Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 133/ШШ2020/00190

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................ оршин суух  И ө овогт Я-ийн Н-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...................... оршин суух Ш овогт Ч-ийн Б-д холбогдох

 

Хүү Б.Б-ийг өөрийн асрамжид үлдээж, аав Ч.Б-ээс тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэcнийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Б-тэй хамтран амьдарч байгаад 2009 оны 01 дүгээр сарын 28-нд хүү Б.Билэгдэмбэрэлийг төрүүлсэн юм. Миний хүү ааваараа овоглож явдаг. Ч.Б бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй юм. Бид 2 тус тусдаа амьдардаг тул хүү Б.Билэгдэмбэрэлийг эх миний асрамжид үлдээж, аав Ч.Б-ээс хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Я.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Я.Н нь Ч.Б-эд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Ч.Б нарын дундаас 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү Батсүхийн Билэгдэмбэрэл төрсөн болох нь 0260809 Г№22 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Ч.Б 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна.

 

Хариуцагч Ч.Б нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдөр түүний 98860808 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

 

 

Хариуцагчид хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

 

 

Иймд хариуцагч Ч.Б нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

 

 

Хүү Б.Б нь эхийн асрамжид байгаа, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байгаа болон ахуй нөхцөл, анхаарал халамж зэргийг харгалзан хүү Б-ийг эх Я.Н-н асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102.211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 102.211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгох зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б-ийн Б эх Я-гийн Н-н асрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б-н Б 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ч-ийн Б-ээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Я.Н-д даалгасугай.

 

4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Ч.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Н нь Ч.Б-ийг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102.211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 102.211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ц.ҮЙТҮМЭН