| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Д.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Уд холбогдох эрүүгийн 2412003040288 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 04 сарын 15-ны өдөр Төв аймгийн ...суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Х. сум, ..дугаар баг, ........ тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Дгийн У/РД:НШ........1/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.У нь 2024 оны 09 сарын 08-наас 09-нд шилжих шөнө, согтуугаар, Архангай аймгийн Ө сумын Б багийн У гэх газарт ...... улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл, тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2412003040288 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эгийн өгсөн:
“...Амь хохирогч маань 2024 оны 09 дүгээр сарын 08-ны оройн 20 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн Ө сумын Э баг ........... тоотод байдаг гэрээсээ У, О нарын хамт гэрээсээ гарсан. Гэрээс гарах үедээ ах нь нэг айлд очиж даалуу тоглох гэсэн юм та хоёр намайг хүргэж өг гэсэн. Тэгээд гэрээс Угийн эзэмшлийн ...... маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Тэгээд унтаж байхад буюу шөнө 00 цаг 40 минутын үед Л.О миний гар утас руу залгаад бид нар зам тээврийн осолд орчихлоо гэсэн. Яваад очих үед амь хохирогч маань машины хажууд газар ухаангүй байдалтай хэвтэж байсан. Харин Л.О, Д.У нар хажууд газар сууж байсан. Гэрээс гарахаас өмнө 0,75 граммын нэг шил архи уусан. Тухайн архийг Л.О, Д.У, Д.Угийн эхнэр О, амь хохирогч нар хувааж уусан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч О.Мгийн өгсөн:
“...Харин хажууд нь 2 хүн босоо, 1 хүн нь газар хэвтэж байсан. Хэвтээ байсан хүнийг очиж үзэхэд аль хэдийн нас барсан байдалтай байсан бөгөөд тэнд байсан хүмүүст хандаж нас барсан талаар хэлсэн. Харин эмнэлэг дээр ирээд Д.Угээс асуухад жолоо бариад явж байсан нь би байгаа юм гэж хэлээд дахин юм яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/
*Гэрч Л.Оын өгсөн:
“...Д.У жолоодож явсан, эхнэр нь үлдсэн, машинд Д.У, Ч бид гурав явсан. Би арын суудал дээр сууж явсан, Ч урд сууж явсан, сумын төвөөс гараад 2-3 км явж байгаад замын тойрог дээр эргэж чадахгүй замаас гарч онхолдсон, урд сууж явсан Ч нас барсан. Миний биед ямар нэгэн учирсан гэмтэл байхгүй байна. Миний бодлоор 100 гаруй км цагийн хурдтай явсан байх, бид гурав гурвуулаа суудлын бүсээ зүүгээгүй байсан. Талийгаач Ч, Д.У бид гурав 1 шил 0.75 литрийн ЭКС нэртэй архи хувааж уугаад шууд гарсан, замдаа хэрүүл маргаан хийсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40-46 дугаар тал/
*Яллагдагч Д.Угийн өгсөн:
“...Л.О, Ч нарын хамт би өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож гэрийн гаднаас хөдөлсөн. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн энэ хэргийг хурдан түргэн шуурхай Хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-95 дугаар тал/
*Шинжээч Б.Чын 2024 оны 10 сарын 05-ны өдрийн 37 дугаартай “...Зам тээврийн осол хэрэг нь ...... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.У нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл, тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хх-н 48-49 дүгээр тал/,
* Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отын 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 384 дугаартай “...Л.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх-н 57-58 дугаар тал/,
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 102 дугаартай “...Талийгаачийн цогцост гавлын орой, суурь ясны олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины 2 тал бөмбөлөг, тархины суурийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйх, баруун, зүүн чамархай булчинд цус хуралт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2024 оны 09 сарын 09-ний өдрийн 12:45 цагийн байдлаар нас бараад 12-14 цаг болсон байна. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-77 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай:
“...Д.Угийн гэх цусанд 0.9 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 38-39 дүгээр тал/
* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 11-12 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Уд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У нь 2024 оны 09 сарын 08-наас 09-нд шилжих шөнө, Архангай аймгийн Ө сумын Б багийн У гэх газарт ...... улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.У нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эгийн”...Амь хохирогч маань 2024 оны 09 дүгээр сарын 08-ны оройн 20 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн Ө сумын Э баг .......... тоотод байдаг гэрээсээ У, О нарын хамт гэрээсээ гарсан. Гэрээс гарах үедээ ах нь нэг айлд очиж даалуу тоглох гэсэн юм та хоёр намайг хүргэж өг гэсэн. Тэгээд гэрээс Угийн эзэмшлийн ...... маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Тэгээд унтаж байхад буюу шөнө 00 цаг 40 минутын үед Л.О миний гар утас руу залгаад бид нар зам тээврийн осолд орчихлоо гэсэн. Яваад очих үед амь хохирогч маань машины хажууд газар ухаангүй байдалтай хэвтэж байсан. Харин Л.О, Д.У нар хажууд газар сууж байсан. Гэрээс гарахаас өмнө 0,75 граммын нэг шил архи уусан. Тухайн архийг Л.О, Д.У, Д.Угийн эхнэр О, амь хохирогч нар хувааж уусан...” гэх мэдүүлэг, гэрч О.Мгийн ”...Хэвтээ байсан хүнийг очиж үзэхэд аль хэдийн нас барсан байдалтай байсан бөгөөд тэнд байсан хүмүүст хандаж нас барсан талаар хэлсэн. Харин эмнэлэг дээр ирээд Д.Угээс асуухад жолоо бариад явж байсан нь би байгаа юм гэж хэлээд дахин юм яриагүй...” гэх мэдүүлэг, гэрч Л.Оын”...Д.У жолоодож явсан, эхнэр нь үлдсэн, машинд Д.У, Ч бид гурав явсан. Би арын суудал дээр сууж явсан, Ч урд сууж явсан, сумын төвөөс гараад 2-3 км явж байгаад замын тойрог дээр эргэж чадахгүй замаас гарч онхолдсон, урд сууж явсан Ч нас барсан...” гэх мэдүүлэг, талийгаач Чийн цогцост хийсэн шинжилгээгээр талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай: “...Д.Угийн гэх цусанд 0.9 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Угийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай дүгнэлтээр Д.Угийн гэх цусанд 0.9 промилли спиртийн зүйл илэрсэн болохыг тогтоосон тул түүнийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Угийн согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Д.Уг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э нь хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.У түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.У нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дгийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Угийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8/найм/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уд оногдуулсан 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8/найм/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Д.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР