Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2022/0370/З |
Дугаар | 128/ШШ2022/0771 |
Огноо | 2022-10-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2022/0771
2022 10 18 128/ШШ2022/0771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К**ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Х**
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М нарын хоорондын Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн К**ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Х**, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М**, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К**ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн К**ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ.
2. К**ХХК-д 2021 оны 3 дугаар сард Х** дүүргийн Татварын албанаас газрын төлбөр төлөх тухай нэхэмжлэх ирсэн тул нэхэмжлэгчээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2021/03/22/01 дугаартай албан бичгээр газрын төлбөр төлөх нэхэмжлэх ирсэн газрын талаар лавлагаа авахаар хандаж, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хариуг авч, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчээс К**ХХК-д газар олгосон шийдвэрийг хүчингүй болгосон захиргааны актыг дараах үндэслэлээр илт хууль бус гэж үзжээ. Үүнд:
1/ Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар Х** дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай компанид 10000 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар олгосныг огт мэдээгүй байхад Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшинэ гэж заасныг зөрчсөн гэж,
2/ Манай компанийн зүгээс газар эзэмшүүлэх шийдвэр гарсныг огт мэдээгүй бөгөөд холбогдох байгууллагаас мэдэгдээгүй тул гэрээ байгуулж гэрчилгээ аваагүй гэж,
3/ Манай компани газар эзэмших эрхтэй гэдгээ огт мэдээгүй, эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байхад уг газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч К**ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Х** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие К.Х** нь 2003 онд Нийслэлд өөрийн хувийн оффис бүхий үйлчилгээний төв барихаар газар авахаар хүсэлт гаргасан. Би 2 жил гаруй хөөцөлдөөд тухайн үед Нийслэлийн газрын албанаас тухайн газрын зургийг өөрөө аваад ир гэсний дагуу өгөх боломжтой газруудыг судалж үзээд Герман Монголын хамтарсан компани байгуулаад компанийн том оффис барихаар хөрөнгө оруулагчтайгаа тохироод 2005 оноос хойш хамтарсан компанийн нэр дээр газар авахаар хөөцөлдөж эхэлсэн.
Тухайн үеийн Нийслэлийн хот төлөвлөлтийн газар газар дээр ерөнхий төлөвлөгөө хийх гэж байгаа танай компанитай хамтарч ажиллана гээд гэрээ байгуулж, манай зүгээс хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлахад нь өөрсдийн компанийн зүгээс хувь нэмрээ оруулж, гэрээний дагуу үүргээ биелүүлж ажилласан. Өөрсдийн сонирхсон газраа олоод ир гэж үүрэгддэг байсан. Тухайн барилгаа 17 давхар байшин барина гээд зураг төслөө хийгээд бүх зүйлээ тохироод барилга барих тохирсон газраа хайж эхэлсэн. 2005-2010 оны хооронд 5 жилийн турш хайж яваад нэг газрыг сонирхож санал болгосон боловч тухайн газрыг зарим нь бололцоотой, зарим нь боломжгүй гэдэг байсан. Бололцоотой газраа дуудлага худалдаанд оруулаад эсвэл сонгон шалгаруулалтад оруулаад өгөөч гэхээр болдоггүй. Нэг мэдэгдэхэд тухайн газар өөр байшин баригдаж байгаа байдалтай байдаг байсан. Х** дүүргийн 00 дүгээр хороонд байрлах 1 газрыг илүү сонирхож, тухайн газар барилгаа барих байдлаар хүсэлтээ гаргаад 2009, 2010, 2011 оны ерөнхий төлөвлөгөөнд оруулж батлуулсан. Ерөнхий төлөвлөгөөнд орж батлагдсаны дагуу бид хөөцөлдөөд дуудлага худалдаанд оруулаад бидэнд олгооч гэхээр дуудлага худалдаанд ч оруулахгүй байсаар байгаад сүүлд нөгөө газрыг А** ХХК-д олгосон байсан. Тухайн газрыг бид Х** дүүргийн 1-р хорооны Засаг дарга, бусад холбогдолтой байгууллага нэгжүүдтэй ярилцаад гэрээ байгуулаад үйлчилгээний төвөө барьсан тохиолдолд үйлчилгээний байрны 100 м.кв газрыг Х** дүүргийн 00-р хороонд өгөхөөр тохирсны үндсэн дээр ерөнхий төлөвлөгөөнд орж батлагдсан байсан. Тухайн үед 1-р хорооныхон залгаад та газраа ухаад ажлаа эхэлчихсэн юм уу гээд байхаар нь тухайн газар дээр яваад очсон чинь газрыг ухаад бүүр хашаа барьчихсан байсан.
Ямар учраас газрыг ухаад хашаа барьсан бэ гэж лавлаад асуухад А** ХХК-ийн хүмүүс газар ухсан байна гэдгийг мэдэж авсан. Тухайн үед хариуцсан хүмүүстэй нь уулзаад энэ газрыг яагаад ийм байдалтай болгосон талаар асуухад мэдэх хүн байхгүй байсан. Нэгдүгээр хорооны иргэд эсэргүүцээд шүүхэд хандаад Монгол улсын Дээд шүүх шүүхээр хүчингүй болгосон байсан. Тэгээд энэ газрыг 5 жилийн турш хөөцөлдөөд бүтэхгүйгээ мэдэж хамтарсан хөрөнгө оруулалттай компанийг татан буулгаад явсан байдаг. Үүний дараа би барилгаа барихаар дахин хөөцөлдөөд өөр хөрөнгө оруулагч олоод К**ХХК-ийг байгуулаад газраа үргэлжлүүлээд хөөцөлдсөн. Хөөцөөлдөөд бүтэхгүй юм байна гэж үзээд тэр чигт нь орхицон байсан.
Ингээд байж байтал Х** дүүргийн Татварын албанаас газрын төлбөрөө төлнө үү гэж 3-4 сая төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Х** дүүргийн газрын алба ямар учиртай талаар хүсэлт гарган лавлахад танай компанид 2012 онд 1 га газар олгосон захирамжтай байсан байна. 2014 онд газар цуцлагдсан байна гэсэн хариу өгсөн. Үүний дараа хуулийн хүрээнд хотын даргад хандаад энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэлт гаргасан. Хотын даргаас бол зохих хэмжээний хариу өгөөгүй. Газрын албанаас цохолт хийсэн юм шиг байсан. Газрын албанаас шинээр газар авч болно, дуудлага худалдаанд орж болно гэсэн хариу ирсэн. Ингээд хуулийн хүрээнд энэ газрыг авахаар захиргааны хэргийн шүүхэд хандаад хөөцөлдөж байгаа юм. Тухайн үедээ маш их санхүүгийн зардал гарсан. Үндсэндээ 10 жил гаруй энэ газрыг хөөцөлдсөн болохоор энэ газрыг аваад үргэлжлүүлээд хөрөнгө оруулагч нартайгаа тохироод барилгаа барих гэсэн бодолтой байгаа юм. Сүүлд шинэ нисэхийн тэнд газар байгаа гээд Нийслэлийн газрын албанаас санал болгосны дагуу тэнд нэг газар авах хүсэлтээ гаргасан боловч ямар ч сураггүй, чимээгүй болсон тул итгэл алдраад орхисон гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К**ХХК нь 2012 онд тус компанийн 2011 оны 6 сард гаргасан хүсэлтүүд, холбогдох баримтуудын дагуу газар эзэмших эрх олгох шийдвэр гарсан. Шийдвэр гарсан боловч тус компанид газар эзэмших эрхээ бодитой хэрэгжүүлэх боломжийг олгоогүй буюу гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй. Тус компанид ямар нэгэн байдлаар шийдвэр гарсан гэдгийг огт мэдэгдээгүй. Гэтэл 2014 онд нэхэмжлэгч компанид 2012 онд олгосон газар эзэмших эрхээ эргээд хүчингүй болгосон байсан. Үндэслэл нь болохоор дуудлага худалдаагаар үнэ хаялцуулж авах байсан гэдэг.
Гэтэл 2012 оны үед жагсаалт гаргаад нилээн хэдэн компаниудыг дуудлага худалдаа явуулах журам зөрчсөн байна гээд тухайн байгууллагуудад 2013, 2014 ондоо Өдрийн сонингоор зарлал явуулаад дуудлага худалдааны үнийг төлөөд газар эзэмших гэрээгээ шинэчлэн байгуулна уу гэж зар гаргасан байсан. Гэвч тухайн зарыг К**ХХК нь газар эзэмших эрх олгогдоогүй гэж ойлгоод явж байгаа учраас олж мэдэх боломжгүй байсан. Ингээд К**ХХК-ийг ямар нэгэн байдлаар холбоо тогтоож болохгүй байна гэдэг үндэслэлээр, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. Хууль зүйн үндэслэлээр харахаар 2012, 2014 онд ч мэдэгдээгүй, Газрын тухай хуульд зааснаар төр бол газрын талаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах зарчмыг баримтлах ёстой.
Гэтэл К**ХХК-д шударга ёс тэгш байдлын зарчмыг хангаж ажиллаагүйгээс энэ байгууллагад газар эзэмших эрх олгосон, хүчингүй болгосноо ч мэдэгдээгүй байна. Миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байсан. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байсан байна. Ийм учраас хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанид Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар Х** дүүргийн 00 дугаар хороонд байрлах 10 000 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар нийслэлийн Барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газартай хамтран эзэмшүүлсэн. К** ХХК-д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтыг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй тул нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон шийдвэрээ засаг дарга хүчингүй болгосон.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга өөрийнхууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон тул 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бусд тооцох үндэслэл байхгүй юм.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашигсонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхийэтгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан. Нэхэмжлэгч К** ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийн улмаас зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт 2012 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсныг мэдээгүй гэж тайлбарладаг. Үүнийг 2014 онд хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу олон нийтийн хэвлэл мэдээллээр хүчингүй болгосныг дурдсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байна.
Өнөөдөр нэхэмжлэгч яагаад нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр 2012 онд газар эзэмших эрхээ мэддэггүй гэх хэрнээ 2014 онд хүчингүй болсныг мэдсэн. 2021 онд хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан болохоор нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус гэж тодорхойлж байна гэж хариуцагчийн зүгээс харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан буюу захиргааны акт илт хууль бус байх нөхцөл байдал байх гэдэг шаардлагаа хуулийн хүрээнд нэхэмжлэгч тал тайлбарлаагүй. Харин хууль бус захиргааны акт гаргасан гэдгээр тайлбарлаж байгаа нь дээрх нөхцөл байдлыг тодорхойлж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Маргаан бүхий захиргааны акт илт хууль бус байх нөхцөл байдал өнөөдөр тогтоогдохгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар К**ХХК-д Х** дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3. Дээрх шийдвэрийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1,29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн гэж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийн хавсралтын 31 дэх хэсэг буюу нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчээс ...манай компанид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг мэдээгүй тул газрын дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй байхад цуцалсан нь манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус гэж, хариуцагчаас ...Газрын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга өөрийн хууль зөрчин гаргасан шийдвэрээ хүчингүй болгож 2014 оны А/257 дугаар захирамжийг гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй. Мөн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй... гэж тайлбарлан маргаж байна.
5. Нэхэмжлэгч К**ХХК нь 2006 онд улсын бүртгэлд бүртгүүлж, захирлын албан тушаалд 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл К.Х** бүртгэлтэй, тус компанийг үүсгэн байгуулагч К.Х** нь 2008 оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран үйлчилгээний төв, оффис бүхий орон сууцны 18 давхар барилга барих зориулалтаар олон жил газар хөөцөлдөж, Х** дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших газрыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон 2009, 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж батлуулсан боловч авч чадалгүй дахин судалж, 00 хороолол 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар хүссэн боловч татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/142 дугаартай, Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1835 дугаартай, Х** дүүргийн Засаг даргын болон иргэдийн Нийтийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/320 дугаартай, Х** дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын 2009 оны 69 дугаартай албан бичгүүд болон Хамтран ажиллах тухай 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №2009/12/16/01 дугаартай гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. К**ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Газрын албаны даргад гаргасан газар эзэмших хүсэлтдээ ...Х** дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нисэхийн баруун талд шинээр төлөвлөгдөж буй газарт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 1 га газар хүсэж, үүний дагуу нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны хурлаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хүсэлтээр түүнд Х** дүүргийн 00 дугаар хороонд 10 000 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар шинээр баталгаажуулж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн 30 дахь заалтаар К**ХХК-д дээрх газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тус хурлын тэмдэглэл, 2012 оны А/344 дүгээр захирамжаар тогтоогдож байна.
7. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн хавсралтын 31 дэх хэсгээр К**ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эрх олгосон гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.
8. Захиргааны байгууллагаас маргаан бүхий захирамжийг гаргахын өмнө 2014 оны 3 дугаар сарын 10-ны Өдрийн сонин-ны 058 дугаарт ...газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөх, төлөөгүй тохиолдолд газрыг эрхийг хүчингүй болгох... тухай мэдэгдлийг нийтэлсэн байх бөгөөд энэхүү аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч К**ХХК-ийн нэр оржээ.
9. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч К**ХХК-иас ирүүлсэн ...2008 оноос үйлдвэр үйлчилгээ, орон сууцны зориулалтаар газар эзэмшихээр төрийн шат шатны бүх байгууллагад өргөдөл хүсэлт гаргаж, хамгийн сүүлд 2011 онд Х** дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.000 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргаж, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрээ огт мэдэгдээгүй болох нь Х** дүүргийн Татварын албанаас ирүүлсэн 2020, 2021, 2022 оны газрын төлбөрийн нэхэмжлэх болон нэхэмжлэгч талын тайлбар бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч Нийслэлийн Засаг даргын А/257 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байх шинжийг агуулсан гэж үзэх, мөн хуулийн 47.1.7 дахь заалтад заасны дагуу энэ актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй, энэ үндэслэлээр уг актыг гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус гэж дүгнэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтад заасны дагуу шүүхээс уг актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.
10. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах, 39.1.1 дэх заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасныг энэ тохиолдолд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч К**ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болсон байна.
11. Шүүхээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгох эсхүл илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэх ёстой бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоох эсхүл хүчингүй болгосон ч эрх ашиг нь сэргээгдэхээргүй байна гэж үзлээ.
12. Нөгөөтэйгөөр шүүхээс хийсэн газрын үзлэгээр 2012 онд К**ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрыг захиргааны байгууллагаас бусдын эзэмшил ашиглалтад олгоогүй байх тул нэхэмжлэгч эрх бүхий захиргааны байгууллагад хүндэтгэн үзэх баримтууд болон газар эзэмших хүсэлтээ дахин гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан К**ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн К**ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ