| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогч Э.Г,
Шүүгдэгч А.Г,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн А-ийн Г-од холбогдох 2428002990003 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Гыг 2023 оны 12 дугаар сард ... аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг ... зочид буудалд нүүр рүү нь 2 удаа цохиж тамхины цогоор түлсэн, 2024 оны 05 дугаар сард ... аймгийн Даланадгад сумын 10 дугаар баг, ...ийн 8 дугаар гудамжинд нүүр, ам руу нь цохиж, нуруу руу нь өшиглөсөн, 2024 оны 06 дугаар сард ... аймгийн Даланзадгад сумын 10 дугаар баг “...” хүнсний дэлгүүрийн гадаа нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 23 цагийн үед ... аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй караокены гадаа тээврийн хэрэгсэл дотор нүүр хэсэг рүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь тархины доргилт, баруун нүд, хацрын цус хуралт, дээд уруулын салстын язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Г-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Э.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Г-той ханилаад 14 жил болж байна. Энэ хугацаанд сэтгэл зүйн дарамтад байдаг байсан. Яагаад гэвэл архи уухаараа шалтгаангүйгээр гар хүрч зоддог байсан. 2016 оноос хойш архи уухаа байсан ч гэсэн намайг оройтох, баяр ёслолоор хамт олноороо гарах зэрэг үед уурлаж гар хүрдэг. Энгийн үед ч гэсэн ажлаасаа хурдан ир, тарах болж байна уу, хайчих гээд байна архи уух гээд байна уу гэх зэргээр байнга асууж дарамталдаг. 2023 оны 12 дугаар сард байгууллагын шинэ жилд орж байх үед нөхөр гадаа ирээд дуудахаар нь гараад очоод гэр рүү явсан. Гэрт ажлынхаа хүний хүүхдийг том охиноороо харуулах гээд гэрт хүргэсэн юм. Тэгээд буцах замдаа нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тамхитай гараараа нүүр рүү цохиод хацар дээр тамхиа унтраасан. Тэгээд ...ын гадна намайг буулгасан. Замдаа би Д гээд бүжгийн багш руу ярьсан байсан. Намайг ирээд буухад Д багш намайг ирж авч байсан. Тухайн үед намайг зодуулахыг Д багш хараагүй. 2024 оны 05 дугаар сард намайг зодож байсан. Хэзээ хаана гэдгийг нь одоо сайн санахгүй байна. Ямар ч гэсэн баруун нүд хөхрөөд гар, хөлний арьс зулгарчихсан байсан. 2024 оны 06 дугаар сард манай ажлын хүн Н-ийн гэрт хоол идэхээр очоод байж байтал нөхөр утсаар залгаад ална, хядна гээд дарамтлаад байсан. Тэгээд би манай ажлын Н-ийнд байна гэж нөхөртөө хэлэхэд хашааны гадна манай ээжийн машинтай ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаад байж байтал гараараа миний нүүр рүү хоёр цохисон. Тэгээд гурав дахь удаагаа цохиулаад цаашаа юу болсныг санахгүй байгаа. Ухаан алдчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь машинд явж байсан. Тэгээд би машинаас буугаад харахад манай ажлын Н-ийнхээс холдоогүй байсан. Тэгээд цагдаа дуудаж байсан. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны орой манай найзын төрсөн өдөр болоод манай ажлын А хөтөлж байна гээд Э караоке ороод найздаа бэлэг өгөөд нэг цаг орчим болоод А-тай гарч ирсэн. Миний машинд орж суугаад машины түлхүүр аваад миний нүүр рүү гараараа нэг цохиод гарсан. Өөрийнхөө машинд очоод суухаар нь би ардаас нь очоод чи яагаад намайг цохиж байгаа юм. Машины түлхүүр аваад ир машинаас юм аа авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл гараараа нүүр рүү хоёр, гурван удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудсан. Миний уруул язраад, баруун нүдэнд цус хуурч хөхрөлт үүссэн. Одоо нөхөртэйгөө хамт амьдарч байгаа. Энэ хэргийг зохих журмынх нь дагуу шийдвэрлүүлмээр байна.” (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Г бид хоёрын дундын нэг найзын төрсөн өдөр болоод тухайн арга хэмжээг хөтлөхөөр очсон байсан. Манайн найзад бэлэг өгөхөөр 22:00 цагийн үед Г ирээд бэлгээ өгөөд цаг орчим байсан. Г бид хоёр машинд нь сууж байхад нөхөр нь ирсэн. Тэгээд машинд нь орж ирж суугаад машиных нь түлхүүрийг булааж авч яваад нүүр ам руу нь 2, 3 удаа цохичхоод өөрийнхөө машин руугаа яваад суусан. Би ард нь үлдээд хараад зогсож байсан. Г машин онгойлго ядаж гадуур хувцас, гар утсаа авъя гэхэд нь машин дотроо суучхаад зангидсан гараараа шууд нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд машин онгойлгож өгөхөөр нь гадуур хувцас, гар утсаа аваад эргээд очиход Г-ын хамар, амнаас нь цус гараад хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд Г цагдаа дуудсан. Би Г-ыг өмнө нь зодож байхыг хараагүй. Г өмнө нь нөхөртөө зодуулсан гээд ажил дээр нүд нь хөхөрчихсөн ирдэг л байсан. Манай ажлын Н, Д хоёрын хажууд зодож байсан гэж Г-аас сонсож байсан.” (хавтаст хэргийн 38-39 дэх тал)
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сард Гыг нөхөр нь зодсон. Яг хэдэн байсныг санахгүй байгаа. Тухайн өдөр Г нөхөр элдэвлээд байна гээд манайд ирээд хоол идэх гээд байж байсан. Нөхөр нь утсаар залгаад доромжлоод хэрэлдээд байсан. Тэгээд Г гараад явсан. Би юу болж байдаг юм бол гээд араас нь гарсан. Тэгээд Г нөхөртэйгөө хашааны гадна хэрэлдээд байж байсан. Нөхөр нь гэнэт зангидсан гараараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиход Г ухаан алдаад уначихсан. Ойчсон хойно нөхөр нь хоёр гурван удаа өшиглөсөн. Тэгээд би нөхөр нь хандаж хүүш ээ болиоч гээд хэлэхэд нөхөр нь худлаа ухаан алдсан, худлаа жүжиглэж байгаа гээд үсдэж босгоод суулгасан. Би тэгээд нөхөрт нь хандаж болиоч ээ ухаан алдчихсан байна гэхэд зодохоо больсон. Тэгээд түргэн дуудъя гэсэн чинь өөрөө тэврээд машиныхаа арын суудал дээр хэвтүүлээд манай гаднаас хөдөлсөн. Би хамт явсан, явж байх замд Г сэргээд Г машинаа зогсооход Г цагдаа дуудсан. Энэ явдлыг би өөрийн нүдээр харж хамт байсан. Өөрөө хараагүй ч гэсэн үүнээс өөр Г-ыг олон удаа зодсон талаар сонсож байсан. Хэзээ болсныг нь сайн мэдэхгүй байна, ямар ч гэсэн 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сарлагийн баярын арга хэмжээг үзэхээр очиход Г-ын нүд хөхөрчихсөн байхаар нь асуухад нөхөр зодоод гэж байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд нүд нь хөхөрсөн 3 удаа явж байхад нь таарсан.” (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Г-ын биед тархины доргилт, баруун нүд, хацрын цус хуралт, дээд уруулын салстын язрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 48-49 дэх тал)
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 73-75 дахь тал)
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Г-од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг,
Хохирогч Э.Г болон шүүгдэгч А.Г нар хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Г-ыг 2023 оны 12 дугаар сард ... аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг ... зочид буудалд нүүр рүү нь 2 удаа цохиж тамхины цогоор түлсэн, 2024 оны 05 дугаар сард ... аймгийн Даланадгад сумын 10 дугаар баг, ...ийн 8 дугаар гудамжинд нүүр, ам руу нь цохиж, нуруу руу нь өшиглөсөн, 2024 оны 06 дугаар сард ... аймгийн Даланзадгад сумын 10 дугаар баг “...” хүнсний дэлгүүрийн гадаа нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 23 цагийн үед ... аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Э” нэртэй караокены гадаа тээврийн хэрэгсэл дотор нүүр хэсэг рүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь тархины доргилт, баруун нүд, хацрын цус хуралт, дээд уруулын салстын язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Э.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), гэрч Э.А-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), гэрч Б.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), ... аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 73-75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Хууль зүйн хувьд шүүгдэгч А.Г нь хохирогч Э.Г-ын биед байнга халдаж зодсон, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч А.Г нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.Г-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.
Шүүгдэгч А.Г, хохирогч Э.Г нар нь 2012 оноос хойш хамт амьдарч дундаасаа 4 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Учир нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан 3 хэлбэрээр байнгын шинжтэй үйлдэгдэж, уг үйлдлийн улмаас хохирол, гэмтэл учирсан тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд тооцож хүндрүүлэн зүйлчлэхээр байх бөгөөд шүүгдэгч А.Г-ын хувьд эхнэр Э.Г-ыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас анх удаа бус, харин байнга зодох явцад хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.
Энэхүү зүйлд заасан байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгох бөгөөд ингэхдээ хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэрээр илэрч болдог байна. Шүүгдэгч А.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Г-ыг 2023 оны 12 дугаар сард гараараа нүүр рүү нь 2 удаа цохисон, 2024 оны 05 дугаар сард нүүр, ам руу нь цохиж зодсон, 2024 оны 06 дугаар сард нүүр рүү цохиж, нуруу руу нь өшиглөсөн, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нүүр рүү нь гараараа цохиж зодсон болох нь хохирогчийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн удаа дараагийн хууль сануулсан мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.Г нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, дээрх байдлаар хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэж зодсон үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч А.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Э.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний цалин хөлс бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт нь 6 сарын сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шүүгдэгч нь ... аймгийн Даланзадгад суманд оршин суудаг, ... аймгийн Цогтцэций суманд эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах хязгаарлалтын бүсийг ... аймгийн Даланзадгад, Цогтцэций сумын нутаг дэвсгэрээр тогтоож, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг,
Хохирогч Э.Г хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг,
Шүүгдэгч нь би нойр булчирхайн хавдартай, хот руу эмчилгээнд явдаг тул энэхүү байдлыг харгалзан үзнэ үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч А.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн; гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал болон хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Г-ыг 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-од шүүхээс оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Түүнчлэн шүүгдэгч А.Г-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүний ... аймгийн Даланзадгад суманд оршин суудаг, Цогтцэций суманд ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг ... аймгийн Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций сумын нутаг дэвсгэрээр тогтоож, улмаар уг бүсээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Г хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг хаана, яаж үйлдэгдсэн талаар дурдаагүй бөгөөд энэ талаарх оролцогчдын тайлбар, улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг гарсан газрыг “2023 оны 12 дугаар сард ... аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг ... зочид буудалд, 2024 оны 05 дугаар сард ... аймгийн Даланадгад сумын 10 дугаар баг ...ийн 8 дугаар гудамжинд, 2024 оны 06 дугаар сард ... аймгийн Даланзадгад сумын 10 дугаар баг “...” хүнсний дэлгүүрийн гадаа” үйлдэгдсэн хэмээн зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн А-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.Г-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд ... аймгийн Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-од шүүхээс оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Г хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Г-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ