| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
2025 02 11 2025/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504000000022 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Гантогтох
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн *******,******* хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овгийн ******* ******* (РД:*******)
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өглөө 08 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан *******гийн эзэмшлийн улсын дугаартай Приус Альфа маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүй тухайн цаг хугацаанд эзэмшиж байсан *******гийн зөвшөөрөлгүйгээр авч Багануур дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах Ус цэвэршүүлэх байгууламжийн зүүн талын далан хүртэл жолоодон авч явсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 1 тоотод найз охин ийн гэрт нь ирж дүү нарын хамт хоносон. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг өнгөрч байхад сэрээд дүүгээ давтлаганд нь хүргэж өгөхөөр 17 дугаар байрны 86 тоотоос гараад явсан. Тэгээд гэртээ харих гээд гараад 14 дүгээр байрны зүүн талын зогсоол дээр байсан - УНВ улсын дугаартай улаан хүрэн өнгийн “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгсэл нь асаалтай байхаар нь унаад төв замаараа явж байгаад Багануур дүүргийн *******ны “Шунхлай ШТС”-ын хажуугаар зүүн гар тийш эргээд засмал замаараа явж байгаад Багануур дүүргийн ******* цэвэрлэх байгууламжийн зүүн талд байх далан дотор асаалттай нь орхисон. Тэгээд би явганаар ертөнцийн зүгээр хойшоо алхаад Багануур дүүргийн ******* гэртээ очсон. Тэгээд би гэрт ирээд өөөрийн аавын гэсэн дугаартай машиныг асааж дүүг хүргэж өгөх гэтэл асахгүй болохоор нь дүүг шугамын автобусанд суулгаад явуулсан. Тэгээд гэртээ угаалга хийгээд унтаж байхад 19 цагийн үед танихгүй дугаараас нэг хүн холбогдоод ******* мөн үү гэртээ байна уу гэж асуусан тэгээд би мөн гэртээ байна гэхэд цагдаа нар ирсэн. Тэгээд 14 дүгээр байрны гадна зогсоолд байсан - УНВ улсын дугаартай улаан хүрэн өнгийн “Тоёота приус 41” маркийн тээврийн хэрэгслийг унаж явсан уу тухайн тээврийн хэрэгсэл одоо хаана байна гэж асуусан. Тэгээд би тухайн цагдаа нарт Багануур дүүргийн *******о “Ус цэвэршүүлэх”-ийн зүүн талд далан дотор орхисон байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нартай хамт явж тээврийн хэрэгсэл байгаа газрыг зааж өгсөн..., ...би хохирогч тээврийн хэрэгслийг, доторх эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас)
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 4-12, 32-35 дугаар хуудас)
Хохирогч *******гийн “...Би 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг 20 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна талын авто машины зогсоол дээр өөрийн улсын дугаартай Тоёота приус 41 маркийн улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг асаагаад халааж ажилдаа явна гэж бодоод хаалгыг нь цоожлохгүй гэртээ орсон. ...тэгээд 08 цагийн үед гэрээсээ гарч ирээд машинаа унаад ажилдаа явах гэтэл зогсоолд байсан миний улсын дугаартай Тоёота приус 41 загварын улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Тэгээд ойр орчимд хайж байгаад цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17, 83-84-р хуудас)
Гэрч ийн “....2025 оны 1 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед манай найз залуу ******* Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны 86 тоотод манай гэрт ганцаараа ирсэн. ...тэгээд манай гэрт хоночихоод 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө эрт ******* дүү өглөө эрт давтлагатай гэж хэлээд орой унтахдаа утсандаа сэрүүлэг тавиад хоносон. Тэгээд өглөө бид хоёр гэгээ орж байхад сэрээд удахгүй төрөх хүүхдийнхээ тухай юм ярьж байгаад манай найз залуу ******* нь дүүгээ хүргэж өгөөд ирнэ гэж хэлээд манай гэрээс гараад явсан. ...Тэгээд тэрнээс хойш 10 цагийн үед хаана байна гээд залгахад ******* нь гэртээ байна гэж хэлж байсан. Надад ******* нь аавынхаа машинтай ирсэн. Тэгээд өглөө аавынхаа машинтай буцаж байгаа талаар ярьж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),
“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “...Тоёота приус 41 загварын тээврийн хэрэгсэл 30.500.000 төгрөг” гэсэн 22 дугаартай гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-р хуудас)
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 36-р хуудас)
Эд мөрийн баримтаар тооцох тухай “Сод хөгжил” СӨХ-ийн 14 дүгээр байрны гадна талын телехяналтын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 цагаас 08 цагийн хоорондох бичлэгийг эд мөрийн баримтаар тооцов” гэсэн мөрдөгчийн тогтоол (хх-ийн 73-р хуудас)
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэсэн тэмдэглэл (хх-ийн -р хуудас)
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 43-46/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч *******гийн тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээлгэж өгсөн, шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна …” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Сая шинэ ажилд орсон, мэргэжлээрээ ажилаад зөв амьдарна. Дахиж ийм үйлдэл хийхгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгчийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас бусад бичгийн баримтуудаар давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өглөө 08 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулж асаалттай орхисон байсан улсын дугаартай “Тоёота Приус 41” маркийн тээврийн хэрэгслийг тухайн цаг хугацаанд эзэмшиж байсан *******гийн зөвшөөрөлгүйгээр Багануур дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “Ус цэвэршүүлэх байгууламж”-ийн зүүн талын далан хүртэл жолоодон явж тэндээ орхисон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь үйлдэлдээ завших зорилгогүй санаатай хандсан болох нь асаалттай байсан автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч Багануур дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “Ус цэвэршүүлэх байгууламж”-ийн зүүн талын далан хүртэл жолоодон явж тэндээ орхисон үйлдлээр нь тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн хэнэггүй зан байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ хэрэгт хохирогчоос хохирол хор уршиг нэхэмжилсэн зүйлгүй хохирогчид машиныг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”...хэлэх зүйл байхгүй...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Багануур дүүрэгт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т таван зуун (500) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган (500.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ