| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2022/0392/З |
| Дугаар | 128/ШШ2022/0712 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2022/0712
2022 09 28 128/ШШ2022/0712
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Ш** ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У**, Э.Г**, Б.М**
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нарын хоорондын Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\985 дугаартай захирамжийн Ш** ХХК-д холбогдох хэсэг болон тус захирамжийн хавсралтын 12 дахь мөрийн 7 дахь баганын 5 жил гэснийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А\962 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах Ш** ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг даалгуулах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У**, Э.Г**, Б.М**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш** ХХК нь анх нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А\962 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\985 тоот захирамжийн дагуу 00000/0000 дугаар бүхий 30.000 м.кв газрыг ашиглах 50 жилийн хугацаатай эрхийн гэрчилгээг дахин олгохыг даалгуулах гэж тодорхойлж байгаад Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\985 дугаартай захирамжийн Ш** ХХК-д холбогдох хэсэг болон тус захирамжийн хавсралтын 12 дахь мөрийн 7 дахь баганын 5 жил гэснийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А\962 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах Ш** ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг даалгуулах гэж нэмэгдүүлэн өөрчилсөн байна.
2. Нэхэмжлэгч Ш** ХХК нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02-06\709 дугаартай албан бичгийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
1/ Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлт, Газар барилгажилтын зөвлөлийн дүгнэлтийн дагуу захирамж гаргахдаа үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг богиносгосон гэж,
2/ Маргаан бүхий акт нь зөвхөн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай асуудлаар гарсан төдийгүй үндэслэл хэсэгтээ зөвхөн эдгээртэй холбоотой хууль тогтоомжийг дурдсан гэж,
3/ Маргаан бүхий актын үндэслэл хэсэгт аливаа хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацаа богиносгохтой холбоотой үндэслэл огт дурдаагүй гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ш** ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болохынхоо хувьд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1993 оны хуулийн холбогдох тусгайлсан зохицуулалт дээр үндэслээд тус газар ашиглах эрхийг 60 жилийн хугацаатай авсан байдаг. Тэгэхээр энэ газар ашиглах эрхийг анх 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 473 дугаартай захирамжаар баталгаажуулсан. Энэ захирамж гарсны дагуу нэхэмжлэгч нь 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 473 дугаартай захирамжийн дагуу гэрчилгээ болон газар ашиглах гэрээгээ байгуулсан. Газраа зориулалтын дагуу ашиглаад явж байгаад Ш** ХХК нь үйл ажиллагаа дээрээ орон сууц болон оффисын зориулалтыг нэмэх шаардлагатай болсон. Үүнийг үндэслээд нэгдүгээр хавтаст хэргийн 116 дахь хуудаст авагдсан байгаа газрын зориулалт дээр оффис, орон сууцны зориулалтыг нэмж оруулан гэрээ, гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан. Энэ дээр бол ямар нэгэн газрын хугацаатай холбоотой нөхцөл байдал үүссэн юм уу гэдэг хүсэлтийн агуулга огт байгаагүй. Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийн дагуу холбогдох журмыг үндэслэж Газар, барилгажилтын зөвлөл 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдсан байдаг. Хурлаар, газар ашиглуулах эрхийн зориулалт өөрчлөх тухай асуудлыг гишүүдийн саналаар зөвшөөрч, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн үлдсэн хугацаа 52 жил байгаа болохыг тэмдэглэсэн байна.
Харин энэ зөвлөлийн дүгнэлт гарсны дараа хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь захирамж гаргасан байдаг. Энэ нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 гэсэн дугаартай захирамж байгаа юм. Нэхэмжлэгчийн хүсэлт, Газар, барилгажилтын зөвлөлийн дүгнэлтийн дагуу захирамж гаргахдаа нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг үндэслэлгүйгээр богиносгосон. Тус захирамж нь зөвхөн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай асуудлаар гарсан захирамж төдийгүй үндэслэл хэсэгтээ зөвхөн эдгээртэй холбоотой хууль тогтоомжийн үндэслэлүүдийг дурдсан байдаг ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэж олгосон байдаг.
Энэ нь бол зөвхөн захирамж гаргана гэсэн захирамжийг албажуулж өгсөн хуулийн зохицуулалт байдаг болохоос биш газар ашиглах хугацаатай холбоотой зохицуулалт байдаггүй. Нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн зориулалтыг нэмүүлэх тухай хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлэн захирамж гаргахдаа газар ашиглах эрхийн хугацааг 60 жил байсныг 5 жил болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан. Тухайн үед захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн уг гомдлыг хүлээж аваад, хүлээн зөвшөөрөөд шийдвэрлэхдээ 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн огноо бүхий 345931 гэдэг дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон. Ингэхдээ тухайн гомдол гаргасан хугацаанаас хойш 50 жил байхаар олгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд анх авсан хугацаанаасаа 60 жилээр тухайн газраа ашиглаж байгаатай ямар нэгэн өөрчлөлтгүй байсан учраас тус гэрчилгээ дээр 50 жил гэж бичсэнийг бид нар эсэргүүцээгүй. Ямар ч байсан маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны А/985 дугаартай захирамжийг хүлээж авсан даруйдаа гомдол гаргасан. Түүнийг нь захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн.
Улмаар гэрчилгээ болон гэрээгээ шинэчилж гаргаж өгсөн. Ингээд нэхэмжлэгч газраа нэмэгдүүлсэн зориулалтын дагуу мөн ашиглаж байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Монгол улсын Засгийн газраас баталсан Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоол гарч ирсэн. Энэ тогтоолын дагуу нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн шинэчлэгдсэн улсын бүртгэлийн А дугаар авах хүсэлт гаргах шаардлагатай болсон. Нэхэмжлэгч энэ хүсэлтээ бол 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан. Ингээд зөвхөн тус дугаарыг авах агуулгатай хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд бичгээр гаргасан. Харин Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь тус хүсэлтийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг үндэслэлгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр 5 жил болгож богиносгосон. Шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу гүйцэтгээгүй. Үүнийг нь үндэслээд бид нар гэрчилгээ болон гэрээг хүлээж авсан даруйдаа мөн захиргааны байгууллагын холбогдох шийдвэрийг эсэргүүцэж гомдлоо тухай бүрд нь илэрхийлж байсан.
Дахин дахин хандаж байсан шалтгаан нь нэгдүгээрт бид нар 2015 оны маргаан бүхий захиргааны акт дээр гомдол гаргаад тэрийг нь захиргааны байгууллага өөрөө хүлээж аваад шийдвэрлэчихсэн байдаг. Хоёрдугаарт ийнхүү хандах бүрд захиргааны байгууллага нь ер нь бол энэ бичиглэлийн алдаа болчихжээ. Тийм болохоор бид нар засаад гаргаад өгье гэдэг тайлбар тавьж байсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудал маань өөрөө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн шийдэгдэх боломжтой гэдэг итгэлийг захиргааны байгууллага бидэнд төрүүлж байсан. Харамсалтай нь энэ асуудлыг шийдвэрлээгүйгээс гадна бид нар энэ алдаатай гэрээ гэрчилгээг засаж өгөөч гээд гэрчилгээ болон гэрээгээ эх хувиар захиргааны байгууллагад өгсөн. Гэтэл захиргааны байгууллага тухайн гэрчилгээг маань хүлээж авсан боловч буцааж өгөөгүй тул нэхэмжлэгч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дээд шатны албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг даргад 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан. Энэ гомдол маань нэгдүгээр хавтаст хэргийн 249 дүгээр хуудаст авагдсан. Түүнчлэн бид Нийслэлийн Засаг даргатай биечлэн уулзаж гомдлоо танилцуулсан. Нийслэлийн Засаг даргад бичгээр гомдол гаргаж, мөн гомдлоо биечлэн уулзаж танилцуулсны дараа хариуцагчаас Ш** ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А/962 дугаартай захирамж гаргасан. Манай нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь маргаан бүхий захирамж юм. Энэ захирамж дээрээ хариуцагчийн зүгээс 2015 оны маргаан бүхий захирамжаа үндэслэл болгоод тус захирамжаар олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгав гэж захирамж гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь 2007 онд анх олгогдсон эрх юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулиар тусгайлан зохицуулагдсан харилцаа байтал тэрийг огт дурдалгүйгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 буюу Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэдгийг дурдаад ард нь аливаа хуулийн нэр бичилгүй 44.5 гэдэг заалтыг дурдсан байдаг. Хариуцагчийн хариу тайлбар мөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг гаргасан байсан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэл хамаарахгүй тухайд гэвэл нэхэмжлэгч нь Захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч буйгаа илэрхийлж, хүсэлт, гомдлуудыг тухай бүр, шат шатанд гаргаж байсан. Нэхэмжлэгч 2015 оны А/985 тоот захирамжид одоо буюу 2022 онд маргаж байгаа нь захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн тус захирамжид гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч, хангаж шийдвэрлэж байснаас шалтгаалж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатанд маргааныг шийдвэрлэх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд, захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг хандах бүрд асуудлыг шийдвэрлэж өгнө гэх итгэл төрүүлдэг байсан. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.7-д заасны дагуу хэрвээ захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас тус хуулийн 14.1-14.4-т заасан гомдол гаргах, шүүхэд хандах хугацаа хэтэрсэн бол тус хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй буюу хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээх агуулга яригдахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/985, 2021 оны А/962 захирамжуудын Ш** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ш** ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг уг эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жил байхаар дахин олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Засгийн газарт ханд гэж маш үндэслэлгүй тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая хэлсэн. Нэхэмжлэгч 2015 онд газар ашиглах эрх авъя гэдэг хүсэлт гаргаагүй шүү дээ. Аль 2007 онд 60 жилээр газар ашиглах эрхийг Засаг дарга захирамжаар олгож тэр захирамжийг үндэслээд энэ гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд маань Монгол улсад хөрөнгө оруулаад төсөл хэрэгжүүлье гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл хугацаатай холбоотой ямар ч хүсэлт гаргаагүй байхад тухайн үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг бид нар үндэслээд 5 жил болгож багасгасан гэдэг бол маш үндэслэлгүй тайлбар байна. гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Одоо Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бол ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулалтыг бүх чиглэлд нэмэгдүүлэх чиглэлийг барьж ажиллаж байгаа. Манай нэхэмжлэгч компани болохоор тогтмол топ 100-д бичигддэг. Сая өнгөрсөн жил том 50-н аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан. Өөрөөр хэлбэл татвар маш сайн төлдөг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага юм. Захиргааны байгууллагын хувьд манай газар ашиглах эрхийн хугацаанд хууль бусаар үндэслэлгүйгээр халдаж байгаа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1-д заасан хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно гэж заасны дагуу газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах гэдэг ийм хуулийн нарийвчилсан зохицуулалтыг бол маш бүдүүлгээр зөрчсөн байна. Манай компанийн хувьд тогтворжуулах гэрчилгээтэй. Энэ тогтворжуулах гэрчилгээг хэнд өгдөг вэ гэхээр 500 сая доллараас дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид өгдөг. Бид нар ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг Монгол улсад татаж авч ирэхийн тулд энэ татварын болон татварын бус дэмжлэгүүдийг авсны үндсэн дээр олж авчирдаг. Гэтэл энэ дэмжлэгийг шууд үндэслэлгүйгээр хууль бусаар үгүйсгэж гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа ийм үйлдэл гаргаж байгаад туйлын их харамсаж байна. Энэ үйлдлээ хугацаандаа залруулчихлаа гэж бодтол дахиж ийм зөрчил гаргаад энэ дээрээ арга хэмжээ авч өгөхгүй эцсийн шатанд шүүхэд хандах болтол нь асуудлыг хүндрүүлж байгаад бас их харамсаж байна. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2015 оны А/985 гэдэг захирамжийн 5 жил гэдэг хугацаанд бол огт өөрчлөлт ороогүй байгаа. Тэгэхээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д зааснаар Аймаг, нийслэлийн газрын алба нь тухайн шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох эрхтэй байгаа. Тэгэхээр 2015 оны А/985 гэдэг захирамжийн 5 жил гэдэг хугацаанд бол огт өөрчлөлт ороогүй. Сүүлд гаргасан 2021 оны захирамж дээр 5 жил гэдэг хугацаа бол огт өөрчлөгдөөгүй байгаа. Нэхэмжлэгч талаас болохоор хуульд заасан 60 жилээр гаргах боломжтой байхад чинь Засаг дарга ингээд 5 жилээр гаргачихлаа гээд байгаа. Тэгэхээр хуульд заасан хугацаагаа болон яг холбогдох Газрын тухай хуулиа харах юм бол тухайн 60 жилийн хугацааг Засгийн газар шийдвэрлэнэ.
Тэгэхээр одоо яг холбогдох Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журмаар бол 5 жил байна гээд зохицуулалт нь байгаа. Тэр зохицуулалт манайд мөрдөгдөж байгаагийн дагуу манайхаас барьдаг журмынхаа л дагуу 5 жил гэдэг боломжит хугацааг нь олгосон байгаа. Түүнээс биш хуульд 60 жил гэж заачхаад байхад аж ахуйн нэгжид төвөг учруулах зорилготой тэрийг нь багасгаад байгаа ойлголт бол байхгүй. Үнэхээр 60 жил гэвэл тэрийгээ Засгийн газарт хандаад ч юм уу хандах субъект нь маш тодорхой байгаа учраас хандаад шийдүүлэх боломжтой байх гэж харж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд гэвэл төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод гэж яриад байгаа.
Тэгэхээр яг тэр сүүлд гаргасан тайлбарыг нь харахаар хамгийн сүүлд газар ашиглах яг А дугаар гарсантай холбоотойгоор гэрээ гэрчилгээг шинэчлэх гээд 2019 оны 9 дүгээр сард хандаж эхэлсэн гэсэн. Тухайн байгууллага үнэхээр танай гомдлыг шийдэж өгөөгүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж зөрчигдсөн гэж байгаа бол хуульд заасан хугацаандаа шүүхэд хандах эрхтэй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс бол хуульд заасан хугацаандаа шүүхэд хандаагүй. Хуулийн 14-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна
Иймд хариуцагчийн зүгээс хууль журамд заасны дагуу шийдвэрээ гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 473 дугаар захирамжаар нэхэмжлэгч гадаадын хөрөнгө оруулалттай Ш** ХХК-д Улаанбаатар хотын С** дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 30000 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах эрхийн 0000000 дугаартай гэрчилгээ олгожээ.
2. Нэхэмжлэгч Ш** ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт \хуучин нэрээр\ ...ашиглах эрхтэй газрын зориулалтад оффис, орон сууцны зориулалтыг нэмж оруулах хүсэлт-ийг гаргаж, энэхүү хүсэлтийн дагуу нийслэлийн Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын дүгнэлтээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглуулах эрхийн зориулалт өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж зөвшөөрч, газар ашиглах хугацааг 52 жил гэж тэмдэглэсэн байна.
3. Гэвч хариуцагч Нийслэлийн Засаг дарга дээрх дүгнэлтийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\985 дугаар захирамжийг гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2007 оны 473 дугаар захирамжийн Ш** ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, хавсралтын 12 дахь хэсгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жил болгон багасгажээ.
4. Нэхэмжлэгч Ш** ХХК-иас ..Нийслэлийн Засаг дарга Газар, барилгажилтын зөвлөлийн дүгнэлтийн дагуу захирамж гаргахдаа үндэслэлгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийн хугацааг богиносгосон... гэж, хариуцагчаас ...маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2015 оны А\985 болон 2021 оны А\962 дугаар захирамжууд нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаа сунгах хугацааг 5 жилээс илүүгүй байна гэж заасантай нийцсэн.. гэж тайлбарлан маргаж байгаа болно.
5. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А\985 дугаар захирамжийн тухайд:
6. Маргаан бүхий захирамжаас үзвэл нэхэмжлэгчийн ...уг захирамж нь газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай асуудлаар гарсан, харин газар ашиглах эрхийн хугацааг богиносгохтой холбоотой үндэслэл заагаагүй... гэх тайлбарыг хүлээн авахаар байна.
7. Учир нь нэхэмжлэгч Ш** ХХК нь дээрх газар эзэмших хугацааг богиносгосон захиргааны актыг эс зөвшөөрч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гомдол гаргасны дагуу захиргааны байгууллагаас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 50 жил болгож, газар ашиглах эрхийн 00000000 дугаартай гэрчилгээ, гэрээг шинэчлэн олгосноос үзвэл захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг хүчингүй болгоогүй атлаа газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн олгож, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасныг зөрчсөн байна.
8. Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар 3.1.8-д "газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлэхээр, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд, гэрээг нэг удаа сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна гэж заасан хэдий ч Ш** ХХК-ийн хувьд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болох нь хавтаст хэрэгт авагдсан Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А\193 дугаартай Тогтворжуулах гэрчилгээ олгох тушаал, тогтворжуулах гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн \1993 оны\ 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжид 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно гэж заасан хуулийн зохицуулалтад хамаарахаар байна.
9. Иймд дээрх марган бүхий захиргааны акт нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид холбогдох хууль журмыг баримтлалгүйгээр зөвхөн Газрын тухай хуулийг хэрэглэж газар ашиглах эрхийн хугацааг үндэслэлгүйгээр богиносгосон нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
10. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А\962 дугаартай захирамжийн тухайд:
1/ Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ш** ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/986 дугаар захирамжийг үндэслэн С** дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 30000 м.кв газрыг 50 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар 0000000 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон атлаа Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаар захирамжийг үндэслэн тус газрыг 5 жилийн хугацаанд ашиглуулахаар 0000000000 дугаартай аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин олгосон байна.
2/ Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаар захирамж нь Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн Ш** ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгажээ.
3/ Ш** ХХК-ийн газар ашиглах эрхийг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/985 дугаар захирамжийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00000000 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээнд 50 жилийн хугацаатай олгож, дахин 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 000000000 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээгээр уг хугацааг 5 жил болгон өөрчилсөн байна.
4/ Үүний дагуу нэхэмжлэгчээс ...гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээнд заасан 50 жилийн хугацааг үндэслэн манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацааг үлдсэн 45 жилийн хугацаанд үргэлжлүүлэн сунгуулах-аар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэлээр газар ашиглуулах хугацааг 5 жилээр сунгах шийдвэр гаргаж, үүнийг нийслэлийн Засаг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаар захирамжийн үндэслэл болгосон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн \2013 он\ 12 дугаар зүйлийн 12.1-т Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно, 12.1.1-т газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах гэснийг зөрчсөн байна.
5/ Нөгөөтэйгөөр нийслэлийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг баталгаажуулах тухай 473 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ш** ХХК-д 30000 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан болохыг дурдах нь зүйтэй байх ба энэ хугацаанаас тооцож 45 жилээр газар ашиглах эрхийг гэрчилгээ авч гэрээ байгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байх тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул хүчингүй болгохоор байна.
6/ Ш** ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жил байхаар дахин олгохыг даалгах шаардлагын тухайд:
7/ Ш** ХХК-д Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг баталгаажуулах тухай 473 дугаартай захирамжаар 30000 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нийслэлийн Засаг даргын 2007 оны 473 дугаар захирамж, 0000000 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоож, мөн хариуцагч нийслэлийн Засаг дарга хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 2015 оны А/985 дугаар, 2021 оны А/962 дугаар захирамжуудаар богиносгож шийдвэрлэсэн нь хууль бус болохыг дээрх үндэслэлүүдээр тогтоож байгаа тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг анх газар ашиглах эрх олгогдсон 60 жилийн хугацаанаас буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
11. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
1/ Нийслэлийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\985 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жил болгон богиносгосноос хойш Ш** ХХК нь гомдол хүсэлт гаргасны дагуу түүнд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С** дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 30000 м.кв газрыг 50 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар 0000000 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон боловч дахин 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр уг газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийн 000000000 дугаартай гэрчилгээ олгосон байна.
2/ Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/985 дугаартай захирамжтай маргаж байгаа нь дээр дурдсанчлан урьдчилан шийдвэрлүүлэхээр бүхий л арга хэмжээг хэрэгжүүлж байснаас гадна хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх тул нэхэмжлэгч компанийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж буруутгах боломжгүй байна.
3/ Нэхэмжлэгч Ш** ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/962 дугаар захирамжийг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргаж, хариуцагч тус гомдлыг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрлэн хариу өгсөн байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/985, 2021 оны А/962 дугаартай Ш** ХХК-д холбогдох хэсгийг дээрх үндэслэлүүдээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 60 жил байхаар тооцож, олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993он/ 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\985 дугаартай захирамжийн Ш** ХХК-д холбогдох хэсэг болон тус захирамжийн хавсралтын 12 дахь мөрийн 7 дахь баганын 5 жил гэснийг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А\962 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ш** ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ