Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2017/01140

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суух Баяжих овогт О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 28-02 тоотод оршин суух Өндөрнөр овогт Лын О-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Д нь Л.Отай 2004 онд танилцаж үерхэж байгаад 2006 оны 06 сарын 19-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлж билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Ц 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд үзэл бодол, зан байдал нь өөрчлөгдөж гэр орондоо хонохгүй, би өөр эхнэр авна гэх мэтээр хэрэлдэж маргалдах болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон тул цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо.

Иймд 2006 оны 115/000344 дугаартай гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Цг өөрийн асрамжид авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Л.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Л.О нь Д.Дын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Л.Од холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Л.О нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин О.Ц төрсөн болох нь. Тухайлбал;

Гэрлэгчдийг гэр бүл болсныг 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 11 дугаарт бүртгэж Хөвсгөл аймгийн Тариалан сумын улсын бүртгэлийн ажилтан №11 дугаарт бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Тэдний дундаас 2005 оны  12 дугаар сарын 14-ний өдөр охин Өндөр нөр овогт Оын Ц -г төрүүлсэн ба түүнд олгосон төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:  Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд Д.Д, Л.О нарын гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй охин О.Ц эх Д.Дын асрамжид үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний 88681419 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд гэрлэгчдийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар  Өндөрнөр овогт Лын О, Баяжих овогт Дийн Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Өндөр нөр овогт Оын Ц /РЙ-05321405/-г эх Д.Дын асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ