| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2006000000891 |
| Дугаар | 2021/ДШМ/85 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ДШМ/85
Н.А, Н.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Даваасүрэн,
шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ц.Мандал,
шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,
нарийн бичгийн дарга М.МөнхБ нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1961 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А, Н.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.А, Н.Д нарт холбогдох 2006 00000 0891 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Н-ийн Д, 19хх оны х дугаар сарын хх-ны өдөр _____-д төрсөн, хх настай, эрэгтэй, ___ боловсролтой, ___ мэргэжилтэй, ам бүл _, _____ аймгийн _____ сумын __ дугаар багийн ______ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХХХХХХХХХХ/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасаар нийт 1 жил 2 сар 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлснийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлаж тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял болгон өөрчилсөн;
Б овгийн Н-ийн А, 19хх оны х дугаар сарын хх-ний өдөр _______-д төрсөн, хх настай, эрэгтэй, ________ боловсролтой, , ам бүл _____, _______ аймгийн ________ сумын _______ дүгээр баг, _________тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХХХХХХХХХ/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар ял хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 10 жил 3 сар 10 хоног хорих ял шийтгүүлж, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 100.000 төгрөгийн хөрөнгө хурааж 12 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
Н.А нь ганцаараа
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Н.А, Н.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Н-ийн Д, Б овогт Н-ийн А нарыг бүлэглэн хүн байнга амьдрах орон сууцанд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Н.А-д 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Н.Д-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д-д өмнөх Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн Н.Д-ын нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Н.А-ийн урьд цагдан хоригдсон нийт 209 хоног, Н.Д-ын урьд цагдан хоригдсон нийт 215 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг ажлын бээлий, 28.5 см урттай зузаан төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.А-ээс нийт 2.877.082 төгрөгийг гаргуулж, Н.Д-аас нийт 1.818.582 төгрөг гаргуулж, хохирогч С.Мд шүүгдэгч тус бүрээс 15.000 төгрөгийг, хохирогч Б.Сд шүүгдэгч тус бүрээс 48.750 төгрөгийг, хохирогч Ч.Гд шүүгдэгч нараас тус бүр 15.000 төгрөгийг, хохирогч Б.От шүүгдэгч тус бүрээс 385.600 төгрөгийг, хохирогч С.Ад шүүгдэгч тус бүрээс 319.376 төгрөгийг, хохирогч П.Чт шүүгдэгч нараас тус бүр 5.000 төгрөгийг, хохирогч П.Тд шүүгдэгч тус бүрээс 249.860 төгрөгийг, хохирогч С.Гт шүүгдэгч тус бүрээс 279.996 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ш.Ут шүүгдэгч тус бүрээс 20.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Од шүүгдэгч тус бүрээс 125.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Бад шүүгдэгч тус бүрээс 175.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Бд шүүгдэгч тус бүрээс 50.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Мд шүүгдэгч тус бүрээс 100.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Ут шүүгдэгч тус бүрээс 30.000 төгрөгийг, Н.А-ээс 1.058.500 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Цид 230.000 төгрөг, хохирогч Х.Бт 400.000 төгрөг, хохирогч Л.От 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Пд 178.500 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.А давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн-Нарангийн айлаас бусадтай хамтран оролцож, хамт хулгай хийсэн. Хулгайлсан эд хөрөнгө болох зурагтыг ганцаараа авч яваад зарсан Н.Д-ыг энэ үйлдэлд татаагүй байна. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн орчимд Жанжины __ дүгээр гудамжны айлаас LCD зурагтыг Батсүхтэй хамтран хулгайлсан бөгөөд үүнийгээ мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурорт хэлсэн боловч прокурор Галав нь мөрдөгчид нөлөөлж Батсүхийг хэрэгт татахгүйгээр ял завшуулсан. Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, хошууч Энхбаярт 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байцаалтаар өгсөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс харьяалагдах 2006 61738 дугаартай хулгайн нэг үйлдлийг нэмж оруулалгүй, нэгтгэж шийдвэрлээгүй нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. ...” гэв.
Шүүгдэгч Н.Д давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2020 оны 5 дугаар сарын 12-нд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхээс 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 1 жил хорих ял оногдуулсан. Намайг хорих ял эдэлж байхад Баянзүрх дүүргийн прокурорын газраас өмнөх үйлдэл дээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Энэ хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах байсан боловч анхан шатны шүүх 1 жилийн хорих ялыг хасаагүй шийдвэрлэсэн. Иймд хорих ялыг хөнгөрүүлж, дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг нэмж нэгтгүүлэх талаар хэлсэн боловч прокурор яллагдагчаар татсан тогтоол байхгүй гэж хэргийг шийдвэрлэсэн. Эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд үйлдсэн хэргийг нэмж нэгтгэн шийдэх нь эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Н.Д-ын өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед Дахан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлал гараагүй байсан. Н.Д-ын гаргасан давж заалдах гомдол үндэслэл бүхий байх тул ялыг хасаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор П.Даваасүрэн бичгээр ирүүлсэн тайлбартаа болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын яллагдагч нарт холбогдох хэргүүд бусад нэгжүүдэд шалгагдаж байгаа эсэх талаарх лавлагааг авч, нэгтгэн шалгуулах хэргүүдийг авч нэгтгэн нэг яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин шүүх хурал хийх үед Н.А нь зарим хэргийг Д-тай бүлэглэн үйлдсэн гэж мэдүүлсэн ба энэ талаар тухайн хуралд Н.Д-аас асуухад “хамтран үйлдээгүй” гэж мэдүүлсэн, шүүгч хэрэгт авагдсан баримтуудаар Н.А-ийн мэдүүлсэн хэргийг Н.А нь Н.Д болон өөр бусадтай хамтран үйлдсэн гэх баримт хэрэгт байхгүй, нотлогдохгүй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болно. Гомдолд дурдсан 2006 01738 дугаартай хэрэгт Н.А дээрх хэргийг үйлдсэн гэх баримт хэрэгт байхгүй ба 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 5217 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Н.А-ийн гомдолд дурдсаны дагуу түүнийг холбогдуулан шалгаж буй хэрэг бол тусад нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ буруу нэгтгэсэн гэж үзэж байгаа бол давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой. Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаас үзэхэд Н.А, Н.Д нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн шинж байдал, хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг зэргээс дүгнэж үзэхэд Н.А, Н.Д нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байх тул анхны шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Мөн шүүгдэгч Н.А нь ганцаараа:
хохирогч П.Мийн “...байшин руугаа явж байтал байшингийн урд хар нимгэн куртик, саравчтай малгайтай танихгүй залуу таарсан. ...тэгээд уг хүнийг хувцаснаас нь бариад байшингийнхаа хаалгыг харахад хаалга онгорхой, цоож эвдсэн байхаар нь гэрт орж ирэхэд хамаг эд зүйл онгичсон байсан. ...манай эхнэрийн ээмэг, кулон, гинж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /1 хх 21-22/,
хохирогч М.М-ийн: “...Манай байшингийн хаалганы цоож хөшөөд, хулгай орсон байсан. Ногоон өнгийн унадаг дугуй, хар өнгийн бариултай шар өнгийн төмөр алх зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /1 хх 76-77/,
хохирогч Ц.Нэргүйн: “...2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хорооны цагдаа манай эгч Тунгалагтай утсаар яриад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 67-1065 тоотод хулгай орсон байна гэж хэлж байсан. ...Манай аавын байшингийн цонхоор хулгайч ороод “Фунай” загварын 32 инчийн зурагт авсан байсан. ...” /1 хх 119/,
хохирогч Ц.Д-ийн: “...2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд хаалгыг маань эвдэлж, гэр дотор байсан 55 инчийн ТСЛ брэндийн зурагт алга болсон байсан. Мөн алт дэнсэлдэг жин хэмжигч алга болсон. ...” /1 хх 190/,
хохирогч Ч.Гын: “...манай хажуу айлын ах залгаад “танай гэрт хулгайч орсон байна” гэхээр нь 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хулгайч орсон байсан. Манай гэрээс ширээн дээр байсан 40 инчийн ТСЛ зурагт, миний хэрэглэж байсан зиппо асаагуур, хар арьсан оосортой бугуйн цаг алдагдсан. ...” /1 хх 242/,
хохирогч Ш.Цийн: “...гэртээ ирэхэд ээж гэрт байсан. Ээжийг хороо орж даралтаа үзүүлчихээд ирэхэд хаалганы цоож эвдчихсэн байсан гэсэн. Манай гэрээс гэрийн хойд талд байсан зурагт, ухаалаг гар утас алга болсон байсан. ...” /2 хх 40/,
хохирогч П.Чийн: “...гэртээ очоод үзтэл монгол гэрийн амбаарын цүүг хөшөөд гэрт хулгайч орсон байсан бөгөөд зүүн хойд буланд байрлуулсан байсан 32 инчийн зурагтыг орны даавуун цайвар бүтээлгийн хамт аваад явсан байсан. ...” /2 хх 105/,
хохирогч Б.Сын: “...гэртээ очиход Монгол гэрийн амбаар болон хаалганы цоожийг эвдээд гэрт хулгайч орж хойморт байсан 43 инчийн Хитачи брэндийн зурагтыг удирдлагатай нь хамт, мөн “DDish” хүлээн авагчийн удирдлага, хөргөгч дотор байсан 1 кг мах, баруун талын орон дээр байсан бор шаргал өнгийн орны бүтээлэг, орны дээд талд байх шаргал өнгийн шүүгээн дотор байсан айфоне 5 загварын хар болон цагаан өнгийн хоёр ширхэг гар утсыг хулгайлсан байсан. ...” /2 хх 168/,
хохирогч С.Гын: “...Манай бага охин Эрдэнэчимэг над руу утсаар залгаж танай гэрт хулгай ороод телевизор аваад явчихсан байна гэж хэлсэн. манай охин гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд 39 инчийн Монел брэндийн зурагт хулгай авчихсан байна гэж ярьсан. ...” /3 хх 18/,
хохирогч Б.Оийн: “...гэртээ ирэхэд манай гэрийн цоож эвдэрчихсэн, хаалга хаалттай байсан. Тэгээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэсэн чинь дутаж байсан. ...ээмэг, мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, мөнгөн зүүлт, гуулин бөөгийн барлаг, модон тагш, баавгай зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /3 хх 81-82/,
хохирогч П.Ты: “...манай гэрийн хаалга болон байшингийн хаалганы цоож эвдэрсэн байсан. Тэгээд гайхаад байшиндаа орж үзэхэд хамаг эд зүйл нь эмх замбараагүй байсан. ...шигтгээ наамал, үнэртэй ус, зэс аяга тус тус алдагдсан. ...” /3 хх 140/,
хохирогч С.Агийн: “...манай нөхөр Зоригоо над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс Самсунг 43 инчийн зурагт, ногоон эрээн цацагтай орны бүтээлэг, 1 блок тамхи алга болсон байсан. ...” /3 хх 210/,
хохирогч Л.Оын: “...хажуу айлын охин над руу утсаар залгаад 2 гэрийн хаалга эвдээд хулгайч орсон байна гэж хэлсэн. ...Манай гэрээс нөхрийн шинэ цагийн манан хөөрөг алдагдаж, гэр доторх авдрын цоож эвдэж, цүүг хугалсан байсан. ...” /4 хх 12/,
хохирогч С.Мгийн: “...манай гэрийн үүдний амбаарын хаалга онгорхой, цоожийг эвдэж орсон байсан. Тэгээд амбаараар орсон чинь гэрийн гадна хаалганы цоожийг хаалганы модтой нь эвдэж орсон байсан. Гэрт байсан хар өнгийн 40 инчийн Сони брэндийн ЛСД зурагтыг авсан байсан. Мөн манай хүүхдүүд мөнгө хадгалдаг байсан мөнгөний гахайг нь хагалаад, дотор нь байсан 30.000 төгрөгийг авсан байсан. ...” /4 хх 212/,
хохирогч Б.Эийн: “...манай ээж надад зурагт алдагдсан байна гэхээр нь гэртээ очиход Ган-Эрдэнэ байсан. Ган-Эрдэнээс юу болсон талаар асуухад “таныг явсны дараа 15 орчим минут болоод урд айл руу орсон. Тэгээд 30 орчим минут болоод буцаад гэртээ ирэхэд зурагт байхгүй болсон байсан гэж хэлсэн. ...Манай гэрээс 39 инчийн Шарп брэндийн хар өнгийн ЛСД зурагт алдагдсан. ...” /5 хх 68/,
хохирогч Х.Бын: “...гэртээ ирээд байшингийн гаднах үүдний таамбарын хаалганы цоож бүрэн бүтэн байхаар нь түлхүүрээр нь онгойлгоод ороход таамбарын вакум цонх нь онгорхой, байшингийн дотор талын хаалганы цүүг нь эвдсэн, хаалга нь онгорхой байсан болохоор над руу 17:25 цагийн үед залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн... Би гэртээ ирээд эд зүйлээ бүртгээд Панасоник загварын 42 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний Светч брэндийн бугуйн цаг алга болсон байсан. ...” /5 хх 147-148/,
иргэний нэхэмжлэгч Б.П /5 хх 70-80/, иргэний нэхэмжлэгч Ш.У /4 хх 20-22/, иргэний нэхэмжлэгч М.О /2 хх 171/, иргэний нэхэмжлэгч Б.Б /1 хх 193/, иргэний нэхэмжлэгч Г.Б /2 хх 110-111/, иргэний нэхэмжлэгч О.М /3 хх 20-21/, иргэний нэхэмжлэгч Л.У /1 хх 121-123/ нарын мэдүүлгүүд,
шүүгдэгч Н.А-ийн хэргээ хүлээж мэдүүлсэн: “...байшингийн урагшаа харсан вакум цонхыг түлхэж ороод уг айлын компьютерийн ширээний хажууд байсан цагаан өнгийн гар утсыг, цагаан өнгийн төмөр асаагуур, хар өнгийн оосортой цагийг авсан. ...байшингийн хаалгыг татсан чинь цүү нь мултраад гараад ирсэн. Тэгээд яваад орсон чинь ногоон өнгийн унадаг дугуй, шар өнгийн бариултай алх жижиг сүх зэргийг авсан. ...гэрийн хаалгыг хөшиж онгойлгож орсон. Тэр айлын баруун талын орон дээр байсан бор өнгийн түрийвчээс 9.000 төгрөг байсныг авсан. ...цоожийг нь хөшиж онгойлгоод байшинд орсон. Дотор нь цагаан өнгийн, шар өнгийн ээмэг, бөгж байхаар нь аваад гарах гэж байтал эзэн нь ирсэн. ...байшинтай айлын цонхоор орж 32 инчийн ЛСД зурагт авсан. ...монгол гэрийн хаалганы цоожийг хашаанд нь байсан төмрөөр эвдэж ороод гэрийн хойморт байсан 32 инчийн зурагтыг орон дээр байсан бүтээлгээр бүтээгээд аваад гарсан. ...нэг төмрөөр хөшөөд цүүг нь эвдээд ороход гэрийн хойморт хар өнгийн ЛСД зурагт байсан. Тэгээд орны эрээд бүтээлгээр ороож аваад, доод талд байсан шургуулгаас нь цэнхэр хайрцагтай тамхи авсан. ...гэр рүү очоод цоожийг нь хөшиж ороод жижиг хөөрөг байсныг аваад гарсан. ...монгол гэрийн үүдний амбаар нь цагаан банзан айлын амбаарын цоожийг эвдэж ороод 32 инчийн Шарп зурагтыг хулгайлан авч гараад Шар хадны эцсийн буудал орчимд өөрийн бичиг баримтаар ломбарданд барьцаанд тавьсан. ...” /1 хх 62-63, 93, 125, 2 хх 121, 3 хх 213, 4 хх 23, 5 хх 70/,
шүүгдэгч Н.Д-ын хэргээ хүлээж мэдүүлсэн: “...Би А-тэй хамт явахдаа 7-8 айлаар явж хулгай хийсэн. ...2020 оны 3 дугаар сарын 22-оос хойш А надаар 5 зурагт ломбарданд тавиулсан. ...Архи уух гэж л хулгай хийсэн. ...Би уг яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /1 хх 124, 197-198, 5 хх 197/ гэх мэдүүлгүүд,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /1 хх 81-84, 2 хх 122-125, 188-191, 5 хх 163-166/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 198-206, 4 хх 74-80/, хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4 хх 204-206/,
эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 35, 86, 129-130, 202-204, 2 хх 1-3, 49-51, 127-128/ 216-217, 3 хх 37-38, 99-100, 161-162, 229-230, 4 хх 53-54, 5 хх 106-107, 156/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 8-13, 103-108, 173-180, 232-237, 2 хх 35-37, 97-99, 156-159, 247-250, 3 хх 1-38, 65-71, 121-127, 190-194, 4 хх 3-10, 201-203, 5 хх 55-59, 136-142/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлах гэдэгт хүн байнга амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр зэргийг ойлгох бөгөөд тухайн орон байранд нэвтрэхдээ хууль бусаар буюу эрхгүй этгээд, тухайн орон байрны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар тус гэмт хэргийн шинж хангагдана.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.А, Н.Д нарыг бүлэглэж 10 удаагийн үйлдлээр, Н.А ганцаараа 6 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, зүйлчлэл тохирсон бөгөөд тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 4 жил 6 сар, Н.Д-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Мөн шүүх шүүгдэгч Н.А-ийн ганцаараа үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол 1.990.480 төгрөг, шүүгдэгч Н.А, Н.Д нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн гэм хорын хохирлыг 6.633.364 төгрөг, гэм хорын хохирлыг нийт 8.263.844 төгрөгөөр тооцож дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Н.Д нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай магадлалаар тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, “1 жилийн хугацаагаар хорих ял” болгон өөрчилсөн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх Н.Д-ын ялыг нэмж нэгтгэхдээ 2 жил хорих ялыг нэмж нэгтгэжээ.
Иймд шүүгдэгч Н.Д-д Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай магадлалаар өөрчилсөн “1 жилийн хугацаагаар хорих ял”-ыг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялтай нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Н.А нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд нийт 208 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Н.Д нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгүүлэхдээ 33 хоног цагдан хоригдсон байсан бөгөөд энэ хэрэгт 181 хоног, нийт 214 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.А-ийг “209 хоног”, шүүгдэгч Н.Д-ыг “215 хоног” цагдан хоригдсон гэснийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөв.
Шүүгдэгч Н.А нь хохирогч Х.Бын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтэрч, “Панасоник” загварын зурагт, “Swatch” брэндийн эрэгтэй бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогдсон ба “Тод үнэлгээ” ХХК-ийн №926 дугаартай дүгнэлтээр тус зурагтын үнийг 400.000 төгрөг, бугуйн цагийн үнэлгээг 120 ам.доллараар үнэлсэн байх бөгөөд анхан шатны шүүх хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулан хохирогч Х.Бт олгохоор шийдвэрлэхдээ бугуйн цагийн үнийг гаргуулалгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нөхөж гаргуулах боломжтой гэж дүгнэж 120 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 333.770 төгрөгийг шүүгдэгч Н.А-ээс гаргуулж хохирогч Х.Бт олгохоор шийдвэрлэлээ.
Иймд, дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1961 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Д-ын гаргасан давж заалдах гомдлын “Өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял нэмэгдэх ёстой” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Н.Д, Н.А нарын гаргасан “...Хэргийг Н.Д, Батсүх нартай хамтран үйлдсэн, ...хулгайн нэг үйлдлийг нэмж оруулаагүй, ...хорих ялын дэглэмийг өөрчилж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1961 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д-д өмнөх Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Н.Д-ын нийт биечлэн эдлэх ялыг гурван жил зургаан сарын хугацаагаар хорихоор тогтоосугай.” гэж,
5 дахь заалтын “...Н.А-ийн урьд цагдан хоригдсон нийт 209 /хоёр зуун ес/ хоногийг, Н.Д-ын урьд цагдан хоригдсон нийт 215 /хоёр зуун арван тав/ хоногийг...” гэсэн хэсгийг “...Н.А-ийн урьд цагдан хоригдсон нийт 208 /хоёр зуун найм/ хоногийг, Н.Д-ын урьд цагдан хоригдсон нийт 214 /хоёр зуун арван дөрөв/ хоногийг...” гэж,
7 дахь заалтын “...Н.А-ээс 1.058.500 төгрөгийг гаргуулан, ....хохирогч Х.Бт 400.000 төгрөг...” гэсэн хэсгийг “...Н.А-ээс 1.392.270 төгрөгийг гаргуулан, ...хохирогч Х.Бт 733.770 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А, Н.Д нарын гаргасан “Хэргийг нэгтгэж шалгуулах, ...хорих ялын дэглэмийг өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц. ОЧ