| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0027/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Б.С,
Нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ийн С-т холбогдох 2528000330034 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед 0.58 хувийн согтолттойгоор Өмнөговь аймаг Даланзадгад сум 9 дүгээр багийн замд “Тоёота Приус” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.С-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед болсон үйл явдал үнэн зөв байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би жолооны эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг үйлдсэн учир яллагдагчаар татагдсан гэдгээ мэдэж байна...” (хавтаст хэргийн 20 дахь тал)
Жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (хавтаст хэргийн 26 дахь тал)
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10, 12 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 22 дахь тал)
Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 23 дахь тал)
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал)
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн... дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 32-35 дахь тал).
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед 0.58 хувийн согтолттойгоор Өмнөговь аймаг Даланзадгад сум 9 дүгээр багийн замд “Тоёота Приус” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (хавтаст хэргийн 26 дахь тал), эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10, 12 дахь тал) болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь “2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатайгаар хасуулсан.” гэх жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (хавтаст хэргийн 26 дахь тал), Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/532 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 32-35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С-ын согтолтын хэмжээ 0.58 хувьтай гарсан болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10, 12 дахь тал)-ээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор аутентик тайлбар хийжээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Б.С нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ...дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 32-35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.С-т дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулаад 5 сарын дараа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 2,800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т шүүхээс оногдуулсан 2,800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ