Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025         02           12                                        2025/ШЦТ/67

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч: Д.Э., түүний өмгөөлөгч Х.Гантулга нар оролцсон эрүүгийн 2508000000016 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б. овогт Д.гийн Э.

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Т.” зочид буудалд угаагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э. нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т.” зочид буудлын ... тоот өрөөнд Т.Б.ийн дэрэн доороо хийгээд мартсан байсан хос ээмгийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, улмаар “Д.” барьцаалан зээлдүүлэх газарт 2.000.000 төгрөгөнд тавьж, хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Д.Э.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

Эрүүгийн 2508000000016 дугаартай хэргээс:

Хохирогч Т.Б.ийн мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Гэрч С.М.ийн мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч Ч.М.ийн мэдүүлэг /хх-ийн 28/,

Гэрч Д.Б.ы мэдүүлэг /хх-ийн 30/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ц-0798 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-34/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 43/,

Д.Э.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53/,

Д.Э.гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 52-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Д.Э. нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т.” зочид буудлын ... тоот өрөөнд Т.Б.ийн дэрэн доороо хийгээд мартсан байсан хос ээмгийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, улмаар “Д.” барьцаалан зээлдүүлэх газарт 2.000.000 төгрөгөнд тавьж, хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Т.Б.ийн өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Т. п.” буудалд нөхөр, найз С., Б., дүү Л., түүний нөхөр Б. нарын хамт нэг өрөө захиалчихаад доошоо бууж хоол идээд буцаж өрөөндөө орж ирээд 5 шил архи уугаад, шөнө 02:00 цагийн үед манай нөхөр болох Э. гэрт охин ганцаараа байгаа учраас гэр лүүгээ, 05:00 цагийн үед Б. гэр лүүгээ явсан. Тэгээд бид дөрөв унтах гээд хэвтэхэд ээмэг нухаад байхаар нь би дэрэн доогуураа хийчихээд унтсан ба өглөө 09:00 цагийн үед Л.ын нөхөр Б. ажилдаа явсан. 10:00 цагийн үед Л.ыг дэлгүүр гаргаад нэг шил архи, нэг биеийн тос авахуулсан ба 12:00 цагийн үед “буудлын өрөө сулла, цаг болчихсон” гэхээр нь бид дөрөв доошоо 2 давхар луу буугаад, хоол идээд, 13:00 цагийн үед “Т. п.”-гаас гарсан юм. Тэгээд гарч яваад “М март”-ын дэргэд байж байхдаа би өөрийн ээмгээ мартсан байснаа санаад дүү Ч.М.ийг замын эсрэг талаас дуудаад “бид нарын байрласан ... тоот өрөөний орон дээр байсан дэрэн доогуур миний ээмэг байгаа, чи аваад ирээч” гэж хэлсэн ба Ч.М. над руу удалгүй утсаар залгаад “танай өрөөг цэвэрлээгүй гэж байна, би ороод үзье” гээд ярьсан ба над руу дахиж залгаад “танай өрөөг цэвэрлээгүй, харин цагаан хэрэглэлийг нь авчихсан, хогийг нь асгачихсан байна, харин таны ээмэг олдохгүй байна” гэж хэлэхээр нь бид дөрөв тухайн буудалд явж очоод байрлаж байсан өрөөнд ороход цагаан хэрэглэл авчихсан, хог асгасан байдалтай байсан ба уг өрөөг үзээд ээмэг маань олдохгүй байхаар нь тухайн буудлын ажилчинг дуудаад “цагаан хэрэглэл авсан хүн хаана байна, ээмгээ асуумаар байна” гэхэд цагаан хэрэглэл авсан хүн буугаад явчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Гэрч С.М.ийн өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т. п.” нэртэй зочид буудалд үйлчлэгч хийдэг юм. Би 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутын үед ажил дээрээ ирээд цагаан хэрэглэл угаах ажил хийж байгаад өдрийн 01:00 цаг хүртэл хийсэн. 13:00 цагийн үед өөрийн үндсэн ажил болох өрөө цэвэрлэх ажлаа хүлээж авсан. Би ажлаа хүлээж аваад 3 давхарт байрлах өрөөнүүдээс цэвэрлэж эхэлсэн. 14:00 цагийн орчим 307 тоот өрөөг цэвэрлэж байхад зохион байгуулагч Болороо залгаад “... тоот өрөөнөөс гарсан хүмүүс эд зүйлээ үлдээсэн байна, шалгаад өг” гэсэн чинь үл таних эмэгтэй доороос гарч ирээд бид хоёр ... тоот өрөөнд ороод тэр үл таних эмэгтэй “манай найз дэрэн доороо эд зүйлээ үлдээсэн байна” гэж хэлж, бид хоёр хайж байхад гаднаас нэг эрэгтэй, хоёр эмэгтэй орж ирээд бөөндөө хайгаад олдохгүй байхаар нь ээмэгний гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад хандаж байсан. Би цагаан хэрэглэл угааж байхад Д.Э. намайг дуудаад “... тоот өрөөнөөс коридорт байдаг ширээг хамт гаргаад өгөөч” гэхээр нь би туслаад хамт ширээг гаргасан. Д.Э. ... тоот өрөөнд үлдсэн, удахгүй ... өрөөний цагаан хэрэглэл авчирч надад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч Ч.М.ийн өгсөн “...”Т.” зочид буудлын гадна талаас би тэд нараас салаад ажил дээрээ байж байтал Т.Б. эгч миний гар утас руу залгаад өрөөнийхөө дэрэн доор ээмэг үлдээсэн байгаа, чи ороод аваадах гэж хэлсэн. Би буудлын зохион байгуулагчтай уулзахад дээр 3 давхарт үйлчлэгч явж байгаа, тэр хүнтэй хамт ... тоот өрөөндөө ороод үзчих гэж хэлсэн. Би тус өрөөнд үйлчлэгчийн хамт ороход ор хөнжлийн цагаан даавууг аваад хогийг хаясан байдалтай байсан. Би өрөөнд нь ээмэг байгаа гэх газар үзэхэд байхгүй байсан чинь удахгүй нөгөө хэд орж ирээд бөөндөө хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Гэрч Д.Б.ы өгсөн “...Манай ломбарданд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Д.Э. нь цэцгэн хээтэй хос алтан ээмгийг 1 сарын хугацаатай 2.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Барьцаанд тавьсан ээмгээ 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөнгөө төлөөд буцаагаад авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ц-0798 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...алтан ээмэг 10.4 грамм 2.000.000” гэх тайлан /хх-ийн 32-34/,

Д.Э.гийн яллагдагчаар өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Т.” зочид буудалд 2024 оны 07 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл угаагчийн ажил хийж байгаа юм. Би 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн ажилтай байсан бөгөөд маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 03-ны өдөр ээлжнээс буухаасаа өмнө 41 номерын өрөөний цагаан хэрэглэлийг нь угаах гээд автал дэрэн доороос 1 хос алтан ээмэг гарахаар нь би тухайн ээмгийг аваад, ажлаасаа буугаад, 14:00 цагийн орчимд Хархорингийн ойролцоо байх ломбарданд 2.000.000 төгрөгөөр тавьсан. Би тухайн 2.000.000 төгрөгийг хүмүүст өртэй байсан учир өөрийнхөө өрийг дарахад зарцуулсан. Би орой нь гэртээ байж байтал хамт ажилладаг эгч болох С.М. над руу залгаад “Т.Б. гэх эмэгтэй ... тоот өрөөнд ээмгээ үлдээчихээд явсан байна, чи хараагүй биз?” гэж надаас асуухаар нь би тухайн үед авснаа хэлж чадалгүй, мэдэхгүй гээд хэлчихсэн юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагаас над руу залгаад дуудахаар нь би үнэнгээ хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 53/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э. нь бусдын зочид буудлаар үйлчлүүлээд, дэрэн доороо мартсан хос ээмгийг завшсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, “Д.” барьцаалан зээлдүүлэх газрын баримт зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэж, 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

“Бага хэмжээнээс дээш хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогпсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Э.гаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид эд зүйлийг нь биет байдлаар буцаан өгсөн, “Д.” барьцаалан зээлдүүлэх газарт төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Э.г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Шүүгдэгч нь хохирогчид цэцгэн хээтэй хос алтан ээмгийг нь биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэлээр тус тус нотлогдож, “Д.” барьцаалан зээлдүүлэх газарт төлөх төлбөргүй болох нь гэрч Д.Б.ы мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Д.Э.г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Э. нь боловсролгүй, мэргэжилгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Э.д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Д.Э. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. овогт Д.гийн Э.г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Э.д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН