Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 219

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Б.Батжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж /ҮД:2090/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар группт байдаг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн 3 дугаар гудамж 190 тоотод оршин суудаг, урьд 1985 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ардын армийн шүүхийн Зүүнбаян гарнизоны Тусгай шүүхийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 206 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэгдэж, 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 268 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг хөдөлмөрт заавал татан оруулахаар тэнсэн суллаж, 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хөдөлмөрт заавал татан оруулах ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан, /РД:ХИ63082811/ Боржигон овогт Батсүхийн Батжаргалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625022589 дугаар 185/2017/0260/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батжаргал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн замд хохирогч Ц.Амарсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батжаргалын: Би хохирогч Ц.Амарсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдсан бөгөөд бид хоёр дээр доороо ороод газар унасан. Тэр үед би Ц.Амарсайханыг өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Амарсайханы: ...Би тухайн үед архи уусан бага зэрэг согтуу байсан юм. Нэг том биетэй хүнтэй маргалдсан цаанаас нэг настай ах ирж бид хоёрыг салгасан...миний биед Батжаргал буюу эхэлж надтай уулзсан архи авч өг гэсэн том биетэй хүн нь миний биед гэмтэл учруулсан. Тэр сүүлд ирсэн настай ах нь намайг зодсон зүйл байхгүй харин намайг салгаад боль гээд байсан юм. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй миний хохирлыг барагдуулсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8, 144/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Пагамсүрэнгийн: ...Би тэр өдөр гэртээ байсан. Гадаа байж байтал замаар явж байсан нэг согтуу хүнийг Батжаргал гэх манай гэрийн хажууд байдаг хүн муухай хараад байна уу гээд дуудсан. Тэгтэл нөгөө согтуу хүн чи муухай харсан хүнийг яадаг юм бэ гээд барилцаж аваад зодолдоод ноцолдоод эхэлсэн. Нөгөө согтуу хүн Батжаргалыг түлхэж унагасан. Тэгтэл манай нөхөр Баяраа очиж салгах гээд ноцолдоод байсан. Тэгээд манай нөхөр нөгөө согтуу хүнийг салгаад бариад байж байхад нь нөгөө Батжаргал босож ирээд нөгөө согтуу хүний нүд рүү өшиглөсөн. Тэгээд нүүр амнаас нь цус гараад эхэлсэн. Тэгээд дахиад нилээд удаан ноцолдоод байсан. Намайг очоод боль гэж хэлтэл нөгөө согтуу хүн муу хөгшин авгай гичий минь зайл гээд байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярцэцэгийн: ...Тэр өдөр би гэртээ хоолоо хийх гээд байж байтал гадаа хүмүүс шуугиад байсан. Тэгэхээр нь гараад очтол аав хоёр хүний дунд орсон зууралдаад салгах гэж байсан. Тэгээд би аавыг татаад салгатал нөгөө танихгүй хүн нь Батжаргал ахыг түлхээд газарт унагасан. Тэгээд нөгөө хүн газарт суусан. Тэгтэл Батжаргал ах гүйж ирээд нүүр лүү нь өшиглөсөн. Тэгтэл нөгөө хүний нүднээс цус гарсан байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэрэнлхамын: ...тэр айлын хүнтэй архи уусан сууж байсан нүүр нь цус болсон байсан юу болсон талаар асуутал зодуулсан гэж хэлсэн... Тэгээд амарч байсан гэртээ очоод хартал нүд нь их сонин доод зовхи нь сэтрээд урагдсан байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бат-Эрдэнийн: ...Бид гурав уг хүний зааж өгсөн хүний гэрт ортол махлаг тарган хүнтэй манай найз Амараа сууж байсан. Амарааг аваад гарсан. Амараагийн нүднээс нь цус гарсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Нарантуяагийн: ...Уг айлд нь яваад ортол бүдүүн тарган хүнтэй манай нөхөр Амарсайхан нүүр ам нь цус болсон сууж байсан. Тэгээд юу болсон бэ гэтэл өөрөө зүгээр гээд байсан тэр үедээ гайгүй болохоор нь аваад гарсан амралтын газраа очоод үзтэл нүдний доод зовхи нь сэтэрсэн байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Мөнх-Уянгын: ...Батжаргалтай явсан хүний нүднээс нь цус гарсан байдалтай байсан. Нөгөө 2 хүн ямар архи авах талаараа ярьж байгаад 0.75 гр Соёрхол архи авсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23-27/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Амартүвшингийн: ...уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой... Уг гэмтэл нэг хүний үйлдлээр үүсэх боломжтой. Тухайн цаг үед үүсэх бүрэн боломжтой... Хатуу мохоо зүйлд гар, хөл болон чулуу гэх мэт зүйл багтана... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-36/,

Мөрдөн байцаалтад Б.Батжаргалын яллагдагчаар: ...Тэгтэл нөгөө хүн яагаад танай гэрт орж архи ууж болдоггүй юм бэ гэж хэлсэн. Тэгээд надтай муудалцаад барилцаж авсан, намайг хөлөөрөө хавсарч унагасан. Тэгээд би дор нь унасан. Миний дээрээс унахаар нь би хөлөөрөө нэг удаа тийрсэн... тэр үед манай ах Баяраа бид хоёрын хажууд ирсэн манай ах боль гэсэн чинь нөгөө залуу за болилоо хоёулаа дэлгүүр орж архи авч ууя гээд байсан... би уг хүний цээж болон гэдэс хэсэгт жийж өшиглөсөн байх гэж бодож байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-47-48/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹14005 тоот:

  1. Амарсайханы биед баруун нүдний нулимсны сувагны тасрал, доод зовхины шарх, цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт /хх-31/,

 

хохирогчид мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-158/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-60/, Хөдөлмөринй чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-61/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.   

 

Шүүгдэгч Б.Батжаргал 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн замд хохирогч Ц.Амарсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Батжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Амарсайханы бие махбодид учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Ц.Амарсайханы гаргасан мөнгө хүлээн авсан тухай хүсэлтээр /хх-158/ нотлогдон тогтоогдов.

 

Шүүгдэгч Б.Батжаргал ял шийтгэгдэж байсан боловч ялтай байдал дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батжаргал анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Амарсайханы гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Батсүхийн Батжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Батсүхийн Батжаргалыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих

ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Батжаргалд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Батжаргал цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Б.Батжаргалд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Батжаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батжаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ