Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/01967

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/01967

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А. А 

 

Нэхэмжлэгч:  Р ХХК нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г ХХК 

 

Хариуцагч: Б.Д нарт холбогдох,

 

2011 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ-нээс татгалзсан болохыг тогтоолгох, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх, 2012 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2012 оны 01 сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу алданги 75,975,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

2011 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 106,531,960 төгрөг, алданги 21,306,392 төгрөг, нийт 127,838,352 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ж.Б, хариуцагч нарын төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд тариалан эрхлэхээр 2011 оны зунаас услалтын систем байгуулахаар судалгааны ажил явуулсан. Тариалан эрхлэгчдэд зориулсан сэтгүүлээс Г ХХК-ийн танилцуулгатай танилцсан.

Ингээд Г ХХК-ийн захирал гэх Б.Д гэх залуутай уулзахад манай компани услалтын системийн угсралтын ажлыг эрхлэн явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж итгэл үнэмшил төрүүлсэн. Г ХХК-ийн захирал Б.Д нь намайг эзэмшлийн газартаа услалтын систем тавиулах талаар ятгаж биечлэн уулзах болсон.

Б.Д нь 100 га услалтын системийг зах зээлийн ханшнаас доогуур 250 сая төгрөгөөр гүйцэтгэх санал болгосон. А.А миний зүгээс өөрийн эзэмшлийн тариалангийн газарт услалтын систем хийлгүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул Б.Д-д итгэсэн.

Г ХХК-ийн захирал Б.Д үл хөдлөх хөрөнгө оролцуулан төлбөрийн тооцоо хийе гэсэн. Услалтын системийг шинээр барих ажлын гэрээг 2011 оны 8 сарын 17-ны өдөр Г ХХК-ийн захирал Б.Д-тай байгуулсан услалтын системийн ажлыг 2011 оны 10 сарын 25-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан.

Г ХХК-ийн захирал Б.Д нь ажлын хөлсөнд нь миний өмчлөлийн амьдарч байсан ... тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхийг шаардсан. 2012 оны 01 сарын 19-ний өдөр орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр******* өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан.

2011 оны 10 сарын 15-ны өдөр газар ухаж, хэдэн труба суулгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. Г ХХК-ийн захирал Б.Д нь 4 сард бүх ажилаа дуусгаад цэнэг усалгаа хийж эхлэх 5 сарын 10-ны өдөр гэхэд тариалалт хийж усалгааны системийг бүрэн ажиллуулах үүрэгтэй байсан гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчих болсон.

Миний өмчлөлийн хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг иргэн Б.Д-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Одоо би өөрөө айлын байранд түрээсээр амьдарч хохирч байна.

Г ХХК-ийн захирал Б.Д-тай уулзаж чи намайг хуурч мэхэлсэн байна эд хөрөнгийн хохирол учраад байна түүнийг хариуцан төлөхийг шаардсан. Гэтэл трубануудыг газар ухаж булаад ажлаа хийсэн мэт тайлбарладаг.

Иж бүрэн бороожуулалтын системийг угсарч бүрэн ажиллагаанд оруулах үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхгүй иргэн намайг хохироох болсон тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад иргэний журмаар шийдвэрлүүл гээд Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Чингэлтэй дүүргийн шүүхэд анх 2011 оны 8 сарын 17-ны өдрийн гэрээг цуцлуулах, Б.Д-тай 2012 оны 01 сарын 19-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж зарим нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байсан.

Г ХХК нь услалтын систем шинээр барих тусгай зөвшөөрөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, ажлыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 11 сарын 06-ны өдрийн 18-07-24003 тоот улсын байцаагчийн барилгын ажлын чанар байдлын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2015 оны 10 сарын 07/101/15 тоот услалтын системийн барилга байгууламжийн угсралтын тухай дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд 2011 оны 8 сарын 17-ны өдрийн услалтын системийг шинээр барих ажлын 12/2011 тоот гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар татгалзсан үр дагаврыг шийдвэрлүүлэх, Б.Д-д холбогдох, 2012 оны 01 сарын 19-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Р ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус компани нь 2012 оны 01 сарын 19-ний өдөр усалгааны систем худалдах, худалдан авах гэрээг Г ХХК-тай байгуулсан. Усалгааны системийг 151,950,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Г ХХК нь 4 сард бүх ажлаа дуусгаад, 5 сарын 10 гэхэд усалгааны системийг бүрэн ажиллуулах үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээний 6.1-д заасны дагуу 75,975,000 төгрөгийн алдангийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Г ХХК, Б.Д нар шүүхэд гаргасан болон хариуцагч нарын төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г ХХК нь 2011 оны 8 сарын 17-ны өдөр услалтын систем шинээр барих ажлын 12/2011 тоот гэрээг иргэн А.А-тай байгуулж, тус гэрээний дагуу хүлээсэн ажил, үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээнд заасан хугацаа /2011.10.12/-нд багтаан захиалагчид хүлээлгэн өгсөн. Г ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлынхаа бүхий л үе шат бүрийг талуудын хамтарсан бичгэн актаар баталгаажуулж байсан бөгөөд улмаар гэрээт ажил дуусгавар болсны дараа 2011 оны 11 сарын 15-ны өдөр талууд гэрээгээ албан ёсоор дүгнэж, акт үйлдсэн байна. Гэрээ дүгнэсэн актанд гэрээнд заагдсан ажлууд бүрэн хийгдэж дууссан бөгөөд материал нь чанарын шаардлага хангаж байгаа болохыг талууд тодорхойлж, гарын үсэг зуран баталгаажуулсан. Энэ нь Г ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагчийн өмнө бүрэн гүйцэтгэсэн болохыг баталж байна.

А.А нь гэрээний дагуу услалтын систем шинээр барих ажилтай холбогдуулан Г ХХК-д ямар нэгэн зураг төсөл хүлээлгэж өгөөгүй. А.А-н зүгээс нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгож буй ЭДТ ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн барилгын зураг нь 2012 онд хийгдсэн байна. Гэтэл Г ХХК нь услалтын системийн ажлыг 2011 онд гүйцэтгэж, мөн 2011 онд ажлынхаа үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн. Тэгэхээр цаг хугацааны дэс дарааллын хувьд ч гэсэн 2011 онд гүйцэтгэсэн ажилд 2012 онд гарсан зургийг ашиглах ямар ч боломжгүй юм. Г ХХК нь услалтын систем шинээр барих ажлын гэрээг иргэн А.А-ай байгуулсан. Тэгвэл услалтын системийн зургийн ажлын гэрээ гэгчийг Р ХХК-ийн зүгээс ЭДТ ХХК болон ХХААХҮЯ-тай байгуулсан байна. Энэ зургийн гэрээнд иргэн А.А болон Г ХХК нарын ямар нэгэн үүрэг, оролцоо огт байхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Р ХХК нь Г ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн ажлыг үндэслэн /ашиглан/ ХХААХҮЯ-наас зарласан ААНБ-ын услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэх төсөлд 2012 онд хамрагдаж, 2012 оны 3 сарын 09-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас Р ХХК-ийн захиалгаар ЭДТ ХХК-д 2012 онд боловсруулсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших Ягааны хурын услалтын системийн ажлын зураг төслийн талаар дүгнэлт гарган ХХААХҮЯ-нд хүргүүлж, үүний дараа 2012 оны 6 сарын 20-ны өдөр услалтын систем шинээр барьж ашиглах гэрээг Р ХХК, ЭДТ ХХК, ХХААХҮЯ нарын хооронд байгуулж, 2012 оны 11 сарын 03-ны өдөр услалтын системийг ашиглалтанд оруулах техник комиссын акт гаргаж, ашиглалтанд хүлээн авахаар шийдвэрлэж, 2012 оны 11 сарын 05-ны өдөр услалтын систем шинээр барих ажлын гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байдаг.

Тус актанд бичигдсэнээр бол Р ХХК нь Г ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн ажлыг үндэслэн 150,893,000 төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс авсан байгаа юм. ХХААХҮЯ нь Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг зөрчилгүй байна хэмээн хүлээн авч улмаар Р ХХК-д санхүүжилт олгосон явдал нь Г ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн ажил нь чанар стандартын шаардлагыг зохих ёсоор хангаж байсан болохыг батлаж байна.

Тус иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүхээс эхний удаа ХААИС-ийг, дараа нь МХЕГ-ыг шинжээчээр томилж тус тус дүгнэлт гаргуулсан байдаг. ХААИС-ийн шинжээчийн 2014 оны 11 сарын 04-ний өдрийн дүгнэлтээр Г ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн ажил нь чанар стандартын шаардлагыг зохих ёсоор хангаж байгаа болохыг тогтоосон. Харин МХЕГ шинжээчийн дүгнэлт гаргахдаа 2011 онд Г ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн ажлыг 2012 онд хийсэн ЭДТ ХХК-ийн зурагтай харьцуулж бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл ЭДТ ХХК-ийн гүйцэтгэсэн зургийг шинжилгээний зүйл болох услалтын системийн ажил гүйцэтгэсэн зургийн дагуу хийгдэх боломжгүй болохыг дүгнэж тогтоогоогүй байдаг.

Г ХХК нь БОАЖЯ-ны сайдын 2010 оны 3 сарын 10-ны өдрийн А-65 тоот тушаалаар Усны эрэл хайгуулын судалгаа хийх, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох үйл ажиллагаа эрхлэх 2010/J010 дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай, ЗТБХБЯ-ны сайдын тушаалын үндсэн дээр Услалтын уст цэг, худаг, услалтын системийн гидротехникийн барилга байгууламж барих үйл ажиллагаа эрхлэх БУII-38212 дугаартай 2012 оны 5 сарын 31-ний өдрийн тусгай зөвшөөрлыг тус тус эзэмшиж, үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан болно.

А.А нь гэрээний дагуу нийт 106,531,960 төгрөгийн ажлын хөлсөнд тооцон өөрийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн өгөх үүргийг хүлээж, талууд гэрээг дүгнэсэн акт үйлдсэний дараа буюу захиалагч нь гэрээт ажлын үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрч авсны дараа бэлэглэлийн гэрээний дагуу Г ХХК-ийн захирал*******ын өмчлөлд шилжүүлсэн. Талуудын хэн алинд нь орон сууцыг гэрээний төлбөрт тооцон шилжүүлэх хүсэл зориг байсан. Энэ явдал нь өөр хэлцлийг далдлах, халхавчлах, хууль зөрчих, эсвэл дүр үзүүлсэн гэх хэлбэрийг бий болгож чадахгүй. Гэрээний зүйл болох орон сууц нь хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээгээр, харин агуулгын хувьд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцогдон бусдын өмчлөлд шилжсэн байх тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр маргааны зүйл болж буй орон сууц өмчлөх эрх нэхэмжлэгчид буцаан сэргэгдэх үндэслэлийг бий болгож чадахгүй.

Г ХХК-ийн зүгээс А.А-тай гэрээ байгуулж, тус гэрээний дагуу услалтын системийн ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл А.А нь Р ХХК болон ЭДТ ХХК, ХХААХҮЯ-ны хооронд 2012 оны 6 сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу хийгдсэн услалтын системийн ажилтай холбоотой асуудал яриад нэхэмжлээд байна. Хэрэв тийм бол тус гэрээтэй холбоотой ажлыг Г ХХК хариуцан гүйцэтгээгүй. Тус гэрээнээс гарахад уг гэрээний дагуу хийгдсэн услалтын системийн ажлын өмчлөгч нь Р ХХК байна. Гэтэл энд иргэн А.А гэдэг хүн нэхэмжлэл гаргаад яваад байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд А.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Г ХХК нь услалтын системийг шинээр барих ажлын 12/2011 тоот гэрээг 2011 оны 8 сарын 17-ны өдөр А.А-тай байгуулж, уг гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт Ягааны хур нэртэй газарт 100.2 га талбайг услах услалтын систем шинээр барих ажлыг нийт 106,531,961 төгрөгийн төлбөртэйгээр 2011.09.20-2011.10.15-ны өдрийн хооронд гүйцэтгэж, захиалагч тал болох А.А-д зохих ёсоор шилжүүлэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу А.А нь Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 106,531,960 төгрөгийн төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Б.Д-н өмчлөх эрхэд шилжүүлэн өгсөн.

Гэтэл А.А нь төлбөрт тооцон шилжүүлэн өгсөн орон сууцаа буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Г ХХК нь А.А-тай байгуулсан услалтын системийг шинээр барих гэрээнд заасны дагуу ажлын төлбөр 106,531,960 төгрөг болон гэрээний 6.1-д заасны дагуу алданги 21,306,392 төгрөг, нийт 127,838,352 төгрөгийг гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Г ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 106,531,960 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Услалтын систем байгуулах гэрээ нь хэдэн төгрөгний гүйцэтгэлтэй, хэдэн хувийг гүйцэтгэсэн гэдгийг баримтаар тогтоож чадахгүй байна. Гэрээгээр талууд ажлын үр дүнг хүлээлгэн өгнө, үүний хариуд ажлын хөлсийг төлнө гэж заасан. Гэвч ажлын үр дүнг хүлээн аваагүй, өөрөөр хэлбэл доголдолтой ажил хүлээж авсан гэж үзэх манай зүгээс гомдлын шаардлага гаргасан. ХХААХҮЯ ажлыг хүлээж авсан гэж ярьж байна. Уг ажлыг Б.Д гэдэг хүн хөөцөлдөж хийсэн. Г ХХК нь Барилгын яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй байсан.

Хариуцагч тал алданги нэхэмжлэх үндэслэл байхгүй. Учир нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир алданги нэхэмжлэх үндэсгүй.

Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээгээр ямар ажлыг гүйцэтгэсэн, хэрхэн хүлээлгэсэн гэдгээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Гэвч нотолж чадахгүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан, 2011 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ-нээс татгалзсан болохыг тогтоолгох, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх шаардлагыг, хариуцагч Б.Д-д холбогдуулан, 2012 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг,

 

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Гринмаунт ХХК-д холбогдуулан, 2012 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу алданги 75,975,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг,

 

Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч А.А-д холбогдуулан, 2011 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 106,531,960 төгрөг, алданги 21,306,392 төгрөг, нийт 127,838,352 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан алданги 75,975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан.

 

Зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэг. А.А, Г ХХК нарын хооронд 2011 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ-нээс татгалзсан болохыг тогтоолгох, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх тухай шаардлагын тухайд,

 

А.А /захиалагч/, Г ХХК /гүйцэтгэгч/ нар 2011 оны 8 сарын 17-ны өдөр Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Ягааны хүр хэмээх газарт 136 га талбайг услах услалтын системийг барих ажлыг 2011 оны 9 сарын 10-ны өдрөөс эхлэн 2011 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлс 106,531,960 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Г ХХК нь услалтын систем шинээр барих тусгай зөвшөөрөлгүй, зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгээгүй, чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн, улсын комисст ажлыг хүлээлгэн өгөөгүй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлдог.

 

а/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2010 оны 3 сарын 22-ны өдөр 2010/J010 дугаартай Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ-г Г ХХК-д олгож, Усны эрэл, хайгуулын судалгааны ажил явуулах, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон тухай дурджээ. /2хх, 186х/

 

Дээр дурдсан гэрчилгээг хууль, тогтоомж зөрчин олгосон болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байх тул нэхэмжлэгч талын тайлбарласнаар Барилга, хот байгуулалтын яам-наас авсан тусгай зөвшөөрөл байхгүй хэмээн хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

б/. Талууд 2011 оны 9 сарын 13-ны өдөр Тэг тэнхлэг газар дээр нь байгуулсан акт, 2011 оны 9 сарын 27-ны өдөр Сувгийн нүх ухсан акт, 2011 оны 10 сарын 11-ний өдөр Усны барилгын бүтээцийг угсарч, гагнасан акт, 2011 оны 10 сарын 12-ны өдөр Усны барилгын далдлагдсан ажлын акт, Тоног төхөөрөмжийн суурь хийсэн акт, 2011 оны 10 сарын 15-ны өдөр Усны барилгын ажлын актзэрэг баримт үйлдэн гарын үсэг зурж, явцын ажлын гүйцэтгэлийг тухай бүр баталгаажуулж байжээ. /хх1, 182-189х/

 

Улмаар, талууд 2011 оны 11 сарын 15-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байх ба уг актад ... гэрээнд заагдсан ажлууд бүрэн дууссан байна хэмээн тогтов, хийсэн ажил, материалын чанар шаардлага хангасан байна гэж үзэв хэмээн дурдаж, захилагч А.А, гүйцэтгэгч компанийн захирал Б.Д нар гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулжээ. /1хх, 148х/

 

Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хэрэгт шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон ХААИС-ийн шинжээчийн дүгнэлт /2014.11.04/, МХЕГ-ын шинжээчийн дүгнэлт /2015.10.30/ авагдсан байх ба шүүх ХААИС-ийн гаргасан Усалгааны шугам хоолойг технологийн шаардлагын дагуу бүрэн угсарч дуусгасан бөгөөд насосны станц болон бороожуулах төхөөрөмжийг байрлуулж, угсралтыг хийсэн тохиолдолд уг услалтын систем нь ашиглагдах бүрэн боломжтой гэж үзэв гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв. /2хх, 168-171х/, /2хх, 226-229х/

 

Учир нь, МХЕГ-ын гаргасан дүгнэлтээр 2011 оны 11 сарын 15-ны өдөр хүлээлцэж дууссан ажлыг ЭДТ ХХК-иас 2012 оны 01 сард боловсруулсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ягааны хүрийн услалтын ажлын зураг төсөл-ийн дагуу хийгдсэн эсэх талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, 2011 оны 11 сард нэгэнт хийгдчихсэн байсан ажил нь хожим 2012 онд хийгдсэн зураг төслийн дагуу хийгдэх боломжгүй юм. /1хх, 197-218х/

 

Иймд зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгээгүй, чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

в/. 2011 оны 8 сарын 17-ны өдрийн гэрээнд улсын комисс ажиллуулах ажлыг зохион байгуулах ажлыг захиалагч хариуцахаар заасан байх ба гүйцэтгэгч нь услалтын системийг газар доорхи шугам сүлжээ, бороожуулах машины хөдөлгөөнгүй тулгуур, толгойн барилгын ус авах хэсгийг шинээр барих ажлыг хийж гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2012 оны 11 сарын 03-ны өдрийн 2 дугаартай актаар Услалтын системийн барилга байгууламжийг техникийн комиссоор ашиглалтанд хүлээн авахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагджээ. /1хх, 250-251х/

 

Иймд, 2011 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ нь хэрэгжиж, гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч тал хүлээн авсан байх тул гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, улмаар гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хоёр. А.А, Б.Д нарын хооронд 2012 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагын тухайд,

 

Талууд 2012 оны 01 сарын 19-ний өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ-г байгуулан А.А нь өөрийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 43 м.кв талбайтай 3 өрөө, 118,745,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Б.Д-д хариу төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, уг гэрээ нь хэрэгжсэн байна.

Талууд 2011 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ-ний 1.2-т заасан ажлын хөлс болох 106,531,960 төгрөгийг 4.1-д заасны дагуу барилгын ажлын хөлсийг орон сууцаар тооцон өгөх тохиролцоогоо биелүүлсэн байна.

 

Ийнхүү гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ үйлдэх хэлбэрээр хэрэгжүүлсэн буюу талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд орон сууц өгөх, ажлын хөлсийг орон сууцаар авах хүсэл зоригоо хэрэгжүүлсэн байна.

 

Гүйцэтгэгч Г ХХК нь актаар хүлээлгэн өгсөн ажлынхаа хөлсөнд аливаа мөнгөн хөрөнгө нэхэмжлэгч талаас аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Гурав. А.А, Г ХХК нарын хооронд 2011 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 106,531,960 төгрөг, алданги 21,306,392 төгрөг, нийт 127,838,352 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Дээр дурдсанаар /Хоёр-т/ Г ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө орон сууцаар авсан байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч Г ХХК нь хариуцагч Б.Д бусадтай гэрээ байгуулах эрхтэй эсэх талаар, мөн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд Г ХХК-ийн авах ёстой орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан талаар өөр хоорондоо маргахгүй хэмээн тайлбарладгийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Г ХХК-д холбогдох, 2011 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ-нээс татгалзсан болохыг тогтоолгох, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх, Б.Д-д холбогдох, 2012 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай А.А-н нэхэмжлэлийг, А.А-д холбогдох, 2011 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 106,531,960 төгрөг, алданги 21,306,392 төгрөг, нийт 127,838,352 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г ХХК-д холбогдох, 2012 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу алданги 75,975,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ Р ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.А-с төлсөн 1,630,200 төгрөг, хариуцагч Г ХХК-иас төлсөн 797,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А-с улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 808,325 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 537,825 төгрөгийг нэхэмжлэгч Р ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР