Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2021/01232

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2021/01232

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1978 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 31 дүгээр байрны 12 тоотод оршин суух, РЭ78111911 дугаар регистртэй, Аранзтан овогт Н.Бын,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газарт холбогдох,

Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрийг гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2021/01044/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газарт 2005 оны 3 дугаар сараас Монголын цахилгаан холбоо ХК байхаас ажиллаж, 2007 онд тус компани Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болж өөрчлөн зохион байгуулагдахад үргэлжлүүлэн 17 жил тасралтгүй интернетийн оператор, ээлжийн инженер, тэжээлийн инженер, кабель шугамын инженер, засварын инженер зэрэг ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Би хөдөлмөрийн гэрээгээр тус компанид ажиллаж байсан бөгөөд тус газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/32 дугаартай Н.Быг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, удирдлага руу нулимсан, компанийн ёс зүйн хэм хэмжээ хориглох зүйлийг зөрчсөн гэжээ. Тус компанид 17 жил ажиллахдаа 2008 онд сүлжээ унагаасан гэх шалтгаанаар сахилгын шийтгэл авч байснаас өөрөөр үүрэгт ажлын хариуцлага алдсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх асуудалд холбогдож байгаагүй бөгөөд харин ч яв гэсэн газар нь кабелиа үүрч гэмтлээ засаж ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Би 2021 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрийн хооронд Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдын үндсэн сүлжээний шилэн кабель үерийн улмаас гэмтсэн гэмтлийг засварлах үүрэг даалгаврыг газрын дарга Ж.Дгээс авч, 5 хүн ахлаж ажилласан. Энэ үед Баянзүрх сумын Эмт, Алтраг нэртэй голууд үерлэж, сууж явсан пургон машин голоор гарах ямар ч боломжгүй болсон. Улмаар шилэн кабель засварлах зайлшгүй шаардлагатай, үүрэг даалгавартай явсан тул үертэй голуудаар гарахдаа ЗИЛ-131 машинаар, буцаж тус голоор нааш гарахдаа ГАЗ-66 маркийн туулах чадвар сайтай ачааны автомашинаар амь нас эрсдэлтэй нөхцөлд гарч, Баянзүрх сумын хэсэг залуучуудын хүч дэмжлэгээр эвдрэл гэмтлийг засварлаад буцаж ирсэн. Тухайн үед үер устай, байгаль цаг уурын давагдашгүй маш хүнд нөхцөлд баг ахалж, хүмүүсийн амь нас хариуцаж явсан хүний хувьд маш их санаа зовж, дээд компаниас хүртэл Алтантуяа гэх хүн 99081611 утсаар холбогдон ярьж байгаль цаг уурын давагдашгүй бэрхшээлтэй байвал заавал засварлах үүрэггүй шүү. Хүний амь нас хамгийн чухал гэж сануулж байлаа. Ирсний дараа ажил эхэлж Ж.Д даргын өрөөнд дуудагдахад мэндийн зөрүүгүй За Тайванаа 3 ажилд явна аа. 1-рт Рашаант сумын ШК-ийн гэмтэл засварлах, 2-рт Бүрэнтогтох сумын ШК-ийн гэмтэл засварлах, 3-рт ЕБС-ууд руу шилэн кабель оруулж сүлжээнд холбох ажил байна гэж хэлсэн. Би даргад үер устай амь нас эрсдэлтэй хүнд нөхцөлд хүмүүс ахалж яваад ирсэн тухайгаа ярьж "Одоо дараагийн гэмтэлд явахдаа хүн хүч ихтэй, Онцгой байдлынхнаас авч явъя гэдэг санал тавьсан. Энэ үед Ж.Д дарга Баянзүрх сум руу орохдоо ЗИЛ-130 хөлсөлж гарсан мөнгөний асуудал ярьж, худал шалтаг тоочиж бэлэн мөнгө авч хувьдаа завших гэж байна гэх утгатай үгээр дайрч, улмаар ажлаа хийж чадахгүй бол гар зайл гэх мэтээр хэл амаар доромжилж хөөж туусан. Ер нь цатгалан нь өлсгөлөнгөө мэдэхгүйн үлгэрээр ажилчдаа хөөж туух, элдвээр доромжлох, сэтгэл санааг нь тогтворгүй болгох байдал байнга давтагддаг, хувийнх нь ажлын байранд арга ядан гуйж түүж ажиллаж буй мэт сэтгэгдэл байнга төрүүлж сэтгэл санааны дарамт учруулдаг тул тухайн үед маш их гомдож байлаа. Тийм ч учраас маш хүнд нөхцөлд ажиллаад ирсэн ажилтнуудынхаа ажлын нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа байдалд харамсаж даргад хандаж Та бид нарыг юунд итгэж найдаж явуулсан юм бэ гэх үгийг хэлж даргын өрөөнөөс хөөгдөж гарсан. Би тушаалд бичсэнчлэн дарга удирдлага руу нулимаагүй бөгөөд түүний өрөөнөөс гарсны дараа пүү гэж уулга алдаж, ажилтнаа ойлгохгүй байгаа байдалд харамссанаа илэрхийлсэн. Үүнийг давслаж удирдлага руу нулимсан гэх үгээр шийдвэрээ зөвтгөхийг хичээжээ. Энэ үйл явдал болсны дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дээд газар болох Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн дотоод хяналт, мониторингийн албаны дарга С.Мөнхзориг даргатай Ж.Д даргын зүй бус үйлдэл, ажилчиддаа хандаж байгаа харьцаа хандлагын талаар утсаар ярьж дуулгасан. Тэрээр асуудлуудаа Золбаяр захирал руу шуудангаар болон и-мэйл хаягаар бичгээр явуулчих гэсэн тул бид асуудлуудаа бичиж явуулсан. Үндсэндээ дарга Ж.Дгийн нам улс төр, үзэл бодлоор биднийг ялгаварлан гадуурхах, ажлын байран дээр пизда, хуц, солиор, ац, сүг, гар, зайл, өргөдлөө өг гэх мэтээр цаас шидэж дорд үзэж доромжлох байдал хүн ёсноос хэтэрсэн бөгөөд энэ байдлыг бидний ажилчид өдийг хүртэл тэсэж тэвчиж ирсэн. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан үндэслэлүүд бүгд бодит байдалд нийцэхгүй бөгөөд намайг урьдаас ажлаас халахаар төлөвлөсөн шийдвэр байсан гэж харж байна.

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын тухайд одоогоор ажлаас халагдаад бүтэн сар ч болоогүй байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргах хүсэлтэй байна. Би гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргааныг Шуурхай зохицуулах салбар хороонд хандан өргөдөл гаргасан ч өнөөдрийг хүртэл миний өргөдөл гомдлыг шийдвэрлээгүйгээр барахгүй бидний гаргасан гомдлын талаар дарга Ж.Д нам улс төртэй холбон, МАН толгойлж байгаа шүү гэх мэтээр биднийг басамжилж байх тул Хөдөлмөрийн маргаан таслах салбар хороонд итгэх итгэлгүй болсон. Улмаар ИХШХШТХ-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд Н.Б намайг Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай байгууллагын дарга болон дээд газраас надтай ярихдаа ажилдаа эргэж ор, нэхэмжлэлээсээ татгалз, буцаагаад авчих гэсэн санал тавьж байсан. Намайг дахиад ажлаас халахгүй гэсэн баталгаа байхгүй, өмнө мөрөөрөө ажлаа хийж байхад дарамталж байсан юм чинь эргээд ороход юу болох талаар бодсон. Тэгээд ёс журмын дагуу ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авахыг хүсэж байна гэсэн хариуг өгсөн. Намайг кабелийн инженерээр ажиллахад хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин ээлжийн инженерээр томилохдоо надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би үндсэн нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаа тодруулаагүй байгаа тул нийт 3,757,742 төгрөг гаргуулахаар дараах байдлаар тодруулж байна. Би ээлжийн инженерээр 12 хоног ажиллаад халагдахдаа 401.000 төгрөгийн цалин авсан. Тийм болохоор урд кабелийн инженерээр ажиллаж байсан сарын цалин хөлсөөр тооцож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж авна. Үүнд: Миний 1 сард авдаг цалин олговор нийгмийн даатгал, татвар хасаагүй бохир дүнгээр 1,310,000-1,350,000 төгрөгийн цалин бодогдож шимтгэл татварууд хасагдаад 960,000 төгрөгөөс дээш цалин олговор авдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос харахад 2021 оны 9 дүгээр сард бүрэн цалин бодогдоогүй буюу ажлаас чөлөөлөгдөх өдрийг хүртэлх цалин 401,000 төгрөг, 8 дугаар сард амралттай байх хугацаанд 793,431 төгрөг, 7 дугаар сард амралтын мөнгөтэй нэмэгдсэн дүнгээр 1,493,411 төгрөг бодогдож 6 дугаар сард 1,349,670 төгрөг, 5 дугаар сард 1,320,750 төгрөг, 4 сард 1,329,750 төгрөгийн цалин олговор тус тус олгогдсон байна. Дээрхээс ямар нэг нэмэгдэлгүй, эсхүл дутуу бодогдоогүй үндсэн цалин болон бусад олговор бодит дүнгээр бодогдсон сарууд нь 2021 оны 4, 5, 6 дугаар сард авсан цалин олговор байх тул энэхүү 3 сарын дунджаар цалин олговрыг бодож тооцно. Дээрх 3 сарын дундаж цалин (4,000,170:3= 1,333,390) нь 1,333,390 төгрөг, үүнээс 1 өдрийн цалин (1,333,390:22=60,609) 60,609 төгрөг болж байна. Ажлаас чөлөөгдсөн 9 дүгээр сард ажлын 14 хоног, 10 дугаар сар, 11 дүгээр сард бүтэн 2 сар, 12 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажлын 4 хоног, нийт 2 сар 18 хоног ажилгүй байсан байна. Үүнийг сард авах дундаж цалин болон өдрийн цалинд үржүүлж тооцвол (1,333,390x2+18x60,609=3,757,742) 3,757,742 төгрөг болж байна.

Иймд намайг Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3,757,742 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын дарга Ж.Дд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус шүүхэд хариу тайлбараа ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газарт холбогдуулан Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газрын ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрийг гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрийг гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцон гаргуулах тухай шаардлагаа тодруулан, ажилгүй байсан хугацааны цалин 3,757,742 (гурван сая долоон зуун тавин долоон мянга долоон зуун дөчин хоёр) төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Б ажлаас чөлөөлсөн тушаалд заасан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Н.Б Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газарт 2005 оны 3 дугаар сараас эхлэн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд интернетийн оператор, тэжээлийн инженер, кабель шугамын инженер, засварын инженер, ээлжийн инженер зэрэг ажилд томилогдон ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн кабель шугамын инженерийн ажлын байрны тодорхойлолт, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №04 дугаар хөдөлмөрийн гэрээ, тус газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Нямдорж Тайванбатыг ажилд шилжүүлэн томилох тухай №Б/128 дугаар тушаал, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Н.Быг ажлаас чөлөөлөх тухай №Б/32 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 2005 оны 3 дугаар сараас 2020 оныг дуустал шимтгэл төлсөн бичилттэй №А 246434 дугаар нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны шимтгэл төлсөн бичилттэй Н.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 6, 7, 8-13, 16-17, 18-22, 83 дугаар хуудас)

Н.Быг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, удирдлага руу нулимсан, компанийн ёс зүйн хэм хэмжээ хориглох зүйлийг зөрчсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Дотоод журмын 11 дүгээр бүлгийн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийн 11.1.4 дэх хэсгийн 11.1.4.9, 11.1.4.10, 11.1.4.13, 11.1.4.15, байгууллагын ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, ёс зүйн дүрмийн 5.11, дотоод хяналтын 3.3.6 заалтуудыг баримтлан үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Н.Быг ажлаас чөлөөлөх тухай №Б/32 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Бын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гаргасан өргөдөл, Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны гишүүн Ч.Ганбаатарын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Иргэн Б.Намсрайжав, Н.Б нарт хариу хүргүүлэх тухай №7/2023 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 7, 45, 58 дугаар хуудас)

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тус тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй. Ажилтан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, сахилгын дүрэм зэргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчил гэх бөгөөд ийнхүү зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна. Сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч байх ба сахилгын зөрчил гаргасан этгээд нь ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан байна.

Ажилтан Н.Быг ажлаас чөлөөлсөн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Н.Быг ажлаас чөлөөлөх тухай №Б/32 дугаар тушаал эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримтласан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах-аар заажээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Н.Быг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар цуцалж, ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой ямар зөрчил гаргасан эсэх талаарх заалтыг баримтлаагүй тул ямар заалт зөрчсөн тухай ойлгомжгүй байна. Тодруулбал ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой ямар зөрчил гаргасан тухай заалтыг хуульд зааснаар ажлаас чөлөөлсөн тушаалдаа заавал баримтласан байх шаардлагатай.

2. Хавтаст хэрэгт авагдсан тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хуулбар байх тул бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хуулинд заасан шаардлага хангасан нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул ажилтан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын ямар зүйл заалтыг зөрчсөн талаар дүгнэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд ээлжийн инженерээр томилохдоо надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх тайлбар гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй... гэх заалтыг ажил олгогч зөрчсөн байна. Гэхдээ Н.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлсэн байх тул хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан гэж үзнэ.

Ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах шийтгэл ногдуулахдаа түүнд тохирсон заалтыг баримтлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.

Мөн хариуцагч байгууллагыг нэхэмжлэгч Н.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

Тодруулбал Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын дарга Ж.Дд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэн нэхэмжлэл гардуулсан тухай баримтад гарын үсэг зуруулжээ. Гэвч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ. Хариуцагч байгууллагын дарга Ж.Д хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын дарга Ж.Д нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "...ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн сүүлийн бүтэн сар ажилласан 3 сарын цалингийн хэмжээгээр 1 сарын дундаж цалин хөлсийг тооцсон ба тэрээр 2021 оны 4 дүгээр сард 1,329,750 төгрөг, 5 дугаар сард 1,320,750 төгрөг, 6 дугаар сард 1,349,670 төгрөг авч байсан нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Н.Бын 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны шимтгэл төлсөн бичилттэй Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, түүний тайлбараар тогтоогдож байх тул сүүлийн бүтэн сар ажилласан 3 сарын цалин 4,000,170 төгрөг : нэг сард 1,333,390 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 62,698 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл буюу ажлын нийт 58 хоногийн цалин 3,597,044 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3,757,742 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 160.698 (нэг зуун жаран мянга зургаан зуун ерэн найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагаас 3,597,044 (гурван сая таван зуун ерэн долоон мянга дөчин дөрөв) төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд Н.Быг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газрын ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин 3,597,044 (гурван сая таван зуун ерэн долоон мянга дөчин дөрөв) төгрөг гаргуулан Н.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160.698 (нэг зуун жаран мянга зургаан зуун ерэн найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварыг суутган зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж заасан.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үнийн дүнд төлсөн 75.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 72.503 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 1. 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай А/79 дугаар тушаал, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны албан бичиг зэрэг баримтын хуулбарууд нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, техникийн ашиглалт үйлчилгээний чиглэлээр кабель шугамын тасгаас хийсэн ажлын тайлан, дотоод томилолтын удирдамж, дотоод томилолтын зардлын төсөв зэрэг баримтад ерөнхий инженер, газрын дарга, ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг зурагдаагүй тул хуулинд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 14-15, 23-44, 46-51, 52-54 дүгээр хуудас)

Хариуцагч байгууллагын дарга Ж.Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Аранзтан овогт Н.Быг Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын ээлжийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,597,044 (гурван сая таван зуун ерэн долоон мянга дөчин дөрөв) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160.698 (нэг зуун жаран мянга зургаан зуун ерэн найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийхийг хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 72,503 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Н.Бад олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА