Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 225

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Л.Батгэрэл,

шүүгдэгч Н.Очирпүрэв, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа, түүний өмгөөлөгч Э.Ганбат /ҮД:0362/, С.Сүхболд /ҮД:0898/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Тээврийн прокурорын газраас:                          

 

    Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Дамбадаржаалин хийдэд лам ажилтай, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү, эхнэр, хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 6 дугаар гудамж 83 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УУ91050912/ Боржигон овогт Намнан-Эрдэнийн Очирпүрэвт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201724000126 дугаартай 185/2017/0247/Э индекстэй хэргийг 2017 оны  05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Н.Очирпүрэв Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замд 2017 оны 02 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед “T.Crown” маркийн 98-09 УБҮ дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч Б.Батзоригийг автомашиныхаа баруун хойд хэсгээр гуядан мөргөсний улмаас явган зорчигч Б.Батзориг нь Д.Отгонжаргал жолоочтой “Тоёота Приус маркийн 26-53 УНЯ дугаартай автомашинд мөргүүлж амь нас нь хохирсон зам тээврийн ослын хэрэг гарсан байхад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а,б,в-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Очирпүрэвийн: 2017 оны 2 дугаар сарын 15-ны орой 98-09 УБУ улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашинтай Сансараас доошоогоо уруудаад Толгойт руу явж байсан. 100 айлын наана байдаг Хүннү зочид буудлын урд 3 дугаар эгнээгээр зорчиж явж байхад зүүн гар талаас хайлсан төмөр дуусаад зам хөндлөн урдаасаа хойшоогоо чиглэлтэй нэг явган зорчигч гараад ирсэн. Би тэр явган зорчигчийг мөргөхгүйн тулд тоормосоо гишгэж зүүн гар тийш дарж, хашлага мөргөж зогссон. Намайг хойшоогоо харахад нөгөө хүн цаашаагаа гуйваад явсан ба хойноос нь нэг машин орж ирээд мөргөж унагаасан. Мөргөсөн машин шууд зогсож, жолооч нь бууж ирээд тэр явган зорчигчийг өргөж, түргэн тусламж дуудсан. Цаанаас нь эхнэр нь бололтой нэг эмэгтэй бууж ирээд хоёулаа түргэн тусламж дуудахыг нь би сонссон. Би тэр хүнийг мөргөөгүй гэж бодсон учир цаашаагаа яваад өгсөн. Намайг машиныхаа хойд бөгсөөр гуядаж, цохиход тэр явган зорчигч унаагүй, цаашаагаа гуйваад явсан. Явган зорчигчийг мөргөсөн хүн бол приус маркийн машины жолооч байхад яагаад над шиг энэ хэрэгт яллагдахгүй байгааг гайхаж байна. Приус маркийн машины жолооч л тэр явган зорчигчийг мөргөсөн би гомдолтой байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаагийн: Талийгаач бол миний аав. Би оюутан хүн, тэтгэврийн насны эмээ, өвөөтэйгөө хамт үлдсэн. Аав маань байрны лизинг, сургалтын төлбөрийг төлж, амьдрах хоол хүнс гээд бүх зүйлийг бэлдэж, намайг асран хамгаалдаг байсан. Оршуулгын зардал гэж 17.000.000 төгрөг гарсан. Үүнээс 9.000.000 төгрөгийг нь Отгонжаргал төлсөн. Очирпүрэв над дээр нэг ч удаа ирж уулзаагүй. Би маш их гомдолтой байна. Оршуулгын зардлын үлдэх хэсгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаагийн: ...Аав маань эцэг, эхээсээ дөрвүүлээ. Айлын хамгийн том хүү нь болж 1976 оны 04-р сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын 3-р төрхөд мэндэлж бага насаа цэцэрлэгээр хүмүүжин, Нийслэлийн 12-р сургуулийг 1983-1993 онд суралцан төгсөж, 1993-1996 онд Нисэх онгоцны буудалд нярав, ачигчаар ажиллаж, 1996 онд ээж Долгорсүрэнтэй танилцан гэр бүл болж хамт амьдрахдаа би 1997 оны 03-р сарын 17-ны өдөр мэндэлсэн. Талийгаач аав бид 2 Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11-р хороолол 23-а байрны 14 тоотод амьдарч байсан юм. Ахмадуудын хөл бөмбөгийн тэмцээнд аав маань орно гэдгийг би мэдэж байсан. Тэгээд 2017 оны 02-р сарын 15-ны өглөө намайг унтаж байхад аав маань тэмцээн рүүгээ явчихсан. Тэгсэн орой нь 23 цагийн орчимд миний гар утас дуугарч манай өвөө над руу залгаад аавыг маань осолд орчихсон гэдгийг хэлсэн. Тэгээд би тэр даруй гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний аав эрүүл саруул хүн байсан. Харин архи дарсыг бол өөртөө тохируулаад хэрэглэчихдэг хүн байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-104-105/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Жаргалзаяагийн: ...2017 оны 02-р сарын 15-ны орой ойролцоогоор 23 цагийн орчимд Т.Приус 10 маркийн 26-53 УНЯ улсын дугаартай автомашиныг манай нөхөр Отгонжаргал нь жолоодон би жолоочийн хажуугиин урд суудал дээр суугаад бид 2 Баянзүрх дүүргийн нутаг Сансараас гэрлүүгээ харих гээд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн 2-р эмнэлгийн зүүн урд талын замаар зорчих хэсгийн 1-р эгнээгээр явж байсан. Би тэр үед гар утсаараа дүүтэйгээ маргаашийн хичээлийн талаар ярилцаад явж байсан болохоор явган зорчигчийг хаанаасаа хаашаагаа чиглэлтэй явж байсныг нарийн сайн хараагүй. Тухайн үед гэнэт зүүн гар талаас нэг юм гүйгээд л гараад ирэх шиг болохоор нь хөөе гээд хэлэхийн завдалгүй түс тас гээд манай машин тэр хүнийг машиныхаа зүүн урд талаараа мөргөхөд тэр хүн толгойгоороо урд талын салхины шилийг мөргөөд бөгтийгөөд зүүн тал руугаа унах шиг болсон. Тухайн үед тэр даруй манай нөхөр машиныг зогсоогоод бид 2 машинаасаа буугаад гараад ирэхэд мөргүүлсэн хүн маань машины зүүн хойд талд доошоогоо хараад хэвтэж байсан. Тэгсэн удаагүй нэг замын цагдаа хүрч ирээд наад хүнээ хамаагуй хөдөлгөж болохгүй шүү түргэн тусламж дуудаарай гэж хэлсэн. Тэгээд тухайн үед манай нөхөр дуудлага өгсөн удаагүй түргэн тусламж ирээд гэмтсэн хүнийг аваад Гэмтлийн эмнэлэг явахад нь би хамт явсан. Манай машин 50 км цагаас дээш хурдтай явахаар хүнгэнэж дуугардаг гээд манай нөхөр машин жолоодон явахаараа хурдтай явдаггүй. Тийм болохоор осол хэрэг болох үед нээх хурдтай бол яваагүй байгаа. Би маш ойрхон ойролцоогоор 1-2 орчим метрийн зайнд харсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-112-113/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Номингийн: ...2017 оны 02-р сарын 15-ны орой 23 цагийн орчимд Т.Кроун маркийн 98-09 УБҮ улсын дугаартай автомашиныг манай нөхөр Очирпүрэв нь жолоодон би жолоочийн хажуугийн урд суудал дээр хүү Амин-Эрдэнийг өвөр дээрээ авч суугаад Баянзүрх дүүргийн нутаг Сансараас Толгойт орох гээд Сүхбаатар дүүргийн нутаг Хүүхдийн 2-р эмнэлгийн урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байтал зүүн гар талаас нэг согтуу эрэгтэй хүн гартаа тортой юм барьчихсан гэнэт гараад ирсэн. Тэгсэн манай нөхөр машиныхаа тоормосыг гишгээд амжихгүй гэдгээ мэдсэн бололтой зүүн гар тал руугаа дараад машиныг зогсоосон. Тэр үед миний өвөр дээр хүү маань сууж явсан болохоор машины урд талын салоныг мөргөчихөөд уйлсан. Тэгээд би урагшаагаа хартал нөгөө машины урдуур гарсан ах уучлаарай гэж байгаа бололтой гараараа даллах шиг болсон. Тэгээд манай нөхөр машиныг ухрааж байхад баруун талд түс тас хийх хүчтэй чимээ гарсан. Тэгсэн нөхөр маань машинтайгаа зэрэгцэж жаахан зогсож байгаад Т.Приус маркийн авгомашины жолоочийг машинаасаа буугаад гараад ирэхийг хараад нөхөр маань хоёулаа эндээ байж байх уу гэж надаас асуухаар нь би энэ хавьд камер байгаа юу гэхэд нөхөр маань камер байгаа гэсэн. Тэр үед мөн хүүхэд уйлаад байсан болохоор гайгүй байх гэж бид 2 ярилцаад хөдлөөд яваад өгсөн. Тэгээд бид 2 цааш хөдлөөд Ардын эрхийн орчимд зогсож байгаад машинаасаа бууж үзэхэд машинд бол ямар ч эвдрэл гэмтэл байхгүй байсан. Тэгээд ч би ажлаа тараад их ядраад явж байсан юм. Бид нарын буруу байхгүй гэж бодсон болохоор яваад өгсөн. Замын хөдөлгөөн сийрэг, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй харин эсрэг урсгалаас ирж явсан машинуудын гэрэл их гялбаж байсан. Би хэдэн км/цагийн хурдтай явж байсныг бол хараагүй. Ойролцоогоор 40-50 орчим км/цагийн хурдтай явж байсан. Миний сууж явсан Т.Кроун маркийн автомашин нь Дамбадаржаалин хийдийн дэд хамба лам Отгонбаярын автомашин байгаа юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-117/,

 

Мөрдөн байцаалтад гэрч /иргэний хариуцагч/ Т.Отгонбаярын: ...2017 оны 02-р сарын 16-ны өглөө намайг гэрээс Очирпүрэв миний машинтай ирж авсан. Тэгтэл Очирпүрэвийн царай нь их түгшсэн байдалтай байхаар нь би юу болов гээд асуухад Очирпүрэв нь өчигдөр орой их эвгүй юм харчихлаа би яг хүн мөргөх шахсан. Миний машины урдуур хүн гүйгээд би яг тэр хүнийг мөргөх шахсан, тэгтэл 1-р эгнээний машин тэр хүнийг мөргөчихсөн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед яасан балай юм бэ гэж хэлээд тэр үедээ өнгөрсөн. Тэгсэн харин 2017 оны 03-р сарын 13-ны өдөр Замын цагдаагийн газраас над руу утсаар залгаж миний машиныг хайж байгаа талаар хэлээд ирж уулз гэж хэлсний дагуу ирж уулзсан. Уг автомашиныг би 2014 онд худалдан авч байсан, миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Машинд бол ямар ч эвдрэл гэмтэл учраагүй байсан. Би машиныг Очирлүрэвт жолоодон явах зөвшөөрөл өгсөн байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-125/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

Техникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ¹135 тоот:  

  1. T.Crown маркийн 98-09 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Очирпүрэв нь МУ-ын ЗХД-ийн 2.5-д заасанЗам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
  2. Prius-20 маркийн 26-53 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.Отгонжаргал нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  3. Явган зорчигч Б.Батзориг нь МУ-ын ЗХД-ийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Цагдаагийн ахмад Б.Батзориг гэсэн дүгнэлт /1хх-156-157/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-7/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, нэмэлт үзлэг /1хх-8, 14-15/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-9/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-11-13/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1хх-18/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-19-20/, Мөрдөн байцаагчийн №000005 тоот даалгавар /1хх-24/, жолоочийг эрэн сурвалжилсантай холбоотой баримтууд /1хх-25-30/, Си Ди-ний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-40/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-41/, нас барсны бүртгэлийн лавлагаа /1хх-45/, хохирлын баримтууд /1хх-59-88/,

ШШҮХ-ийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №431 тоот акт /1хх-131-132/,

ШШҮХ-ийн 2017.02.22-ны өдрийн №1302 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-137/, ШШҮХ-ийн 2017.02.21-ний өдрийн №1033 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-142/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017.3.6-ны өдрийн №17/7831 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-147-149/,

2017.03.31-ний өдрийн №1872, 3171 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-153/, хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-118/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-119/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-220/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-231/ зэрэг цуглуулж, бэхжүүлж авсан баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

              Шүүгдэгч Н.Очирпүрэвийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчин зам тээврийн осол гаргасан атлаа зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь эд мөрийн баримтаар хураагдсан хуурцгийн 23 цаг 14 минут 43 секундэд бичигдсэн бичлэг, техникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 135 тоот дүгнэлтийн 1-д “…T.Crown маркийн 98-09 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Очирпүрэв нь МУ-ын ЗХД-ийн 2.5-д заасанЗам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна…” гэж зааснаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа нь хохирогч Б.Батзоригийг оршуулахад гарсан зардалд 17.000.000 төгрөг зарцуулсан үүнээс 8.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж байгаа боловч үүнийг нотлох баримт /нислэгийн тийз гэх мэт/ нь хуулийн шаардлага хангаагүй байна.

              Мөн шүүгдэгч Н.Очирпүрэв нь Т.Отгонбаярын зөвшөөрлөөр түүний эзэмшлийн “Т.Crown” маркийн 98-09 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан нь иргэний хариуцагчаар тогтоогдсон Т.Отгонбаярын мэдүүлгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар гэм хорын хохирлын үлдэх хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагчаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.           

             

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэж, Н.Очирпүрэвийн №876227 дугаартай жолоочийн үнэмлэхийг Н.Очирпүрэвт буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

              Шүүгдэгч Н.Очирпүрэв ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /1хх-231/ нотлогдов.

 

              Шүүгдэгч Н.Очирпүрэв анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа, техникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ¹135 тоот дүгнэлтэд …Явган зорчигч Б.Батзориг нь МУ-ын ЗХД-ийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 сарын 21-ний өдрийн 1033 тоот ...хүнд зэргийн согтолттой байсан... гэсэн дүгнэлтээр хохирогч Б.Батзориг нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн буруутай байсан боловч шүүгдэгч Н.Очирпүрэвийн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан заалтуудыг зөрчсөн буруутай үйлдэл нь хохирогчийн амь нас хохироход  шалтгаант холбоотой байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа нь шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, гэм хорын хохирол төлөөгүйд гомдолтой гэж мэдүүлж буйг харгалзан хорих ял оногдуулав.

 

              Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Намнан-Эрдэнийн Очирпүрэвийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Намнан-Эрдэнийн Очирпүрэвийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Очирпүрэвт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Н.Очирпүрэв цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  6. Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа нэхэмжлэлийн үлдэх хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Т.Отгонбаяраас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  7. Н.Очирпүрэвийн №876227 дугаартай жолоочийн үнэмлэхийг Н.Очирпүрэвт буцаан олгосугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Очирпүрэвт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс тоолсугай.
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Очирпүрэвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                  

                   

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ