Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/44

 

 

Д.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

цагаатгагдсан этгээд Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/859 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2011 0086 40679 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урт цагаан” үйлчилгээний төвийн байрнаас өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 99хххххх дугаараас хохирогч буюу нийтийн албан тушаалтан болох Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Т-ын үүрэн холбооны 99хххххх дугаар руу залгаж, “Урт цагаан” үйлчилгээний төвийн хэвийн үйл ажиллагаа буюу цахилгаан, дулаан, ус хязгаарласан үйл ажиллагаагаа таслан зогсоож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2195 дугаартай “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж биелүүлэхийг шаардан маргалдаж, улмаар “Дүүжилж ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Б-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Бы үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй болохыг хангалттай нотлон тогтоосон. Хохирогч Д.Т-тай утсаар холбогдсон ярианы лавлагаа, мөн заналхийлэл хийж байгаа ярианы бичлэг, гэрч нарын мэдүүлэг, шаардаж буй шаардлага буюу заналхийлсэн шалтгаан зэрэг бодит нөхцөл байдлыг баримтаар тогтоосон. Заналхийлэл нь биелэгдэх боломжтой, бодитой эсэхийг шалган тогтоосон. Гэмт этгээд хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болох бөгөөд үгээр илэрхийлсэн гэмт хэргийн хэлбэрийн шинж хангагдсан. Яллагдагчийн хувийн байдлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход бус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэхээр хуульчилсан. Мөн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шүүмжлэлийн үе эхлэхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаангүй гэсний үндсэн дээр гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагыг нэг үе шаттайгаар явуулсан. Д.Б нь нийтийн албан тушаалтан Д.Т-ыг дүүжилж алах талаар заналхийлсэн нь тогтоогдож байх тул цагаатган тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Би Т-аас уучлалт гуйсан. Т надад өөрөө “надад хохирсон зүйл байхгүй, гомдол байхгүй” гэсэн бичиг бичиж өгсөн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, эсхүл оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарлах зэргээр шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос Д.Б-ыг “Нийтийн албан тушаалтан Д.Т-тай “Урт цагаан” үйлчилгээний төвийн хэвийн үйл ажиллагаа буюу цахилгаан, дулаан, ус хязгаарласан үйл ажиллагааг таслан зогсоож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг биелүүлэхийг шаардан маргалдаж”, түүнийг “Дүүжилж ална” гэж заналхийлсэн” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, тухайлбал:

хохирогч Д.Т-ын: “...Урт цагаанаас ярьж байна гэсэн. Шууд л загнаад эхэлсэн. ...тэгтэл тэр хүн “Чи муу п…. урт цагаан дээр хүрээд ирээ, дүүжилж алъя” гэж хэлж байсан. ...” /1 хх 13/,

гэрч А.М-ий: “...яриаг сонстол цаанаас нь тэр хүн нь янз янзын сүрдүүлсэн өнгө аястай хэллэг хэлж байсан. “Чамайг дүүжилнэ” гэх мэтээр хэлээд байсан. ...” /1 хх 15/ гэсэн мэдүүлгүүд,

хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан СД, уг СД-нд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-09 тал/-д Д.Б, Д.Т нарын утсаар ярьсан ярианы бичлэгийг тэмдэглэл болгон буулгасан:

“Д.Б: Яахаараа чи одоо ус өгөхгүй хааж байгаа юм бэ?

Д.Т: Та намайг дүүжилнэ гээд байгаа, Би ямар гэм хийсэн юм бэ? Танд,

Д.Б: Тэгэхгүй яахын чи. Наад хуулиа биелүүл чи. Юу юм бэ та нар, үхсэн б... луйварчингууд,

Д.Т: За,

Д.Б: Хурдлаарай чи зүгээр...” гэсэн тэмдэглэл байх бөгөөд үзлэгээр хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй гэх зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларч, бэхжүүлсэн байх бөгөөд үүнээс үзэхэд Д.Б нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урт цагаан” үйлчилгээний төвийн байранд байхдаа өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 99хххххх дугаараас Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Т-ын үүрэн холбооны 99хххххх дугаар руу залгаж, “Урт цагаан үйлчилгээний төвийн хэвийн үйл ажиллагаа буюу цахилгаан, дулаан, ус хязгаарласан үйл ажиллагаагаа таслан зогсоож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2195 дугаартай Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг биелүүлэхийг шаардаж, түүнтэй маргалдсан үйл баримт тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагаагаар Д.Б, Д.Т нарын хооронд утсаар маргалдсан асуудлын шалтгаан нөхцөл, шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж, биелүүлэхгүй байгаа үйлдэлд зохих ёсны шаардлага тавих зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, улмаар хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсан тохиолдолд, гэм буруутай гэж яллаж байгаа этгээдийн заналхийлсэн үйлдэл нийгэмд аюултай нөхцөл байдал үүсгэсэн эсэх зэрэгт огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн объектив шалгуураар хандаж, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим үйл баримтыг таслаж дүгнэсний улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус хуулийн тусгай ангид заасан гэм буруутай, үйлдэл эс үйлдэхүй нь “нийгэмд аюултай тохиолдолд гэмт хэрэгт тооцох”-оор хуульчилсан байдаг.

Мөн Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт “Гэмт хэргийн шинж” гэдэгт Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдэл нь “Нийгэмд аюултай байх” шинжийг тодорхойлсон байхыг ойлгодог.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2020/2195 дугаартай “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаартай “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх”-ээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг биелүүлэхийг шаардаж, тус төвийн цахилгаан, ус хязгаарласан үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж маргалдсан нь хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашигт хохирол учруулаагүй, “нийгэмд аюултай” үйлдэл биш байх тул Д.Бы үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Гэмт хэрэгт тооцогдох Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай хэрэг бүр нь хуулиар хамгаалагдсан тодорхой эрх ашигт халдаж түүнд хор уршиг учруулсан буюу учруулж болзошгүй байхыг шаарддаг бөгөөд түүгээрээ нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тодорхойлогддог.

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд гэмт хэргийг зүйлчлэхэд тус гэмт хэргийн материаллаг шинжийн илрэлээс гадна оюун санааны ухамсарлаж гүйцэтгэсэн үйлдлийн үр дагавар, хүрсэн үр дүнг сайтар анхаарч үзвэл зохино.

Мөн гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай байхаас гадна заавал хууль бус шинжтэй байх ёстой.

Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэргийн шинж болох гэмт этгээдийн зүгээс хэрэгжүүлж буй заналхийлэл нь амаар бичгээр утас, шуудангаар, аль ч хэлбэртэй байж болох бөгөөд тус заналхийлэл, хууль бус шаардлагыг ирээдүйд хэрэгжинэ, хэрэгжих боломжтой байна гэж хохирогч итгэсэн байх, аюул бодитойгоор учирна гэсэн болгоомжлол төрсөн байх ба өөрийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж оюун санаандаа тусгаж авсан байхыг шаардана. Энэ гэмт хэргийн тухайлсан нөхцөл байдал буюу гэмт хэрэгтний хувийн байдал, заналхийлэл, сүрдүүлгийн хэрэгжих бололцоо зэргийг харгалзаж үзэх шаардлагатай.

Д.Б нь эрх бүхий байгууллага Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, түүний удирдлагаас цахилгаан, ус хязгаарласан үйл ажиллагааг эсэргүүцэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг биелүүлэх шаардлага тавьсан, нөгөө талаас, нийтийн албан тушаалтан Д.Т нь Д.Б-ы тус шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, маргасан үйлдэл нь дээр дурдсан “Хууль бус” байх шинжийг хангахгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хохирогч Д.Т-ыг заналхийлсэн гэх Д.Б-ы үйлдэл нь эрх зүйн зөрчил мөн боловч нийгэмд аюултай үйлдэл биш, гэмт хэргийн шинжгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/859 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын бичсэн “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгох...” агуулгаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/859 дугаартай дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.      

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ