Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/352

 

                 

 

                                   

 

 

 

 

  2024         10           29                                                   2024/ШЦТ/352

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Шүүгдэгч, хохирогч Б.Х, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа,

Шүүгдэгч, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б.Х, Б.Б.М нарт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ................................................... регистрийн дугаартай.

2.Монгол Улсын иргэн, ................................................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х, Б.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Б.Х нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.М  ын эхнэр М-г үг хэлээр доромжиллоо гэх маргааныг эсэргүүцэн маргалдаж улмаар зодолдон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Х тай миний эхнэрийг хэл амаар доромжилсон гэдгээр шалтаглан маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

-2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-н 1/

-Хохирогч Б.М-ын өгсөн: "...Манай эхнэр М бид хоёр 2024 оны 8 дугаар сарын 26-ны үеэр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах А нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд талд байдаг гар утасны лангуунаас жижиг тог үүсгэгч худалдаж авсан. Гэтэл тухайн тог гаргагчийн цэнэглэгчийн оролт ажиллахгүй байхаар нь эхнэр бид хоёр 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тухайн гар утасны дэлгүүр дээр очоод манай эхнэр М орж уулзсан. Би гадаа машиндаа суугаад хүлээж байсан. Гэтэл эхнэр М хэсэг хугацааны дараа царай нь хачин болчихсон барайсан хүрч ирээд машиндаа суусан. Тэгээд би эхнэр М-гаас чи яасан юм бэ гэхэд гар утасны худалдагч залуу намайг хөдөөний халтар авгай гэж доромжлоод байхаар нь хэрэлдчихээд гараад ирлээ гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр явах гээд машинаа асаагаад хөдлөх гэж байтал нөгөө гар утас худалдааны залуу хог асгах гээд гарч ирсэн. Тухайн залууг гарч ирэхээр нь би хажууд нь явж таараад чи яагаад хүн доромжилдог юм бэ гэхэд яадаг юм би угаасаа доромжилдог юм гээд байхаар нь би машинаасаа бууж очиж уулзаад чиний ээж шиг хүн байна чиний ээжийг хүн доромжилбол чи яах вэ гэхэд миний ээжийг хүн доромжилдоггүй гэхээр нь тэгвэл чи тийм сайхан ээжээс гарчхаад яагаад бусдыг доромжилдог юм гэхэд нөгөө залуу яадаг юм танай муу халтар авгайг доромжлоход, чамайг авгайтай чинь ална шүү гээд бид хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон. Манай эхнэр бид хоёрыг салгах гээд бараагүй гудамжинд явж байсан 1 танихгүй залуу явж таараад та хоёр болио цөөхөн Монголчууд байж битгий муудалц гээд салгасан. Тэгээд эхнэр бид хоёр гэр рүүгээ явсан." гэх мэдүүлэг /хх 10-11, 13/,

Хохирогч Б.Х---гийн өгсөн: "...Би Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Амар хүнсний нэртэй дэлгүүрийн хажууд нэг байранд хувиараа гар утас засвар ажиллуулдаг. 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би ажил дээрээ байж байхад нэг эмэгтэй орж ирээд манайхаас өмнө нь авсан гар утас цэнэглэгчийг ажиллахгүй байна гэж орж ирсэн. Тэр үед надтай хамт ажилладаг манай дүү А тухайн цэнэглэгчийг нь шалгаж үзэхэд ямар нэгэн асуудалгүй ажиллаж байсан. Тийм учраас тухайн худалдан авсан хүмүүсийн өөрсдөд ямар нэгэн ямар асуудал байна гэж хэлээд манайх зарагдаж байгаа барааг бүгдийг нь шалгаж өгдөг гэж хэлэхэд тухайн эмэгтэй манай дүү А-г харааж зүхээд байхаар нь би балай авгай минь наад цэнэглэгчээ аваад зайл гэж хэлсэн өөр зүйл яриагүй. Тэр үед нөгөө эмэгтэй гарч яваад буцаж манай урд талын дэлгүүр орохдоо дүү бид хоёрыг янз янзын муу үгээр хэлээд байхаар нь балай авгай минь яваа гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрээс хог асгах гээд гадаа гартал нөгөө эмэгтэйн нөхөр болох залуу гадаа намайг дуудаад чи муу яагаад эхнэр хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэхээр нь би харьцаанаас харьцаа үүсдэг юм гэж хэлээд танай эхнэр өөрөө эхэлж биднийг хэл амаар доромжилсон гэж хэлээд ажил руу орох гээд явтал нөгөө залуу намайг татаж аваад би чамайг ална гээд намайг заамдаж авахаар нь би цааш нь түлхэхэд намайг эргүүлж цохиж зодсон. Би тухайн үед зодуулаад толгой манараад хөмсөг сэтэрсэн цус гоожоод эмнэлэгт үзүүлж Цагдаагийн байгууллагад хандсан." гэх мэдүүлэг /хх 4-5, 7/,

Гэрч А.М-гийн өгсөн: "...Би гараад машиндаа суухад манай нөхөр М наад нүүр царай чинь яачихваа юу болов гэхээр нь энэ дотор утасны залуу намайг хөдөөний халтар авгай гээд хэл амаар доромжлоод байхаар нь өөдөөс хэрэлдчихээд гараад ирлээ гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр машинаа асаагаад явах гэж байтал нөгөө утасны дэлгүүрийн залуу дотроос хайрцагтай хог бариад гарч ирсэн. Тэгээд манай нөхөр нөгөө залууд хандан чи яагаад хүнийг хэл амаар домжлоод байгаа юм бэ гэхэд нөгөө залуу өөрсдийнхөө эвдэрхий юмыг шалгахгүй байж наад халтар авгай чинь олон юм ярьж орж ирлээ гэхэд манай нөхөр М чи манай эхнэрийг яагаад халтар гэж доромжилж байгаа юм бэ гээд машинаасаа буугаад нөгөө залуутай уулзсан. Гэтэл нөгөө залуу би угаасаа доромжилдог юм гээд тэр хоёр муудалцаад барилцаж аваад хоорондоо зодолдсон. Тэгээд би дундуур нь орж салгах гэтэл дийлдэхгүй нөгөө утасны дэлгүүрийн залуу намайг хүртэл цохичих гээд дийлдэхгүй байсан. Тэгээд замаар явж байсан 1 танихгүй залуу салгаж өгөөд явсан би нөхөр Мөнбатыг аваад гэр рүүгээ явсан. Манай нөхөр М нь тухайн утасны дэлгүүрийн залуутай дандаа гараараа цохилцсон яг хэдэн удаа аль хэсэг рүү нь цохисон болохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо харилцан зодолдсон. Тухай залуу мөн гараараа Мыг цохисон мөн зүүн гарын булчин дээрээс хазсан байсан мөн зүүн нүд рүү нь гараараа цохисон." гэсэн мэдүүлэг /хх 15-16/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 526 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Хгийн биед хамар ясны зөрсөн, цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний гадна хэсэг, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн шанаа, баруун дээд зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх /хх 24-25/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 532 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1 дүгээр асуултад: Б.М-ын биед зүүн бугалганд цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд урууланд зулгаралт, дух, зүүн бугалга, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2 дугаар асуултад: Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4 дүгээр асуултад: Дээрх гэмтэл нь шинэ байна. 5 дугаар асуултад: Дээрх зүүн бугалганд үүссэн цус хуралт, тархи доргилт гэмтэл нь тус тусдаа хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд урууланд зулгаралт, дух, зүүн бугалга, зүүн чамархайн зөөлөн эдийн няцралт гэмтэл нь тус тусдаа хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 6 дугаар асуултад: Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх /хх 28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Б.Х, Б.М нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.Х нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.М-ын манай эхнэрийг үг хэлээр доромжилсон гэх маргааныг эсэргүүцэн маргалдаж улмаар зодолдон Б.М-ын эрүүл мэндэд зүүн бугалганд цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд урууланд зулгаралт, дух, зүүн бугалга, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Х-тай миний эхнэрийг хэл амаар доромжилсон гэдгээр шалтаглан маргалдан зодолдож Б.Х-гийн эрүүл мэндэд хамар ясны зөрсөн, цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний гадна хэсэг, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн шанаа, баруун дээд зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Б.М-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Х-гийн эрүүл мэндэд хамар ясны зөрсөн, цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний гадна хэсэг, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн шанаа, баруун дээд зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч Б.Х-гийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд зүүн бугалганд цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд урууланд зулгаралт, дух, зүүн бугалга, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б.М, Б.Х  нар нь хэн алинааасаа гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч  нарт хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 0000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Х, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б.Х, Б.Б.М-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан " Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.М нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.М нарт оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Т.БАТЖАРГАЛ