Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 281

 

М.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/03582 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч М.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Г-, Д.Ц нарт  холбогдох

 

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоот, 64,06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч М.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Б- миний бие нөхрийн хамт Солонгос улсад 2005 оноос 2010 оны 7 дугаар cap хүртэл ажиллаж байгаад Монголдоо ирсэн. Солонгос улсад хөдөлмөрлөж олсон мөнгөө Монгол руу төрсөн эгч болох М.Г-д явуулж орон сууц захиалсан. Мөн хүү Г.Өлзийхишиг, охин Г.Ө-н нарыг асрамжид нь үлдээн, Монгол улсыг хөгжүүлэх сангаас олгох тэтгэмжийг авах эрхийг, нөхөр Г.Г- болон өөрийнхөө улсын төсвөөс олгох мөнгийг авах эрхийг тус тус итгэмжлэлээр олгосон. Нөхөр бид орон байртай болох зорилгоор Солонгос улсад ажил хийж олсон мөнгөө эгч М.Г- руу явуулж, М.Г- эгч "Ө Э Б Э" ХХК-иар 64,06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг захиалан бариулах тухай гэрээг байгуулж 70 000 000 төгрөгөөр захиалсан. 2008 оны 3 сард гэрээ байгуулахад 14 690 ам доллар өгч байгуулсан гэсэн. Би Солонгос улсаас мөнгө явуулахдаа эгч М.Г-гийн нэрээр доллараар явуулдаг байсан ба М.Г- эгч "2009 онд чиний явуулсан мөнгө 47 000 000 болсон, үлдэгдэл нь 23 000 000 төгрөг болж байна, үлдэгдлийг нь зээл болгож байрны гэрчилгээг гаргахаар болсон чинь би зээлтэй болохоор зээл олгохгүй байна, манай нөхөр Д.Цын нэрээр байрны гэрчилгээг Д.Цын нэрээр зээл гаргаж авлаа" гэсэн юм. Байрны гэрчилгээ Д.Цын нэр дээр гарсан ба 23 000 000 төгрөгийн зээл болон зээлийн хүүг би төлж эхэлсэн. Монгол улсад ирсний дараа би эгчийнхээ үйлдвэрт ажиллаж зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлж дуусгасан. Нөхөр бид хоёр Солонгос улсаас 2010 оны 7 сард ирэх хүртэл захиалсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 00 хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 00 байр, 00 тоотын 0 өрөө орон сууцанд эгч М.Г- нь нөхөр Д.Ц, манай хүү, охинтой хамт амьдарч байсан. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоотод байрлах худалдаж авсан байрандаа М.Б- би нөхөр, хүү, охины хамт 2010 оны 7 сараас одоо хүртэл амьдран, тог ус, байрны мөнгөө төлж байна. Би эгч М.Г-гаар дамжуулан уг орон сууцыг захиалан худалдаж авч өөрийн гэсэн орон байртай болсон юм. Гэтэл одоо хүртэл байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна. Байрны гэрчилгээнд нэр нь байгаа Д.Цаас гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхийг удаа дараа хэлж шаардсан боловч шилжүүлж өгөөгүй ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манайд ирж уг байр Капитал банканд 216 00 000 төгрөгийн барьцаанд байгаа, хураагдсан байр гэсэн. Олон жил үр хүүхдээ орхиж, хүний нутагт өдөр шөнөгүй ажиллаж мөнгөө хуримтлуулан худалдаж авсан орон сууцаа шүүхэд хандахгүйгээр өмчлөгч болох боломж надад алга. Иймээс М.Б- намайг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 00 байр, 00 тоотын байршилтай, орон сууцны зориулалттай 64,06 м.кв талбайтай хоёр ерөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний төрсөн дүү М.Б- нь нөхөр Г.Г-ийн хамт 2005 оноос 2010 онд хүртэл Солонгос улсад ажиллаж олсон мөнгөө над руу явуулж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоотын байршилтай, орон сууцны зориулалтай 64,06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг "Ө Э Б Э" ХХК-иар захиалсан. Би нөхөр болох Д.Цын нэрээр байрны гэрчилгээг гаргаж, Хаан банкнаас 23 000 000 төгрөгний зээлийн барьцаанд тавьсан. Уг зээлийг М.Б- төлж дуусгасан юм. Мөн М.Б- хоёр хүүхдээ миний асрамжид үлдээсэн ба Солонгосоос 2010 оны 7 сард ирэх хүртэл уг байранд би нөхөр болон хоёр хүүхэдтэй нь хамт байж байгаад байрыг хүлээлгэж өгөөд тусдаа гарсан. Миний салсан нөхөр Д.Ц нь байрны гэрчилгээг М.Б-гийн нэр дээр шилжүүлж өгөх ёстой байсан ч шилжүүлж өгөхгүйгээр Капитал банканд зээлийн барьцаанд тавьсан ба зээлээ төлөөгүй болохоор уг байрыг албадан дуудлага худалдаанд оруулсан байсан. Энэ байрыг М.Б- над руу мөнгө явуулж, зээлээ төлж худалдаж авсан байр бөгөөд 2010 оноос хойш нөхөр хүүхдийн хамт амьдран сууж байгаа гэжээ.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний эхнэр М.Г-гийн төрсөн дүү М.Б- нь нөхөр Г.Г-ийн хамт 2005 оноос Солонгос улсад очиж ажиллан, М.Г- руу мөнгөө шилжүүлж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоотын байршилтай, орон сууцны зориулалттай 64,06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг "Өү Энд Би Эн" ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг миний нэрээр хийж захиалсан. Миний нэрээр байрны гэрчилгээг гаргаж Хаан банкнаас 23 000 000 төгрөгний зээл авахад барьцаанд тавьсан. Би “Ц" ХХК-ийн захирал албан тушаалтай юм. "Ц" ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулахын тулд Капитал банкнаас зээл авахад өөрийнхөө нэр дээрээ байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьсан ба зээлээ төлж чадаагүй болохоор байр албадан дуудлага худалдаанд орж байгаа. Олон жилийн өмнө орон сууц захиалах гэрээ болон зээл авч байсан баримтууд надад алга. Эхнэр бид хоёр салсан ба одоо тус тусдаа байдаг. Би байрыг нь М.Б- Солонгосоос ирэхэд нь хүлээлгэж өгсөн ч нэр дээр нь шилжүүлээгүй. М.Б-гийн мөнгөө төлж захиалан худалдаж авсан байр гэдэгт миний зүгээс маргаангүй болно. Мөн М.Б- Хаан банкнаас авсан зээлийг хүүгийн хамт төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Боржигон овогт М.Б /РД:ЧЕ72092601/-г Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоот, 64,06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц, М.Г- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч М.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо:

...Хариуцагч М.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А миний бие шүүх хуралдаан болох өдөр Увс аймаг руу ажлаар явж байгаад автомашин техникийн саатлаас болж шүүхэд мэдэгдэж чадаагүй, шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Мөн хариуцагч М.Г- нь хариуцагч Д.Цаас гэрлэлтээ цуцлуулсан тул хариуцагч биш юм. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх намайг хүрэлцэн ирээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Иргэн М.Г-гийн нэр байрны гэрчилгээнд байхгүй тул хариуцагч биш бөгөөд шүүхийн шийдвэрт хариуцагч биш гэдгийг ялгаж зааж өгөөгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Д.Ц, М.Г- нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоот, 64,06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр Д.Ц бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 9 тал/

 

Мөн хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Д.Ц нь “Ө э Б Э” ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, тус компанийн барьж буй орон сууцны барилгын 1 дүгээр орцны 7 давхрын 37 тоот, 64,06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 850 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, нийт 54 451 ам.доллар буюу 69 528 000 төгрөгийг төлөхөөс 46 528 000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэгдэл 23 000 000 төгрөгийг Хаан банкны зээлээр төлж, 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Д.Цын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан болох нь үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 6-9 тал/

 

Зохигчид орон сууцыг худалдан авахад зарцуулсан урьдчилгаа төлбөр болон Хаан банкны зээлийг нэхэмжлэгч М.Г-гийн явуулсан мөнгөөр төлсөн, хариуцагч М.Г-, Д.Ц нар нэхэмжлэгчийн хүүхдүүдийн хамт уг орон сууцанд амьдарч байгаад 2010 оны 7 дугаар сард нэхэмжлэгч М.Б-г  Монголд ирэхэд орон сууцыг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй байна.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Б-г Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоотод байрлах 64,06 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч М.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...хөдөө ажлаар явж байхад автомашин саатсны улмаас шүүх хуралдаанд ирж амжаагүй байхад намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэсэн үндэслэл заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэх ёстой бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны товыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарны 23-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа баримт ирүүлээгүй байх энэ талаар давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй байна. Талуудын маргаан нь эд хөрөнгийн эзэмшлээс чөлөөлүүлэх бус харин өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг 94 дүгээр зүйлийн 94.1, 101 дүгээр зүйлийн 101.1 гэж өөрчлөх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагч М.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/03582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...106 дугаар зүйлийн 106.1” гэснийг “... 94 дүгээр зүйлийн 94.1, 101 дүгээр зүйлийн 101.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн М.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                      ШҮҮГЧИД                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Ц.ИЧИНХОРЛОО