Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,

Шүүгдэгч Н.Б,  

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-ийн Б-д холбогдох 2528000000002 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Биеийн байцаалт:                 

Холбогдсон гэмт хэргийн талаар:                                

Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ... дугаар баг, ... суурьшлын бүсэд хохирогч С.Д, Б.Б нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, С.Д-гийн биед баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, цээжинд 8 ширхэг, хэвлийд 1 ширхэг хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, баруун мөр, бугалганд тус тус 1 ширхэг, баруун гуянд 4 ширхэг зүсэгдэж хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол, Б.Б-гийн биед зүүн зулайн хуйхны язарсан шарх, цээжний өмнө зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, баруун шуу, зүүн бугалга, тохой дахь зүсэгдэж хатгагдсан шарх, шархнуудын орчмын цус хуралт, цээж, хэвлий дэх олон тооны өнгөц эсгэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Н.Б-г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэг 2024 оны 11 дгээр сарын 29-ний өдөр ... гэх газар болсон. Тухайн үед миний утас карт 2 алга болоод тэр хоёрыг авчихлаа гэж бодоод жоохон бухимдсан юм шиг байна. Тэгээд тэр хоёрыг гаргаж өг гээд хоорондоо муудалцаад ширээн дээр байсан хутга авсан. С.Д-г чи авсан гаргаж өг гэж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн цагдаа нар ирээд цахилгаан бороохойгоор цохиулж байсныг мэддэг. Тэгээд бусдыг нь сайн мэдэхгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч С.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаалийн хашаанд нүүрсний машинаа тавьчхаад ... суурьшлын бүсэд ирээд Б-тэй танилцаад хамт явж ... гэх буудлын арын хашаанд байх гэрт орж архи уусан. Маргааш нь 15 цагийн үед Б-тэй танилцаад Б бид хоёр Б-г дагаад “...” ХХК-ийн кемп дотор байх гэрт орж 0.75 литрийн Хараа гэх архийг хувааж уугаад Б, Б хоёр дахиад архинд явсан. Би яг тэр үед архи уучихсан байсан учир яг сайн санахгүй байна. Тэр хоёр 0.75 литрийн Хараа гэх архи авчраад ууж байхад Б та хоёр миний утас виза картыг авчихлаа гээд уурлаад байсан, би эхэндээ ах нь юу гэж авах вэ дээ гэж байсан. Тэгэхэд гэнэт уурлаад Б-г Б нь хутгалж байсан, дараа нь миний баруун талын хөлийн гуя хэсэгт хутгалсан. Би ах нь утсыг чинь аваагүй больё гэж хэлсэн. Тэгээд намайг дахиж хэд хэд хутгалсан, Б гэрийн хойно суучихсан цээжнээс нь цус гарч байсан. Эхлээд намайг гаргахгүй байсан дараа нь Б-гийн анхаарал сарнисан үед орой 19 цагийн орчимд би гараад шууд зугтаж содон буудлын ард байх гэрт очиж унтсан. Б нь миний баруун хөл хэсэгт 4 удаа, дал хэсэгт 7 удаа, зүүн дал хэсэгт 1 удаа, хэвлий хэсэгт 2, баруун суга хэсэгт 1 удаа хутгалсан байсан. Намайг хутгалж байхад миний хажууд Б бас байсан... Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй байна.” (хавтаст хэргийн 21-23 дахь тал)   

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн хариуцаж байсан ... гаалийн дугаартай машиныг “...” ХХК-д хүлээлгэж өгөөд танил жолоочтой хамт зүс таних 2 хүнтэй нийлж “...” суурьшлын бүсэд хоёр давхар ногоон өнгөтэй буудлын арын гэрт архи уусан. Маргааш нь тэр жолооч өөрийн эд зүйлийг унаж байсан машинаасаа аваад хот явсан. Би улаан куртиктэй болон шар куртиктэй хоёр ахтай хамт үлдсэн. Нэрийг сайн мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан улаан куртиктэй ах нь тэндээ үлдээд би шар куртиктэй ахтай хамт “...” дээр явж байхдаа нэг ахтай танилцсан. Тэр ах би ганц юм авчихсан манайд очиж гурвуулаа ууя гээд бид хоёр дагаад явсан. Дагаж явж байгаад “...” ХХК-ийн кемпэд байх 2 гэрийн зүүн талын гэрт орж архи уусан. Уугаад байж байхад Б гэх бид хоёрыг дагуулан “...” ХХК-ийн кемп дээр ирсэн ах 16 цагийн үед та хоёр миний утас виза карт авсан байна гээд бид хоёрт агсам тавиад байсан. Тэгээд шар куртиктэй ахыг зодоод байсан. Одоо больчихоо наадах чинь настай хүн гэж хэлэхэд шууд над руу хутга бариад дайрч миний зүүн гарт 2 удаа хутгалсан, хэсэг тайвширч байгаад цаг орчмын дараа дахиж миний баруун гарт 1 удаа хутгалсан. Тэгээд бас жоохон тайвширч байгаад дахиад цээж хэсэгт 1 удаа хутгалсан. Би ахаа болиоч дээ дүү нь үхлээ шүү дээ гээд гуйсан чинь арай тайвширсан. Тэр үед нь би Б гэх ахыг архи өгөөд согтоогоод зугтах зорилгоор би танд архи авч өгье гээд бид хоёр дэлгүүр явсан. Бид “...” суурьшлын бүсэд хоолны газар ажиллуулдаг ... гэх эгчээс 0.75 литрийн Хараа гэх архийг авч буцаад гэрт очсон. Тэгээд гэртээ ороод нөгөө шар куртиктэй ахыг дахиж зодсон. Би ч ахаа больчихоо хоёулаа архи ууя гээд бид 2 уусан, тэгээд би өөрөө согтчихсон байсан. Нэг сэрсэн чинь миний хөнжлийг татаад ар нуруу хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэр үед шар куртиктэй ах байхгүй болсон байсан. Тэгээд удаагүй байж байхад цагдаа нар ирсэн... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, хохирлын зэргээ тогтоолгох шаардлагагүй гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 27-29 дэх тал)

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би тухайн үед Б, Д гэх хүмүүстэй “...” суурьшлын бүсэд таарч улмаар архи уусан. Тэгэхэд миний утас алга болж би тэр хоёр хүнийг авсан гэж бодоод хутга халааснаасаа гаргаж ирж байсан. Д гэх хүнийг нь хутгалж байснаа санаж байгаа юм. Би тэр үед гар утас, виза карт хоёроо тэр хоёрыг айлгаж байгаад авчихъя гэж бодож байсан, гэхдээ өмнө мэдүүлэг өгөх үед би зарим зүйлийг санахгүй байсан. Сүүлд санасан. Тэгээд бас миний виза карт манай “...” ХХК-ийн кемпээс хойд зүгт замын хажууд байсныг олсон. Тэгэхээр тэр өдөр би өөрөө халааснаасаа юм авахдаа унагаасан байж магадгүй гэж бодож байна. Би Б, Д нар надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ч би гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардал гэж 1,000,000, 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Надад шүүхээс хөнгөн ял өгөхийг хүсэж байна.” (хавтаст хэргийн 61-62 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.Д-гийн биед баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, цээжинд 8 ширхэг, хэвлийд 1 ширхэг хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, баруун мөр, бугалганд тус тус 1 ширхэг, баруун гуянд 4 ширхэг зүсэгдэж хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл үүсчээ. Зүсэгдэж хатгагдсан шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Б-гийн биед зүүн зулайн хуйхны язарсан шарх, цээжний өмнө зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, баруун шуу, зүүн бугалга, тохой дахь зүсэгдэж хатгагдсан шарх, шархнуудын орчмын цус хуралт, цээж, хэвлий дэх олон тооны өнгөц эсгэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Зүсэгдсэн, эсгэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хуйхны язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал)

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн ... оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 66-69 дэх тал)

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн .. оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 70-71 дэх тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал)

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал). 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ их гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг Гурвантэс сумын ... дугаар баг ... суурьшлын бүсэд хохирогч С.Д, Б.Б нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, С.Д-гийн биед баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, цээжинд 8 ширхэг, хэвлийд 1 ширхэг хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, баруун мөр, бугалганд тус тус 1 ширхэг, баруун гуянд 4 ширхэг зүсэгдэж хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол, Б.Бгийн биед зүүн зулайн хуйхны язарсан шарх, цээжний өмнө зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, баруун шуу, зүүн бугалга, тохой дахь зүсэгдэж хатгагдсан шарх, шархнуудын орчмын цус хуралт, цээж, хэвлий дэх олон тооны өнгөц эсгэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал), хохирогч Б.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал), шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Н.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч С.Д, Б.Б нарын биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна. 

Мөн шүүгдэгч Н.Б нь хохирогч нарын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.                

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Н.Б, хохирогч С.Д, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Н.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Д-гийн эрүүл мэндэд баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, цээжинд 8 ширхэг, хэвлийд 1 ширхэг хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, баруун мөр, бугалганд тус тус 1 ширхэг, баруун гуянд 4 ширхэг зүсэгдэж хатгагдсан шарх, цус хуралт бүхий, мөн хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд зүүн зулайн хуйхны язарсан шарх, цээжний өмнө зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, баруун шуу, зүүн бугалга, тохой дахь зүсэгдэж хатгагдсан шарх, шархнуудын орчмын цус хуралт, цээж, хэвлий дэх олон тооны өнгөц эсгэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Д-гийн зүгээс “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй байна.” (хавтаст хэргийн 21-23 дахь тал), мөн хохирогч Б.Б-гийн зүгээс “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 27-29 дэх тал) гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогч С.Д, Б.Б нарт тус бүр 1,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогч С.Д, Б.Б нарт тус бүр 1,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлснийг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь  торгох шийтгэл оногдуулж өгнө үү  гэх тайлбарыг тус тус гаргав.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.           

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.       

Шүүхээс шүүгдэгч Н.Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн хутга хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарын биед олон тооны зүсэгдсэн шарх гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 9 см урттай, бариул хэсэг нь 11.5 см урттай, хар саарал өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Д, Б.Б нарт тус бүр 1,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Б овгийн Н-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 9 см урттай, бариул хэсэг нь 11.5 см урттай, хар саарал өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.    

5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Д, Б.Б нарт тус бүр 1,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.               

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ