Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0769

 

 

 

 

 

 

 

      2022         10          17                                    128/ШШ2022/0769

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Б****************/РД:****************/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн "Ч.Б*************** шилжүүлэн ажиллуулах тухай" Б/95 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ч.Б*************** ажилд томилох тухай" Б/30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б********, түүний өмгөөлөгч Э.Э********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр Ч.Б********* Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосноор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүнийг урьд эрхэлж байсан яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон.

1.2. Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар түүнийг чөлөөлж, яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилсон.

1.3. Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Ч.Б************** Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан Б/38 дугаар тушаалыг хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн 174 дүгээр тогтоолыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан Б/38 дугаар тушаалаа хүчингүй болгосон.

1.4. Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Ц*******,******* УТҮГ-т шилжүүлж,

1.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мөн өдрийн Б/30 дугаар тушаалаар яамны харьяа Ц*******,******* УТҮГ-ын захирлын албан тушаалд шилжүүлэн томилсон.

1.6. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлжээ.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч Ч.Б*********** нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Ц*******,******* УТҮГ-т шилжүүлсэн” Б/95 дугаар тушаалыг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “яамны харьяа Ц*******,******* УТҮГ-ын захирлын албан тушаалд шилжүүлэн томилсон" Б/30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гарган маргажээ.

Нэхэмжлэгч анх гаргасан “өөр ажилд шилжүүлэн томилсны цалингийн зөрүүг гаргуулах” шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжихгүйгээ илэрхийлж, ийнхүү багасган тодорхойлсон болно.

Гурав. Маргаж буй үндэслэлийн талаар.

3.1. Нэхэмжлэгч Ч.Б************ шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Ч.Б************* нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын даргаар ажиллаж байсан төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан, тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны Б/272 дугаар тушаалаар хууль бусаар халагдаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр эгүүлэн тогтоогдож, Төрийн нарийн бичгийн дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр биелүүлж урьд эрхэлж байсан Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон.

Шүүхийн шийдвэрийн дагуу эрхэлсэн ажилдаа томилогдоод удаагүй байхад яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон бөгөөд урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв буураагүй тул удирдлагын шийдвэрийг зөвшөөрч, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд шилжин ажилласан.

Гэтэл удаагүй яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасныг үндэслэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсныг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн 174 дүгээр тогтоолоор гомдлыг хангаж тус тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч дахин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн "Ч.Б************** шилжүүлэн ажиллуулах тухай" Б/95 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн "Ч.Б**************** ажилд томилох тухай" Б/30 дугаар тушаалууд гарч яамны газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Ц*******,******* УТҮГ-ын захирал буюу төрийн үйлчилгээний албан тушаалд гэнэт томилсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн "Ч.Б************ шилжүүлэн ажиллуулах тухай Б/95 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ч.Б************ ажилд томилох тухай" Б/30 дугаар тушаалууд нь төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны хуулиар хамгаалагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, эрхийг ноцтой зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг буруу хэрэглэж өөр албан тушаалд шилжүүлэн томилсон. Тодруулбал төрийн жинхэнэ албаны удирдах албан хаагчийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон. Томилохдоо надтай тохиролцоогүй, төрийн жинхэнэ албан хаагч миний эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв зэргийг бүгдийг нь бууруулсан.

Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн " Ч.Б************ шилжүүлэн ажиллуулах тухай" Б/95 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн " Ч.Б************ ажилд томилох тухай" Б/30 дугаар тушаалуудыг эс зөвшөөрч 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдөр Төрийн албаны зовлонд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл энэ гомдлыг хянан хэлэлцээд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2344 тоот албан бичгээр надад хариу ирүүлсэн бөгөөд миний гомдлыг хангаж, төрийн жинхэнэ албан удирдах ажилтан миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж шийдвэрлэсэн.

Нэгэнт Төрийн албаны зөвлөлөөс намайг хууль бусаар Ц*******,******* УТҮГ-ын захирлын албан тушаалд шилжүүлэн томилсон болохыг тогтоосон тул Төрийн нарийн бичгийн дарга, сайд нартай биечлэн уулзаж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулахаар хандсан боловч “удахгүй томилно, хүлээж бай, одоо эрхэлж байгаа ажлаа хийж бай” гэх зэргээр надад хүлээлт үүсгэсэн. Гэвч Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй байсаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, Сайд нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, шинээр Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг Засгийн газраас томилсон.

Ингээд шинээр томилогдсон яамны удирдлагууд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, намайг урьд эрхэлж байсан Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох байх гэж хүлээж байсан боловч харин ч эсрэгээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн " Ч.Б************  ажлаас чөлөөлөх тухай" Б/33 дугаар тушаал гарч намайг Ц*******,******* УТҮГ-ын захирлын ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл намайг бүр ажилгүй болгож, хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчиж байгаа тул миний бие Төрийн албаны зөвлөлд дахин хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр "Хариу хүргүүлэх тухай" 01/851 тоот албан бичгээр яамны Төрийн нарийн бичгийн даргад зөвлөлийн шийдвэрийг яаралтай биелүүлэхийг үүрэг болгосон албан бичгийг хүргүүлж, хувийг надад ирүүлсэн. Гэсэн хэдий боловч яамны удирдлагууд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг одоог хүртэл биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/95, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/30 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, өөр ажилд шилжин ажилласан хугацааны цалингийн зөрүү гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:Би “төрийн жинхэнэ албан хаагчийг яагаад ТҮ буюу төрийн үйлчилгээний албан хаагч болгох гээд байгаа хэрэг вэ, би өргөдөл өгч чадахгүй” гэж хэлсэн. Н.У********** сайд 8 сард нь холбогдоод “таныг Ц************** УТҮГ руу томиллоо” гэж хэлж байсан. Би “Төрийн албаны зөвлөл рүү гомдлоо гаргаад явна” гэж хэлсэн. “Чөлөөлөгдөх өргөдлөө өгөөч ээ” гээд байсан.  Хүний нөөцийн газраас утасдаад “өргөдлөө өг гээд шахаад байна” гэж хэлдэг байсан. Цалингийн зөрүү гаргуулахаар шаардаагүй, тушаалуудыг хүчингүй болгуулаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд  эгүүлэн томилуулах гэсэн байр суурьтай байгаа.” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нэхэмжлэгчийг шилжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримталж шилжүүлсэн гэж тайлбарлаад байгаа. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт 2 үндсэн хэсгийг заасан.

Нэгдүгээрт ажлын зайлшгүй шаардлагын улмаас төрийн жинхэнэ албан хаагч болох өөртэй нь тохиролцож гэж заасан байдаг. Үүнийг Төрийн албаны зөвлөл болон  Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан тушаалаар баталсан журмын заалтаар бол өөртэй нь тохиролцоно гэдгийг зайлшгүй бичгийн хэлбэрээр зөвшөөрлийг нь авсан байхыг шаардаад байгаа юм. Ямар нэгэн байдлаар бичгийн хэлбэрээр зөвшөөрлийг нь авсан зүйл байхгүй. Өөртэй нь тохиролцсон гэдгийг төрийн удирдах алба буюу Төрийн нарийн бичгийн дарга, сайдаас ойлгохдоо “өөрт нь мэдэгдсэнийг” гэж ойлгоод байх шиг байна. Хариуцагч “өөртэй нь холбогдсон, өргөдлөө өг” гэж шахаагүй гэж тайлбарладаг.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа төрийн албан хаагчийг шууд удирдлага хоорондын санаачилгаар шилжүүлж болохоор байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийг хүртэл энэ албан тушаал дээр 8 жил ажилласан гэж үзэж болохоор байгаа юм. Тэгэхээр 10 жилийн шаардлага хангаагүй байхад удирдлага өөрсдийн санаачилгаар шилжүүлсэн нөхцөл байдал харагдаад байгаа юм.

Томилсон газарт очиж ажилласан, гэхдээ энэ тушаалуудтай холбоотойгоор Төрийн албаны зөвлөл болон шүүхэд гомдол гаргах байдлаар маргаад явна гэдгээ хэлсэн. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлд тушаал гарснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргаад Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хангасан боловч Төрийн нарийн бичгийн дарга, сайд эгүүлэн ажилд томилоогүй ийм нөхцөл байдлууд байна. Нэхэмжлэгч цалингийн зөрүү гаргуулахаар шаардаагүй, тушаалуудыг хүчингүй болгуулаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд  эгүүлэн томилуулах гэсэн байр суурьтай байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар Ч.Б************ Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж Ц*******,******* УТҮГ-т шилжүүлсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Ч.Б************ Ц*******,******* УТҮГ-ын захирлын албан тушаалд томилж, энэхүү албан тушаалдаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Уг албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг төрийн үйлчилгээний албан тушаал юм. Иймд энэхүү тушаалтай холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна.

Төрийн нарийн бичгийн даргын Ц************** УТҮГ руу шилжүүлэн томилсон тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар гаргасан. Бичгээр тохиролцсон юм гаргаагүй. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн албан бичгийн дагуу Ч.Б************ сонсгох ажиллагаа хийсэн, саналыг авсан баримт байхгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд н.Э********* гэдэг хүнийг шилжүүлэн томилон  ажиллуулж байгаа. Энэ хүн тэтгэвэртээ 2022 ондоо багтаад гарахаар байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зарлаагүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэгч Ч.Б************ гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн "шилжүүлэн ажиллуулах тухай" Б/95 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “ажилд томилох тухай" Б/30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/95 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг баримтлан яамны газрын даргын албан тушаалаас төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөн яамны харьяа улсын төсөвт үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлсэн нь,

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэсэн” байх, “төрийн жинхэнэ албан хаагчтай өөртэй нь тохиролцсон” байх, эсхүл “тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар” гэсэн шаардлагыг хангуулаагүй буюу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах үндэслэл үүсээгүй, мөн төрийн захиргааны ТЗ-13 ангиллын албан хаагчийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон нь ийнхүү “төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах тохиолдолд албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэсэн мөн зүйлийн 44.3 дахь заалтыг зөрчсөнөөс хууль бус болжээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мөн өдрийн Б/30 дугаар тушаалаар мөн л Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг баримтлан Ч.Б************ яамны харьяа Ц*******,******* улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар буюу төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон нь, 

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1,  44.3 дахь хэсгийн “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн, төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцон, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэсэн зохицуулалтыг зөрчжээ.

3. Хариуцагч нар нь Ч.Б************ 10 жил уг албан тушаалд ажилласан тул удирдлагын санаачилгаар шилжүүлэн ажиллуулах шаардлага үүссэн гэж, мөн албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн гэж тайлбарлаагүйн дээр нотлох баримт гаргаж эдгээр үндэслэлийг нотлоогүй, тушаалд “өөртэй нь тохиролцсон” гэж дурдсан ч ийнхүү шилжүүлэн ажиллахыг зөвшөөрсөн баримтгүй, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан маргаан бүхий актууд гарснаас хойш Төрийн албаны зөвлөлөөс “төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцоогүй, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс бууруулан төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлэн томилсон тушаалууд нь хууль зөрчсөн, хууль бус шийдвэрээ хүчингүй болгож хариу мэдэгд” гэж шийдвэрлэснээр  түүнд хариуцагч байгууллагаас “өргөдлөө өг” гэж утсаар шаардлага тавьсныг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож буй хэрэг гэж үзэхгүй.

4. Дээрх хууль бус шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтаар баталгаажсан “хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” баталгаа хангагдахгүйд хүрч, цаашлаад Хөдөлмөрийн тухай хуулиар захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажлаас чөлөөлсөн байдаг. Хэдий энэ шийдвэртэй маргаагүй ч энэ шийдвэр нь  Төрийн албаны тухай хуулийн 44.3, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт зөрчигдөж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа алдагдсаны үр дагавар гэдгийг шүүх дурьдах нь зүйтэй.  

5. Ийнхүү яамны Төрийн нарийн бичгийн даргын болон сайдын маргаан бүхий тушаал нь албан ажлын зайлшгүй шаардлага үүсээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцохгүйгээр төрийн захиргааны ТЗ-13 ангилал зэрэглэлийн албан тушаалаас төрийн үйлчилгээний буюу төрийн жинхэнэ албан хаагч биш төрийн үйлчилгээний албан хаагч болгож шилжүүлэн томилсон нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж, төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалтыг болон төрийн жинхэнэ албан хаагчийнх нь хувьд хуулиар олгосон баталгааг зөрчсөн хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хууль бус тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэгч нь ийнхүү хууль бусаар шилжүүлэн томилогдохоос өмнө яамны газрын даргын албан тушаалыг буюу төрийн захиргааны албан тушаалыг эрхэлж байсан тул түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар уг хууль болон уг хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар, тухайлбал урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтаар зохицуулна.

6. Нэхэмжлэгч нь ийнхүү албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн томилсон шийдвэртэй шүүхэд маргаж байх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7-д зааснаар шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн орон тоог сул орон тоо гэж үзэхгүй бөгөөд хариуцагч талын тайлбарласнаар нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй, түр орлон гүйцэтгүүлж буй гэх тул албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч нь шилжүүлэн томилсноос үүссэн цалингийн зөрүүг анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилж байсан ч шүүх хуралдааны явцад цалингийн зөрүүг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд ажил олгогч нь ажилтанд олгох цалингийн хэмжээнд ногдох хувь хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тул “эрүүл, мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүтэй хамт шийдвэрлэгдэх, нөгөө талаар хувь хэмжээ болон шимтгэлийн ногдол үүсгэх үүргийг хуулиар ажил олгогчид хүлээлгэсэн тул зайлшгүй нэхэмжлэлийн бие даасан шаардлагаар шийдвэрлэгдэх асуудал биш юм.

8. Нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн маргаан бүхий тушаалуудыг эс зөвшөөрч тэдгээрийг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд 9 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөл Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүргийн дагуу хянан үзэж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2343, 01/2345 тоот албан бичгээр “... шилжүүлэн томилсон тушаалууд нь ... хууль зөрчсөн байх тул ... хүчингүй болгож, хариу ирүүлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон, мөн өдрийн 01/2344 тоот албан бичгээр энэ талаар гомдол гаргагчид хариу өгч, улмаар 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 01/851 тоот албан бичгээр хариуг дахин шаардсан байх тул энэ хугацаанаас нэхэмжлэл гаргах хугацааг тооцох бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 526 дугаар тогтоолоор тодорхой дүгнэжээ. 

9. Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн гэх Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг баримтлан гаргасан захиргааны акттай холбоотой, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн энэ маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож төрийн үйлчилгээний албан тушаалаас чөлөөлсөн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/33 дугаар тушаалтай маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул “иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.   

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/95 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мөн өдрийн Б/30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Ч.Б************ урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны  дагуу нэхэмжлэгч Ч.Б************ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга тус бүрээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б************ олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА