Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар  2024/ШЦТ/235

 

 

 

 

   

               

                

 2024        10          28                                       2024/ШЦТ/235

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

         улсын яллагч Ц.Цэрэндулам,

         шүүгдэгч А.Р,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Рад холбогдох эрүүгийн 2419003140325 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... А.Р /...../,

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.Р нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 04 дүгээр баг ......тоотод С.Мийг шалтаг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч А.Рийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би хүн хайгаад ороход С.М, М нар сууж байсан. Намайг дотор засах юм авч өгөөч гэсэн. Тэгээд архи ууцгааж байхдаа надруу намайг шоронд орж байсныг мэднэ биздээ гэх зэргээр хэлээд байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Маргахгүй, хохирогчид мах өгөхөөр тохирсон байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохирогчтой худ ургийн талаар хамаатан. Хохирол нэхэмжлэхэд төлнө. Татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр...  унтаж байхад Р намайг татаж босгоод зүүн шанаа руу гараараа цохисон. Дараа нь баруун шанаа руу гараараа цохисон. Газраар чирсэн. Би цохиулаад манараад хэд цохисон юм мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,

          -Гэрч Ө.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  С.М зүүн орон дээр амрахаар хэвтсэн. Тэгтэл Р гэх залуу С.Мийг чи муу яасан их томордог бацаан бэ гараад ир, босоод ир пизда минь гэж хэлээд тэр хоёр муудсан. Тэгээд Р гэх залуу С.Мийн нүүр хэсэгт хоёр гараа зангидаж байгаад нэлээн хэд зохих шиг болсон. Хамгийн сүүлд харахад гэрийн баруун талын шал зуух хэсэгт С.Мийн ам, уруул хамарнаас дуссан цус их хэмжээгээр байсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,

            -Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...С.М зүүн орон дээр хэвтэхэд Р гэх залуу босож ирээд гараад ир гэж хэлээд С.М тэр хоёр үүд рүү гартал Р гэх залуу С.Мийн нүүр хэсэгт хоёр гараа зангидаж байгаад ээлжлэн 2-оос 3 удаа цохиход би салгасан гэсэн мэдүүлэг /хх 24-25/ ху,

            -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/313 дугаартай дүгнэлтэнд: 

 1.С.Мийн биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3.Учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 34 ху/,

          -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-12 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46 ху/,

            -Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 53-64 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 48-50, 52-53 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч А.Р нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 04 дүгээр баг ......тоотод С.Мийг шалтаг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч А.Рын...Би хүн хайгаад ороход С.М, М нар сууж байсан. Намайг дотор засах юм авч өгөөч гэсэн. Тэгээд архи ууцгааж байхдаа надруу намайг шоронд орж байсныг мэднэ биздээ гэх зэргээр хэлээд байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Маргахгүй, Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Мийн “...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр... унтаж байхад Р намайг татаж босгоод зүүн шанаа руу гараараа цохисон. Дараа нь баруун шанаа руу гараараа цохисон. Газраар чирсэн. Би цохиулаад манараад хэд цохисон юм мэдэхгүй байна” гэсэн, гэрч Ө.М, гэрч Б.М нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед  эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон  шинжээчийн 02/313 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг.

          Шүүгдэгч А.Рын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Рад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.Рад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

         Гэмт хэргийн улмаас хохирогч С.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч нь хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.         

         Хохирогч нь “...сэтгэцэд учирсан хор  уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, санал гомдолгүй, биед учирсан гэмтэлтэй холбоотой хагалгаа, эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна” /хх 42 ху/ гэсэн байх боловч  энэ талаархи нотлох баримтыг ирүүлээгүй байна. 

          Иймд хохирогч С.М нь мэс засал болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

         Энэ хэрэгт ирүүлсэн хохирогчоос гаргаж өгсөн шинжилгээний хариу болох 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч М овогийн А.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Рыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Р нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Рад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт ирүүлсэн 2 ширхэг компаст дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БАЙГАЛМАА