| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2024/0324/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
2025 01 07 2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Б.Хосбаяр,
хохирогч *******,
хохирогчийн өмгөөлөгч *******,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болон 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр гыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
1.2. Хохирогч ******* мэдүүлэхдээ: “Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.
2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2.2. Хохирогч гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирэхэд нөхөр ******* нэлээн ууртай бага охиныг хараагаад сууж байхаар нь “чи яагаад уурласан юм нүүр царай чинь сонин болчихсон юм байна” гэж хэлэхэд “чи дуугүй бай, би тайван баймаар байна. Чи машины рүлийн аппарат эвдээд сэг болгосон байна” гэж хэлж дайрч байгаад гэрээс гарч явсан. Тэгээд би 13 цагийн үед гэрээс гараад зах руу явтал замд нөхөр ******* таксинд явж байхаар нь “чи хүнгүй байвал намайг гэрт хүргээд өгөөч” гэж хэлээд машин дотор сууж байтал хоёр хүүхэд такси бариад “” дэлгүүрийн доор буулгаад хөдлөөд явж байтал нөхөр намайг “чи яагаад намайг дагаад байгаа юм” гэхээр нь “чи намайг гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн чинь намайг “гэрт аваачиж ална, сэвстэй чинь хутгална” гэхээр нь би айсандаа машинаас буугаад гэр лүү алхаад очиход нөхөр гэрт ирсэн. Нөхөр маань миний бүх хувцсыг бэлдэж тавиад миний авч ирсэн ор, хөлдөөгч зэрэг зүйлүүдийг авч яв гээд намайг гэрээс хөөгөөд гэрээсээ гарч гэрийн бүс тайлж хаячаад буцаж орж ирээд намайг гараараа боогоод газар унагааж, хөлөөрөө миний хавирганд нэг удаа өшиглөсөн ийм зүйл болсон. Өнөөдөр манай аавыг гэрт ирсэн чинь хэл амаар доромжлоод байхаар нь цагдаагийн газарт хандаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 3 дахь тал),
2.3. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1069 дугаартай “...1. гын биед гэмтэл учирсан байна. 2. гын биед баруун суганы ард, нурууны баруун дээд болон доод хэсгүүд, зүүн дал, баруун, зүүн гуянд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. гын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал),
2.4. Хохирогч гын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Тэгээд аавынхаа хажууд байж байхад миний хоолойг боож унагааж, баруун талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. Манай нөхөр намайг боож унагаахад манай хадам аав болиулаагүй, чи амнаасаа болж цохиулчихлаа гэж хэлээд гараад яваад өгсөн. Тэгээд манай нөхөр гэрээс гарч яваад шөнийн 03:00 цагийн үед гэртээ ирээд намайг чи зайлахгүй гэрт юу хийж байж байгаа юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
2.5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 69 дэх тал),
2.6. Согтолтыг тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 70 дахь тал),
2.7. Хохирогч гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын багийн 04-12 тоотод амьдардаг ахындаа унтаж байсан юм. Тэгтэл шөнө дунд 01 цагийн үед манай нөхөр болох ******* нь над руу залгаж урд талын гудамд хүрээд ир уулзъя гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд яваад очтол манай нөхөр гэдэг найзтайгаа хамт машинд архи уугаад сууж байсан юм. Тэгээд надад архи хийж өгөхөөр нь би уугаагүй. Гэтэл миний хоёр найз одоо учраа олоо гэж хэлтэл манай нөхөр "Бид хоёр учраа олохоосоо өнгөрсөн би удахгүй шоронд орох юм шиг байна" лээ гэж хэлсэн. Удалгүй та хоёр учраа олоод ярилцаж байгаад хоёр тийшээ яваарай гэж хэлээд машинаа асаагаад өөр газарт очоод зогссон юм. Тухайн үед манай нөхөр нэлээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан ба явж байгаад газарт унаад "Чи намайг унагалаа чи ямар овоо болчихсон юм бэ” гэж хэлээд миний биеийн толгой хэсгийг хашаанд мөргүүлсэн, зүүн талын эрүү хэсэг рүү гараараа цохисон, миний үснээс зулгааж зүүн талын ташаа хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би хадам аавындаа ороод *******ээ намайг зодлоо гэж хэлтэл намайг пиздаа минь чи манай хүүгээс салсан юм бол салсан замаараа тэр чигтээ зайл гэж хэлсэн. Тэгээд би буцаад ахындаа очих гээд хашаанаас гараад явж байтал манай нөхөр хашааны буланд биеэ хураасан сууж байсан. Чи миний утсыг өгөөч гэж хэлтэл өгөхгүй байхаар нь би булааж аваад зугтсан юм. Тийм ээ бид хоёр хууль ёсны гэр бүл мөн. 2022 онд анх гэрлэлтээ батлуулж байсан. Бид хоёр дундаасаа 2 охинтой. Том нь 2021 онд төрсөн, бага охин маань 2023 онд төрсөн. Тухайн өдөр гараараа миний толгой хэсэг рүү гараа атгаж байгаад 5-6 удаа цохисон, нүүр хэсгийн шанаа руу 2 цохисон. Намайг газарт унагааж өшиглөж, үснээс минь маш хүчтэй зулгаасан. Би нөхөртөө зодуулж эмнэлэгт томографын зураг авхуулж, эм тариа авсан. Би эм тарианыхаа мөнгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал),
2.8. Гэрч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Намайг машинаа асаагаад явж байхад эхнэр нь чи намайг зодлоо гэж орилоод байсан ба би тухайн үед машинаа зогсоогоод машинаасаа буугаад юу болчиховоо гээд хартал эхнэр нь хоёр гараараа өөрийгөө үсдээд орилоод зогсож байсан. Тэр үед ******* амбаарын булан эргээд өөрийнхөө гэр рүү орж байсан болохоор би яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал),
2.9. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1102 дугаартай “1. гын биед гэмтэл учирсан байна. гын зүүн чамархайн хуйхны үс халцралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн буланд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт, зүүн өвдөг, гуяны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. гын биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 88-89 дэх тал),
2.10. Яллагдагч *******ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тухайн өдөр би аав *******той хамт Буянт сумын Цагаанбургас багийн Уулзвар цагаан хад гэх газар руу хөдөө мал руугаа явж ирчхээд гэртээ байж байсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой 23:00 цагийн үед би гэртээ байж байсан чинь манай найз над руу залгаад танай гэрийн чинь гадаа яваад очъё гараад ирээрэй гэсэн. Манай найз манай гэрийн гадаа ирээд гэрийн чинь гадна ирчихлээ гараад ир гэхээр нь би гэрээсээ гараад очсон. Тэгээд би найзтайгаа хамт машин дотор нь сууж байгаад хоёулаа манай гэрийн гадна очиж жоохон юм ярьж сууя гэхээр нь би тэгье гэж хэлээд ийн гэрийн гадна талд очсон. бид хоёр машин дотор нь 2.5 литрийн том пиво ууж суусан. Тэгээд бид хоёр пивоо уугаад юм яриад сууж байтал манай эхнэр ******* над руу байнга залгаад байсан. Тэгэхээр нь манай найз чам руу хэн залгаад байгаа юм бэ, утсаа аваад ярьчихаж болдоггүй юм уу гэхээр нь би эд хандаж манай эхнэр залгаж байна, би утсыг нь авчих юм бол баахан хэрүүл болох байх гэж хэлээд утсаа аваагүй. бид хоёр пивоо ууж дуусаад байж байтал манай эхнэр залгаад байхаар нь би утсаа аваад ярьтал манай эхнэр ******* надад хандаж чи ирээд хүнтэй адилхан уулзчих учир зүгээ ольё гэхээр нь би хаана байгаа юм бэ гэсэн чинь гэрийн урд талын гудамд байна хүрээд ир гэхээр нь бид хоёр Эрдэнэсолонгын хаана байгаа газарт нь явж очсон. Бид хоёр замдаа явж байхад надад хандаж чиний сууж байгаа суудал доогуур чинь нэг шил архи байгаа гэхээр нь би тонгойгоод архийг нь авсан. Тэр архи нь тал архи байсан.
бид хоёр манай эхнэрийн байгаа газарт нь ирээд зогсож байсан чинь манай эхнэр хаалга татаад машин дотор ороод ирсэн. Би эхнэрийг ороод ирэхээр нь уг дуугарахгүй сууж байсан чинь манай эхнэр миний энгэрээс дайраад миний хөхнөөс чимхээд байсан. Би тухайн үед дээлтэй явж байсан ба миний дээл дотроос миний утсыг авцан байсан. Манай найз манай эхнэрт хандаж та хоёр учир зүгээ олцгоо аливаа болгон ингэдэг юм гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр миний энгэрээс татаад намайг ноолж байх хугацаанд миний дээлийн энгэр урагдсан. Тэгээд би машинаас буугаад гэр рүүгээ явсан, намайг машинаас буугаад гэр рүү явж байх замд манай эхнэр миний араас ирээд намайг татаад унагаасан. Би босоод гэр рүү явах гэж байхад намайг явуулахгүй миний хоёр гараас татаад хашаа руу шахаж зогсоод надтай хэрэлдээд байсан Тухайн үед манай эхнэр орилж чарлаад үсээ зулгаагаад хашаа мөргөөд чамайг би хийгээгүй хэргийг чинь хэрэг болгож үүрүүлнэ гээд байсан. Тэгээд манай эхнэр үсээ зулгаагаад орилоод байхаар нь би гүйгээд хашаа даваад өөрийнхөө гэр рүү гүйж ороод хаалгаа дотор талаас нь цоожлоод унтаад өгсөн Маргааш өглөө нь босоод би гэрээ цоожлоод аавын гэрт байж байсан чинь хоёр цагдаа ирээд намайг ирж авсан. Тэр хоёр цагдаа намайг цагдаа руу авч яваад үлээлгэхэд 1.01%-тай гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал),
2.11. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.12. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал),
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал),
-Гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61, 63 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 102 дахь тал)
2.13. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
- Хохирогч гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Нөхөр маань миний бүх хувцсыг бэлдэж тавиад миний авч ирсэн ор, хөлдөөгч зэрэг зүйлүүдийг авч яв гээд намайг гэрээс хөөгөөд гэрээсээ гарч гэрийн бүс тайлж хаячаад буцаж орж ирээд намайг гараараа боогоод газар унагааж хөлөөрөө миний хавирганд нэг удаа өшиглөсөн ийм зүйл болсон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 3 дахь тал),
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 69 дэх тал),
-Согтолтыг тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 70 дахь тал),
-Хохирогч гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Тухайн үед манай нөхөр нэлээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан ба явж байгаад газарт унаад "Чи намайг унагалаа чи ямар овоо болчихсон юм бэ” гэж хэлээд миний биеийн толгой хэсгийг хашаанд мөргүүлсэн, зүүн талын эрүү хэсэг рүү гараараа цохисон, миний үснээс зулгааж зүүн талын ташаа хэсэг рүү өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал),
- шинжээч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1069 дугаартай “...2.гын биед баруун суганы ард, нурууны баруун дээд болон доод хэсгүүд, зүүн дал, баруун, зүүн гуянд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. гын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал),
-мөн шинжээч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1102 дугаартай “1. гын биед гэмтэл учирсан байна. гын зүүн чамархайн хуйхны үс халцралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн буланд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт, зүүн өвдөг, гуяны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. ... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 88-89 дэх тал),
-гэрч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...Намайг машинаа асаагаад явж байхад эхнэр нь чи намайг зодлоо гэж орилоод байсан ба би тухайн үед машинаа зогсоогоод машинаасаа буугаад юу болчховоо гээд хартал эхнэр нь хоёр гараараа өөрийгөө үсдээд орилоод зогсож байсан. Тэр үед ******* амбаарын булан эргээд өөрийнхөө гэр рүү орж байсан болохоор би яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь 1) 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр гыг хоолойг боож унагааж, баруун талын хавирга руу өшиглөж зодож, хохирогчийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэрэгт хамаарах баруун суганы ард, нурууны баруун дээд болон доод хэсгүүд, зүүн дал, баруун, зүүн гуянд тус бүр цус хуралт гэмтэл учруулсан, мөн 2) 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч гыг хашаа мөргүүлэх, ташаа хэсэгт өшиглөх, үснээс зулгаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарах зүүн чамархайн хуйхны үс халцралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн буланд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт, зүүн өвдөг, гуяны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл баримт тус тус тогтоогджээ.
3.2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
3.3. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2 хүүхдийн хамт амьдардаг нь тогтоогдож байна. (хавтаст хэргийн 50 дахь тал)
3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сард 2 удаа хохирогч гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.
3.5. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
4.2. Шинжээчийн хохирогч гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бодиттой тогтоож, хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан дүгнэлт нь үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
4.3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч нарыг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулахаар хуульчилсан.
4.4. Хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь гэрлэсэн, хүүхдийн хамт амьдардаг учраас тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
4.5. Гэр бүлийн харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэлд тооцох ба хохирогчийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзнэ.
4.6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ий гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн, хохирогч г бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэсэн шинжийг хангаж байна.
4.7. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.8. Иймд шүүгдэгч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.9. Шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, тэдний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний зардлыг нэхэмжилж байна, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээ хийлгэсэн баримтуудыг (хавтаст хэргийн 115-118 дахь тал) нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын улмаас үүссэн хор уршиг буюу 550,000 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргуулан хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүхээс шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* хувийн байдлын хувьд 30 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын багт оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 50, 82-83, 102 дахь тал),
2.4. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал, дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ий анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.8. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч *******д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн дотор биелүүлэх бөгөөд энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулав.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900000 (есөн зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ээс 550000 (таван зуун тавин мянга) төгрөгийн гаргуулан хохирогч *******д олгосугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК