсон автобус руу орж зорчигчдын үлдсэн ачааг авахаар У, Б бид гурав авсан. Я.У осолд орсон автобусны урд талд байсан зорчигчдын ачаануудыг авч өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-176/
Шинжээч А.С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2080 дугаартай шинжилгээний дүгнэлтийн 2 дугаар хэсгийн үзлэг хэсэгт шинжилгээнд ирүүлсэн картанд 116 GB хэмжээтэй 429 ширхэг дүрс бичлэгийн файл хадгалагдаж байсан. Энэ нь тухайн картанд байсан устгагдаагүй бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 39-40/,
Шинжээч Д.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3511 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь хяналтын камерын төхөөрөмжийн дэлгэцээс дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан хуулбарлан бичсэн байсан. Өөрөөр хэлбэл хяналтын камерын бичлэг хийгдсэн төхөөрөмжөөс дэлгэцээр гаргаж тоглуулж байгаад гар утас эсвэл дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан давхар бичсэн байсан учир шинжилгээнд тэнцээгүй. Үндсэн дүрс бичлэгт өнцгийн гажилт, нэмэлт дүрслэл үүсгэгддэг тул шинжилгээ хийх боломжгүй байдал бий болдог. Цаашид шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй. Ийм учраас бичлэгт ямар нэг засвар орсон эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /2хх 30-31/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3511 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “SOMEI” гэсэн бичигтэй CD дискт хадгалагдаж байх “video-155727777649-3.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь хяналтын камерын төхөөрөмжийн дэлгэцнээс дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан хуулбарлан бичсэн байх бөгөөд үндсэн дүрс бичлэгт өнцгийн гажилт, нэмэлт дүрслэл үүсгэгдсэн тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй...” гэсэн дүгнэлт /2хх 200-201/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 978 дугаартай “...Шинжилгээнд 13х14 сантиметрийн хэмжээтэй цагаан өнгийн CD-ны уутанд “Камерын бичлэг автобус Замын цагдаагийн газарт хүрсэн” гэсэн бичигтэй CD ирүүлсэн байна. /Зураг №1, 2/. Шинжилгээнд ирүүлсэн CD-г компьютерт уншуулж үзэхэд –“video-1557277649-3” гэсэн нэртэй .mp4 өргөтгөлтэй, 1.72 MiB, 640х368 pixels, 00.00.36 секундийн үргэлжлэх хугацаатай, 30 frame rate дүрс бичлэг бичигдсэн байна. /зураг№3,4/. Шинжилгээнд ирүүлсэн CD-нд бичигдсэн дүрс бичлэг нь хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн /DVR/ дэлгэцээс дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан хуулбарлан бичсэн байх тул шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэхгүй байх үндэслэл болж байна...” гэсэн дүгнэлт /3хх 70-73/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 977 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн SD карт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн SD картанд хадгалагдаж байх мэдээллүүдийг сэргээхэд 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 30-ны өдөр хүртэлх болон 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дүрс бичлэг байна. Эдгээр дүрс бичлэгүүдийг зөөврийн хадгалах төхөөрөмжид хуулбарлан хүргүүлэв шинжилгээнд ирүүлсэн SD картанд 2019 оны 05 дугаар сарын 02-ноос 03-ны өдөр хүртэл дүрс бичлэг байхгүй байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /3 хх 51-53/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн 2080 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн SD картанд бичигдсэн R20190501-11533NMD00P0F.264 гэсэн нэртэй нийт 4 камерын давхардаж гэмтсэн дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2019-05-01 01:59:24 секундэд авто осол болох үеийн дүрс бичлэгийг 2019-05-01 01:58:21 секунтээс 2019-05-01 01:59:59 секунт хүртэлх хугацааны дүрс бичлэгийг суваг тус бүрээр салгаж дүрсийг сайжруулан SD диск-т бичиж хавсаргав. 2.Шинжилгээнд ирүүлсэн R20190501-11533NMD00P0F.264 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2019-05-01 01:59:24 секунтад осол болохоос өмнөх цаг хугацаанд авто зам дээр ослын тэмдэг болон хүн дүрслэгдсэн эсэхийг шинжилж үзэхэд ослын тэмдэг болон хүн дүрслэгдээгүй байна...” гэсэн дүгнэлт /3 хх 83-87/
Шүүгдэгч Я.Угийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би тухайн үед зам тээврийн осолд өртсөн автобусны зорчигч болон ачааг авахаар Увс аймгаас ирсэн. Тэр үед осолд өртсөн автобусыг Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсийн журмын хашаанд тавьсан байсан. Тэгээд би автобус дотроос зорчигч нарын ачаа тээшийг авах явцдаа тухайн автобусны хяналтын камерын мемори картыг авсан. Би ямар нэгэн зорилго агуулаагүй. Манай компанийн зүгээс анх автобусанд хар хайрцаг суурилуулаад жолооч нарт сургалт явуулсан. Тэгээд ямар нэгэн зүйл болбол хар хайрцгийн мемори картыг компанийн удирдлагад авчирч өгөх шаардлагатай талаар ярьж байсан болохоор авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогч насанд хүрээгүй Б.О, амь хохирогч Ж.Б нарын нас барсан шалтгааныг, мөн насанд хүрээгүй хохирогч А.Өын эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Н.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Э.Энхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус бүр учирсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, эргэлзээгүй тогтоосон байх тул хууль зүйн хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна гэж үзэв.
Шүүгдэгч С.У нь Х.Б нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч С.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан овор ихтэй ачаа ачиж явахдаа аюулгүй байдлыг хангаж таних тэмдэг, тэмдэглэгээг дүрэмд зааснаар байрлуулаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн урд, ард гэрэл ойлгуур болон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүй болон замын хөдөлгөөний дүрэмд заасан аюулгүй байдлыг хангаж тээврийн хэрэгслийг зогсоогүй,
Шүүгдэгч Х.Б нь жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлүүдээс хамааралтай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.У, Х.Б нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь хохироосон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд прокурорын газраас шүүгдэгч С.У, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.У, Х.Б нарын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэдгээр нь үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул тэдгээрийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Тиймээс шүүгдэгч С.У, Х.Б нарыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Э.Энхбаяр нь хохирогчоор тогтоогдсон бөгөөд түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон боловч зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учрах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид үл хамаарах тул шүүгдэгч С.У, Х.Б нарыг гэм буруутайд тооцоход тусгаагүй бөгөөд гэм хорын асуудлыг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Я.Угийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байсан зам тээврийн осолд холбогдсон ......................... улсын дугаартай автобуснаас автобусны хар хайрцагт байсан мемори картыг нууцаар авч, бусдад өгч явуулсан үйлдэл нь зам тээврийн ослын хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг авч устгах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Я.Уг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Я.У нь хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар:
Тус хэрэгт иргэний хариуцагчаар “...............................ийг татсан байна. /1 хх 110-115/
Иргэний хариуцагч “.............................. төлөөлөгч Л.Сэнгэсамбуу нь “...амь хохирогч Ж.Б хууль ёсны төлөөлөгч Б.Г. оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 40 гаран сая төгрөг, насанд хүрээгүй амь хохирогч Б.Оын хууль ёсны төлөөлөгчид 50 сая төгрөг, насанд хүрээгүй хохирогч Өсөхбаярт хохиролд 1,567,000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн...” гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлжээ.
Амь хохирогч Ж.Б. хууль ёсны төлөөлөгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Компанийн зүгээс манай ээжийн байрны түрээсийн мөнгийг 2 жил төлсөн. Мөн энэ жил саяхан 9,600,000 төгрөг төлсөн. Мөн буяны ажилд зориулж мөнгө өгсөн бөгөөд яг хэдэн төгрөг өгсөн болохыг сайн мэдэхгүй байна. Миний зүгээс ойролцоогоор хохиролд нийт 15,000,000 төлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Б нь нийт 500,000 төгрөг өгсөн. Нийт хохирол, төлбөр 17,500,000 төгрөг болсон байх яг сайн тооцож үзээгүй баримтуудыг гаргаж өгсөн. Тиймээс баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч Уаас нэхэмжилж байна. Мөн сая Улаанбаатар хотоос ирсэн унаа, буудал хоолны мөнгө нийт 278,707 төгрөг, одоо ээжийн минь сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг тус тус нэхэмжилж байна....” гэжээ.
Насанд хүрээгүй амь хохирогч Б.Оын хууль ёсны төлөөлөгч Ч.Б нь шүүх хуралдаанд “...Компанийн зүгээс хүүгийн маань оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг өгсөн. Шүүгдэгч С.У 5,000,000 төгрөг, шүүгдэгч Х.Б 200,000 төгрөг өгсөн. Энэ гэмт хэргийн улмаас манай гэр бүлийнхэн одоог хүртэл сэтгэл санаагаараа хохироод явж байна. Тиймээс сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг нэхэмжилнэ...” гэжээ.
Насанд хүрээгүй хохирогч Н.А хууль ёсны төлөөлөгч Э.М нь “...С.У нь 300,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Гомдол, санал, хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд ирүүлсэн байна.
Насанд хүрээгүй хохирогч А.Өын хууль ёсны төлөөлөгч Ц.Нэргүй нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Хохирлын баримт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэж мэдүүлжээ. / 1хх 95/
Хохирогч Э.Энхбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Хохирлын баримт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэж мэдүүлжээ. / 1хх 105-109/
Шүүгдэгч С.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогчийн төлөөлөгч Ч.Бэд 5,000,000 төгрөг төлсөн. Насанд хүрээгүй хохирогч Н.А хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхзулд 300,000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтууд нь байгаа...” гэжээ.
Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Амь хохирогч Ж.Б хууль ёсны төлөөлөгч Б.Г\ 500,000 төгрөг, насанд хүрээгүй амь хохирогч Б.Оын хууль ёсны төлөөлөгч Ч.Бэд 200,000 төгрөг өгсөн...” гэжээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ...бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.
Үүний дагуу иргэний хариуцагч .................................... нь хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн болох нь түүний “...амь хохирогч Ж.Бат-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Б.Г. оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 40 гаран сая төгрөг, насанд хүрээгүй амь хохирогч Б.Оын хууль ёсны төлөөлөгчид 50 сая төгрөг, насанд хүрээгүй хохирогч Өсөхбаярт хохиролд 1,567,000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн...” гэсэн, амь хохирогч Ж.Б хууль ёсны төлөөлөгч Б.Г “...Компанийн зүгээс манай ээжийн байрны түрээсийн мөнгө гэж 2 жил төлсөн. Мөн энэ жил саяхан 9,600,000 төгрөг төлсөн. Мөн буяны ажилд зориулж мөнгө өгсөн бөгөөд хэдэн төгрөг өгсөн болохыг сайн мэдэхгүй байна. Миний зүгээс ойролцоогоор хохиролд нийт 15,000,000 төлсөн гэж үзэж байна...” гэсэн, насанд хүрээгүй амь хохирогч Б.Оын хууль ёсны төлөөлөгч Ч.Б нь шүүх хуралдаанд “...Компанийн зүгээс хүүгийн маань оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг өгсөн...” гэсэн, насанд хүрээгүй хохирогч А.Өын хууль ёсны төлөөлөгч Ц.Нэргүй нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Хохирлын баримт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Амь хохирогч Ж.Б хууль ёсны төлөөлөгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Нийт хохирол, төлбөр 17,500,000 төгрөг болсон байх яг сайн тооцож үзээгүй баримтуудыг гаргаж өгсөн. Тиймээс баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч Уаас нэхэмжилж байна. Мөн сая Улаанбаатар хотоос ирсэн унаа, буудал хоолны мөнгө нийт 278,707 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж нэхэмжилсэн хохирлоос мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн нийт 94 ширхэг хохирлын баримт бүхий 16,145,835 төгрөг /5хх 33-94/, шүүх хуралдаанд 5 ширхэг баримтаар 278,707 төгрөг нийт 16,424,542 төгрөгийн хохирол төлбөр нь баримтаар тогтоогдож байна. Уг хохирол төлбөрөөс “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК нь оршуулгын зардал болон бусад хохиролд 15 сая төгрөг өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний хариуцагчийн мэдүүлгээр нотлогдож байх тул нийт 16,424,542 төгрөгийн хохирол төлбөрөөс 15,000,000 төгрөгийг хасаж үлдсэн 1,424,542 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гд хохиролд 500,000 төгрөг өгсөн болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнээс гаргуулах 712,271 төгрөгөөс 500,000 төгрөгийг хасаж тооцох зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Баас 212,271 төгрөг, шүүгдэгч С.Уаас 712,271 төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гд олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө түр завсарлага авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гд шүүхээс гаргуулахаар тогтоосон хохирол төлбөрийг төлсөн болно.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, Ч.Б нар нь шүүх хуралдаанд сэтгэл санааны болон хор уршгийн төлбөрт тус тус 50,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тэдгээр нь нэхэмжлэлийнхээ шаардлагын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.У, Х.Б нарын өмгөөлөгч нар нь “хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзаж үзээд тэдгээрт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүх шүүгдэгч С.У, Х.Б нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч С.У, Х.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлсөн боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг шүүх харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж хорих ялаас хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч С.У, Х.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тэдгээр нь хохирогч нарт хохирол төлбөрийг сайн дураараа болон шүүхээс тогтоосон хохирлыг шууд төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин тэдгээрт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тус тус тогтоогдож байна.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.У, Х.Б нарт тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.”Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлсөн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж зааснаар шүүгдэгч С.У, Х.Б нарт тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хасаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, ...үеэс хугацааг тоолно” гэж заасан байх боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч С.У, Х.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэсэн тул шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс шүүгдэгч С.У, Х.Б нарт оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Я.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Я.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гд 16,424,542 төгрөг, хохирогчийн хууль ёс төлөөлөгч Ч.Бэд 55,200,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхзулд 300,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий хяналтын камер 1 ширхэг, ослын тэмдгийн хугархай 6 ширхгийг тус тус устгаж, мемори карт 1 ширхэг, “автобусны, ЗЦТ-т хүргэсэн камерын бичлэг” гэж тэмдэглэсэн CD 1 ширхэг, “ХГҮ” гэж тэмдэглэсэн CD 1 ширхэг, “977” гэж тэмдэглэсэн CD 2 ширхэг, “нэмэлт дүгнэлт” гэж тэмдэглэсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж үлдээж,
Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай /1хх 62-64/, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай /1хх 66-77/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өмчлөгч нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тарвагат овогт Сүхбаатарын У, Бурд овогт Хултайн Б нарыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б. овогт Я. Уг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг авч устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч С.У, Х.Б нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, тус бүрт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Уг 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч С.У, Х.Б нарт тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.У, Х.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар оногдуулсан 6 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг тоолсугай
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч С.Уаас 712,241 төгрөг, шүүгдэгч Х.Баас 212,271 төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогч Ж.Б хууль ёсны төлөөлөгч Б.Гд олгосугай.
9. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Иргэний хариуцагч .......................... нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гд хохирол төлбөрт 15,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бэд 50,000,000 төгрөг, шүүгдэгч Х.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гд хохирол төлбөрт 712,271 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бэд 200,000 төгрөг, шүүгдэгч С.У нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гд хохирол төлбөрт 712,271 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бэд 5,000,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Н.А хууль ёсны төлөөлөгч Э.М 300,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, Ч.Б нарын сэтгэл санааны болон хор уршгийн төлбөрт тус бүр 50,000,000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэлгүй орхиж, тэдгээр нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээсүгэй.
11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий хяналтын камер 1 ширхэг, ослын тэмдгийн хугархай 6 ширхгийг тус тус устгаж, мемори карт 1 ширхэг, “автобусны, ЗЦТ-т хүргэсэн камерын бичлэг” гэж тэмдэглэсэн CD 1 ширхэг, “ХГҮ” гэж тэмдэглэсэн CD 1 ширхэг, “977” гэж тэмдэглэсэн CD 2 ширхэг, “нэмэлт дүгнэлт” гэж тэмдэглэсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж үлдээж, прокурорын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ний өвчлөлийн 29-20 улсын дугаартай “Грандбрид” загварын автобус, Х.Сүхбаатарын өмчлөлийн 01-91 ЗАА улсын дугаартай “ЗИЛ-131” маркийн авто машиныг битүүмжилсэн,
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай Ч.Д эзэмшлийн “ЗИЛ-131” маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг битүүмжилсэн,
2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай Х.Бийн хувьд ногдох хөрөнгөөс Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 11-30 тоот хашаанд байх 6 ханатай шалгүй эсгий гэрийг битүүмжилсэн,
2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай С.Уын хувьд ногдох хөрөнгөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг 5 дугаар гудамж 9-6 тоот хашаанд байрлах 8-8 хэмжээтэй 2 давхар өвлийн модон байшинг битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, өмчлөгч нарт буцаан олгосугай.
12. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ