| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00387/И |
| Дугаар | 155/ШШ2021/01087 |
| Огноо | 2021-11-15 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2021/01087
| 2021 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2021/01087 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Т-д холбогдох,
Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 25.200.000 (хорин таван сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 155/2021/00387/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, хариуцагч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Уртбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Б нь нөхөр болох Д.Ттэй 2012 оноос эхлэн үерхэн дотносож байгаад, тус оныхоо 12 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. Бид хоёр хамтран амьдарч эхэлсэн цагаасаа хойш өдийг хүртэл гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй байсан.
Миний хувьд ...цаашид насан туршдаа амьдрах юм чинь гэр бүлээ батлуулъя" гэх саналыг нөхөр болох Д.Төд амьдрах явцад удаа дараа хэлж байсан боловч миний энэхүү саналыг огт хүлээж авахгүй ...хөгшин хүмүүс гэрлэлтээ батлуулна гэж юу байдаг юм бэ, битгий балай юм яриад бай гээд намайг халгаадаггүй байсан. Одоо бодоход би энэ хүнийг анхнаасаа л намайг ашиглаж амьдрах гэсэн алсын бодолтой хүн байжээ гэж дүгнэж, ойлгож байгаа.
Бид хоёрын хувьд хамтран амьдрахаасаа өмнө хэн, хэн маань тусдаа амьдралтай байсан бөгөөд нөхөр Д.Т нь эхнэр, 5 хүүхдээ орхиод, гэр бүлээ цуцлуулсан байсны дараа над дээр анх ирж байсан. Тэр үед нь би энэ хүнийг надад үнэн сэтгэлээсээ хайртай юм байна гэж итгэж, цаашид хамтдаа олон жил амьдарч, энэ насыг барна гэж хүсэж байсан.
Гэвч нөхөр болох Д.Тийн ааш зан цагийн урсгалд хувирч өөрчлөгдөн, ялих шалихгүй зүйл дээр шалтаг тоочин, хэрүүл маргаан үүсгэх сэжүүрийг бий болгох болсон. Энэ бүхнээс шалтгаалан манай гэр бүлийн амьдрал таарч тохирохгүй асуудал олон үүсч, хүйтэн хөндий уур амьсгалтай болж эхэлсэн. Хэдий Д.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эсвэл өөр бусад эмэгтэйтэй нэр холбогдоод явдаггүй ч гэлээ сэтгэл санааг минь тайван байлгахгүйгээс гадна амьдралын хань түшиг байх эр хүний эрхэм чанар дутах, намайг гэх сэтгэл нь эргэж хургах асуудал үүссэн.
Тэр ч утгаараа тэрээр хамгийн сүүлд энэ оны 2021 оны 2 дугаар сард сар шинийн дараа надад хандан ...би хүүхдүүдийнхээ төлөө энэ шийдвэрийг гаргалаа, цаашид чамтай хамт амьдарч чадахгүй юм байна гэж хэлээд өөрийн гэсэн хувцас, эд хөрөнгөө аваад явсан. Тухайн үед нь миний хувьд сэтгэл санааны маш их цочролд орж, түүний гэнэтийн энэхүү шийдвэрт гайхаж байсан.
Учир нь, хэдий бид хоёрт үзэл бодлын зөрүүтэй асуудал олон байдаг ч гэсэн энэ хүнийг арай ч ийм шийдвэр гаргаж, намайг ганцааранг минь орхиод нэг л өдөр явчихна гэж хэзээ ч бодож байгаагүй юм.
Тэр ч утгаараа хамтын амьдралын явцад бүхий л хайр халамжаа энэ хүнд зориулж, сайн сайхан амьдралыг хамтдаа цогцлоохын төлөө хичээж, мэрийж ирсэн. Гэтэл хүний хань байх үүрэг хариуцлагаасаа зайлсхийж, амьдрах явцад гарах саад бэрхшээлд бууж өгөн, эр хүний ноён нуруугүй зан гарган бүхий л цаг хугацаанд хамтдаа бүтээсэн амьдралаа үгүйсгэн, дан ганцаар эд хөрөнгө, мөнгөнд шунан асуудал үүсгэн, маргаан зөрчлийг өдөөж байгаад нь харамсаж байна.
Миний хувьд Д.Төөс нэгэнт салж байгаа тохиолдолд өөрт учирсан сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн бүхий л хохирлоо гаргуулан авахыг хүсэж байна. Урьд өмнө нь надад хүрч, зодож цохидог асуудал үүсэх бүрийд нь харин ч би энэ хүнийг тэсэж, тэвчин, ууч зөөлөн сэтгэлээр хандан, энэ амьдралыг аргадаж ирсэн. Гэтэл Д.Т нь өнгөрсөн хугацаанд хурааж хуримтлуулсан эд хөрөнгөө бүгдийг нь өөрийн оюун бодлоор үүсгэж, бий болгосон мэтээр намайг гомдоож, эхнэр болох Л.Б миний хөдөлмөрийг үгүйсгэж байгааг огт тэвчихгүй байна.
Мөн бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа хурааж хуримтлуулсан мөнгөө өсгөн арвижуулах зорилгоор бусдад хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан.
Дээрх эргэлтийн хөрөнгийг бий болгохын тулд миний бие цалингийн зээл авсан байсан бөгөөд тухайн зээлүүлсэн мөнгөний эргэн төлөлт нөхөр болох Д.Тийн эзэмшлийн данс руу ордгоос шалтгаалан тэрээр дээрх мөнгийг минь хүртэл надад эргүүлэн төлөх боломжгүй гэдэг үгийг надад хэлсэн нь надад хохиролтой байдлыг бий болгож байна. Ингээд нэгэнт таарч тохирохгүй шалтгааны улмаас бид хоёр тусдаа амьдраад 1 сар хугацаа өнгөрч байна.
Одоо тэрээр хаана амьдарч байгаагаа надад огт хэлэхгүй мөртлөө хааяа над дээр ирж хүнд хэцүү байдалтай байна... гэх асуудлыг ярих мөртлөө эргэж нийлэх талаар огт ярихгүй байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа.
Энэ шалтгааны улмаас миний хувьд цаашид Д.Ттэй нэг гэр бүл болж амьдрах ямар ч хүсэлгүй болсон.
Д.Т гэх хүнтэй гэр бүл болон амьдарснаас хойш манай гэр бүлд дараахь эд хөрөнгө болон мал ахуй өсөж үржсэн байна. Үүнд:
| № | Эд хөрөнгө, мал | Тоо ширхэг | Нэг бүрийн үнэ | Нийт үнэ |
| 1 | Хөвсгөл аймгийн Мсумын 10 дугаар баг, Хөх толгой гэх газарт байрлах 7х9-ийн харьцаатай өвлийн сууц бүхий хашаа, байшин | 1 | 7.000.000 төгрөг | 7.000.000 төгрөг |
| 2
| Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар баг, Чимэдийн толгой гэх газарт байрлах, төмс, хүнсний ногооны зориулалттай 0.5 га газар | 1 | 5.400.000 төгрөг | 5.400.000 төгрөг |
| 3 | Приус-20 маркийн 37-19 ХӨҮ улсын дугаартай автомашин | 1 | 12.000.000 төгрөг | 12.000.000 төгрөг |
| 4 | Хөвсгөл аймгийн Мсумын Талын хонхор гэх газарт Дашваанжил ШТС-ын засмал замын урд хашаанд байрлах 7х6-ийн харьцаатай өвлийн сууц | 1 | 8.000.000 төгрөг | 8.000.000 төгрөг |
| 5 | Бусдад зээлүүлсэн мөнгө |
|
|
|
| Зээлдэгч Зээлийн хэмжээ | Наранчимэг, Эрдэнээ | 1 | 6.000.000 төгрөг | 6.000.000 төгрөг |
| Урансүрэн | 1 | 2.000.000 төгрөг | 2.000.000 төгрөг | |
| Нарангэрэл, Отгонбаатар | 1 | 7.000.000 төгрөг | 7.000.000 төгрөг | |
| 8 | Ямаа |
|
|
|
| Нас, хүйс | Эр ямаа | 6 | 120.000 төгрөг | 720.000 төгрөг |
| Эм ямаа | 10 | 100.000 төгрөг | 1.000.000 төгрөг | |
| Шүдлэн | 8 | 60.000 төгрөг | 480.000 төгрөг | |
| Борлон | 16 | 50.000 төгрөг | 800.000 төгрөг | |
| Нийт |
|
|
| 50,400.000 төгрөг |
Иймд Л.Б намайг Д.Т 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож, хамтран өмчлөх 50.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт болох нийт 25.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өөр өөрсдөдөө байсан 2 байшингаа нэхэмжлэлийн шаардлагаас хасаж байгаа. Үүнд: Хөх толгойд байгаа 7х9 харьцаатай өвлийн сууц бүхий хашаа байшин, Дашваанжил бензин колонкийн урд байгаа 7х6 харьцаатай байшин хоёрыг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж байгаа. 35,400,000 төгрөг болж байгаа. Үүнийгээ 2 хуваагаад 17,700,000 төгрөгийг гаргуулна... 11,000,000 төгрөг өгвөл тохирч болно ... 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд нэхэмжлэгчид 11,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгахыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би 2012 оноос өмнө Тосонцэнгэл суманд багийн засаг даргаар 4 жил ажиллаж байв. Гэр бүлтэй, 5 хүүхэдтэй байсан. Тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ 2010 онд цуцлуулсан. Харьцангүй залуу байсан болохоор 2012 онд эхнэр Л.Бтэй танилцсан. Тэр үед Бийн амьдрал түвшин сайхан, байгаагүй. ...2012 оны 12 сард сонгуульт ажлын хугацаа дуусаж би Мрүү ажил олж хийхээр орж ирсэн. Мөрөнд ирээд айлын байшин хөлсөлж, түүхий эдийн зах дээр ажилласан. Тэр үед Б над руу утасдаж Би энд амьдарч чадахгүй юм байна. Хоёулаа Мөрөнд амьдаръя гэсэн. Удалгүй эрээний бараа бололтой цүнхтэй юмтай над дээр ирсэн. Ингэж энэ хүнийг өрөвдөж, хайрлаж амьдрал эхэлсэн. Би зах гарч арав таван төгрөг олж 2013 оны 05 сар хүртэл байр түрээслэж, Б ажил хайж, нэг таньдаг хүнээр яриулж, 500.000 төгрөг өгч байж Д.М.Ц.С-д ажилд оруулсан байдаг. ...Хуучин нөхөр нь Бийг байн байн ажил дээр нь ирж доромжилж зовооно. Түүнийг очиж зохицуулна. Зарим тохиолдолд гар зөрүүлэх ч үе байлаа. Бие нь ч байсхийгээд өвдөнө гэх мэт ихэвчлэн бартаатай амьдралаар явлаа. 2013.5 сараас усны үйлдвэр байгуулалцаж, 2013.9 сар хүртэл ажллаж тэр хөлсөнд нь авч орох оронтой болсон. Түүнээс эхлэн би үйлдвэрийн манаач, бүхий л ажлыг хийж нэг сарын 500.000 төгрөгийн цалин авдаг болсон. 2021 оны 1 сарыг хүртэл ажиллаж энэ 8 жилийн хугацаанд 30 гаруй сая төгрөгийн цалин авсан байдаг. Амьдрах хугацаанд үүссэн бүх эд хөрөнгө бол цэвэр өөрсдийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Б энэ хугацаанд ямар нэг сэтгэл санааны дарамтгүй, бие эрүүл болсон гэж хэлж болно. Энэ хүнийг ажиллаж байх бүхий л хугацаанд нь байнга унаагаар хүргэж авч, ажилд нь явган явуулсан удаа байхгүй. Үдэш орой гэрт галтай, хоол унд бэлэн, хүүхэд багачуудыг нь өөрийн төрсөн үр мэт эрхлүүлж, энхрийлэн өсгөсөнийг ах, эгч, дүү нар нь төдийгүй мэдэх хүмүүс олон бий. Би Бтэй ашиг хонжоо хайж ханилаагүй. Надад тийм сэтгэл үгүй. Би хааяа өөрийн хүүхдүүдтэйгээ ярих болон мессеж бичихэд илт дургүйцэж хэрүүл маргаан үүсгэж, мессеж бичлээ, мөнгө шилжүүлээ юу гэж данс шалгаж, мөн миний өмнөөс чат бичих зэрэг элдвээр аашилж тэр ч байтугай зарим хүүхдийг минь хэл амаар доромжлох болсон нь миний дургүйцлийг төрүүлэх болсон. Би удаа дараа зүгээр өнгөрүүлсэн. Удаан ингэж амьдрах надад хэцүү болсон болохоор салъя гэж шийдсэн.
Эд хөрөнгийн хувьд Д.Бийн нэхэмжилсэн
1. Мсумын 10-р баг Хөх толгойд 7х9 харьцаатай өвлийн байшин үнэ 7 сая,
2. Приус 20 маркийн машин 12,0 сая,
3. Наранчимэг, Эрдэнэ 6,0 сая,
Нарангэрэл, Отгонбаатар 7,0 сая
4. 3 сая төгрөгийн ямаа зэрэг нь үндэслэлгүй бөгөөд зарим нь зарагдсан болно.
5. Иргэн Урансүрэнд 2 сая төгрөг,
6. Хө.Түнэл Чимэдийн толгойд 0,5 га газар үнэ 5.4 сая зэрэг байгаа нь үнэн. Бүгд 7.1 сая
Өр зээл: Миний бие ХХҮА-ны амьжиргаа дэмжих сангийн 4 сая төгрөгийн зээлтэй болно.
Ламжавын Бийн нэр дээр болон өөрийн өмчлөлд байгаа хөрөнгө:
1. Мталын хонхорт Дашваанжил колонкийн урд талд өвөл, зуны 2 давхар сууц, граж, таамбартай, 6х13 хэмжээтэй иж бүрэн тавилгатай үнэ 25 сая,
2. 5 ханатай, давхар бүрээстэй, шалтай, тавилгатай гэр 3 сая
3. Портер 2 буюу ачааны машин үнэ 7 сая
4. Чимэдийн толгойд 1 га газар үнэ 8 сая, бүгд 43 сая
Үндсэн хөрөнгө Бд 43 сая, надад 7,4 сая хөрөнгө, надад 4 сая төгрөгийн зээлтэй ийм нөхцөлд энэ хүний хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд харилцан тохиролцож болно гэжээ.
Хариуцагч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тавьсан 11.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна. ... 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд нэхэмжлэгчид 11,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгана гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг дээр өмгөөлөгч нарын хувьд нэлээдгүй ажилласан. 11,000,000 төгрөг дээр эвлэрвэл эвлэрье гэдэг саналыг өмнөх шүүх хуралдаанаас гараад тавьсан байгаа. Энэ сарыг хүлээн авч шүүхийн ажлыг болон өөрсдийнхөө ажлыг хөнгөвчилсөн та хоёрт талархаж байна. Нэгэнт эвлэрээд хоёулаа тохиролцож байгаа учраас энэ дээр хуулийн зүйл заалт юу ярих вэ. Д.Тийн хувьд 6 сарын хугацаанд болж өгвөл 4 сарын хугацаанд төлье гэж байна гэж ойлголоо. Тэр төлбөрөө та хоёр авалцаж, өгөлцвөл өмгөөлөгчийн хувьд татгалзах зүйл байхгүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая хэллээ. Мөн энэ хоёр хүн багагүй хугацаанд хамт амьдарсан учраас бие биеийнхээ тавьсан саналыг хүлээн зөвшөөрч байгаа учраас өмгөөлөгчийн хувьд татгалзах зүйл байхгүй. Үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Д.Төд холбогдуулан хамтын амьдралтай байсан байдал тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 25.200.000 (хорин таван сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мсумын 10 дугаар баг, х гэх газарт байрлах 7х9 метрийн хэмжээтэй өвлийн сууц бүхий хашаа, байшин, Хөвсгөл аймгийн Мсумын Талын хонхор гэх газарт Дашваанжил шатахуун түгээх станцын засмал замын урд байрлах 7х6 метрийн харьцаатай өвлийн сууц зэрэг эд хөрөнгийг бид өөрсдөө нэг нэгээр нь авсан учир нэхэмжлэлийн шаардлагаас хасаж нэхэмжлэлийн шаардлагыг дээрхи хоёр эд хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 15.000.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 35.400.000 төгрөгийн тал хувь болох 17.700.000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба эвлэрэн хэлэлцэх саналыг гаргахдаа 17.700.000 төгрөгийг багасгаж 11.000.000 төгрөгийг хариуцагч надад төлж өгвөл эвлэрэх боломжтой... хугацааны хувьд 6-н сарын хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрч байна.
Хариуцагч Д.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 25.200.000 (хорин таван сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчид түүний санал болгосон 11.000.000 төгрөгийг би өгье. Гэхдээ надад энэ мөнгийг бүрэн төлж барагдуулахад 6 сарын хугацаа шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл би энэ 6-н сарын хугацаанд цувуулж төлөөд 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг гэхэд төлж барагдуулсан байна гэжээ.
Нэхэмжлэгч Л.Б хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 25.200.000 (хорин таван сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 14.200.000 төгрөгөөр багасгаж, 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч Д.Т нь 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгийг нэхэмжлэгч Л.Бд 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж гэж заажээ.
Харин нэхэмжлэгч нь би хариуцагч Д.Ттэй хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байсан байдал болон хамт амьдарсан цаг хугацааны хувьд маргах зүйлгүй зөвшөөрч байна гэж тайлбарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-т зааснаар нэхэмжлэгч Л.Б нь шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Д.Т нар 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан арилжааны банкин дахь тэдгээрийн харилцах дансны гүйлгээ бүхий дансны хуулга, гэрч Х.Эрдэнэцэцэг, Д.Урансүрэн, Б.Нарангэрэл нарын гэрчийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Мсумын Урандөш багийн засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 14/26 дугаар албан бичиг зэргээр нотлогдлоо.
Дээрх хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нь өөр хэн нэгэнтэй албан ёсны гэр бүлийн харилцаагүй байсан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 710 дугаар шийдвэр, гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Д.Т нарын хамтын амьдралтай байсан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Д.Ттэй 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Төөс зохигчдын эвлэрсэн мөнгөн дүн болох 11.000.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 190.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б, Д.Т нарын 2012 оны 12 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Б хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 25.200.000 (хорин таван сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 14.200.000 төгрөгөөр багасгаж, 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгийн хэмжээнд буюу хариуцагч Д.Т 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Л.Бд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354.150 (гурван зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Төөс 190.950 (нэг зуун ерэн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА