Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 235

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

иргэдийн төлөөлөгч Ш.Галаарав,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

хохирогч О.Одгэрэл, Б.Алтанцоож,

шүүгдэгч Б.Мөнгөнцоож, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг /ҮД:2432/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 52 дугаар гудамжны 692б тоотод оршин суудаг,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 3 сарын 1-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 6 сарын 5-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, /РД:УД89041117/ Илжигэн овогт Бямбацогтын Мөнгөнцоожид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201725020362 дугаартай 185/2017/0251/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ:                   

 

Шүүгдэгч Б.Мөнгөнцоож 2017 оны 01 дүгээр сарын 21-ноос 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 52 дугаар гудамж 692б тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ах Б.Алтанцоожтойгоо ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хоолны сэрээг зэвсгийн чанартай хэрэглэн Б.Алтанцоожийн зүүн шанаан тус газар хатгасан, мөн Б.Мөнгөнцоож, Б.Алтанцоож хоёрын зодооныг салгах гэж очсон О.Одгэрэлийг хоолны сэрээгээр зүүн шанаан тус газарт хатгаж зүүн гарын сарвууг хазаж зүүн сарвууны 3-р хурууны 1-р шивнүүрийн түвшин дэх тасрал, зүүн чихний урд шарх, зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнгөнцоожийн: 2017 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай ах Одгэрэл нар манайд архи уучихсан байж байсан. Ах намайг хаагуур яваад байгаа юм гэхээр нь хаагуур ч яваагүй гээд ахтайгаа ноцолдоод байж байхад Одгэрэл данхаар намайг цохьсон. Яаж байгаа юм бэ гээд эргэж харахад Одгэрэл миний завжнаас татахаар нь би хурууг нь хазсан. Би Алтанцоожтой зодолдож байхдаа хоол идэж байсан сэрээг гартаа барьсан байснаа санахгүй, хаана нь хатгаснаа мэдэхгүй байгаа. Зүүн шанааны хажуу талд нь хатгасан гэж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Одгэрэлийн: 2017 оны 1 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Алтанцоож бид хоёр гэрт нь байсан. Гаднаас Мөнгөнцоож согтуу орж ирсэн. Орж ирээд ахтайгаа муудалцаж байгаад зодоон болсон. Ах, дүү хоёр гээд эхэндээ тоогоогүй сүүлдээ даамжраад сэрээ барьж байсан. Тэгэхэд Мөнгөнцоожийг бол гэж ятгахад тоохгүй байсан. Хүч хэрэглэж салгахаас өөр аргагүй болоод Мөнгөнцоожийн араас нь боосон. Тэрнээс болоод нилээн ноцолдож байсан. Эргэж харахад нь унасан. Мөнгөнцоож өндийх гэхээр нь гараараа дарахад аман дээр нь гар таарсан юм байна лээ. Тэгээд миний хуруу аймшигтай өвдөж миний гарын дунд хуруу нэгдүгээр үеэрээ тасарсан. Зүүн талын чихэндээ гурван оёдол тавиулсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтанцоожийн: Тэр орой Одгэрэл бид хоёр манай гэрт байж байсан. Мөнгөнцоож ажлаасаа ирэхэд нь би хаагуур яваад ирж байгаа юм бэ гэдгээс маргаан болсон. Бид хоёр маргалдаж хоорондоо цохилцож байсан. Тэгж байхад Одгэрэл салгасан. Тэр хооронд Одгэрэл хуруу тасарчихлаа гээд цус болчихсон байж байсан. Одгэрэлийн гарнаас гарсан цусыг нь хараад би сандарсан. Хурууг нь хазаад тасалсан байсан. Бид хоёрыг Одгэрэл салгах гэж байсан. Би сандарч байсан учир юу болсныг мэдэхгүй байна. Миний зүүн шанаа руу сэрээгээр нэг удаа хатгасан. Би сэрээ барьж байсныг нь анзаараагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч О.Одгэрэлийн: ...2017 оны 01 сарын 21-ний өдөр манай нагац ах Бямбацогтын хүү Алтанцоож бид хоёр өдөр 17 цагийн үед уулзаад нэг шил 0.5-ын хараа архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёр орой 21 цагийн үед Алтанцоожийн гэрт очсон. Тухайн үед Алтанцоожийн гэрт манай нагац ах Бямбацогт, Алтанцоож бид гурав байсан юм. 22 цаг өнгөрч байхад нагац ах Бямбацогт маань гадагшаа гарчихаад ирье гээд гараад явсан гэрт нь Алтанцоож бид хоёр үлдсэн юм. Тэгээд бид хоёр юм яриад зурагт үзээд сууж байхад шөнө 01 цаг өнгөрч байх үед Мөнгөнцоож согтуу орж ирсэн. Тэгээд ах нь болох Алтанцоож Мөнгөнцоожид хандаж “чи хаагуур яваад байгаа юм бэ” гэхэд Мөнгөнцоож “миний хаагуур явах чамд хамаагүй” гэх зэргээр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд Мөнгөнцоож хувцсаа тайлаад сууж байгаад ах Алтанцоожийнхоо хажууд очоод толгой руу нь духаараа тулж ирээд “яаж хараад байгаа юм бэ” гээд муудалцаад байсан. Би тэгэхээр нь төрсөн ах дүү хоёр муудалцаж байхад дундуур нь ороод яах вэ гэж бодоод ширээний хажууд сандал дээр сууж байсан. Тэгээд Мөнгөнцоож гэрийн урд хэсэгт шүүгээнээс хоол иддэг сэрээ аваад Алтанцоожтой очиж зодолдсон. Тэгэхээр нь би босч тэр хоёрыг салгах гээд Мөнгөнцоожийг араас нь тэвэрсэн. Тэгэхэд Мөнгөнцоож над руу биеэрээ эргээд надтай ноцолдсон. Ноцолдож байх хооронд миний хацар руу бас зүүн чих рүү гартаа барьсан сэрээгээр хатгасан. Тэгэхээр нь би Мөнгөнцоожийг болиулах гээд ноцолдож байгаад би зүүн гараараа Мөнгөнцоожийн нүүр лүү арагшаагаа түлхээд би зүүн гараараа газар дарж унасан. Тэгэхэд миний зүүн гарын дунд хурууны эхний үе Мөнгөнцоожийн ам руу орчихсон. Тэгээд Мөнгөнцоож миний зүүн гарын дунд хурууны эхний үеийг тас хазчихсан. Тэгээд би гараа бариад арагшаагаа суусан. Миний гар маш их өвдөж байсан болохоор би гараа бариад сууж байсан. Тэгэхэд Алтанцоож Мөнгөнцоожийг барьж аваад гэрийн урд хэсэгт байдаг хаалганы урд суулгасан. Тэгээд Мөнгөнцоож “за за би хэргээ хүлээнэ ээ” гээд сууж байснаа нэг мэдэхэд алга болчихсон. Би хуруугаа хазуулснаас хойш сайн санахгүй байна. Гар маш их өвдөөд би шоконд орчихсон байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Алтанцоожийн: ...2017 оны 01 сарын 21-ний
өдөр би хамаатны залуу болох Одгэрэлтэй хамт гэртээ байж байсан юм. Тэгээд бид хоёр манай гэрт хоол идчихээд орой унтахаар хэвтэж байтал манай аав Бямбацогт 12 цаг орчмын үед ойрхон гарлаа гээд гараад явсан. Шөнө 1 цаг орчмын үед Одгэрэл бид хоёр зурагт үзээд юм яриад сууж байтал гаднаас Мөнгөнцоож согтуу орж ирсэн. Орж ирчихээд надтай хэрүүл өдөөд байсан юм. Намайг “чи хаагуур яваад байгаа юм бэ” гэхэд Мөнгөнцоож “миний хаагуур явах чамд ямар хамаатай юм бэ” гэж уурлаад намайг хараагаад байсан. Тэгээд босч ирээд миний толгой руу мөргөсөн тэгээд намайг гараараа цохьсон. Тэгэхээр нь би өөдөөс нь босоод заамдаж барьж авсан чинь Мөнгөнцоож намайг бас заамдсан. Тэгээд бид хоёр хальт салчихаад байж байсан чинь Мөнгөнцоож гартаа хоолны сэрээ барьж ирээд миний зүүн шанаа руу сэрээгээр хатгасан. Тэгээд намайг шууд доороо хийж дарсан. Тэгсэн чинь Одгэрэл “хуруу хазчихлаа” гээд орилсон. Тэгээд би шууд Мөнгөнцоожийн толгой руу нь цохиод татаад газар суулгаад дарж байсан юм. Тэгээд Мөнгөнцоож “за за би сууж байя” гэхээр нь би Одгэрэл дээр очоод хурууг нь боож өгөөд түргэн дуудах хооронд Мөнгөнцоож гараад зугтаачихсан. Тэгэхээр нь араас нь гүйгээд гарсан чинь хашаанаас гараад гүйчихсэн байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27-28/,

 

Мөрдөн байцаалтад Б.Мөнгөнцоожийн сэжигтнээр: ...намайг гэрт ороход миний ах Алтанцоож нь надад "чи хаагуур яваад архи уугаад байдаг юм бэ" гэхээр нь би өөдөөс нь хэрэлдсэн юм. Тэгээд би ах Алтанцоожтойгоо хэрэлдэж байгаад би хоол идэж байсан шаазан тавгаа шидчихсэн юм. Тухайн үед Алтанцоож болон Одгэрэлийг оноогүй орны хажууд унасан. Тэгээд Алтанцоож босоод ирэхээр нь би өөдөөс нь босоод бид хоёр барьцалдаж авсан. Тэгээд бид хоёр бие бие рүүгээ ганц нэг цохилцсон. Тэгээд нэг мэдэхэд Алтанцоож бид хоёр газар уначихсан, би Алтанцоожийн дээр нь гарчихсан байсан юм. Тэгэхэд Одгэрэл хажуунаас миний толгой руу гараараа цохихоор нь би босоод Одгэрэлтэй барьцалдаж авахад Одгэрэл миний нүүр лүү гараараа түлхээд дарж унасан. Тэгээд газар унахаар нь хурууг нь хазчихсан юм. Тэгээд би гэрээсээ гараад зугтаачихсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-51-55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №2298 тоот:     

  1. О.Одгэрэлийн биед зүүн сарвууны 3-р хурууны 1-р шивнүүрийн түвшин дэх тасрал, зүүн чихний урд шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Эмч шинжээч Г.Ханхүү гэсэн дүгнэлт /хх-36/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-12/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 6 сарын 5-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-60-61/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 3 сарын 9-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-64-65/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийснээр нотлогдон тогтоогдов.

 

Шүүгдэгч Б.Мөнгөнцоож 2017 оны 01 дүгээр сарын 21-ноос 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 52-692б тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ах Б.Алтанцоожтой “хаагуур яваад ирэв” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хоолны сэрээг зэвсгийн чанартай хэрэглэн Б.Алтанцоожийн зүүн шанаан тус газар хатгаж, мөн Б.Мөнгөнцоож, Б.Алтанцоож хоёрын зодооныг салгах гэж очсон О.Одгэрэлийг хоолны сэрээгээр зүүн шанаан тус газарт хатгаж зүүн гарын сарвууг хазаж зүүн сарвууны 3-р хурууны 1-р шивнүүрийн түвшин дэх тасрал, зүүн чихний урд шарх, зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 2298 тоот дүгнэлт болон талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Мөнгөнцоож урьд ял шийтгэгдэж байсан боловч ялтай байдал дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мөнгөнцоож анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээж байгаа, хохирогч О.Одгэрэл, хохирогч Б.Алтанцоож нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-ийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сэрээг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

  1. Бямбацогтын Мөнгөнцоожийг сэрээг зэвсгийн чанартай хэрэглэн, догшин авирлан бусдын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т  зааснаар Бямбацогтын Мөнгөнцоожийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар Б.Мөнгөнцоожид оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Мөнгөнцоожийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 8 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  6. Б.Мөнгөнцоож бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.  
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Мөнгөнцоожид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялыг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.                                               
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мөнгөнцоожид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                                                          Б.ДУЛАМСҮРЭН

                                                                                                     С.ОЮУНЧИМЭГ