| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2018/03132/И |
| Дугаар | 181/ШШ2019/00551 |
| Огноо | 2019-03-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2019/00551
| 2019 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 181/ШШ2019/00551 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Д.Сүхбаатарын талбай 4, өөрийн байранд байрлах, МУДБЭТ /РД:9086811/-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц гэрч Ц.Ч, Х.О, Д.М, Н.Д, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ныөдрөөс эхлэн УДБЭТ-ын уран сайхны удирдагчаар томилогдон ажилласан бөгөөд ажиллаж байсан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдалгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. 2018 оны 10 дугаар сард тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатар болон түүний дүү Г.Оюун нар нь хууль зөрчин улсын төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашиглаж байгаа талаар хэлж, ах дүүс театрын санхүү, төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулж байгаа ноцтой зөрчил, дутагдал байгааг олж тогтоон захирал Төвшинтөгсөд удаа дараа амаар болон бичгээр мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авалгүй, харин ч улсын мөнгө хөрөнгийг завшиж байсан хуучин боломжийг нь хамгаалж хэвээр үлдээх зорилгоор намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул шүүхэд хандаж байна. Театрын захирал Ц.Төвшинтөгс хэлэхдээ. ... ерөнхий зураач Г.Ганбаатарын ээж Дашиймаа нь миний анхны дууны багш надруу байнга утсаар залгаад байх юм, Г.Ганбаатар та хоёр зохицоод учраа олоод ажиллаж болдоггүй юм уу гэдэг хууль бус шаардлага тавьж байсныг би хүлээн зөвшөөрөөгүй. Би театрт дуулах, бүжиглэх гэж ирээгүй. Ажилд орсноос хойш олон зөрчил гарсны нэг нь ерөнхий зураач Г.Ганбаатартай холбоотой санхүүгийн зөрчил байсан. Өмнө нь би энэ талаар театрт болсон хэвлэлийн хурлын үеэр ч хэлж байсан. Иргэдийн татварын мөнгө болох улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг театрын мөнгийг яагаад хувийн компанийн данс руу шилжүүлдэг болох ямар учиртай юм гэдэгт тайлбар авах гэж их үзсэн. Энэ талаар асуухад янз бүрийн тайлбар хэлж, надтай хамтарч ажиллахгүй гэдэг. Театрт шилэн данс байдаггүй, ямар ч дарга ирээд энэ алдаа дутагдлыг засаж залруулахгүй явж ирснээс, хууль бус нууцлагдмал журам үйлчилж, дотроо эв зүйгээ олоод хоорондоо зохицоод сурчихсан байдаг юм байна.
Хөдөлмөрийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил албан тушаалд хамт ажиллахыг хориглоно гэж заасан. Гэтэл театрын ерөнхий зураач Г.Ганбаатар дүү Г.Оюун нар нь дээрх хуулийг зөрчиж байгааг үндэслэн театрын даргад удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Миний харснаар 2011 оноос эхлэн театрын ерөнхий зураач Г.Ганбаатарын хувийн ГЭСҮ компанийн данс руу төсвийн мөнгийг шилжүүлж байсан юм билээ. Энэ бүх хууль зөрчсөн асуудлыг таслан зогсоох зорилгоор шаардлага хэлэхээр үеийн үед ийм байсан юм билээ, Г.Ганбаатартай зохицоод цаашид ажилла, эсвэл чи өргөдлөө сайн дураар бичиж өг, эсвэл чамайг гаргалаа гаргаад хална гэдэг тайлбар, шаардлагыг театрын дарга хэлдэг байсан.
Ерөнхий зураач Гунгаасүхийн Ганбаатар түүний төрсөн дүү конструктор зураач Гунгаасүхийн Оюун нарт ашиг сонирхлын зөрчилдөөн, авилгын эсрэг тухай хууль, шилэн дансны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль гээд маш их ноцтой хуулийн зөрчил олон жил бугшсан алдаа дутагдал, ёс суртахуун, ёс зүйгүй явдал байна гэж хэлсний төлөө намайг ажлаас үндэслэлгүй халсан.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч МУДБЭТын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь нэхэмжлэлдээ түүнийг ажлаас халах болсон үндэслэлийн талаар огт дурьдаагүй байх ба харин тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатартай холбоотойгоор үүссэн тэдний хоорондын хувийн таарамжгүй харилцааны талаар бичсэн байна. Нэхэмжлэгч нь Ерөнхий зураач Г.Ганбаатартай холбоотой санхүүгийн зөрчлийг таслан зогсоох талаар театрын удирдлагад шаардлага тавьсан учраас театрын захирал ажлаас халсан мэтээр үндэслэлгүй тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Б.Т нь тус театрын Уран сайхны удирдагчаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус театрын 56 дах улирлын нээлтийн талаарх хэвлэлийн бага хуралд оролцож, зөвхөн театрын 56 дах улиралд хийгдэх уран бүтээлийн талаар нийтэд мэдээлэл хийх үүрэгтэй байсан боловч тэрээр энэ боломжийг өөрт ашигтай байдлаар урвуулан ашиглаж, түүний зүгээс ерөнхий зураач Г.Ганбаатартай үүссэн хувийн таарамжгүй харилцаатай холбоотой асуудлаа байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан үзэж, байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар шалгагдаж нотлогдоогүй мэдээллийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр театрын нэрийн өмнөөс нийтэд зарлаж театрын нэр хүндийг унагасан үйлдэл гаргасан болно. Мөн тэрээр Уран сайхны удирдагчийн ажлыг цалгардуулж, уран сайхны зөвлөлийн хурлыг хувийн маргаан тэмцэлдээний талбар болгон, хурлыг хурал биш болгож, уг хурлаар яаралтай шийдвэрлэх ёстой чухал асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй болгож, уран сайхны зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон болно. Энэ байдал нь тус театрын Хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заасан ноцтой зөрчилд тооцогдож байх тул ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн болно.
Б.Т нь тус театрын Уран сайхны удирдагчийн хувьд театрын уран сайхны зөвлөлийн ажлыг удирдан чиглүүлж уран сайхны зөвлөлийн хурлыг зохион байгуулж хурлаас гарсан шийдвэрийг уран бүтээлчдэд шуурхай мэдээлэх, тус театрын урын сангийн зөв бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, уран бүтээлийн чанарыг дээшлүүлж, дэлхийн ижил түвшний урлагийн театруудтай хамтран ажиллаж уран бүтээлийн солилцоо хийх уран бүтээлчдийн мэргэжлийг дээшлүүлэх, уран бүтээлийн ангиудын удирдлагатай зөв ойлголцож, ёс зүй харилцаа хандлагын байдлаар манлайлж ажиллах ёстой байтал, энэ бүхнийг зөрчиж ажиллаж байсан тул түүнийг мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг тус театрын мэргэжил ур чадварыг тогтоох комисс гаргасан болно.
Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч МУДБЭТт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Б.Т нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан хамгаалалтын аргын дагуу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Т нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театртай Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тохиролцож, ДБЭТ-ийн захирлын 2018 оны 01 дугаар сарын 09-ны өдрийн Б)01 тоот тушаалаар театрын Уран сайханы удирдагчийн ажилд томилогджээ. /хх-48/
МУДБЭТийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/197 дугаар дугаар Б.Тыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ДБЭТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.7, 8.7.2 Г, Хөдөлмөрийн гэрээний 3.1.8.3 (4.2), Ёс зүйн дүрмийн 3.1.4, 4.2.4, 4.3.1, 4.4.4, 4.6.6, Байгууллагын мэргэжил ур чадварыг үнэлэх комиссын шийдвэрийг үндэслэн Б.Тыг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн театрын 56 дах улирлын нээлтийн хэвлэлийн бага хурал дээр удирлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар нотлогдоогүй мэдээллийг нийтэд зарлаж, Уран сайханы зөвлөлийн ажлыг цалгардуулан, хамт олны дунд зөрчилдөөнийг бий болгон ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журам, ёс зүйн дүрмийн баримтлан ажиллах үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан, мэргэжлийн ур чадваргүй болох нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон гэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-12х/
Нэхэмжлэгч Б.Т нь 2018.11.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
Хариуцагч Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр нь Б.Тыг ажлаас халсан үндэслэлээ ноцтой зөрчил гаргасан, мэргэжлийн ур чадваргүй болох нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарлан маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан.
УДБЭТ-ын Б.Ттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.2-д ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба үүнд Хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад ноцтой зөрчил гаргасан бол. Үүнд: УДБЭТ-ын ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн бол, ... үүгээрээ УДБЭТ-ын бизнесийн ба ажлын нэр хүндийг нь гутаах зэргээр театрын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгох, эдийн засгийн хохирол учруулсан бол гэх үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. Уг заалт Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.2 Г-д тусгагдсан байна.
Аливаа үйлдлийг энэхүү ноцтой зөрчилд тооцох, эсэхийг шалгах процедур нь эхлээд ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн эсэх, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсны дараа уг ноцтой зөрчил нь УДБЭТ-ын бизнесийн ба ажлын нэр хүндийг нь гутаасан эсэхийг тогтоох, гутаагдсанаар театрын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болсон байх, эсхүл эдийн засгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байх шалгууртай байна.
Б.Тын 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн театрын 56 дах улирлын нээлтийн хэвлэлийн бага хурал дээр удирлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар нотлогдоогүй мэдээллийг нийтэд зарласан, Уран сайханы зөвлөлийн ажлыг цалгардуулан, хамт олны дунд зөрчилдөөнийг бий болгон ажлын хариуцлага алдсан үйлдлүүд нь дээрхи ноцтой зөрчил мөн эсэхийг тогтоохын тулд дээрхи процедурын дагуу шалгая. Б/197 дугаар тушаалд Ёс зүйн дүрмийн 3.1.4, 4.2.4, 4.3.1, 4.4.4, 4.6.6-ийг үндэслэсэн тул эдгээр заалтыг ноцтой зөрчсөн эсэхийг шалгая.
УДБЭТ-ын уран бүтээлч, ажилтнуудын ёс зүйн дүрмийн 1.2-д зааснаар Захиргаа нь ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллах үүрэгтэй байх бөгөөд 5.1-д зааснаар уран бүтээлч, ажилтны талаар ирүүлсэн албан ёсны өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны даалгаснаар Захиргааны зөвлөл ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хянаж, шалгаж, дүгнэлт гаргана гэж заасан байна.
УДБЭТ нь Захиргааны зөвлөлтэй, Захиргааны зөвлөл нь Б.Тын ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдлийг шалгаад дүгнэлтийг бичгээр гаргаагүй боловч захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн гэж тайлбарлаж байна.
УДБЭТ-ын уран бүтээлч, ажилтнуудын ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлд Ёс зүйн үндсэн зарчмыг тодорхойлж, 3 дугаар зүйлд байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг үзүүлэхэд Эрхэмлэн дээдлэх 6 зарчмыг тогтоон, уг 6 зарчмынхаа хүрээнд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээнүүдийг 4 дүгээр зүйлийнхээ 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д зарчим тус бүрээрээ тодорхойлжээ.
Ёс зүйн дүрмийн 3.1.4-д Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 4.2.4-д ажил үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхолын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх, 4.3.1-д ажил үүргээ гүйцэтгэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх, 4.4.4-д захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх, 4.6.6-д Өөрийн сурч мэдсэн зүйл, дадлага туршлагаа хамтран ажиллагсадтайгаа хуваалцаж бусадтай нийтэч, эвсэг, багаар ажиллах ажиллагаанд бүрэн дүүрэн суралцсан байхыг хичээх гэж заажээ.
56 дах улиралд хийгдэх уран бүтээлийн талаар нийтэд мэдээлэл хийх үүргийг Б.Тад удирдлагаас өгсөн нь тогтоогдож байх бөгөөд нийтэд мэдээлэл хийсэн талаар зохигч маргаагүй. Харин Б.Тыг ерөнхий зураач Г.Ганбаатартай үүссэн хувийн таарамжгүй харилцаатай холбоотой асуудлаа байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан үзэж, байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар шалгагдаж нотлогдоогүй мэдээллийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр театрын нэрийн өмнөөс нийтэд зарлаж театрын нэр хүндийг унагасан үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь: Б.Т ерөнхий зураач Г.Ганбаатартай холбоотой ямар мэдээллийг болон дотоод үйл ажиллагааны талаар шалгагдаж нотлогдоогүй ямар мэдээллийг, ямар аргаар /хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон хурал, цуглаан олон нийтэд тараасан, уг мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлүүд болон уг мэдээллийн улмаас байгууллагын нэр хүнд гутаагдсан гэж үзэх үндэслэлүүдийг хариуцагч тал баримтаар нотлоогүй болно.
Мөн Б.Тыг Уран сайханы зөвлөлийн ажлыг цалгардуулсан, хамт олны дунд зөрчилдөөнийг бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Уран сайханы зөвлөл нь хурлын зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг байх бөгөөд хурлаас хамтын зарчмаар буюу олонхийн саналаар шийдвэр гардаг тул шийдвэр гараагүй байгаа нөхцөл байдалд зөвхөн Б.Тыг буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.
Б.Т уран сайханы зөвлөлийн даргын хувьд хурлыг зарлан хуралдуулдаг байсан, хурлаас шийдвэр гаргахын тулд уран сайханы зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байсан болох нь түүний захирал Ц.Түвшинтөгсөд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Т нь УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгсд уран сайханы зөвлөлийн хурал, ажлын талаар болон Г.Ганбаатар, Д.Лхагвасүрэн нарын үйлдлийн талаар бичгээр хүсэлт /хх-9-11х/ гаргаж байсан боловч удирдлагын зүгээс хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Мөн байгууллагын төсвийн мөнгийг ерөнхий зураач Г.Ганбаатар, түүний хамаарал бүхий Гэсү ХХК-ийн дансанд шилжүүлж байгаа зөрчлийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд гомдол гаргаж шалгуулсан /хх-23-25х/ байх бөгөөд шалгалтаар 2011-2018 онд Гэсү ХХК-д 78 368 277 төгрөг, Г.Ганбаатарт 159 450 000 төгрөг нийт 237 818 277 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ нь хууль зөрчсөн эсэхийг зохих байгууллагад нь шалгуулахаар шилжүүлсэн байна.
УДБЭТ нь ажилтануудын хоорондын зөрчил /Б.Т, Г.Ганбаатар нарын болон бусад ажилчдын/, дотоод үйл ажиллагаанд гарч буй доголдол /уран сайханы зөвлөлийн хурал, зохих ёсоор явагдахгүй байгаа, шийдвэр гарахгүй байгаа/ зэргийн шалтгаан нөхцлийг шалган тогтоож, зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй тул ажилтнуудын хоорондын зөрчил, ажилтнуудын хоорондын харилцаанаас шууд хамааралтайгаар үйл ажиллагаанд гарч буй доголдол зэрэгт хэн нэгнийг нь шууд буруутгах боломжгүй юм.
Иймээс Б.Т ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Мэргэжлийн ур чадваргүй болох нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлийн тухайд,
МУДБЭТ 2018.10.08-ны өдрийн А/41 дугаар тушаалаар Мэргэжлийн ур чадварыг тогтоох комиссыг байгуулж, комиссын бүрэлдэхүүнийг болон комиссын ажиллах журмыг баталжээ. /хх-44-45х/
Уг комиссын гишүүд нь Б.Тын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоохдоо Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайханы удирдагчийн ажлын байрны тодорхойлолт-д заасан ажлын байрны гол үйл ажиллагаа, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага зэргийг Шалгуур үзүүлэлт болгон жагсааж, комиссын гишүүд өөр өөрсдийнхөө оюун дүгнэлтийн хүрээнд оноо өгч, түүнийг нь нэгтгэх байдлаар дүгнэлт гаргасан болох нь ажлын байрны тодорхойлолт, комиссын шийдвэрийг харьцуулан судлах, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-42-43, 46х/
Шалгуур үзүүлэлтийн 11-15-д Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага-ыг бичсэн байх бөгөөд Мэргэжил, ур чадварыг тогтоох комиссын шийдвэрийн ДҮГНЭЛТ хэсэгт Б.Тыг шалгуур үзүүлэлтийн 11-15-д заасныг хангаагүй, 60-аас доош оноо авсан буюу хангалтгүй үнэлгээ авсан учраас уран сайханы удирдагчийн албан тушаалд тэнцэхгүй гэж дүгнэснээс гадна, гишүүдээс өгсөн оноо-г хэрхэн нэгтгэж гаргасан нь тодорхойгүй байна.
Ажилтаны мэргэжил, ур чадварыг тогтооно гэдэг тухайн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх хангалттай мэдлэг, ур чадвартай эсэхийг тогтоох тухай ойлголт бөгөөд энэ нь объектив байдлаар тогтоогдох ёстой. Өөрөөр хэлбэл тухайн ажилтаны тухайн ажлыг гүйцэтгэх мэдлэгийн цар хүрээ, ур чадварын түвшингийн хэмжээг бодит байдлаар нь тогтоохыг хэлнэ.
Комиссын гишүүд Шалгуур үзүүлэлт-ийн дагуу өөрсдийн оюун дүгнэлтийн хүрээнд оноо өгч буй байдал нь субъектив үнэлгээ тул комиссын дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайханы удирдагчид хуулиар тайзны урлагийн дээд мэргэжилтэй буюу хөгжмийн театрын найруулагч, удирдаач, балетмейстр, хормейстр, хөгжмийн театр судлаачаар мэргэшсэн байх, Боловсролын зэрэг нь магистр байх, Багш удирдаачаар мэргэшсэн байх, удирдахуйн ухаан тайзны урлаг буюу урлагын бусад төрлөөр мэргэшсэн байх, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлыг 5-аас дээш жил хийсэн байх шаардлагыг тогтоогоогүй тул эдгээр шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлүүдээр Б.Тыг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Тыг урьд эрхэлж байсан МУДБЭТ удирдагч ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн тухайд
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтаныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох хуулийн зохицуулалттай.
, 2005 55 - .Т Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт 3 /2018 оны 8, 9, 10 сар/- сарын 1 008 353 2018 11 үгээр 06- 2019 03 үгээ 04-ий ажлын 3 сар 21 . /хх-22, 12х/
3 сар 21 , 1 008 353 : 21.5 = 46 900 ; 1 008 353 3 сар = 3 025 059 төгрөг, 46 900 х 21 = 984 900 төгрөг, 3 025 059 + 984 900 = 4 009 959 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч МУДБЭТ 4 009 959 төгрөгийг гаргуулж Б.Тад олгов.
Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн тухайд,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч УМУДБЭТ даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Б.Тыг МУДБЭТ уран сайханы удирдагч ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, МУДБЭТ4 009 959 /дөрвөн сая есөн мянга есөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж Б.Тад олгож, үүнээс Б.Тын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч МУДБЭТ даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Тын ажлаас буруу халсан талаарх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчМУДБЭТ 79 109 /далан есөн мянга нэг зуун есөн/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА