Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/84

 

 

 

 

 

 

      2021           1             14                                       2021/ДШМ/84

 

Б.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/2005 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2006 04040 2701 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-ын Д, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл ..., ...-ын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

 

Б.Д нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Их сургуулийн чиглэлийн 29 дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Л-ийн эзэмшлийн “Самсунг А-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 501.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Б.Д-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 64 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Д-ийг цагдан хорьсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Л нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Д давж заалдсан гомдолдоо: “...Би мөрдөн байцаалт болон прокурорын шатанд ямар нэгэн саад учруулаагүй бөгөөд мэдүүлгийг үнэн зөвөөр өгч байсан. Би эх, ах нарын хамт амьдардаг. Миний ах 2015 онд хүмүүст зодуулж тархиндаа хүнд гэмтэл авч, тал цус харвасан бөгөөд одоо ажил хийх чадваргүйн улмаас гэртээ байдаг. Ээж минь өндөр настай, зүрх судасны өвчтэй учир гэрийн дэглэмд, эмчилгээнд байдаг. Миний сарын орлого ар гэрийн амьдралд минь хүрдэг байсан. Ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан Б.Л-ийн эзэмшлийн гар утсыг хулгайлан авч 501.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Л-ийн: “...баруун талын халаасанд гар утсаа хийгээд 29 дугаарын автобусанд суугаад Монгол Улсын Их сургуулийн автобусны буудал дээр буухдаа гар утсаа үзэхэд алга болчихсон байсан. ...” /хх 6/,

 

шүүгдэгч Б.Д-ийн: “...би тэр 2 охины араас автобусанд суух гэж байгаа юм шиг дагаж явж байгаад саарал курткатай охины баруун талын гадна халааснаас гар утсыг нь авчихаад тус автобусанд суулгүй урдуур нь тойроод хойш алхаад яваад өгсөн. ...” /хх 31/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Самсунг А9” загварын гар утасны үнэлгээг 501.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хх 15/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хулгайлах гэмт хэргийн субъектив шинж буюу гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхэж буй сэдэл, зорилго буюу хүсэл зоригийн шинж нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах, гэсэн шунахай сэдэлт, зорилготой байх бөгөөд бусдад мэдэгдэлгүйгээр нууцаар авч байгаа идэвхтэй үйлдлийн нийлбэр цогцыг хулгайлах гэмт хэрэгт тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.

 

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Д-ийн үйлдсэн хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэхээр заасан.

 

Шүүгдэгч Б.Д нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Б.Л-д хулгайлсан эд зүйл буюу гар утсыг буцаан өгсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гомдолгүй гэсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Д-ийн “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/2005 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/2005 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

2 дахь заалтын “...1 жил 6 сарын хугацаагаар...” гэснийг “...нэг жилийн хугацаагаар” гэж,

 

3 дахь заалтын “...1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар...” гэснийг “...нэг жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ хоногийн хугацаагаар...” гэж,

 

4 дэх заалтын “...1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар...” гэснийг “...1 жил 8 хоногийн хугацаагаар...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ